Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурхан багшийн намтар

Хималайн уулсын урд хормойг ороон урсах Рохини голын эрэг дээр оршигч, Шагжа омгийн улсын нийслэл Капилавасту балгаст Суддодана Гаутама буюу ариун идээт хаан бээр амьдарч байжээ. Тэрбээр шулуун шударга, цэцэн мэргэн хэмээн алдаршиж, айлдсан болгоныг нь үг дуугүй дагах ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээжээ. Хааны хатныг Маяа хэмээнэ. Тэрбээр мөнөөхи Шагжа омгийнхны үүсгэж буй болгосон хөрш зэргэлдээ орших нэгэн улс гүрний эзэн хааны нагац ахын охин буюу эзэн хааны үеэл дүү байжээ. Хаан, хатан хоёр гэрлэснээс янагш хорь гаруй жил улирсан ч, тэдэнд үр заяасангүй. Нэгэнтээ хааны хатан цагаан заан баруун сугаар хэвлийд нь орж бие давхар болов хэмээн сонин зүүд зүүдлэв.


Эзэн хаан болон ордныхон, мөн ард түмэн нь хоног өдрийг хуруу даран тоолж, мэндлэх хүүхдийг тэсэж ядан хүлээжээ. Бие хөнгөрөх цаг болоход хааны хатан ард түмнийхээ ёс заншлыг дагаж, төрсөн гэртээ амаржихаар явлаа. Зам зуураа Лумбини цэцэрлэгт алжаал тайлахаар түр саатжээ. Ээлтэйхэн хаврын урин дулаан цаг тул эргэн тойрон үзэсгэлэнт сайхан ашока мод цэцэглэж байлаа. Хааны хатан цэцгээ дэлгэсэн модны мөчир таслах санаатай баруун гараа сунгатал хүү нь мэндлэв. Хатан, хүү хоёрыг ерөөн адислаж, эргэн тойрон дуу хуур эгшиглэн найрсав.

Хаан өөрийн хаан орыг залгах хан хөвгүүнтэй болохыг туйлын ихээр хүсэж байсан учраас шинэхэн мэндэлсэн нуган үрээ үзээд хөл газар хүрэхгүй болтол баярлаж, үзэмж төгс бяцхан хүүгээ олонд харуулах үүднээс их найр хуримыг үүсгэжээ. Найранд хүрэлцэн ирсэн хол ойрын олон гийчид бүгд л бяцхан хан хөвгүүний үзэмж төгс дүрийг ам амандаа шагшин гайхацгаав гэнэ. Тэр их найр хуримын үеэр нэгэн үл таних мэргэн өвгөн зочилон ирсэн бөгөөд тэрээр өөрийн цэцэн ухаанаар олныг бишрүүлж хүндэтгэлийг ихэд олов гэнэ.
Гэтэл мэргэн өвгөн бяцхан хөвгүүнд дөхөн очиж удаан шинжсэний эцэст ихэд уйлан хайлав гэнэ. Машид балмагдан сандарсан хаан "та юунд ийн уйлав?", "хүү минь үзэмж төгөлдөр биш байна гэж үү?", "бяцхан ханхүү улс гүрнээ захирсан их хаан болж дийлэхгүй гэж үү?" гэхчилэн асуухад өнөөх мэргэн өвгөн ийн өгүүлвэй: "хаантан, таны хүү үнэхээрийн үзэмж төгс нэгэн бөлгөө. Таны хүү хаан болж гэмээ нь агуу их хаан болох нь лавтай билээ. Гэвч таны хүү хаан оронд суулгүйгээр үнэнийг эрэлхийлсэн оюун санааны бадарчин болвоос илүү аугаа их үйлс зохиолыг туурвих юм байна. Би хаантан таны бяцхан ханхүүгийн төлөө биш, гагц өөрөө өөртөө харамсахын эрхэнд уйлж буй билээ. Эдүгээ миний бие нэгэнт өтөл насны босгыг алхсан тул, таны хүүгийн төрөлхтөн олны багш болж гэгээн их үйлсээ туурвих тэр сайхан цагийг үзэж чадалгүй нүд аних гашуун үнэнийг мэдсэн учраас ийн уйлав хэмээн хариулжээ." Үүнийг сонссон хааны сэтгэл их зовниж эхлэв. Учир нь тэрээр цаг нь ирэхэд энхрий ганц нуган үрээ өөрийн хаан оронд суулгахыг туйлын ихээр хүсэж байсан юм.
Тиймээс тэрээр ханхүүгээ алс хэтийн нэгэн өдөр хаант улсаа орхин оюун санааны бадарчин болж одохоос бүх талаар сэрэмжилж тэрхүү хувь төөргийн нь өөрчилөхийн тухайд чадах бүхнээ хийхээр шийдсэн гэдэг. Улмаар хаантан хан хөвгүүндээ зориулан өвөл, зун, борооны улиралд тус тус суух гурван үзэсгэлэнт харшийг байгуулж, эдийн дээдээр тохижуулан тансаг сайхан бүхнийг цогцлоожээ. Тэгээд ханхүүг орд өргөөнөөсөө гарахгүй байх бүх нөхцөлийг бүрэлдүүлж, тэр ч бүү хэл ханхүүд үйлчлэх ордны бүх зарц шивэгчид эрүүл чийрэг бөгөөд залуу сайхан байх ёстой хэмээх зарлиг буулгасан байна. Тиймээс хэрвээ зарц шивэгчдийн дотроос хэн нэгэн нь өвдвөл түүнийг үтэр түргэн ордноос гаргаж, түүгээр ч үл барам ордон доторх цэцэгсийг хатаж гундахаас нь өмнө солих зэргээр бяцхан ханхүүд ямарваа зовлонгийн шинж дохиог өчүүхэн төдийд ч үзүүлдэггүй байжээ. ийнхүү он жил харвасан сум шиг өнгөрч хунтайж өөрийн үзэсгэлэнт орд харшийн дотор эрүүл чийрэг бөгөөд гойд ухаалаг залуу болон өсчээ. Ханхүү нь аливаа зүйлийг сурахдаа маш түргэн байсан гэнэ. Мөн бай харвах, бөх барилдах зэрэг бүх урлагийг гаргууд эзэмшжээ. Хунтайж өөрөө өнгө үзэмж төгс нэгэн байсан бөгөөд тэмцээнд ялсаны тул улс гүрнийхээ хамгийн үзэсгэлэн төгөлдөр бүсгүйг хатан болгон авч өхөөрдмөөр бяцхан хүүтэй болсон гэдэг.

