Бурханы шашны портал

Нэвтрэх | Бүртгүүлэх | Нууц үгээ мартсан

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Хүний амьдралын зорилго, утга учир яг юу вэ?

Асуулт:

Хүний амьдралын зорилго, утга учир яг юу юм бэ. Баян болох юмуу. Эсвэл бусдад туслах юмуу. Бусдад туслалаа гээд энэ амьдралд төрсний утга учир болох юм бол би өөрөө энэ хорвоо дээр жаргах гэж мэндлээгүй гэсэн үгүү?

Хариулт:

Хүний амьдралын зорилго утга учир бол амар амгаланд хүрэх явдал юм гэж Далай багш хэлсэн байдаг. Жаргалыг хүсдэггүй нэгээхэн амьтан үгүй. Өт хорхой хүртэл амар амгалан жаргалыг л хүсэж байдаг. Хүний үйл хэрэг санаа бодол бүгд л өөрийн аз жаргалыг бүтээхэд л дөрөөлөгдсөн байдаг. Бурхан багш аз жаргалыг эрэлхийлж хүсдэгийг нь огт үгүйсгэдэггүй бөгөөд арга зам нь буруу байна аа гэдэгийг л үгүйсгэдэг юм. Аз жаргалын яаж бүтээн бий болгох талаар ихэнх хүмүүс буруу ойлгож буруу арга замаар явж байдаг. Алимны мод таривал алим л ургана. Төмс тарьчихаад алим гарна гээд байвал утгагүй хэрэг. Үүн лугаа адил хүмүүс аз жаргал амсахын тулд буруу аргаар явж жинхэнэ жаргал бус зовлонгийн шалтгаанаа тарьсаар л байдаг. Бурханы шашин үүнийг л буруу байна гэсэн хариу өгдөг бөгөөд бүх судар ном үүнийг баталсан сургаал номлол байдаг. Бурханы шашинд зовлон гэж юу вэ, хэд ангилах вэ, жаргал гэж юу вэ, жаргал дотроо яаж хуваагддаг. Түүнд хэрхэн хүрэх арга замийг асар нарийн судалж гаргаж ирсэн бөгөөд Бурханы шашин нийгэмд яг ямар тустай, үүрэгтэй, нөлөөтэй вэ гэвэл тэр нь энэ юм. Бурханы шашинд хүнийг аз жаргалыг илэрхийлэх түвшингөөр нь их, дунд, бага гэж 3 хуваан авч үзэж сургаалаа айлдсан байдаг. Жишээлбэл хүүхэд насандаа тохирмон тоглоомноосоо нэгэн төрлийн жаргалыг мэдэрдэг бол томрох тусам тэр нь өөрчлөгдөж утгагүй болж өөр зүйлээс аз жаргалыг эрэлхийлж эхэлдэг. Үүн лугаа адил Бурханы шашинд бага багаар ахисаар дээд төрөлхтөнд ороод ирэхээрээ нэр алдар, эрх мэдэл, эд хөрөнгө, архи, тамхи гэх мэтийн ертөнцийн олон зугаа цэнгэл тэдэнд огт сонин биш санагдаж дээд амар амгаланд хүрэхэд анхаарлаа хандуулж түүгээр замнадаг. Энэ нь бага төрөхтний буюу ертөнцийн зугаа цэнгэлийг эрхэмлэдэг хүмүүний талаас харвал хэцүү өөрсдийгөө зовоосон туйлширсан харагдах байх л да. Гэвч энэ нь тийм бус байдаг. Туйлшрал гэдэг бол харьцангуй ойлголт юм. Жишээлбэл бага насны хүүхэд хэр хэмжээндээ таарсан хоол иднэ. Аавийнхаа иддэг хэмжээнд идвэл тэр нь туйлшрал болно. Гэтэл тэр нь аавийн хувьд бол туйлшрал бус хэвийн л хэмжээ юм. Тиймээс хэрэв та ертөнцийн жаргалаасаа салж чадах чадамж байхгүй цагт хатуу сахил авч хүчээр сахин өөрийгөө боомтилох нь харин туйлшрал болох бөгөөд ийм болохоор л Бурхан багш хүмүүнийг 3 хувааж үзэн сургаалаа айлдсан байдаг бөгөөд үүнд эгэл хүмүүст зориулсан сургаал номлол байна. Түүнийг л судалж танин мэдээд амьдрал ахуйдаа хэрэгжүүлж бага багаар явж байхад та нэг мэдэхэд л их төрөлхтөний түвшинд хүрсэн байх бөгөөд энэ үед харин та ертөнцийн ахуй жаргал сонин биш санагдаж жинхэнэ амар амгаланд хүрэх замаар саадгүй явах болно.

