Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Дараа төрөлийн зовлон, жаргал маань яг одоогийн би-д маань хамаатай юу?

Асуулт:

Би энэ насандаа ер нь сайн зүйл /буян эсвэл бусдад тустай/ хийж явсан, эсвэл муухан, муу /нүгэл буюу бусдад хорлолтой/ зүйл хийж явсан байг. Тэгвэл үхэж дараа төрлөө олсны дараах зовлон, жаргал маань яг одоогийн би-д маань хамаатай байна уу, үгүй юм уу?
Хамаагүй гэвэл ч их сонин байгаа, тэр тамд байгаа амьтан яаж ч байсан надад хамаагүй, би гэж хэлэх холбоос байхгүй гэх гээд байна л даа.

Хариулт:

Юуны түрүүнд Бурханы шашны Бага, Дунд, Их төрөлхтөн гэж ямар төрөл болохыг дэлгэрэнгүй судалж мэдээрэй. Гурван төрөлхтөн дотроо тус тус гурав хуваагддаг бөгөөд нийтдээ есөн төрөлхийтэн байна гэсэн үг юм. Бага төрөлхтөн нь энэ болоод хойд насны заяаг эрхэмлэдэг хүмүүсийг хэлнэ. Дунд төрөлхтөн бол хойд насны сайн заяаг олох гэсэн бодол зорилго энэ шатанд өөрчлөгдөж орчлонгийн ямар ч өндөр язгуур сайн төрөлд төрлөө гэхэд аанай л эдлэх зовлон ав адилхан болохыг мэдэрч ертөнцийн жаргал сайн сайханд шунах сэтгэл буцаж ерөөс амар амгалантай байх тийм тонилохуй хутаг буву Нирваан эрэх хайх бодол төрдөг бөгөөд энэ нь өөрийн тусад нирваан хутагийг эрэлхийлдэг юм.
Их төрөлхтөн нь хамаг амьтаны тусын тулд Нирваан хутагийг эрэлхийлдэг эгээрэгч үүнд ордог юм.

Тэгэхээр ирээдүйн жаргал зовлон яг одоо надад хамаагүй гэсэн бодолтой хүн бол Бурханы шашны аль түвшинд багтаж байгаа нь ойлгомжтой болсон байх.

Бурхан багш шууд хатуу сахил санваарыг хүмүүст тулгаагүй заавал тэгэх ёстой ингэх ёстой гэсэн нэг зам гаргаагүй бөгөөд хүмүүсийн хүсэл сонирхолоор нь энэ 3 төрөлхтөнд хувааж сургаалаа тааруулан айлдсан бөгөөд эдгээр шатуудыг дамжиж Бурхан болдог. Хэрэв та ертөнцийн үйл хэрэгийг золиосолж чадахгүй Бурханы шашны сургаал номлолыг эгэл амьдралдаа зэрэгцүүлэн хэрэгжүүлэхийг хүсвэл доод төрөлхтөний ангилалаас нь эхлээд явна гэсэн үг. Яваандаа чадамж суугаад ирэхээрээ дээшээ дээд, дээд шат руугаа явах учир энэ бол таны сонголт юм.

Таны сайн муу үйл таны үйлийн эрхээр л дараа төрөлдөө хаана төрөх, төрлөө гэхэд ямар байх бүх зүйл таны энэ болоод урд насны үйлүүдийн нийлбэрээр тодорхойлогдоод гараад ирдэг. Бурханы шашны үйлийн үр бол бусад шашниудын яриад байгаа үйлийн үрээс ялгаатай байдаг. Бусад шашинд муу үйл хийвэл тэнгэр бурхан гэсгээнэ гэж гаднаас шалтгаан хэлдэг байхад Бурханы шашин бол сайн муу үйлийн үр нь өөрөө өөрөөсөө боловсорч өөрийнхөө үр дүнг өөрөө амсдаг тэнд ямар нэгэн гадны нэмэлт ямар нэгэн тэнгэр бурхан ямар ч шаардлагагүй гэж үздэг. Тухайлбал хүн уураллаа гэхэд өөрөө өөрийгөө л зовоож байгаа болохоос түүнд ямар нэгэн ертөнцийн тэнгэр хэрэггүй юм. Бүх зүйл зүй тогтол хуулиараа л зохицуулагдаж байгаа болно.