Энэ бүх хугацаанд хун тайж хаан эцэгтээ "Орд өргөөнөөс гарч хаант их улсаа үзье" хэмээх хүсэлтээ дахин дахин айлтгадаг байсан боловч тухай бүрд татгалзсан хариу сонсдог байжээ. Тиймээс ордны цайз хэрэмнээс гарч үзэхийг үнэхээр хүсдэг байсан залуу хунтайж цаг үргэлж гуниглангуй явдаг болсон байна. Эцэст нь хаан эцэг нь хан хөвгүүнийхээ эл байдлыг бодолцон бас нөгөө талд нэгэнт үзэсгэлэнт хатан, бяцхан хөвгүүнтэй болсон тул ордныг орхин одох аюул эдүгээ үгүй биз ээ хэмээн сэтгээд түүний хүсэлтийг зөвшөөрсөн гэдэг. Тэгээд хаан өөрийн биеэр ханхүүгийнхээ ордноос гарах өдрийг урьдаас товлон бэлтгэж тэр өдөр ард олон ханхүүтэй хэрхэн мэндчилэх тухайд чанад хатуу зарлиг буулгажээ. Тэр зарлигт: "Хунтайж хот балгадаа тойрч ард олныхоо ахуй амьдралтай танилцах гэж байна. Эл өдрийг тохиолдуулан хүн зон даяараа хамгийн гоёмсог хувцсаа өмсөн баяр хөөрийг бадраах бөгөөд хунтайжийг хүн бүр цэцгэн хэлхээ шидэлж баясгалантайгаар инээмсэглэн угтах ёстойг мэдтүгэй. Хунтайжид өвчтэй, өтөлсөн зэрэг ядарч доройтсон хүн нэгийн төдийг ч харуулах, ерөөс ямарваа зовлон гаслангийн шинж тэмдэгийг үзүүлэхийг цээрлэж чанадлан сахитугай" хэмээжээ. Ингээд товлосон өдөр болоход хунтайж тусгайлан сайтар бэлтгэсэн шилдэг сайн морьд хөлөлсөн гоёмсог дэгжин сүйх тэргээр ордноос гарч төрөлх хот балгадтайгаа танилцав. Түүнийг хаана ч явсан хурсан олон өнгө зүс сайхан бөгөөд ихэд баяр хөөртэй угтан сүйх тэрэг лүү нь өнгө өнгийн цэцэг шидлэн байлаа. Түүний гэгээн дүрийг үзсэн ард олон "Манай хунтайж юутай үзэмж жавхлан төгс хүмүүн билээ" гэлцэн цуу алдацгаах бөгөөд хунтайж ч "Хаант улс минь юутай сайхан, юутай гайхалтай вэ? Ард түмэн минь юутай баясгалантай, юутай гайхалтай вэ" хэмээн бахдаж явав гэнэ. Гэтэл хунтайж гэнэт бөгтөр нуруутай нэгэн хачин жигтэй хүн нарийн гудмаар хазагнан алхаж явахыг үзэв гэнэ. Ихэд гайхсан хунтайж тэргэний хөтөчөөс "Энэ юун хүн бэ? Юуны учир бусад хүмүүсийн адил инээж баясахгүй байгаа юм бэ?" гэж асуухад хөтөч "Тиймээ хунтайж минь, энэ бол өтөлж доройтсон хүн. Хэн боловч өтлөхөөрөө ийм л болдог. Би, та, таны хатан, таны хаан эцэг бүгд л цаг нь ирэхэд ийм болох жамтай юм" хэмээн хариулав. Үүнийг сонссон хунтайж ихэд цочирдов гэнэ. Учир нь тэрээр урьд өмнө өтөлж хөгширсөн хүнийг ер үзэж өнгөрсөн удаагүй бөлгөө. Ингээд тэд цааш хэсэг явтал нүүр ам нь яр шарханд баригдсан нэгэн залуу зам дээр хэвтэж байхтай таарчээ. Хунтайж мөн л гайхаж "Энэ бас юун хүн бэ? Юуны учир ийн хэвтэнэ вэ? Бас үзтэл залуу хүн байтал юунд бусад хүмүүсийн адил инээж хөгжихгүй байна вэ?" гэж дуу алдахад хөтөч нь "Энэ хэдийгээр залуу хүн мөн боловч хэцүү бэрх өвчинд нэрвэгджээ" гэж хариулав. Гайхширсан хунтайж "Олон хүн ингэж өвддөг үү?" гэж асуухад "Тэгэлгүй яахав олон хүн өвддөг. Тэр ч бүү хэл, та, би, таны хатан, таны хүү, эцэг бүгд өвчин тусахгүй гэх бат үгүй билээ. Бид нэгэнт хүмүүний биеийг олж төрсний учирт элдэв өвчин зовлонгоос ангид байх боломжгүй билээ" хэмээн хөтөч хариулжээ. Үүнийг сонссон хунтайж мөн л цочирдох гайхах зэрэгцэн явбай. Тэндээс төдий л холгүйхэн газарт яваад хэсэг хүмүүс нэгэн хөдөлгөөнгүй хэвтсэн хүнийг өргөн явахтай тааралдав. Үүнийг хараад хунтайж мөн л хөтчөөсөө "Энэ юун хүн бэ? Яагаад хөдлөхгүй байгаа юм бэ?" хэмээн асуухад өнөөх нь "Энэ хүн нас баржзэ. Дахиж хэзээ ч хөдлөхгүй" хэмээж гэнэ. Хунтайж "Олон хүнд ийм зовлон тохиодог уу?". Түүний хөтөч "Тэгэлгүй яах вэ та, би, таны хатан, таны хүү, эцэг ч мөн ялгаагүй хэзээ нэгэн цагт үхнэ шүү дээ". Үүнийг сонссон хун тайж урьд урьдынхаас илүүтэй цочирдон гайхжээ.

