2012-08-19 | Нийтэлсэн:Luvsanjamts | Үзсэн:8041
Миний бие 1954 онд модон морин жил Жан Намцога (хойд тэнгэр нуур) орчимд Дагву Түнши гэдэг газар төрсөн. Намайг төрөх үед манай гэрийн гадаах модон гадсан дээрээс цэцэг ургасан аж. Мөн нэгэн тогоотой сүү гэнэт хөөрөн савнаасаа хальсан гэдэг. Тэр үед манай нутгийн чойжон хэлэхдээ “Жадо хувилгааны зургаадугаар дүр өвс ногоо нь хадуур адил дугуйран халиурсан гурван боть ном давхарласан мэт нуурын эрэгт төржээ” гэж төлөг буулгасан ажээ. Арван гуравдугаар Далай ламын цаншав Лхавзүн ренбүүчи зургаадугаар дүрийн Жадо хувилгааныг тодруулахаар манай нутагт ирсэн гэдэг.Тэрбээр Лхасад эргэн очиж мэргэ төлөг болон эдгээр шинж тэмдэгийг айлтгаснаар арван дөрөвдүгээр Далай лам намайг Жадо хувилгааны зургаадугаар дүр эндүүрэггүй мөн хэмээн батламжилсан юм. Миний урд дүрийн Жадо хувилгаан Жамъянсанжай бээр арван долоо, арван наймаас илүү наслаагүй гэдэг. Тэрбээр нэгэн удаа бие нь тавгүйрхэн Жадо хийдээс гэр өөдөө морилон явах замд манай гэрийн ойролцоо морь нь газар хэвтжээ. Тэр үед тавдүгээр дүрийн Жадо хувилгаан энэ газрыг Түнши ( хувилгаан залрах газар ) хэмээн нэрлэ гэжээ. Тэгээд манай гэрт морилон цай зооглоод явах үед чанзов Галсанжанцан нэгэн зоос хадган дэр барьж өргөөд танд урт удаан наслахыг ерөөе гэхэд “чи надад нэгэн морь өргөсний дайтай би баярлалаа чамд хийддээ очоод хийдээ додомдох ажил их бий шүү “ хэмээн арван дөрвөн ширхэг чихэр тоолон тоолон өгсөн гэдэг. Тэр үед миний чанзов Галсанжанцан түүний сойвон байжээ. Тухайн үед чанзов Галсанжанцанд хийдийг додомдох хөрөнгө мөнгө байхгүй байсан бөгөөд ламын айлдсаныг нэг их ойшоогоогүй ч хожим тэрээр бүхий л ажлыг гардан гүйцэтгэжээ. Би морь жилд төрсөн бөгөөд мөн бид энэтхэг цагаачлан явахдаа хийдээсээ арван дөрвүүлээ явсныг лам зөгнөн айлдсан байсан гэдэг. Иймээс би 1954 оны морь жилд төрсөн нь тодорхой байдаг ч төрсөн өдөр сар нь тодорхойгүй бөгөөд албан бичигт арван нэгэн сарын арван есөн гэж бичигдсэн байдаг. 1957 оны намрын сар хүртэл бүтэн нэгэн жил Жадо хийдэд суугаад жилийн дараа буюу 1959 онд Жовжэ Тичэн ренбуучий, Сэню ренбүүчий, Зэба ренбүүчий, багш Лувсандэмбаа, чанзов Галсанжанцан нарын хамт тухайн цаг үеийн эрс өөрчлөлтйин улмаас Энэтхэг рүү дүрвэн гарсан юм. Бидэнтэй хамт бусад лам нарын бараа бологчид нийт ерэн хүн ачаа бараа ачсан морьдоо хөтлөн үзэсгэлэнтэй сайхан байгалиар зугаалж явсан мэт санагддаг юм. Тэр үед цагаачилж яваа хүмүүс газар тэнгэрээс өөр таних зүйлгүй уул усны сайхныг анзаарах ч сөхөөгүй хоол ундгүй амь зулбан зугтаж байсан цаг. Тийм л үед авралт Жовжэ Тичэн ренбүүчий багш маань илт мэдлээрээ бүхнийг болгоон шоо хаяж, радио сонсон бүхий л талаар биднийг удирдан явж байлаа. Би ч замдаа нилээд ном цээжилж түвд хэл бичгийн дүрэм, тэг жинхорт суралцан гурван сарын хугацаанд Жовжэ Тичэн ренбүүчийд шалгалт хүртэл өгч амжлаа. Багшийн адистэдийн хүчээр