Та хэрэв зөв үг, зөв үйл, зөв үзэлээр зөв амьдарч байгаа цагт та одоогийн болоод ирээдүйн ч амгалангийн шалтгааныг тарьж байгаа болно. Хэрэв та ирээдүйн жаргал зовлонгоо одоо надад хамаагүй гэсэн сэдлээр үйл хийж байгаа бол тэрхүү үйл хүч муутай л байх юм.

Таны сайн муу үйл дараа төрлийн зовлон жаргалтай очир мэт эвдэршгүйгээр салшгүй холбоотой юм. Одоо ямар байгаа нь өнгөрсөн үйлийн үр дагавар, ирээдүйд ямар байх нь одоогийн үйлээс хамаарна гэж Буддизмд үздэг. Тиймээс таны хэлээд байгаа БИ-д хамаатай болж байгаа бөгөөд хэрэв хамаагүй гэж үзвэл та жинхэнэ амар амгаланд хүрч чадахгүй юм. Өөрөөр хэлбэл таны жаргал өөрөөс хамаарах боловч бусад дээр буюу хамаг амьтан дээр дулдуйдан дөрөөлж бий болдог юм. Бид нарын хэлээд байгаа бүх зүйл өөрийн мөн чанараар бүтээгүй хоосон чанартай шүү дэ. БИ гэж яриад байгаа нь ч нэрийтгэл төдий зүйл болохоос мөн чанараараа хоосон юм. Тэр нь байхгүй гэсэн утга огт бус аа. Тиймээс байхгүй гэвэл та 2 хязгаарын нэг болох тасархайн хязгаарт унаж байгаа болно. Хоосон чанар гэдэг бол бүх зүйл шүтэн барилдлагатай гэсэн үг шүү дэ. Бүх зүйл шүтэн барилдлагатай харилцан хамааралтай оршдог болохоор яг нэг зүйлийг бусдаас хамааралгүй өөрийн үнэн мөн чанараар бүтсэн нэг зүйл байдаггүй юм. Хайсан ч олдохгүй бөгөөд тийм болохоор л хоосон чанартай гээд байгаа юм шүү дэ. Үүнийг огт байхгүй гэж ойлгох нь буруу болж байгаа биз тэгэхээр. Тиймээс л хоосон чанар нь үйлийн үр шүтэн барилдлагатай салшгүй холбоотой болоод явчихаж байгаа бөгөөд Бурханы шашны бүх үзэл сургаалууд бие биеээ давхар баталаад явчихдаг нэг нь нөгөөдөө баталгаа болж чаддаг болохоор Бурханы шашныг логик учир шалтгаанч шашин гэж үздэг нь энэ болой.

  • ЗочинMay 9, 2013

    Хүн энэ насандаа хийсэн үйлийн үрээ энэ насандаа амсаж болдог юм шиг байгаа юм.

  • ЗочинMay 12, 2013

    Үйл үйлдчихдэг, тэгээд түүнийхээ үр дүнг, яаж амсах нөхцөлөө өөрийн мэдэлгүй зохицуулаад буюу сонгоод явж байгаа гэж ойлгох болсон.

    Харин одоогийн надад дараагийн зовлон буюу жаргал /хойд насанд ба маргааш тохиох зүйл гэдэг төстэй гэж тооцох/ яг яаж нөлөөлөх, мэдрэгдэх бол гэж бодоод байгаа юм.
    Тэхээр БИ гэдэг чинь яг юу бил ээ гэсэн том асуулт гараад ирж байгаа юм. Тамд төрсөн /БИ/ нэгэн зовох нь одоогийн НАДАД хамаа нь юу байна гэх.
    Маргааш ямар байх нь одоогийн надад /бодож буй сэтгэлд/ хамаатай байгаа шиг дараагийн төрлийн БИ буюу тамын амьтнаа тэгж хамаатуулж чадахгүй байх шиг.
    Хэрэв ингэж хамаатуулж ухаарвал бүх амьтанг ялгаагүй гэж авч үзэхэд хүрэх ч юм. Ө.х би 1000 жилийн дараа тамд төрөөд 1000000 жил зовж байх, өөр нэгэн тэгээд зовж байх адилхан л одоогийн надад зовлон/хөөрхийлөлтэй санагдах юм. Мөн үү?

    "...Өөрөөр хэлбэл таны жаргал өөрөөс хамаарах боловч бусад дээр буюу хамаг амьтан дээр дулдуйдан дөрөөлж бий болдог юм." гэдгийг би бас сайн бясалгах хэрэгтэй байх.

Бусад