Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Гүр дуулал: ЛИНБА ХАДНЫ ЭМ РАГШАГИЙН БӨЛӨГ

Дээдийн багшид мөргөмү!

Нянан Зармагийн өглөгийн эзэд, сүсэгтэн олон өөрсдийн газар оронд удаан хугацаагаар суурьшин суугаач гэж ятгасан боловч Миларайва хэмээн алдаршсан тэр Богд дээдийн багш Марва Лозавагийн зарлиг болсончлон Жаргалангийн балгасан дахь Цог бадрагч нэрт ууланд бүтээл хийхээр одоод Линба хадны агуйд хүрч бясалгал үйлдэн суужээ. Нэгэн шөнө Миларайвын суусан олбогны зүүн этгээд дэхь ханан хадны завсраас жингэнэн цангинах дуун гарсанд босож очоод үзсэнд юу ч эс олж үзэв. Мила Богд дотроо: “Арай их дияанч миний сэтгэлд өнөө шөнө хий бэлгэс төрөх нь энэ үү?” хэмээн сэтгээд суудалдаа буцан амирлангуй суужээ. Тэрхэн агшинд хадны завсраас маш хурц гэрэл гялалзан Мила Богдыг гийгүүлээд гэрлийн үзүүрт хар хүдэр унасан нэгэн улаан хүн гарч иржээ. Нэгэн ер бусын гоо үзэсгэлэн төгс залуухан бүсгүй түүний хүдрийн жолооноос хөтлөх бөгөөд улаан биет хүн гэнэт тохойгоороо Миларайва лам руу хүчтэй нудрахад амьсгалах аргагүй хүчтэй салхи исгэрэн ирэх шиг болоод мөнөөх хүн агшны зуур үзэгдэхээ болив. Энэ үед хүдэр хөтлөгч гоо эм улаан өнгөтэй жингэр болон хувилаад Богд ламын зүүн хөлийн эрхий хурууг зуучихаад тавихгүй болов гэнэ. Миларайва түүнийг хадны эм Рагша болохыг мэдээд доорхи шүлгийг номловой:

«Ачит Богд Марва ламын хөлд сөгдмүй
Арван хар нүглээр сэтгэл юүгээ түйдээд
Айх мэт хувилгаан биеийг үзүүлэн зохиогч
Асга хадны шулам эм Рагша чи
Аялгуу дууллыг эгшиглэж чадахгүй болвоос
Айлдах номыг минь одоо анхааралтай сонс!
Өндрийг нь хэмжээлшгүй хөх огторгуйн төв дунд
Өлзий хутаг оршсон наран саран хоёр
Тэнгэр огторгуйн гайхамшигт үлшгүй харш нь буюу
Тэгш гэрлээр сац хамаг амьтасыг гийгүүлмүй
Тойрон эргэлдэх дөрвөн тивийг гэрэлтүүлэгч тэр хоёрт
Тотгорт Рахын хор хөнөөл бүү тусах болтугай!
Оргил өндөр дорно зүгийн цаст уулнаа
Омогт цагаан эрслэнгийн өлзий хутаг тогтлоо
Олон араатан гөрөөс нүгүүдийн хаан тэрвээр
Огтоос бусдын үлдээсэн сэг зэмийг идэхгүй
Хөхрөх уулсын хавиргад тааваар явахуй цагт нь
Хүйтэн салхи шуурганы хөнөөл бүү тусах болтугай!
Асар шигүү өмнө зүгийн ойн төвд
Айлгагч эрээн барсын өлзий хутаг тогтлоо
Аливаа араатнаас их хүчит болой тэрвээр
Амь насыг хайхрахгүй сүр хүчийг үзүүлнэм.
Санаандгүй уулын хэвцэг бэрхээр явахуйн цагт
Сааль занганы хөнөөл бүү тусах болтугай!
Өрнө зүгт орших Анабад их далайд
Өвчүү цагаан дулангийн өлзий хутаг тогтлоо.
Усан махбодийн дунд дураар бүжиглэгч түүнд
Угаас гайхамшигт алтан нүд төгс бөлгөө.
Хаа сайгүй идэш эрэн явахуйн цагт
Хатуу гох дэгээний хөнөөл бүү тусах болтугай!
Ар умардыг эзлэх улаан хадат уулнаа
Аварга хажир шувууны өлзий хутаг тогтлоо.
Жигүүртэн шувуудын арш нь атлаа тэрвээр
Жирийн амьтаст хөнөөл хийхгүй нь гайхамшиг
Аглаг уулын үзүүрт идээ эрэхүйн цагт
Амь нэхэх торны хөнөөл бүү тусах болтугай!
Хажир шувууны үүрт сүрлэг Линба хаднаа
Харьшгүй зоригт Миларайвын өлзий хутаг тогтлоо
Өөрийн болоод бусдын тусыг хичээгч тэрвээр
Өнгөрүүлсэн амьдралын турш бүхнийг таягдагч тэрвээр
Дээргүй туулсан бодичид сэтгэлийг үүсгээд
Дээдлэн хүсэмжлэх нь Бурхан болон бүтэх бөлгөө.