Хэрэв баян болохыг амьдралын утга учираа гэж үзий л дэ. Гэтэл баян болсноор сайнаасаа илүүтэйгээр түмэн зовлон сүүдэр мэт дагаастай төдийгүй хүмүүс өөрсдийгөө мартаж эврэх нь хялбар байдаг. Эд хөрөнгө бол аз жаргалын гол шалтгаан биш. Жинхэнэ аз жаргалын гол шалтгаан биет зүйлээр хэмжигдэхгүй хүний сэтгэлээр хэмжигддэг. Бурханы шашинд олон төрлийн зовлонгийн нэг төрөл нь урвахуйн зовлон гэж төрөл байдаг. Энэ нь юу гэвээс та гэртээ байж байж сайхан амарсаны дараагаар гадагшаа гарахыг нэг хүснэ. Тэр хүслээ биелүүлэн гадуур явж явж нэг мэдэхэд гэртээ харьж амрахыг нэг хүснэ. Удаан зогссоны эцэст суухыг хүснэ. Суугаад нэг хэсэг жаргалтай байх боловч тэр нь урваж зовлонгийн шалтгаан болж босож явахыг нэг хүснэ. Энэ мэтэчлэн ертөнцийн жаргал зовлон барагдана гэж үгүй бөгөөд ертөнцийн бүх жаргал зовлонийн шалтгаан болдог мөнх бус шинжтэй гэж үздэг тул үүнийг урвахуйн зовлон гэж нэрлэдэг. Мөн хичнээн аз жаргалтай байсан ч тэр нь нэг хэвээрээ байхгүй байнга л хувирч өөрчлөгддөг. Та хичнээн их сэтгэл хөдлөлтэй хэдий чинээ аливаа зүйлд хялбар баярлана, жаргана төдий чинээ зовлонг хябар амсаж түүнд хялбар өртдөг. Та архи тамхинаас хичнээн кайф авсан ч хэсэг хугацааны дараа эргээд бодоход ямар ч кайф сэтгэл ханамж аваагүй мэт сэтгэгдэл төрж зүгээр л дурдал төдий л үлдэнэ. Үүнийг Бурханы шашинд дурдлын орон гэж нэрлэдэг бөгөөд хоосон зүйлийн төлөө явсаар байгаад та энэ насыг барах болно. Өөрөө хэлбэл ертөнцийн жаргалд барьц байхгүй юм. Энэ мэт олон шалтгааныг Бурхан л хэлэхгүй бол хүн өөрөө олж мэдэж анзаарна гэж бараг үгүй. Учир нь хүний сэтгэл дандаа гадны зүйлд утга учир өгч сэтгэл нь үргэлжид гадагшаа сатаарсан байдаг. Тэгэхээр та амьдралын утга учир юу болох талаар эндээс өөрөө дүгнэлтээ хийж үзээрэй.

Бусдад туслах гэж төрсөн бол би энэ ертөнцөд жаргах гэж төрөөгүй гэсэн үг үү гэж тас асуусан байна.

Бусдад туслах нь амьдралын утга учир бол биш харин амгаланд хүрэхэд чинь нэмэр нөөлгө нэг нөхцөл л болж өгнө. Өөрөөр хэлбэл буян гэж байдаг да. Буяныг хүмүүс өөрийн тухайтад хийж болно. Дараа насны тухайтад хийж болно. Энэ ертөнцийн үйлсийг бүтээхэд хийж болно. Энэ мэт ертөнцийн жаргалын тухайтад хийвэл тэр чинь дээр дурдсанчилан үр дагаварыг нь амсаад л буян нь барагдаад ирэхээрээ зовлонтойгоо учирч энэ бүхэн ээлжлэн тасралтгүй үргэлжилнэ. Яахав буяныг хүмүүс өөрсдийн түвшингөөсөө хамаараад янз бүрийн сэдэл зорилгоор буян хийж болно. Үүнийг үгүйсгэдэггүй бөгөөд харин жинхэнэ буянг бол Бурханы шашинд хамаг амьтны тусын тухайтад Бурхан болох тухайтад хийдэг. Ингэж хийсэн буян бол сансрын хүрднээс гэтэлж жинхэнэ амар амгаланд хүрэхэд том дэмжлэг болдог. Энэ нь пуужингаар бодвол тийрэлтэд хөдөлгүүр л гэсэн үг юм.