барцад саадгүйгээр хил даван Балбын Лхо Мустанд хүрэлцэн ирсэн юм. Лхо Мустанд ирээд нилээд хугацаанд тэнд оршин суухдаа багш Лувсандэмба, Жүмэ кэнсүр Галсаннамжол, Жовжэ Тичэн ренбүүчий, Лосалингийн Банан ренбүүчий нараар ном заалгадаг байв. Багш нар маань ялангуяа Жовжэ Тичэн ренбүүчий хожим намайг гэвш лхаарамба болоод Далай багшийн цаншав болно, монгол оронд шашин амьтны тусыг сайтар бүтээнэ гэж олонтоо айлддаг байсан ч тэр үед би зөвхөн өнөө маргаашийн тухай л боддог байж билээ.Ингээд 1960 оны өвөл Непалаас бүрмөсөн нүүж Энэтхэгийн Дарамсалагийн ойролцоох Далай хауст суурьшсан юм. 1964 онд Лхавав дүйчингийн өдөр Дээрхийн гэгээн арван дөрөвдүгээр Далай лам түүний хоёр ёнзон багшаас гэцүлийн санваар хүртсэн. Далай хаусд би Серагийн лам нартай хамт хэл бичиг зан үйлийн номонд суралцаж эхэлсэн юм. Мөн энэ үед Лондонгоос ирсэн Беди хэмээх хатагтай хувилгаан лам нарт зориулсан Кайлаш гэдэг сургуулийг байгуулсан бөгөөд тэрхүү сургуульд би англи хэл бичгийг бага сага суралцсан. Энэ сургуульд одоогийн Их Хөлгөний уламжлалыг хадгалах төвийн тэргүүн Сопа ренбүүчий, Намжал дацангийн хамба Түмдог зэрэг түвдийн сажэ, гэлүгба, гаржүдвийн ёсны жаран хувилгаан лам нар суралцаж байсан юм. Хамгийн бага нь би есөн настайдаа хоёр дахь элсэлт болон орж байсан юм. Гэвч би энэхүү сургуульд найман сараас илүү суугаагүй юм. Миний чанзов багш бээр тусгайлан багш аваад өөрийнхөө дэргэд 1971 он хүртэл намайг гэрийн сургалтаар хүмүүжүүлсэн. Эндээс Энэтхэгийн төв хэсэгт орших Бендарас гэдэг газар Сера хийдийн лам нарын хамт хэсэг хугацаанд суурьшсан. 1973 онд Гүн ухааны гурван том сургуулийн нэг болох Серажэ хийдэд шавилан сууж гүн ухааны номонд өөрийн оюуны цар хэмжээгээр хичээн их зарлигын таван ботииг 18 жил судлан суралцсан болно. 1974 оны 1 сарын 18 нд буюу Түвдийн аравдугаар сард Доржданд Ёнзон Лин ренбүүчигээс гэлонгийн санваар авсан. Тийнхүү Сера дацанд суралцаж байхдаа Хансүр Лувсанваанчүг, Хансүр Лувсанцэрэн хэмээх хоёр багшийг голлон шүтэж гүн ухааны олон номыг сонсож завсарт нямба бүтээл олонд шамдсан. Мөн хэл бичиг, дүрэм зүй тэргүүтэн Түвдийн уламжлалт бусад ухаанд ч суралцсан. 1991оны 1 сарын 24 нд гүн ухааны номыг дуусгаж гэвш лхаарамбын дамжааг тавиад Жүд дод дацанд элдэв зүйл дандарын бясалгал ба тарнын хоёр зэргийн бясалгал тэг жинхор, жинсрэг тэргүүтэн номыг нэгэн жил судалсан юм. Дээрхийн Гэгээн Далай ламтан, Лин ренбүүчий, Тэжан ренбүүчий, Бакула ренбүүчий, Доён ренбүүчи, Жүмэй кэнсүр Галсаннамжил, Лувсандэмба ,Банан ренбүүчи , Дэма Лочойзенбүүчий, Кирти цаншав ренбүүчий , Монгол гэвш Сэнгээ нар болвоос миний гэлүгвийн ёсны багш нар юм. Харин Түлшиг ренбүүчи, Камтүл ренбүүчий нар бол миний нямаавын ёсны, Жовжэ Тичэн ренбүүчи, Сажэгома ренбүүчи бол сажэвын ёсны, өмнөх дүрийн Гармава, Галон ренбүүчи нар болбоос гаржүдвын ёсны багш нар мөн болно. Бурханы шашны дөрвөн урсгалын тэргүүн лам нараас шашин номын үндэс дамжлагыг хүртэх явдлыг машид ховор чухаг эрдэнэ мэт үздэг ёс бий. Тиймээс би өөрийн бүх ариун дээд багш лам нартаа үргэлж залбирч явдаг даа. 1996 онд Жүдод дацанд дандарын ёсны номыг сайтар судалсаны баталгаа болгон дамжаа барьж номын хуримыг үүтгэн агримбын цол хэргэмийг хүртсэн болно. 