Чигч сэтгэлээр бясалгал бүтээл хийж байх зуур
Чивэлт хадны эм Рагшагийн хөнөөл бүү тусах болтугай!
Алтан дээс мэт аялгуу эгшигт энэ дууллын
Айлдан өгүүлэх нь таван ёгтлол зургаан утгатай.
Эм Рагша чи түүнийг ойлгож байна уу?
Элдэв нүгэл үйлдсэний хилэнц нэн үлэмж
Тотгорлогч муу үйлийг арилгахаар шамдаж
Тус үгүй хорт муу сэтгэлийг номхотгож үзэгтүн!
Хамаг номууд зөвхөн сэтгэлээс үүдэлтэй байдгийг
Хадны эм Рагша чи тайлан мэдэхгүй буюу.
Сэжиг атгаг гэдэг угаас дуусашгүй арвин
Сэтгэлийн чанарыг хоосон хэмээн эс оновоос
Олон шулмын хөнөөлийг яахин дарж чадах вэ?
Одоо болно шулам минь, намайг бүү үймүүл!
Очих газар байдаг бол түүн рүүгээ тонил!» хэмээхэд эм Рагша энэхүү дууллыг сонсож дуусаад хутагтын хөлийг тавихгүй атал хаа нэгтэй огторгуйгаас түүний дуу дуурсаж Мила Богдод ийнхүү хариу дууллыг өргөвэй:
«Аяа, хухай! Төгс хувьт язгууртны хөвгүүн ээ!
Асга хадат агуйд ганцаар суух зоригтон
Хүлцэшгүй бэрх бүгдийг даван ялагч егүзэри
Хүний яван чадашгүйгээр замнах нь нэн гайхамшиг
Өгүүлсэн дуулал чинь хаан эзний зарлиг адил
Өнгө шаргал алт шиг үнэтэйг яахин хариулж чадах
Олдсон алтыг гуулиар арилжигч нэгэн байвал
Орчлон хорвоод түүнээс илүү гэм хаана байхав.
Одоо л би гэм нүглүүдийг эс халж чадваас
Олиггүй дэмий үгсийг талаар урсгаснаас өөрцгүй
Хэдхэн хором миний үгийг анхааран сонсвоос
Хэлж өгүүлсэн дуулал шүлгийн тань хариуг барья!
Гиймэл тунгалаг хөхөмдөг огторгуйн төв дөх
Гэрэлт наран саранд өлзий хутаг оршивой
Огторгуй тэнгэрийн хүмүүдийн харш тэр хоёр
Оломгүй гэрлээр дөрвөн тивийн харанхуйг гийгүүлмүй
Зогсолтгүй эргэлдэгч наран саран хоёрын хөдөлгөөнийг
Жолоодож залагч байхын хэрэг чухам юусан билээ?
Гэгээн наран саран гэрлээ эс алдваас л
Гэмт Рахын тотгор яахин халдах билээ?
Дорно зүгийн болор мөнгөн оргилт уулнаа
Догшин эрслэнд өлзий хутагт тогтоод
Хатан хаан нь болон өргөмжлөгдсөний улмаас
Хамаг араатан амьтныг зоргоор захирах буюу
Оргил өндөр хаднаас үсрэн буух үедээ
Омтгой зангийн бүдүүн зоригт эс захирагдваас
Цагаан шаргал зогдорт араатны хаан түүнд
Цасан шуурганы тотгор яахин халдах билээ?
Энгүй уудам өмнө зүгийн ягч ой модонд
Эрээн догшин барсад өлзий хутаг тогтоод
Араатан бүхний толгойлогч их хүчит тэрвээр
Атаат дайсныхаа цогийг хөлийн сарвуугаар атгажээ.
Хэвцэг бэрх уулын замаар бэдрэн явахуйн цагт
Хэрвээ оморхог хөөрүү зандаа хөтлөгдөөд
Сайн өнгө зүсээ гайхуулахгүй юм бол
Сааль занганы тотгор яахин халдах билээ?
Өрнө зүгийн Анабад далайн их уснаа
Өрц цагаан дулан загасны өлзий хутаг тогтоод
Тэрхүү загас усны дунд дураар бүжиглэвээс
Тэнгэр хийгээд арш нарын бахдам зугаа бөлгөө.
Энэ тэрүүгээр идэш эрэн явахуйн цагт
Эр чадалдаа эрдэн бусдын идэшийг булаах гээд
Хүйтэн төмөр дэгээг үмхээд авдаггүй юм бол
Хүзүү цаламдах үхлийн тотгор яахин халдах вэ?
Шувтан оргилт умардын улаан хадат уулнаа
Шувуудын хаан хажрын өлзий хутаг тогтжээ
Сүрэглэн нисэх шувуудын хаан буюу тэрвээр
Сүр жавхаа нь олон жигүүртний цогийг даржээ
Уулын суга хавцлаар идэш эрэн явахуйн цагт
Улай цусыг үзэж гэдсээ дүүргэе хэмээгээд
Хүчит хоёр далавчаараа хөөрөн нисдэггүй юм бол
Хүмүүний тавьсан урхины тотгор яахин халдах билээ?