Ийн хүүрнэлцээд тэд цааш давхин хотоос гарч хөдөө газар ирэхэд хунтайж сүйх тэргэнээсээ бууж модны сүүдэрт суугаад үзэж харсан зүйлсээ эргэцүүлэн бодов гэнэ, Эцэст нь тэрбээр эргэн тойрноо ажиглаад дотроо "За тэгвэл өтлөхүй, өвдөхүй, үхэхүйн зовлон гэж байдаг юм байж. Харин ядаж л энд бүх зүйл үзэсгэлэнтэй сайхан байна даа" гэж бодов. Үнэхээр л нар халуун дулаанаар тааламжтайхан ээж модон дээр шувууд жиргэж, тэртээд нэгэн өвгөн анжисаар газар хагалж байв. Гэвч тэднийг сайтар нягтлан ажигласны эцэст хунтайж шувууд хэн нэгэн бидэн рүү довтлохвий гэх шиг айж сэрэмжилсэн байдалтай жиргэж газар хагалж буй өвгөн ч туранхай, бөгтгөр бөгөөд эцэж ядарсан нэгэн болохыг мэдэв. Тэр өвгөн хөлөлсөн үхрээ ташуурдан анжсыг чирэх аясаар газар хагалагдаж, газрын хөрсөн дороос олон янзын өт хорхой гарч ирэх бөгөөд тэр даруйдаа л шувууны хоол болж байлаа.
Энэ бүхнийг үзээд хунтайж "Энд ч бас зовлон гаслангаар дүүрэн ажээ. Бидний амьдрал бүхлээрээ зовлон гаслан юм байна" гэж бодов. Ингээд тэрээр тэргүүнээ дээш өргөн хартал биеэ жирийн нэг даавуугаар ороож бадар аяга барин таяг тулсан нэгэн өвгөн явж байхыг үзэв гэнэ. "Та хэн бэ, юун хүн билээ?" гэх хунтайжийн асуултад өнөөх өвгөн "Би үнэнийг эрэлхийлсэн оюун санааны бадарчин билээ" хэмээн хариулвай. Үүнийг сонсоод хунтайжийн сэтгэл туйлын ихээр хөдөлж, "би ч бас энэ адил үнэний эрэлчин болсуу. Энэ л миний амьдралын зорилго мөн" хэмээн боджээ. Ингээд хунтайж орд өргөөндөө буцаж ирсэнээс хойш сэтгэл тогтох зүйлгүй болсон байв. Гагц ордноос хэрхэн гарах тухай бодол л түүний санааны мухраас хормын төдийд ч салахгүй байлаа. Үүнййг ажиглаж мэдсэн хаан эцгийн сэтгэл машид түгшиж эхлэв.
Тиймээс ордны эргэн тойронд харуул манаа тавьж, хунтайжийг нуд салгалгүй сайтар сахиж байхыг тушаажээ, Гэвч нэгэн өдөр согтон унасан харуулуудын сиймхийгээр хунтайж нойрсож буй хатан, хүү хоёртойгоо салах ёс гүйцэтгээд, хөтчийн хамтаар ордныг орхин одвой.