1982 онд Ладак руу явж Бакула багшид мөн Бетүв хийдийн хуврагуудад Гүнрэгийн зан үйл, мутарлага зэргийг,1985 онд мөн Ладак орноо Гүнэрэгийн хот мандал өргөхийг зааж байсан юм. Дүлцон жинхарын үүднээс анх дэлгэрэнгүй ван айлдсан нь 1985 он юм. Миний бие 1986 онд Түвд рүү хоёр сарын хугацаагаар Лхасын Жову тэргүүтэй ариун нандин шүтээнд мөргөх мөн аавтайгаа уулзах гэсэн хоёр хэргээр явсан. Гэвч би аавтайгаа уулзаж чадаагүй юм. Хуучин Жадо хийдийнхээ туурин дээр очиж хожим шүтээн орон нь мандан бадрах хийгээд хөгжин цэцэглэхийн шүтэн барилдлага болгон жинсрэг өргөөд л ирсэн.Харин гэвш Сэнгээтэй уулзаад Дамдингийн номын аймгаас дутуу үлдсэн тайлбар, нарийвчлал зэрэг номуудыг гүйцээн хүртэж чадсан. Энэ номуудын хөтөлбөр эшлэл тайлбар зэргийг гүйцээн авсан нь машид ховор тохиох номын үйл болсон юм. Монголчууд лугаа тогтоосон барилдлага болбоос анх 1985 онд Монгол гэвш лхаарамба Сэнгээ ламаас Энэтхэгт ховордсон Дамдин бурхны хөтөлбөр эшлэл тэргүүтнийг сонсоноос эхлэлтэй. Хожим 1991 оны 11 сард Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Дамдинсүрэн гуай Монгол оронд бурхан шашин шүтэх эрх чөлөөний нөхцөл байдал улам сайжирч, бурхан шашныг судлах суралцах хүмүүн ихэд олон болсон тул судар тарнийн номын эрх, эш хөтөлбөр цар гүйцэд нэгэн багш хэрэгтэй хэмээн урилга илгээжээ. Ингээд Дээрхийн Гэгээн арван дүгээр Далай багшийн зарлиг мөн тухайн үед элчин сайд байсан Бакула багшийн хүсэлтээр миний бие өөрийн туслах Түвдэндашийн хамт Гандантэгчэнлин хийдэд багшаар ирсэн. Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Шашны их сургуулийн оюутнууд Гандантэгчэнлин хийдийн лам хуврагуд тэргүүтэй монголын лам хуврагуудад цанид чойрын ном заахын зэрэгцээ Бакула ренбүүчи багшаас олон номын эрх авшиг, хөтөлбөр зэргийг хүртэн бүтээл бясалгалыг хийсэн. Мөн Дундговь аймгийн баруун чойрын Самданжавдойлин хийдэд хамба Самдандагваас Жанжаа Агваанчойнзингийн айлдсан Доржпэрэнвийн лүнг гүйцэд сонссон. Тэрхүү ном нь Энэтхэг Түвд Монголд нэн ховордсон номын дамжлага байсан юм. Би монголд явахын өмнө монгол дахь ажил үйлсээ даатган Юүдоймаа хэмээх чойжингоос асуух үед тэрээр “ажил үйлс машид сайн болох юм харин Махагал бурхны бүтээл бясалгалыг хорин нэг хоног хийгээрэй “ гэж айлдсан нь хожим Монголд Махагал бурханы сор залах үед 21 хоногийн бясалгал бүтээл хийх болсонтой давхацсан нь сонин гайхамшигтай зүйл болсон юм. Махагал бурханы бүтээл бясалгал нь долоо хоногийн турш хурал хурж хорин нэг хоног бүтээл бясалгал хийж Жинсрэг өргөн, сор залсан нь урьдын шашны уламжлал ёсыг