Хамаг шувуудын хаан үүрлэсэн Линба хаднаа
Харьшгүй Миларайва чиний өлзий хутаг тогтжээ
Бусдын болоод өөрийн тусыг ямагт хичээж
Буцаж харилгүй дээд бодичид сэтгэлийг үүсгээд
Буй биеэрээ Бурханы хутгийг олсоны эцэст
Булт хамаг амьтадыг гэтэлгэе хэмээн тангараглажээ.
Чанга хатуу зоригийг барин дияаныг бясалгахуйн цагт
Чамайг эрхшээсэн онц зузаан авьяаст түйдээд
Өөрийн сэтгэлийн мөн чанарыг гүйцэд таниагүй тул
Өдгөө чи хамаг нисваанисыг өшөөт дайсан мэт үзмүй
Энэлэлт нисваанисын хирийг өөртөө эс халдаах аваас
Эм хадны Рагша миний тотгор хаанаас халдах билээ?
Аливаа чөтгөр шулам нугууд гагц атгагаас үүдмүй
Атгаг болон авьяас сэтгэлийн дундаас гармой
Өөрийн сэтгэлийн бэлгэ чанар угаас хоосон болохыг
Өдгөө чи онон ухаж чадахгүй юм бол
Өлөн чөтгөр нүгүүдийн хөнөөл ганц надаар тогтохгүй
Өөр өөрсдийн зам мөрөө хөөцгөөсөн нь дээр ээ!
Бэлгэ чанарын язгуур хоосон болохыг оновоос
Бэрхшээл бүхэн туст нөхөр болон хувирна.
Язгуураас бэлгэ чанарын хоосон болохыг оновоос
Яг одоо зардсан чинь болоход бэлэн байна.
Өчүүхэн төдий ч атгагийн үндэс сэтгэлд чинь буй бол
Өнөөдөр чи өөрийн бэлгэ чанарыг сайтар шинжигтүн!
Тэгж чадваас эндүүрэл мунхагийг эгнэгт таягдмой»
Тийн хэмээж мөнөөх хадны эм Рагша өгүүлж дуусахад
Егүзэрисийн манлай Богд Миларайва сонсож гүйцээд
Ер маш үнэн буюу хэмээн сайшаан зөвшөөгөөд
Магад тэр хадны эм Рагшагийн хариу болгон
Манлай сэтгэлдээ дурьдах найман сайн үлгэрт эгшгийг ийнхүү номловой:
«Аяа хухай! Ухаант эм Рагша минь!
Аргагүй зүйтэй үнэн үгийг хэллээ чи
Үзүүргүй орчлонгийн хаа сайгүй бэдрэн хэсээд ч
Үнэндээ ийм үнэн ёсыг олохуйяа нэн бэрх!
Тогтож суух тодорхой оронгүй егүзэри би
Тоотой хэдхэн удаа ч ийм дууллыг сонссонгүй
Шалгарсан эрдэмтэд арав зуугаар хамт найралдавч
Шагшиж бахадмаар ийм үгийг хэлэх нь юу бол
Амаараа хүүрнэж өгүүлсэн нандин сургааль тань
Алтан толгойн хатгуураас ч илүү үнэ цэнэтэй
Аливаад баримтлан автах атгаг бодлын хүлээст
Алаг зүрхний гүн дэх сэтгэлийн хөндүүрийг оновой.
Сэвгүй ариун үнэнд мунхагийн харанхуй арилаад
Сэтгэлийн дотор цагаан лянхуа цоморлигоо дэлгэлээ
Бэлгэ чанарын гэгээн биет зул шиг гэрэлтээд
Билиг билгүүн тэгш үзэл маань нэн тодорхой боллоо.
Хараа сунган өндөр огторгуйн төвийг ширтвээс
Хамаг ном нугуудын хоосон чанартайг санаад
Харагдах үзэгдэх юм бүхнээс эс жийрхэх боллоо!
Өндөр тэнгэрийн наран саран хоёрыг харваас
Өөрийн сэтгэлийн чанар гэгээн гэрэлт болохыг санаад
Өнөд живж догшрохоос үл жийрхэх боллоо!
Тулхтай лавдуун уулын хормойг анхааран үзвээс
Тунамал егүүтгэл үгүй самадийн ёсыг зүйрлэн санаад
Туйлбаргүйтэн няцах вий гэж үл жийрхэх боллоо!
Яралзан долгиотох мөрний долгисыг ажиглах зуур
Ягуухан атал тасалдахгүй хичээхийн ёсыг санаад
Яадаг бол доо хэмээх эргэлзээнээс үл жийрхэх боллоо!
Үзүүр нь нумрах эрээн өнгийн солонгыг үзвээс
Үзэгдэхүүн хоосон хослон барихуйг гэнэт санаад
Өнө мөнх тасархай хоёроос эс жийрхэх боллоо!
Алиман сарны дүрс усанд тусахыг хараад
Аливааг баримтлахгүй өөрийн гэгээн болохыг санаад
Автах баримтлах хоёроос үл жийрхэх боллоо!
Буцаж өөрийн гэгээн гэрэлт сэтгэлийг шинжвээс
Бумбан дотор тавьсан зул мэтийг бодоод
Бусармаг мунхагийн харанхуйгаас үл жийрхэх боллоо!