Тэд хурдлан давхисаар их ойд ирмэгц хунтайж мориноосоо бууж урт үсээ тайран авч хунтайжийн өмсгөл, чимэг зүүлтийг тайлан хөтөчдөө өгөөд "Энэ өдрөөс эхлэн би жирийн даавуу өмсөх болно. Энэ бүхнийг хаан эцэгт минь хүргэж өг. Хаан эцэгт минь намайг сайн байгаа, үнэнийг эрэлхийлэхээр бадарчилан одов. Өөрийн ард түмнээ зовлонгоос гэтэлгэх арга мөрийг олохоос нааш згэл амьдралаар замнахгүй гэлээ хэмээн хэлээрэй" гэхэд хөтөч нь ихэд уйлан хайлжээ. Тэгээд хөтөч ордны зүг буцав гэнэ. Харин хунтайж ойн гүн рүү оржээ.

Тэрээр зургаан жилийн турш олон их номын багш нарт шавилан суралцаж чанад хатуу дияан бясалгалыг үйлдэв гэнэ. Тэрээр бусад бүх даяанчдаас хатуужил шамдалаараа гойд ялгарч байсан гэдэг. Тэрээр өдөрт нэгийн төдий буудайн үр иддэг байсан тул эцэстээ маш ихээр турж эцэн ядрахын туйлд хүрчээ.

Тэрээр юунд ч суралцсан үтэр түргэн ойлгодог байв. Гэвч хунтайж энэ бүхэнд сэтгэл үл ханаж "би одоо хэр нь үнэнийг олоогүй байна. Би зовлон хийгээд зовлонгийн шалтгааныг хэрхэн арилгах арга хийгээд мөрийг олох ёстой" хэмээн өдөр шөнийн алинд ч завсаргүй бясалгадаг байжээ. Нэгэн өдөр тэрээр угаал үйлдэхээр гол руу явах замдаа ихэд туйлдахын эрхээр сульдан унав гэнэ. Тэгээд энэ завсарт сэтгэрүүн: "Би энэ олон жилийн турш ордны тансаг амьдралд умбахдаа үнэнийг олоогүй билээ. Дараа нь олон жилийн турш дияан хийж хатуужин бясалгалаа. Мөн л үнэнийг эс олов. Тэгэхээр ийнхүү аглагт гарч чанад хатуу дияан үйлдэхийн ач үр юу байхсан билээ? Иймд би бээр энэ хоёр туйлын төв бөгөөд гол мөрийг баримталсугай". Чухам тэр үед сүү авч явсан нэгэн охин таарч эцэж турсан хунтайжийг өрөвдөн сүүгээрээ дайлахад хунтайж ч татгалзсангүй болой. Үүний ачаар түүний хүч тэнхээ тэр даруйдаа сэргэж гэнэ.

Энэ явдлыг үзсэн бусад дияанчидийн хунтайжийг бишрэн хүндлэх сэтгэл алдарч "Тэр үнэний эрлээс шантрав. Бид түүнтэй шадарлахаа больё" гэлцвэй. Гэтэл хунтайжийн "Үнэн мөнийг олох хүсэл" улам бүр арвидан бадарч Нирэнзэн мөрнийг гатлан Бодигаяа хэмээх газарт хүрч Бодь модны дор суудал засаад "Би бээр зовлонгийн шалтгааныг олох хүртлээ эндээс босохгүй" хэмээх тангараг талбиад гүн бясалгалд тэгш оров гэнэ. Үүнийг үзсэн Шулмасын аймгийнхан "Энэ хүмүүн гэгээрлийн хутгийг олоход машид ойртсон байна" хэмээн айн үймэлдэж хунтайжийн сэтгэлийг төрөл бүрээр сарниулахыг оролдож эхэлвэй.

Тэд эхлээд сэтгэлийг нь сацраахын тулд үзэсгэлэнт эмсийг хувилган илгээж түүнийг тойрон бүжиглүүлэхэд хунтайж огтхон ч түйртэлгүйгээр мөнх бусыг бясалгамагц өнөөх үзэсгэлэнт эмс хөгшин хатингар болон урваж үтэр тонилон одоцгоов гэнэ. Шулмасын аймгийнхан хунтайжийг хорлохоор дахин завдаж цэргээ илгээн зүрхэн тус газрыг нь онилон сум тавиулж гэнэ. Гэтэл хунтайж асрал хайрын сэтгэлийг бясалгамагц шуламын харвасан олон сум лянхуа цэцгэнд хувилан өлмий дор нь унацгаах ажээ.