сэргээсэн сайхан үйл болсон юм. 1992 онд Ламрим дацангийн 12 ламд Гүнэрэгийн авшиг өгөн, уншлага урилга мутарлага тэргүүтнийг зааж нямба бүтээлийг ч дагуулан бие сэтгэлийн хичээлийг шамдан сайн үйлийн үрийг олохыг ч ерөөсөн.1993 онд Бакула ренбүүчи багшийн хүсэлтээр түүний Улаанбаатар хотноо байгуулсан шашны сургуульд 8 сар багшилсан юм. Миний бие 1995оны 7 сард Далай багш Монголд морилон Цагийн хүрдны их авшиг айлдах үед Жинхорын хот мандалыг хураах, уул усанд өргөх тэргүүтэй ажлыг бие даан гүйцэтгэсэн. Далай багшийг морилсоны дараагаар арван дөрөв хоногийн хугацаанд Далай багшийн орчуулагч Лхагдорын хамт Эрдэнэт, Дархан, Улаанбаатарын их дээд сургуулиудын оюутнуудад бурхан шашны тухай лекц уншиж билээ. 1997 оноос Дээрхийн Гэгээн Далай ламын дэргэдэх Намжал дацангийн хамбын ширээнд залагдсанаар Далай багшийн айлдах ном сүнчой,судар тарнийн сургалт, жилийн туршид явагдах гүрэм шавдан зэргийн бэлтгэл бүтээл бүхнийг долоон жилийн хугацаанд хичээн гүйцэтгэсэн болно. Энэ хугацаанд Граз, Торонто, Ганток, Ширигүри зэрэгт Далай багшийн айлдсан нийт долоон удаагийн Дүйнхорын их авшигт голлон оролцсон юм. 2002 онд Өмнөд Энэтхэгт Гандан Жанзэ дацанд Дээрхийн Гэгээн Далай Багш Богд Зонховын Их тарнын мөрийн зэргийг айлдахад Дамцаг сүнчой,Намнан онжан, Доорин, Сандуйн вангийн үеийн уншлага зан үйлийг хариуцан явуулж билээ. Налжор жүдвийн гол ном болох Доорингийн чогын бүрэн зохиолыг эмхэтгэн гаргасан. 2004 онд Намжал дацангийн хамба ламын албыг өгснөөс хойш Энэтхэг болон гадаадад бурханы шашны төвүүдэд уригдаж эхэлсэн. Австрали, Америк, Австри, Канад, Франц, Израил, Орос, Герман, Итал, Швед, Польш, Испани, Япон , Солонгос, Сингапур, Тайланд , Тайван, Индонез, Непал гэх мэт 20 гаруй орны иргэдэд тэдгээр хүмүүсийн оюун санааны эрэлт хэрэгцээ, түвшинд тааруулан ном заах үйлийг эрхлэх болсон. Миний анх гадаадад хөл тавьсан газар бол Монгол орон бөгөөд эндхийн ард түмний соёл уламжлал, зан заншил, шашин шүтлэг зэрэг олон талаараа надад ихэд ойр дотно байдаг юм. Баруун хязгаарын нэгэн аймгаас бусад бүхий л аймгаар номын ажлаар очсон бөгөөд монголын бараг бүх сүм хийдэд залагдсан байхаа. Тухайлбал 2006 онд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлэин хийдийн урилгаар Монголд ирж Идгаачойнзинлин дацанд Дамдин Сандүв, Таван Хаан, Дүва Гажүдва, Гина Садонжиин авшиг, Дамдин, Янсан чойгорын эшлэл, Умын жидонгийн лүн зэргийг лам хуврага энгийн олон түмэнд айлдсан. Мөн тэр оны 7 сард Эрдэнэ зуу хийд, Шанх Баруун хүрээ, Яргайтын сүм, Арвайхээрийн Ганданпунцоглин хийд, Баянхонгор дахь Гонгандандэдлин хийд, Баянбулагын хийд, Завханы Цагаан чулуутын хийд, Нарванчин хийдийн туурь, Булган аймагт Ханд Чин вангын хүрээ, Хутагт ламын хийд, Дарханы Дарь эх ламын хийд зэрэгт залагдан насны авшиг, даган зөвшөөл, сургаал ном олныг хүртээн Авдаран хангай, Отгонтэнгэр хайрхан, Тэрхийн цагаан нуур зэрэг уул усны тахилга өргөл заримыг бүтээв. Мөн оны11 сарын 28 наас 12 сарын 11 хүртэлх хугацаанд Энэтхэг Дармасалад Монголын сүм хийдүүдийн тэргүүн лам нарт Сандуй, Дэмчиг, Жигжидийн хөтөлбөрийг зааж Лама авжүва, Задүн намшад ,Жанчүв шүнлам зэргийг дэлгэрэнгүй тайлбарлав. 