Өнөөдөр эм Рагша чиний үгийг сонсвоос
Өөрийн сэтгэлийн гэгээн гэрэл гэнэт тодроод
Өөдгүй шулмын тотгорлохоос үл жийрхэх боллоо!
Асга хадны уран үгт эм Рагша чи
Ариун дээд бэлгэ чанар лугаа учир хэмээн сургалаа
Чи өөрөө сэтгэлээ танихуйн ёсыг мэдэх атал
Чивэлт муу чөтгөр болон төрсөний учир юу вэ?
Саад зэтгэр зэрэг хамаг гэмүүдийг үйлдээд
Сааршгүй үнэн үйлийн үрийн ёсыг умартжээ чи!
Орчлонгийн гэмүүд өөрт халтайг сайтар санан
Огоот арван хар нүглийг хатуу тэвчигтүн!
Арслан мэт хатуу зоригт егүзэри надад
Айх эмээх зүйлс гэж угаас огт үгүй
Хүмүүн би наадам болгон хэлсэн магтаалын үгсийг
Хүлчин чи бээр үнэн хэмээн бүү баясагтун!
Шөнө дүлээр хүрэлцэн ирж тотгорлосны хариуд
Шүлэг дууллаар зохих хариуг баривай би
Төгс ерөөлт энэхүү учрал барилдлагын хүчээр
Түүнчлэн ирэгсэн таван Рагшасыг номхотгосон адил
Хутгийг гуйснаар бодичид сэтгэл төгөлдөр болоод
Хувьтай хойд насандаа шавь минь болон төрөөрэй!» гэхэд
Хадны эм Рагша Богд ламын гүр дууллыг сонсоод сэтгэлд нь гүн сүжиг бишрэл төрж, хөлийн эрхий хурууг зууснаа тавиад ер бусын яруу тунгалаг хоолойгоор ийн хариу дууллыг өгүүлжээ:

«Аяа! Төгс хувьт дээд Богд егүзэри чи
Арвин буяныг хураасны үрээр Богдсын номыг үйлдмүй
Асга хаднаа аймшиггүй ганцаар суух чинь гайхамшиг
Ариун сэтгэлийн нигүүлслээр хамаг амьтныг энэрмүй
Гавал эрхит Бадмагийн үндсэн баригч шавь би
Гарцаагүй үнэн Богдсын номын эрхисийг сонслоо.
Эгэлгүй үнэн үгсийг сонсовч омогтоо хөтлөгдөөд
Энд тэндхийн их егүзэрсийн орноор бараалхан
Ерөөл барилдлагат иргэнийг ном буян руу хөтлөж
Ер үлэмж хувьтан амьтанд гүн утгыг соёрхном
Хэдийгээр миний сэтгэл ном буянд шамдах боловч
Хилэнц дүүрэн бие минь цаггүй өлссөж ундаасаад
Замба тивийн хот балгасаар хэрэн хэсэж явахдаа
Замдаа тааралдсан мах улайгаар гэдсээ дүүргэнэм.
Дуртмал сайхан гоо бүсгүйн биед шингээд
Дур хүслийнх нь галыг өдөөн бадрааж чаддаг
Ойн нарс шиг гоолиг залуусыг харангуут
Омог сөсийг нь хөөргөж өгөхөө ч эс мартдаг
Тоогүй олон ертөнцийн юмсыг инээвхийлэн ажаад
Тотгорт шидээрээ дайн байлдааныг өдөөж чаддаг
Төрсөн бие минь урваж хувилахын төдийхөнд
Түмэн олны сэтгэл хөвсөлзөн догдлодог.
Өндөр сүрлэг Линба хаднаа суурьшин суухдаа
Өдөөж үйлдсээр ирсэн хамаг хилэнцэт үйлийг
Өдгөө би чам лугаа уулзаж учирсан тул
Өгүүлэн айлтгаж дуулал шүлэг хэлхив.
Энэ газар егүзэри чамтай уулзан золгоод
Энгүй их бишрэл хүндлэл надад төрлөө
Эрхгүй баяслын дууг минь таалан соёрх!» хэмээн дуулахад “Би энэ хүмүүн бусын чанар ямархуу болохыг сайтар ажиглаж үзсэний эцэст сайтар ятгаад тангарагт сахилд батлан оруулсугай!” хэмээн Мила Богд дотроо сэтгээд хадны эм Рагшад хандан ийн номложээ:

«Балмад дорд биет эм чөтгөр чи сонс
Багш нь сайн бөгөөтөл шавь нь муу байжээ
Бал мэт Богдсын номыг сонсон сэтгэхийн цагт
Бахдам утгад нэвтрэлгүй үгсийн төдийхөн тогтоожээ
Амаар дээдийн номыг хэлэлцэхийг сонсоход бахтай ч
Аху сэтгэлээр номонд эс орвоос бүтэх зүйл үгүй
Алжааст хоосон үгсээр өгүүлж хэлсэн төдийхнөөр
Арилгаж яахин чадах вэ сэтгэл дэх хирүүдийг
Анх урьд хураасан муу авьяасын шалтгаанаар
Асар их нүглийг энэ насандаа үйлджээ чи
Ам алдаж тавьсан тангараг дамцагаа огоорсоноос
Албин чөтгөр хадны эм Рагша болон төржээ
Өлсөж ундаасахын эрхээр улай цусыг эрээд
Өөдгүй муу үгсээр бусдыг хууран мэхлэж
Амьтныг хөнөөх муу сэтгэлийг дотроо өвөрлөөд
Ач үрийг доромжилсноос муу заяанд унажээ.