Ийнхүү тэрбээр асрахуй сэтгэл өслөн хүчтэй болохын үлгэрийг үзүүлэв гэнэ. Гэтэл хунтайж аврал хайрын сэтгэлийг бясалгамагц шуламын харвасан олон сум лянхуа цэцгэнд хувилан өлмий дор нь унацгаах ажээ.
Ийнхүү тэрбээр асрахуй сэтгэл өслөн уурлахаас хүчтэй болохын үлгэрийг үзүүлэв гэнэ. Аргаа барсан шулмас хунтайжийг сорьж "Чи хэн болоод өөрийгөө гэгээрч чадна гэж бодсон юм бэ?" гэхэд тэрээр "Би урьд номыг бясалган их буяны чуулганыг хураан үйлдсэн нэгэн билээ. Харин одоо чанагуух үнэнийг ухааран онох цаг нэгэнт болжээ" хэмээн өгүүлвэй. Шулмас "Үүнийг чинь хэн нотлох юм бэ?" хэмээн дахин нэг сориход хунтайж "Энэ газар шороо намайг гэрчилнэ" хэмээн өгүүлээд баруун мутраа газарт хүргэмэгц газрын сахиус цухуйж "Энэ туйлын үнэн билээ. Тэрээр урьдын олон төрөлдөө өөрийгөө бусдад зольсон юм. Харин эдүгээ түүний зорьсондоо хүрэх цаг нь нэгэнт болжээ" хэмээн гэрчилэв гэнэ. Ийнхүү шулмасын аймаг номхотгогдож хунтайж гүн бясалгалд ажирсаар ялж төгс нөгцсөн бурханы хутгийг олжээ.

Энэ мөчөөс эхлэн хан хүү Бурхан багш Ялж төгс нөгчсөн. Түүнчлэн ирсэн, Сайваар ажирсан, Амарлингуй оршигч, Бүхнийг айлдагч, Чадагчийн эрхт, Шагжагийн арслан зэрэг олон нэртэй болсон бүлгээ. Юуны түрүүн Шагжамуни зургаан жилийн турш цугтаа хатамжлан зовж байсан, эдүгээ Варанасийн Мригадавад амьдарч буй таван даяанч дээр очиж шашиндаа оруулжээ.

Эхлээд тэд цэрвэн зугтаж байснаа сургаал айлдахыг нь сонсож түүнд бүрэн итгэл найдвараа өгч, анхны шавь нар нь болов. Тэрбээр Ражагрихад байхдаа эзэн хаан Бимбасараг шашиндаа оруулжээ. Шагжамуни түүний ордонд заларч орон даяар ариун сургаалаа айлдаж эхлэв. Хүмүүс цангахдаа ус, өлсөхдөө хоол хүсдэг лүгээ адил түүн рүү тэмүүлэн цувж байлаа. Эндээс гол шавь Шарибудари, Модгальяана нарыг олж, мөн хоёр мянга гаруй хүн түүнд шавь оржээ.

Шагжамуни 45 жилийн турш сургаалаа айлдаж 80 нас сүүдэр зооглов. Ражагрихаас Шравасти орох замдаа Вайсали хэмээх газар бие алжааж, гурван сарын дараа Нирванд орно гэдгээ хэлжээ. Тэгээд номлол сургаалаа айлдаж явсаар Пава хэмээх газар очиж, Тэнд Чунда дархны барьсан хоолыг амсаад өвчин нь үгдрэв. Өвчин зовлонд шаналж, улам ядарч сульдсан ч тэрбээр цаашаа Кусинагара руу явжээ. Тэрбээр Кусинагара балгасын захад сала хэмээх ойд очиж, хоёр өндөр модны хоорондох газар хэвтэв.

Газар дээр ийн хэвтэж байхдаа ч шавь нартаа сургаал айлдсаар байлаа. Чингээд агуу их сургаал номлогч Бурханы үүргээ бүрэн гүйцэд биелүүлж дуусаад алгуурхан Нирванд оров.
Шагжамуни Нирван дүрийг үзүүлсний дараа Кусинагара балгасын иргэд гүн их уй гашууд автжээ. Бурханы хайртай шавь Анандын айлдсанаар тэд багшийнхаа шарилыг ариун галд өргөв. Ажатасатра хаан, мөн Энэтхэгийн 7 хаан Шагжамунийн чандраас хүртээхийг хүссэнд Кусинагара балгасынхан татгалзаж, чингээд дайн дэгдэв. Гэвч Дрона мэргэний зөвлөсний дагуу Бурхан багшийн чандрыг найман улсын дунд хуваасан аж. Шагжамунийн чандраас өөр олон улс, хүмүүс ч хүртжээ. Бурханы ариун шарилыг тэд нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болов. Түүнийг хадгалж байхын тулд Бурханы шашны арван сүм босгосон аж.