2007 онд Гандантэгчэнлин хийдэд лам хуврага нийт олноо Дамдин ,Гин-аа Сан –аа,Цамба чэнбо, Цэвэгмидийн авшигийг хүртээв. Мөн Эрдэнэмандал хийдэд Гомбо , Сэндомын жинан, ард олонд Авралын хөтөлбөр, Очироор огтлогч судрын лүн хүртээн Шаргын ууланд зуун балин тахилыг өргөж газар лусын бумба залав. Мөн 2008 онд Арвай хээр дахь Монгол түмний морины шүтээнийг равнайлан Ламын гэгээний хийд, Амарбуянтын хийд, Баатар вангын хүрээ, Ховдын Шар сүм, Ригэмпэлин хийд,Увс аймаг дахь Улаан гомын хийд, Багануур дахь Онцар-ишэлин хийд, Хэнтийн Гүндгабарлин хийд,Сүхбаатарын Эрдэнэмандал хийд, Дорнодод Сан бээсийн хүрээ, Пандэчойнхорлин хийд, Дундговь аймгийн Дашгэмпэлин хийдэд уригдан Дэмбэрэл нянбуун сүн, Авралын хөтөлбөр, Доржнамжомын юүлтүй зэрэг номууд хүртээн лам хуврагуудад сахил санваар сургаал өгч бүтээл бясалгалд суулган зарим хийдийн бурхад шүтээнийг равнайлан Сутай хайрхан, Чандмань уул, Дарьганга уул, Ганга нуур ,Дагшин нуур зэрэг нутгийн тахилагат уул усыг аргадан ард олонд бурхан багшийн ном шүн, эцэг эхээ хайрлах сургаал тэргүүтнийг өөрийн чадал чинээгээр тайлбарлав.Түүний дараа жил буюу 2009 онд Булган аймгийн Сайхан сум дахь Рашаантын хийд, Хөвсгөлд Дарвабандидын хийдэд равнай өргөн, Мөрөнгийн хүрээнд нийт олноо Маналын авшиг хүртээв. Хөвсгөл далайд лусын балин өргөн уул усны тахилга уншив. Дараагаар Буриадад зорчин Улаан –Үдийн Иволгын дацанд саатан орон хүрээний гол шүтээн болсон Балдан Лхам, Жамсран сахиусанд мөргөн Итгэлт Хамбын лагшин шүтээнд залбирав. Хуврагуудад хийдийн дэглэм ёсыг винайн суртал лугаа сайтар зохилдуулах талаар сурган зон олонд маань мэгзэмийн лүн хүртээв. 2010 онд Сүхбаатар, Дархан, Өвөрхангайн Зүйлд Далай гүний хүрээ, Баянхонгорын Эрдэнэцогтод Гачэн ламын хийд, Улиастай, Өмнөговийн Маанийн хийд, Дэмчигийн хийд, Цогтцэций сум зэрэгт уригдан Жигжил лхажүсүм, Цагаан дарь эхийн насны авшиг, Жадонба судар болон Дамдин , Жамсран, Гомбо сахиусны лүн, Манал , Мөрийн гурван эрхэмийн лүн айлдан суварга шүтээнийг равнайлан, сахил санваарыг хүртээн олон мянган сүсэгтэнд Очирваанийн жинан, маань, мэгзэм, дарь эх, Ловонбадамжунайн тарнийн лүн өгч бурхан шашны сургаалыг энгийн ойлгожтойгоор тайлбарлан хүргэв. 