Сааршгүй үнэн орчлонгийн ёсыг ухааран сэтгээд
Саар муу үйлдсэн нүглүүдийг наманчлан үйлдэгтүн!
Сайн буян бүхнийг хичээх болно гэж тангараглагтун!
Лут хүчит арслан мэт эмээх зүйл үгүй
Лужир биет заан адил юунаас боловч аюухгүй
Галзуу хүмүүн адил баримтлах үзэл үгүй болохоор
Гарцаагүй үнэн үгсийг чамд хэлсэний хариуд
Харьж буцахгүй шудрагуу үгсийг өгүүлтүгэй!
Хүмүүний эрхит намайг хөнөөхөөр чөлөө хаалга эрэх нь
Хүлчин чиний дадсан ашдын үйл буй за
Ариун хутгийг гуйн ерөөл барилдуулсаны хүч бээр
Ашид хойтын нэгэн цагт номын авшиг соёрхсугай!
Сэтгэлээ завхаж төөрөлдөж гүйцсэн чөтгөр чи
Сэхээрч миний хэлсэн үгсийг ухаараагтун!» хэмээн номлохуй дор хадны эм Рагша анх үзэгдсэн гоо бүсгүйн биед хувилаад дээд Миларайвад хандан доорх эгшиг дууллыг өргөвэй:

«Гурван цагийн хамаг Бурханы охь манлай нь
Хутагт их Очирдарь аршийн биет
Хорвоод хосгүй шашны их эзэн
Хутгийг эрээд бодь сэтгэлийг үүсгэгч сайн гайхамшиг!
Өмнө хураасан тус эрдэм байсны хүчинд
Өнөөдөр эм Рагша би утга чанарыг мэдэвэй
Олдохуйяа бэрх дээдийн багш лугаа учраад
Олонтойёо Бурханы номыг сонсож сэтгэсэн боловч
Алжааст нисваанисын үндсийг сайтар дараагүйн улмаас
Асар муу нүгэлт үйлсийг маш их үйлдэвэй
Туйлбаргүй атгагт сэтгэлээр үйлдсэн нүглийн үрээр
Тус үгүй муу дорд биетэн болон төрөвэй
Түг түмэн амьтанд хааяахан боловч тус хүргээд
Түүний хариуд сэтгэл маань түйдэн хорсовой.
Өнгөрсөн жилийн цагаан сарын дараахан
Өөрөө манай Линба хаднаа өөд болон ирээд
Хадан агуйд ганцаар суун бясалгахуй цаг дор
Хааяа даган баясавч заримдаа эс баясмой.
Даган баясаад өнөө шөнө бараалхахаар ирэв
Даруй эс баясаад хөл зуухуйн бэлгэсийг үзүүлэв.
Харанхуй мунхагийн эрхээр үйлдсэн энэ гэм нүглийг
Харьшгүй Миларайва чиний өмнө наманчлан залбиръя!
Өнөөдрөөс эхлэн хилэнцэт үйлсийг таягдан хаяад
Өндөр дээд номыг сайтар бүтээгээд сахиулсан болсугай!
Энх амгалант галбарваас модон чи сүүдэр дороо
Элчилгүй үргэлжлэх ирээдүй цаг нугуудын туршид
Таван хорын алжааст автаж машид энэлсэн
Тавилан дорой эм чөтгөр намайг багтаан соёрх!
Арвин нүглийг үйлдсэн эм Рагша би
Авралт богд чиний зарлиг бүхэнд шүтэж
Өнөөдрөөс эхлэн дээд бодичид сэтгэлийг олтол
Өөдгүй нисваанис, мунхаг, хорсол бүхнийг тэвчээд
Хутагт егүзэрийг ивгээгч сахиулсан болсугай!
Хотол бүтээгчдийн үйлсийг тэтгэгч нөхөр болсугай!
Хамаг номчин нугуудыг бээр дэгжүүлсүгэй!
Гагц тангарагтан нарыг нөхцөн сахисугай!
Гайхамшигт шашныг сахиад өргөн хүндлэсүгэй!» хэмээн хадны эм Рагша шулам тийнхүү хутгийг гуйгаад сайны ерөөл тангараг тавьж гүйцсэн хойно Мила Богдод чин бат сүжиг бишрэлийг үүсгэжээ. Тэр даруй Богд Миларайва хутагт бээр саад зэтгэрт хадны эм Рагша дор «Сайтар өршөөхүй» нэрт гүр дууллыг номловой:

«Орчлонг тэвчсэн хатуу явдалт егүзэри би
Оройн дээд ламын тааллын хөвгүүн бөлгөө
Үнэлж баршгүй увдис юуг нь сэтгэлдээ хадгалж
Үнэн зүрхний угаас Богдсын номыг бүтээгч билээ
Арвин гүн номын чанарыг ухсан егүзэри би
Амьтан бүхнийг асран нигүүлсэгч эх нь бөлгөө
Асар хүчит хичээнгүй замналын үлгэр дууриал
Аврагч Шагжмуний журмыг хадгалагч билээ би
Төгөлдөр бодь сэтгэлийн охь шим нь бөлгөө
Төгс дундаршгүй нигүүлслийг бясалгасан билээ
Өстөн хортноо ч асрахуй сэтгэлээр номхотгогч болохоор
Өдгөө хавцал өндөр Линба хаднаа суугаад
Өнөд алгасралыг таягдсан бясалгагч бөлгөө би.