Сүүлчийн номлол

  1. Кусинагарагийн ойролцоо сала хэмээх ойд Шагжамуни сүүлчийн удаа сургаалаа айлдсан аж. Тэрбээр шавь нартаа хандаж номлосон нь:
    Та нар өөрсдөө бусдын төлөө ассан гэрэл болцгоо! Та нар өөрсдөө өөрсдийнхөө түшиг тулгуур болж, хэнд ч бүү найдаж бай! Миний сургаал та нарт гэрэл гэгээ, түшиг тулгуурын аль аль нь болог! Бусад сургаал, номыг түшиж тулахаас цээрлэ! Бохир биеэ хараад бохирыг нь ухаарч, хэзээ ч гоё чамин хувцас бүү хүсч бай! Баяр цэнгэл, зовлон зүдгүүрийн аль аль нь зовлонгийн шалтгаан гэдгийг ухаарч, цэнгэл жаргал давтахыг цээрлэ! Сэтгэл санаагаа шинжээд тэнд өөрийн чинь "Би" бээр байхгүйг ойлгож, сэтгэлийн хөдөлгөөндөө бүү хуурт! Тэр цагт та нар зовлон зүдгүүрээс үүрд ангижирна. Намайг энэ ертөнцөөс халин одсоны дараа ч гэсэн та нар, миний сургаалыг үнэн зөв даган мөрдөж чадвал, жинхэнэ үнэнч шавь нар минь болно.
  2. Миний номлосон бүх сургаалыг цаг ямагт санаж яв, тэдгээрийн тухай үргэлж бодож бай, утга учрыг нь онохыг хичээ, ямар ч үед тэдгээрээс бүү татгалз. Хэрэв миний сургаалыг үнэн зөв дагавал та нар жинхэнэ жаргалыг амсана. Миний сургаалын хамгийн гол нь санаа сэтгэлээ удирдаж чаддаг болоход оршино. Өөрийнхөө хүслийг хазаарлан номхотгож, өөрийгөө ялж сурах хэрэгтэй. Биеэ зөв авч явж, зөв үйл хийж, сэтгэл санаагаа ариун байлгаж, хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Шунал хүслээсээ татгалзаж, уур хилэнгээ номхотгож, нүглээс зайлж, амьдрал мөнх бусыг үргэлж санавал зохино. Зүрх сэтгэлд чинь хүсэл шунал, нүгэл хилэнц орогновол, түүнийг ялах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ бүү захирагд, харин зүрх сэтгэлийнхээ эзэн болох хэрэгтэй. Зүрх сэтгэл нь хүнийг бурхан ч болгоно, буг ч болгоно. Төөрөлдсөн хүн шулам, гэгээрсэн хүн бурхан болно. Санаа сэтгэлээ ариун байлгаж, буяны замаасаа бүү хазай.
  3. Миний сургаалыг дагаж бие биетэйгээ энх амгалан, эвтэй найртай амьдарцгаа, нэг нэгнийгээ хүндэлж бай, хоорондо бүү хэрэлдэж маргалд. Ус, сүү лүгээ адил бие биентэйгээ зохицож бай, ус, тос лугаа адил нэг нэгийгээ бүү түлх. Миний сургаалыг хамтдаа дагаж мөрд, сурч ухаар, хамтдаа төгс төгөлдөр болж, нэг нэгэндээ тусалж, буяны зам мөрийн баяр баясгалангаа хуваалцаж бай. Хэрэггүй юмыг эс шохоорхож, ашиггүй юманд цагаа бүү зарцуул, гэгээрэн гийхийн цэцэг, буяны зам мөрийн үр жимснээс хүртэж яв. Би бээр, та нарт өгч буй сургаалаа гэгээрснээр ухаарсан юм. Та нар энэ сургаалыг баримталж, хатуу мөрдөх хэрэгтэй. Миний сургаалыг дагахгүй бол миний дэргэд байсан ч намайг олж харахгүй. Харин сургаалыг минь дагавал надаас асар хол байсан ч үргэлж цуг байна.
  4. Шавь нар минь, удахгүй миний цаг болох гэж байна. Та нараасаа салах цаг ойртлоо. Гэвч та нар гуньж гутарч үл болно. Амьдрал мөнх бус, энэ ертөнцөд төрсөн хэн боловч үхнэ. Би бээр үхэхэд миний бие модон тэрэг лүгээ адил өмхөрч алга болно. Ингэж хүний оршин тогтох мөнх бус гэдгийг дахин батална. Бүү гуньж гутарцгаа. Ертөнцөд ганц ч мөнх юм үгүйг ухаарч, хүний оршин тогтнохын утга учрыг онож мэдэцгээ. Хувирч өөрчлөгддөг бүхнийг үл хувиргахыг бүү хүс. Энэ хүсэл хэзээ ч бүтэж биелэхгүй. Энэ ертөнцийн тачаал шуналын шулам хэзээд бэлэн байдаг бөгөөд сонор сэрэмж чинь сулармагц та нарыг эзэмдэж эрхэндээ оруулна. Хэрэв гэрт чинь хорт могой үүрлэвэл, тэр амьтныг хөөж гаргахаас нааш амар амгалан нойрсож чадахгүй шүү дээ. Ертөнцийн тачаал шуналын шулмыг хөөж зайлуулах хэрэгтэй. Ертөнцийн хүсэл шуналын могойг хөөн гаргах хэрэгтэй. Сэтгэл санаагаа та нар сонор соргог хамгаалах ёстой.
    5.Шавь нар минь, миний цаг ирлээ. Гэвч энэ бол миний бие махбодын үхэл гэдгийг бүү мартаарай. Хүн биеийг эцэг эхээсээ олдог, олсон биеэ хоол хүнсээр торддог учир, тэр нь эмгэгт хялбархан өртөж, шарх сорви авах нь ч түргэн, эцэстээ эвдэрч нурах л хувь тавилантай юм. Бурханы мөн чанар бие махбодод нь бус, гэгээрэхэд нь оршино. Бие махбод эвдэрч нурна, гэтэл гэгээрэл нь Номын үнэн болон үйл хэрэг нь мөнх оршиж байдаг. Бие махбодыг минь харж буй хүн бус, харин сургаал номыг минь ухаарч буй хүн л намайг олж үзнэ. Амьсгал хураасны минь дараа миний орхиж үлдээсэн Ном та нарын багш болно. Та нар түүнийг хайрлан хадгалж, тэгснээр надад үнэнч зүтгэх ёстой. Шавь нар минь, амьдралынхаа сүүлчийн 45 жилд би бээр айлдах ёстой болгоноо айлдсан, хийх ёстой бүхнээ хийсэн. Одоо та нарт үзүүлээгүй нууц надад байхгүй. Миний дотор ч тэр, миний гадна ч тэр хаана ч байхгүй. Би Номлох бүхнээ номлосон. Шавь нар минь, миний цаг ирлээ. Би бээр Нирванд орлоо. Энэ бол миний сүүлчийн номлол юм.
  • ЗочинFebruary 14, 2012