9-р сард бурханы шашны гэлон санваартан , америк эмч доктор Бери Керзины хамт Монголын их дээд сургуулийн багш оюутануудад “Бурханы шашин ба Шинжлэх ухаан “ сэдвээр нэгэн сарын турш лекц уншсан. Бурхан багшийн судар тарни хосолсон их хөлгөний шашин өнөө цагт хир үгүй ариунаар оршиход лам хуврагуудын эрдэм боловсрол гүнзгий, сахил санваар сэвгүй, номын жүд дамжлага баттай, шашныг баригч дээдэс лугаа тангараг дамцаг ариун байхыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс ихэд хүсэмжилэн лам хуврагууддаа их хөлгөний судар номын эш авшиг, ван жинан, тид хөтөлбөрийг үе шаттайгаар хүртээлгэх бясалгал бүтээлийг дагуулан зааж сургахыг хүссэний дагуу Сандуй Дэмчиг, Жигжид, Наро Хажод бурханы бүтээл бясалгал ,хөтөлбөр, Богд Зонховын айлдсан Бодь мөрийн зэрэг, бусад ламримууд, Жавзандамба төвөөс Шантидэва Гэгээний Бодьсатвийн явдалд орохуй зэрэг олон номуудыг айлтгасан бөгөөд бурханы шашин эрдэнийг хир үгүй өргөжүүлэн дэлгэрүүлэхийг зоригдон дээрхи бүгдийг хичээн гүйцэтгэсэн болно.Үйлийн үр болон ерөөлийн эрхээр миний бие монгол орон газраа олонтаа ирэх болсон бөгөөд монгол түмэнтэй ихээхэн зузаан номын барилдлага тогтоосон юм. Иймээс би өөрийн шавь нарын сайн сайхан, ахуй үесийн хийгээд шашин номын үйл хэргийн амжилтын төлөө үргэлж залбирч явдаг юм.
ЗочинAugust 23, 2012
багш тань мэт номыг үйлдэх болтугай, хамаг амьтны тусад бурхан бүтэх болтугай
ЗочинAugust 24, 2012
Монголчуудын буян их, ийм сайхан багштай учирдаг нь урьдын ерөөл биз ээ. Багш таны өлмий бат оршиг ээ.
ЗочинAugust 29, 2012
багш таны өлмий бат мэлмий тунгалаг байж шавь биднийгээ цаг ямагт дээдийн ном лугаа үл хагацаан бурханы оронд дагуулан барин соёрхоо.
ЗочинSeptember 1, 2012
Тан лугаа уулзахын ерөөлийг талбия. Энх амгалан оршоорой.
ЗочинSeptember 8, 2012
Bayarlalaa tanid amjil husye
ЗочинSeptember 10, 2012
Хутагт хувилгаад та бүгдийн ариун цагаан горил хүсэл дүр болгондоо саадгүй түргэн бүтэж биелж байх болтугай гээд өөрийн болон хамаг амьтны гурван цагийн 10 зүгт үйлдсэн буяны чуулганыг хамтатган зориулж байна, та бүхэнд даган баясаж байна
ЗочинSeptember 14, 2012
Hutagt ih bagshiin mini shavdan bat orshih boltugai. Tutul tutamdaa tanihaa sain shavi ni boloh boltugai. bagsh mini mongolchuud bidnii aguu ih achtan yum daa.tani shavi bolson bid nomin muruur yavahad mini urgelj ta mini hutulj hairla
ЗочинSeptember 18, 2012
mongolchuud bid bvgd vneheer buyn zaya ihtee ard olon yumaa bagshtaigai turul tutamdaa uchiran zolgohiin eruul taivii ta bvgdiin buynd dagan baysii hamag amitan amar amgalan baig
ЗочинSeptember 25, 2012
Bayrlalaa. Ta mini olon olon surgaali nomoo bidendee olon olon jil hairlaarai.
ЗочинSeptember 25, 2012
Bayrlalaa. Ta mini olon olon surgaali nomoo bidendee olon olon jil hairlaarai.
ЗочинSeptember 27, 2012
Yansangiin bolon gunrigiin nom 2 oor ankh barildsn bagsh mini bilee.tanii uils buteel ikhed arribjaad mongoltoi barildsan bolgon chin uree asar iheer ugno gej itgej bgaa.tanii shavi nariin adag.
ЗочинOctober 15, 2012
Багш минь урт наслах болтугай,Багшдаа баярлалаа
ЗочинDecember 25, 2012
Багш минь урт наслаж, төрөл тутамд минь номын хүрдийг эргүүлж хайрлаарай.
ЗочинSeptember 15, 2013
3 ЦАГИЙН БУРХАДААС ИЛУУ АЧТАЙ ОРОЙН ДЭЭД БАГШ МИНЬ ТОРОЛ ТУТАМД МИНЬ НОМИЙН ХУРДИЙГ ЭРГҮҮЛЖ ХАЙРЛААРАЙ