Даган баясахаар ирэв хэмээх нь өөрөө төөрөлдсөнийх
Даруй түргэн баясахаа больдог нь муу авьяас болой
Аяа хухай! Нүглийн эрхээр муу биеийг олж төрсөн
Албин чөтгөр чиний «Би» хэмээн баримтлах нэн хэтийджээ.
Атгаг үзэл түүнээс дутуугүй чамайг торложээ
Алжааст муу нисваанисын хүлээсэнд дээр доргүй баглагджээ.
Аймшигт нисваанисын хор үргэлж доош чангаагаад
Авьяасын муу дадал өөртөө эзэн байхыг хоригложээ.
Аймшигт чөтгөрийн тухай чам лугаа хэдэн үг хэлэлцье!
Үнэндээ чөтгөрийг бодитой мэт санавал хор хөнөөл ихтэй
Үзэгдэх чөтгөрийн хоосон болохыг мэдвэл сая зөв болъюу!
Чөлөө эрэгч түүнийг номын чанартайг мэдвээс тонилж чадмой
Хэрвээ чөтгөр илэрвээс эцэг эхээ мэт санавал
Хэн боловч тэр хүн жинхэнэ Бурханы шашинтан буюу!
Үзэгдэх чөтгөр бүгд сэтгэлээс төрснийг мэдэх аваас
Үүдэн гарсан бүхэн цог чимэгт болон хувиръюу!
Үнэндээ энэ бүхнийг мэдвэл сая гэтлэлийг олмой!
Асга хадны эм Рагша чамд ийн номлоод
Ам тангарагийг чинь авч шавиа болгож байна.
Өмнө минь сөгдөж тангарагласан аливаа үгсээ
Өнө мөнхөд сайтар хичээж гүйцэлдүүлэгтүн!
Аврагч Очир баригчийн хатуу тангарагийг
Аминд тулсан ч хөсөр хаяж бүү эвдээрэй!
Хэлбэрэлтгүй чин нигүүлсэхүй сэтгэлтнийг үймүүлж
Хэл, сэтгэл, бие гуравт нь цөв бүү хийгээрэй!
Үгээ умартаад хатуу тангарагаа давбаас
Үнэн магад очир тамд унах нигууртайг мэдтүгэй!
Түгдрэлгүй гурвантаа үнэн сэтгэлийн угаас унш
Түүний утгыг ухан зам мөрөө болгогтун!
Чи бид хоёр буяны чуулганыг бүтээсэн нь
Чин бат эртний ерөөлийн үр буй за!
Энэхүү сайн буяны үрээр ирэх хойд төрөлдөө
Эрхбиш арилсан оронд хамтдаа төрөөд
Эрхэм дээд бодичид сэтгэл лүгээ төгөлдөр болоод
Эгнэшгүй гүн номын утгыг онохуйн цагт бээр
Сацлал үгүй нөхдийн бат агчтан болж залагдаад
Сайвар одсон Очирсадваагийн билигт эх болмуй зэ!» хэмээн номлож дууссан хойно тангараг сахил хүртээсэнд мөнөөх хадны эм Рагша Миларайвыг олонтоо эргээд «Дээдийн багш чиний зарлигийг бүтээсү!» хэмээн ам алдсан даруй огторгуйн солонго адил оргүй хоосонд хувилан арилжээ. Удаах өдрийн өглөөгүүр наран мандах үеэр мөнөөх хадны эм Рагша ах дүүсээ дагуулсаар ирсэн нь бүгд үлэмж сайн хувцас зүүсгэлт үзэсгэлэнт эр эм залуусын дүрд хувилжээ. Тэд олон зүйлийн тахил хийгээд чуулганы идээг бэлдэн авчраад гайхамшигт Богд Миларайвад барьж өргөн хүндлэсэн болохыг өгүүлэх юун. Хадны эм Рагша Богд ламд хандан өгүүлрүүн: “Би урьдын үйлдсэн нүгэл хилэнцийн үрээр өдгөө эм Рагшагийн дорд биед хувилан төрөв. Бусдын сэтгэлийг үймүүлэх муу авьяас болон бусармаг сэтгэлийн улмаас өчигдөр чамд тотгорлохоор чөлөө эрэн ирснийг минь өршөөх ажаам уу! Өнөөдрөөс эхлэн боол зардсан чинь болоод өгүүлж хэлсэн зарлиг болгоныг тань хичээн сахиж байх болно. Харин одоо хутагт та өөрийн сэтгэлд төрсөн магад үнэн хоосон чанарын утгат нэгэн номыг айлдаж болохсон болов уу?” хэмээгээд цааш нь ийм нэгэн дуулал өргөвэй!