    burhan bagshiin ynenhuu gaihamshigt suurgaaali 2500 jiliig tuulan irsen.Burhan mini bid udur bur utulsun, uvdsun negniig harj baivch uurt irehgui yum shig sanan, hen negen maani orchlongoos odohod uuruu uhehgui yum shig uurt irehgui yum shig amidarsaar..........Ene setgel uslun uurlahin orond asran enerhiig ch medehgui ...
    Orchlon zovlongiin mun chanartai bolohig uhaarahgui zovlongiin dalaid umbasan hurhiilultei ......Burhan bagshin surgaali eh bolson zurgaan zuil amitani setgell ouynd bolovsorch gegeereh boltugai

  • ЗочинFebruary 17, 2012

    Хамаг амьтан гэгээрэх болтугай

  • ЗочинFebruary 17, 2012

    Гайхалтай гайхалтай хэлэх үг алга.

  • ЗочинApril 4, 2012

    Үнэхээр сайхан үг хэлжээ. Энэхүү агуу сургааль, номлолыг бидэнд үлдээсэн энэрэл, хайрын дээд багшыгаа нэгэн сэтгэлээр шүтэж явж, бие биендээ тус буян болж амьдарцгаая.

  • ЗочинAugust 20, 2012

    буддын намтар нь жаахан панаал санагддаг. миний сонссон түүхээр бол буддаг төрөх үед тэр үеийн энэтхэг бага буурай ханлигуудаас тогтож байсан агаад нэгэн буурай ханлигийн ханхүү өөр хоорондоо арсалдан тэмцэлдэх ханлигуудын улстөрийн бодлогыг эсэргүүцэн бясалгагч болж өөрийн бусдыг үл үзэн ядах сургаалийг дэлгэрүүлснээр будда нэрийг зүүсэн гэж сонссон юм байна. будда энгийн хүн байсан гэхдээ гэгээрсэн цаг хугацаанаасаа түрүүлсэн гүн сэтгэгч байсан. харин бурхан лав биш ориг буддын сургаальд бурхан гэж байхгүй орчлон өөрөө бүтсэн гэдэг биздээ. нирваанд хүрсэн түг түмэн будда бий гэхдээ бурхан биш, бурхан гэж угаасаа байх ч үгүй. хүний хамгий том бурхан гээд хайвал тэр нь тухайн хүний дотоод ертөнцөд нуугдан буй түүнийгээ олж түүгээрээ амьдарч чадвал тэр хүн бурханаа олж гэгээрсэн түг түмэн буддагийн нэг болно. зөв үү?

  • ЗочинAugust 21, 2012

    Буруу бодож байна. Энд бичигдсэн Буддагийн намтар бол үнэн. Буддагийн сургаалд Бурхан гэж байлгүй яахав дэ. Бурхан байдаггүй гэсэн нэг ч сургаал Бурханы номд байхгүй. Бурхан гэж байна. Бид тэрхүү Бурхан болж ч болно. Бүх зүйл шүтэн барилдлагатай. Үүнийг ашиглаж л хүн бүр тэдгээр Бурхадууд шиг бурхан болох боломжтой. Бурхан бол 3 чухал авралын орны нэг тул Бурхан буддизмд олонтоо гардаг

  • ЗочинOctober 26, 2012

    gaihamshug

  • ЗочинNovember 13, 2012

    Uneheer ih bayarlalaa, mash saihan yum

  • ЗочинFebruary 6, 2013

    Утга учиртай өөр бусдад хэрэгтэй амьдрах чин хүсэлтэй билээ...

  • ЗочинFebruary 6, 2013

    Утга учиртай өөр бусдад хэрэгтэй амьдрах чин хүсэлтэй билээ...

  • ЗочинFebruary 6, 2013

    Утга учиртай өөр бусдад хэрэгтэй амьдрах чин хүсэлтэй билээ...

  • ЗочинFebruary 6, 2013

    Утга учиртай өөр бусдад хэрэгтэй амьдрах чин хүсэлтэй билээ...

