2015-02-06 | Нийтэлсэн:admin | Үзсэн:15005
АНУ-ын эрдэмтэн Мэл Роббинс 2011 онд болсон Ted Talk бага хурал дээр тодорхой нэг хүн бий болж төрөх магадлал 400 их наядад нэг байдаг гэж жишээ болгон дурджээ. Энэ хуралд сууж байсан хүн ам зүйн ухааны доктор Али Банизир энэ талаар тооцоо судалгаа хийж үзэхээр шийдсэн гэнэ.
Тэрээр Дэлхий дээрх эр эм хүмүүсийн тоо, ирээдүйн эцэг эхийн 25 наснаасаа өмнө холбоо тогтоож болох эсрэг хүйсний хүмүүсийн тоо зэргийг харгалзан тэдний уулзах магадлалыг тооцоолон бодож гаргасан байна. Дараа нь тэдний дахин уулзах хүсэл төрөх, хайр сэтгэлтэй болох, хүүхэдтэй болох, зохих эр эс зохих өндгөн эстэй нийлж үр тогтох магадлал зэргийг бүгдийг тооцоолж үзсэн гэнэ. Мөн тэдний өвөг дээдэс бүгд үр хүүхэдтэй байсан эсэхийг ч магадлалын аргаар тооцоолон гаргажээ.
Ингээд «Шинэ хүн ертөнцөд мэндлэх боломж бараг 0-тэй тэнцүү» гэсэн гайхмаар дүгнэлтэнд хүрчээ.
«2 сая хүн шоо хаяж тоглож байна хэмээн төсөөл! Тэдний шоо триллион (их наяд) талтай. Бүгд шоогоо нэгэн зэрэг хаяхад бүх шоо яг ижил талаараа уналаа гээд бод доо!» хэмээн жишээ авчээ. «Гэхдээ энэ гайхамшиг болсоор байгаа хойно магадлал огт байхгүй гэж хэлж болохгүй. Би энэ жишээгээрээ хүн өөрөө хичнээн агуу гайхамшиг болохыг л харуулах гэсэн юм. Ийм болохоор хүмүүс өөрсдийгөө жинхэнэ гайхамшиг гэж мэдэрч, үнэлж амьдраасай!» хэмээн тэр бичжээ.
Доктор Биназир буддын шашны нэгэн домгийг өгүүлсэн байна:
Дэлхийн гадаргуу тэр чигтээ усаар бүрхэгдсэн цаг байж. Их усан дунд цорын ганц нүхтэй буулга (газар тариалангийн ажлын үеэр үхэр малын хүзүүнд зүүдэг хэрэгсэл) хөвж явна. Зүүнээс үлээсэн салхи түүнийг баруун тийш хөөж, харин баруунаас үлээх салхи зүүн тийш нь урсгана. Далайд нэгэн сохор яст мэлхий хөвж явна. Энэ яст мэлхий 100 жилд ганц удаа усны гадаргуу дээр хөвөн гарч ирдэг гэнэ. Тэгвэл сохор яст мэлхий хүзүүгээ буулганы нүхээр шургуулан гарч ирж таарах магадлал хэр зэрэг өндөр байх вэ?
Эрдэмтэн энэ домгийн магадлалыг мөн тооцож үзэхээр шийдсэн гэнэ. Тэрээр далайн гадаргуугийн талбайг буулганы хэмжээтэй харьцуулж тооцоод яст мэлхийн хүзүү буулганы нүхээр шурган орох магадлал 700 тэрбумд нэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
«400 их наядад нэг үү, эсвэл 700 тэрбумд нэг үү? Буддын гүн ухаан, орчин үеийн эрдэмтэд гэсэн хоёр тэс өөр эх сурвалжид хамаарах энэ 2 санаа хоорондоо тун ойролцоо гэж би хувьдаа бодож байна » хэмээн доктор Биназир бичжээ.
Манай монголчууд “Эрдэнэт хорвоод хүн болж төрөх нь эгэлгүй их хувь завшаан. Зүүний торгон үзүүр дээр ганц ширхэг будаа тогтох мэт ховорхон олддог хувь тохиол” гэж хэлэлцдэг нь жирийн ч үг биш, гүн ухааны мэргэн сургааль байх нь.
Монголчууд аа, ХҮН гэдэг эрхэм дээд алдраа хайрлан хүндэлж, ХҮНИЙ дайтай амьдарцгаая!
Эх сурвалж: www.viva.mn