«Аяа та болвоос шулуун сайн язгууртны хөвгүүн
Агуу их буяны тариаг шамдан хураагч бөлгөө
Авралт дээдийн багшийн сайн үндэстийн адистэт
Арга заль үгүй бүтээхүйд сайтар хичээгч билээ.
Асга хадат аглаг уулнаа гагцаар суугаад
Асар гүн нарийн гайхамшигт утгасыг бүтээгчдэд
Аливаа чөтгөр шулам нугууд яахин тотгорлож чадах вэ?
Үзэгдэж мэдрэгдэх хамаг чөтгөр шулмын орон нь
Үнэндээ дотоод хийн судал хөдлөснөөс үүдэлтэй
Илт нүд хуурах илбийн бүжгээр утгасыг номлож
Ямагт чиний сэтгэл лүгээ найралдавай бид
Ялангуяа эртний сайн хутаг гуйснаар уулзалдавай энд
Ялгуусан олон шидтэн лүгээ учирч байсан боловч
Богд чиний гараас адистэдийг хүртэж чадсан нь
Бодвоос ач тус нь цаглашгүй ихийг өгүүлэх юун!
Аяа дор төрөлт эм чөтгөр миний үзэхээр
Арга зальт хуурмагийн хөлгөний номын
Авшиг хүртэгсдийн сэтгэл гэдрэг мунхрах тул
Алжааст нисваанисыг яахин номхотгон чадах билээ?
Үлгэрлэвээс мөнгөн ишт лаан толгойт жадаар
Үлэмж хүчит дайсантай тулалдаад яахин дийлэх вэ?
Үзэмж төгөлдөр залуу эр зориг зүрхгүй болвоос
Үзэгдэх дайсны өмнө толгойгоо тэврээд зугтах мэт
Худал номыг үйлдэж дадсан дээдийн багш хэмээгчид
Хуурмагаар өөрийн тус эс бүтэхэд уурлан хилэгнэдэг
Мандагсан гурван цагийн Бурхадын бүрэлбаа
Магад номын чанарын утгасыг сайтар ухсан чи
Машид сэтгэлд төрсөн гүн нарийн утгасыг
Мань бүгдэд тодорхой эгшигээр дуулан соёрх оо!
Арилсан хязгаарт хүргэх тийм магад утгас руу
Ах эгч охин дүүс бид бид бүгдийг хөтлөгтүн!
Асар тустай очирт нууц үгсийн дээд утгат
Агуу их тодорхой бэлгэ билгүүнийг нээн соёрх!
Ашдын үлэмж манлай гэгээн гэрлийг өгөн соёрх!
Онцгой гүн нарийн магад утгат нууцсын үгсийг
Оюундаа тогтоовоос муу заяанд яахин унах вэ?
Үргэлж сэтгэлдээ бясалгаваас орчлонд яахин орших вэ?
Үүний тулд харамгүй номлон соёрхогтун!» хэмээн өчвөөс Мила Богд ийн зарлиг болруун: “Миний үзэхээр та бүхэн одоохондоо магад утгат гүн нарийн номонд суралцах цаг чинь хараахан болоогүй мэт байна. Хэрвээ үнэхээр чадна гэж бодож байгаа бол та бүхэн өөрийн амь биеийг надад өргөөд үлэмж хатуу тангарагийг талбих хэрэгтэй!” хэмээжээ.

Хадны эм Рагша тэргүүтэн чөтгөр нүгүүд түүний зарлиг болсончлон өөрийн бие сэтгэл, амь нас тэргүүтнийг Мила Богдод өргөөд хатуу тангараг тавьцгаан «Үүнээс хойш хамаг ном бүтээлчдийн сахиулсан нь болсугай!» хэмээн андгайлцгаав. Мила Богд тэдний гуйсны дагуу доорхи «Магад утгын шингэх хорин долоон ёгтлол» нэрт дууллыг эгшиглэн айлдав:

Алив нууц Бурхадын биеийг илт үзүүлсэн
Аугаа гайхамшигт лозава багш минь ээ!
Ачит эцэг таныхаа хөл дор сөгтмү!
Айхтар яруу дуулалч бус боловч би
Асга хадны эм Рагшагийн гуйсан ёсоор
Аялгуут дуулал нэгийг өргөе сонсогтун!
Номлон чамд өгүүлэх дуулал шүлгийн нэрийг
Номын мөн чанарын ахуй ёсон хэмээмүй
Эрчлэх луу, нижигнэх аянга гилбэлгэн үүлс
Энэ гурвуул бүгд огторгуй дундаас төрөвч
Эргээд шингэх орон нь мөнхүү огторгуй бөлгөө!
Өнгийн солонго, униар хийгээд будан цөм
Өндөр хөх тэнгэрийн дундаас цөм төрөвч
Өөр өөрсдийнх нь буцах орон мөн тэнгэр бөлгөө!
Шинэхэн жимс, амтат бал тариан түрүү
Шимт хөрсний дундаас бүгд соёолон ургавч
Шингэж далдрах орон нь мөнхүү газар бөлгөө!