  • ЗочинFebruary 6, 2013

    НАМО БУДДАЯ НАМО САНГАЯ НАМО ДАРМАЯ

  • ЗочинFebruary 6, 2013

    ЭРДЭМ ХЭМЖЭЭЛШГҮЙ СҮР ХҮЧ ГАЙХАМШИГ

  • ЗочинFebruary 7, 2013

    2012.08.20ны зочинд: Бурхан гэж хэн бэ гэдгээ хоорондоо ойлголцох хэрэгтэй байх. Будда буюу сэрсэн, сэхээрсэн гэсэн утгайтай үг сунжирсаар Бурхан болсон гэж байгаа. Бурхан нь god биш. Орчлон ертөнцийг Бурхан бүтээгээгүй, үнэн. Энд бичсэн намтар олонхийн, судалгаагаар хамгийн их магадлалтай гэж хэлж болохоор үнэн байх. Өөр намтар-түүх байж болно, гэхдээ учир шалтгааны уялдаа холбоотой, баримт-судалгаанд тулгуурлаж алинд нь итгэх эсэхээ шийднэ биз ээ.
    Уншиж сонсож, ойлгож бодох олон эх сурвалж, мэдээлэл байгаа даа.

  • ЗочинMarch 11, 2013

    ямар номноос авсан юм бол хэлээд өгөөч

  • ЗочинJune 26, 2013

    Gaihamshigtai

  • ЗочинJuly 25, 2013

    Лама Идам Гончигсумла Жавсу Чой

  • ЗочинSeptember 2, 2013

    sain bnuu.yunii umnu eniig bichij tavisan hund bayrlasnaa helii.uuchlaarai bi sayahan nepal ulsad ochij burhan bagshiin tursun gazar bolon taalal tugssun gazarni hurtel ochij murgul uildej yavsan bilee.minii olj sonssonoor burhan bagsh 2 mendelj 2taalal tugssun gej baisan.ehnii udaa gegeerseniihee olon jiliin daraa 5bambartai barand uuriin bieee ugsun gazarni ochij uzsen yum.ulburch uheh duhsun em barand uuriin biee ugch tavan zulzagiigni uhehees avarsan gedgiig sonsood ter huniig denduu erhemlen hundelsen boloi.burhan bagsh tegj taalal barisaniihaa daraa lumbini gedeg hureelend eejiinhee suganaas mendelj shidiig uzuulsen geh gazarni ochij uzsen yum.tiimees unen tuuhiig ulam asuuj medeed end tavinaa.arail bogino arail tovchhon tuuh sanagdlaa.uulni tuuhiin uneniig uneneerni humuust taniulval saihan bas 1 buyan yum bolvuu gej bodoodol yavsan uzsenee bichsen yumshuu uuchlaarai.muhus bi hun muuchlahgeegui uzsen harsan mini denduu gaihamshigtai bsan bolhoorl busad humuus bas unen tuuhiini

  • ЗочинSeptember 3, 2013

    Өмнөх сэтгэгдэлд тайлбар хийхэд тэр баранд биеэ өгсөн чинь өмнөх төрөл шүү дэ. Юун 2 үхсэн гэж. Угаас амьтаны үхлийг тоолвол 2-р тогтохгүй шүү дэ. Энэтхэгээр явсан бол дутуу л судалсан байна да.

  • ЗочинSeptember 3, 2013

    яг Гаутама хан хүүгийн өөрийн зохиолуудыг нь уншмаар санагдаад байдаг юмаа. Ананд тогтоож сүүлд бичиж авсан л гээд байдаг. Тэгвэл Анандаас уламжилсан тэр судруудыг бүгдийг уншихсан.
    Сонссноор бол Шакиамуни өмнөх төрлүүддээ, 500 төрөлдөө бодхисатва байсан. Өөрийн биеээ баранд өгдөг гэдэг нь зөвхөн нэг удаагийн таалал барисан нь байх. Непалд зөвхөн 2 төрөлд тохиосон ганц нэг үйл явдлыг хэлжээ. Ингээд төрсөн газар нь хүртэл сайн мэдэхгүй байхаар чинь эх судруудаас нь бид бүгдээрээ их холдожээ. Гаутама хаан хүүгийн амьдрал үйл явдал тохиосон газруудаар аялсан, судалсан баримтат кино байдаг.

  • ЗочинSeptember 3, 2013

    Төрсөн газар нь байж л байна шүү дэ. Угаас Бурхан багшийн намтарыг дэлгэрэнгүй айлдвал хэдэн боть юм болно. Нэг нийтлэлээрээ тийм зузаан зүйлийг сайт дээр тавих уу. Тэр талаар сайн бодно биз. Миний мэдэхийн пүрэвбат лам Бурхан багшийн дэлгэрэнгүй намтарыг гаргасаныг мэдэх юм байна. Тиймээс энэ намтарт буруу зүйл бичигдсэн бол түүн дээр хэлэлцэж болох юм. Гэтэл энд бичигдээгүй зүйл дээр юм хэлэх нь утгагүй хэрэг болно. Энэ бол товчхон л намтар шүү дэ.

Бусад мэдээлэл