Ургамал мод, ногоон навч цэцэг тэргүүтэн
Уулын хөрснөөс бүгд ургаж дэлгэрэх боловч
Удаандаа зулгарч хагдрах орон нь мөнөөх уул бөлгөө!
Эргэлдэх уйл , хүчит урсгал, түрхрэх түрлэг
Энгүй их усны сан далайн дунд үүсэвч
Эргээд шингэх орон нь чухам л далай бөлгөө!
Бүгдэд автах, авьяас болон шунал гурав
Бүхний шүтээн тийн мэдэхүйн дундаас төрөвч
Бүдэгрэн сарнихдаа эргээд л сэтгэлийн шүтээнд шингэмүй!
Өөрийг таних болон өөрийн гэгээн гэрэл
Өөрөө тонилохуй нь мөн чанарын дунд төрөвч
Өөрийн мөн чанарын дунд эргээд гурвуулаа шингэмүй!
Эс төрөхүй, эс түрдэхүй, эс өгүүлэхүй
Энэ гурав бүгд номын мөн чанараас гаравч
Эргээд цөм номын чанар дунд шингэмүй!
Чивэлт чөтгөрийг үзэх, баримтлах хийгээд атгаглах нь
Чин зоригт егүзэрисийн өөрийн биеэс төрөх боловч
Чимээгүйхэн далдрах орон нь өөрийн бие болой!
Аливаа тотгорлогч бүхэн сэтгэлийн рид буюу
Амилсан тэрхүү үзэгдэл үнэндээ хий хоосон
Аймшиггүй дияанч энэхүү хоосны ёсонг эс ухвал
Албин чөтгөрийн үзэгдэх бэлгэст баримтлан төөрөлдөнө
Эндүү төөрөлдлийн үндэс чухам сэтгэлээс үүдэлтэй
Энэхүү ёсыг ухаад сэтгэлээ сайтар шинжвээс
Энгүй гэгээн гэрэл ирэх одохгүй үзэгдмүй!
Сэжиг атгагт гадаад орны илрэн гарах нь
Сэтгэл эндүүрэн завхсаны шалтгааны тул болой
Үнэндээ гадна илрэх биетийг сайтар ажиглаваас
Үзэгдэхүүн хоосны ялгалгүй болохыг таньж чадмуй.
Бясалгал хэмээх нэг төрлийн атгаг болой
Бясалгахгүй хэмээн орхивоос бас л том атгаг буюу
Бясалгагч үл бясалгагч хоёр энэ утгаар ангид бус аа.
Хоёр хэмээн үзэх нь эндүүрлийн үндэс буюу
Хотол хамаг үзлээс ангижирсан хязгаарт хүрвээс
Хорвоогийн бүхий л юмс сэтгэлээс үүдэлтэйг ухна
Үзвээс сэтгэлийн мөн чанар огторгуй мэт хоосон
Үнэн номын мөн чанарын гүн ёсон энэ болой!
Өгүүлж дурьдсан энэ ёсыг сайтар бясалгаад
Өнөд атгаг үзлийн үзлийн хүлээснээс ангид байгтун!
Амирлангуй, алгасрал үгүй, үймцэх үгүй орон ахуйд
Алхах, суух, хэвтэх зэрэг аливаа цаг үед
Автаж баримтлах, аливаад тотгорлогдохыг сэрэмжилж чадваас
Ашдын сайн номын үрийг эрхгүй хүртэж чадмой.
Олонтоо өгүүлэх, хүсэмжлэх эмээхээс хол байж
Одоо даруй энэ номыг зам мөрөө болгогтун!
Хэтэрхий олон үгийг хэлхиж дуулаад яахав
Хэрмэл чөтгөр та нар нисваанисаа дараад
Хэлж сургасан номлолыг нь минь дуугүй хичээгтүн!
Чөтгөр чи номлол айлд гэж гуйсны хариуд
Чөлөөгүй бясалгагч егүзэри би сургаалаа өгүүллээ!
Өвгөн миний сургасны дагуу хичээн шамдаад
Өлсөхийн цагт их жаргаланг идээн болгон зооглотугай!
Бас рашаан хурыг унд болгон хэрэглээд
Ба бүрэн егүзэрисийн үйлсийг бүтээгч сахиулсан болоорой!» хэмээн айлдаж дуусахад хадны эм Рагша болон түүний төрөл төрөгсөд бүгдээрээ Мила Богдод гүн бишрэл төрөөд олонтоо мөргөн гороолоод чин сэтгэлийн угаас талархал илэрхийлсэн хойно бүгд солонго адил замхран үгүй болов. Хожим хадны эм Рагша Линба хаданд бясалган суугч егүзэрисийн хамгаалагч сахиулсан болон хувираад хор тотгор үл хийн ном лугаа зохилдуулан хотол үйлсийг бүтээн дэлгэрүүлэх болжээ.
Хутагт дээд Богд Миларайва бээр хомголзогч Линба хадны эм Рагшаг номхотгосон хэмээх бөлөг төгсөв

Буулгасан Д.Болдбаатар

    Бусад мэдээлэл