Мөн та урд нь амсаж үзээгүй зовлон гэж байхгүй амсаж үзээгүй ертөнцийн жаргал гэж байхгүй бөгөөд та өөрийгөө эхлэлгүй цагаас бодсоор ирсэн бөгөөд одоо ч аз жаргалтайгаа учираагүй л байна. Тиймээс та ганц удаа энэ төрлөө бусдын тусын тулд зориулаад нэг үзэх хэрэгтэй. Яагаад гэдэгийг олон учир шалтгаанаар Бурханы шашинд гаргасан байгаа тул дэлгэрэнгүй уншаарай. Бусдын тусын тулд явсанаар энэ нь зовлон бол биш юм. Бодь сэтгэл гэдэг бол ухаалаг хувиа хичээлт юм гэж Далай багш хэлсэн байдаг. Бодь сэтгэл гэдэг бол хамаг амьтаны тусын тухайтад би Бурхан болий гэсэн сэтгэлийг хэлдэг. Бодь сэтгэлийн хэрхэн үүсгэх талаар та манай сайтын "Бодьсадвын явдалд орохуй" гэсэн номын тайлбарийг аудио хэлбэрээр сонсож болно. Хэрэв зовлон юм шиг хэцүү санагдаж байвал та бага хөлгөний замаар замнаж дээр гардагчилан өөрт тохирох өөрийн хэмжээндээ таарсан номыг үзэх хэрэгтэй юм. Бурхан багш хүнийг үзэл бодол хүсэл сонирхлоор нь 3 төрөлхтөнд хувааж номоо айлдсан байдаг гэж дурдсан. Түүнийг товч өгүүлбээс:

Бага төрөлхтөн нь энэ болоод хойд насны заяаг эрхэмлэдэг хүмүүсийг хэлнэ. Дунд төрөлхтөн бол хойд насны сайн заяаг олох гэсэн бодол зорилго энэ шатанд өөрчлөгдөж орчлонгийн ямар ч өндөр язгуур сайн төрөлд төрлөө гэхэд аанай л эдлэх зовлон ав адилхан болохыг мэдэрч ертөнцийн жаргал сайн сайханд шунах сэтгэл буцаж ерөөс амар амгалантай байх тийм тонилохуй хутаг буву Нирваан эрэх хайх бодол төрдөг бөгөөд энэ нь өөрийн тусад нирваан хутагийг эрэлхийлдэг юм.
Их төрөлхтөн нь хамаг амьтаны тусын тулд Нирваан хутагийг эрэлхийлдэг эгээрэгч үүнд ордог юм.

Доод шатууд нь дээд шат руугаа хүрэхийн шалтгаан нь болдог учир эдгээр шатуудыг огтхон ч үгүйсгэдэггүй болно.

Асуулт:

Бид яг юуны төлөө ингэж зовон барин амьдардын бол... Яг яах гэж... Амьдарсны утга учир нь юуын... Ажиглаад л байхад хүмүүсийн амьдралд хэт Зовлон, хэт жаргал 2 тэнцээд ч байгаам шиг..... Жаргалтай ч биш зовлонтой ч биш бас яагаад ч юм завгүй, юунд ч юм яарсан, хаа хүрэхээ ч бодоогүй мөртлөө үйлдэл хийсэн Жирийн дундаж байдал амьдралын ихэнхи үеийг авч байх шиг....
Жишээ нь ялаа яах гэж дэлхийд бүтээд утга учиргүй нисэж байгаад үхдын бол... би алах гэвэл надаас ялаа зугтана. Яах гэж зугтаав..... гэвч тэр амьд байснаараа амьдралын ямар утга учрыг жил сар биш хэдхэн хоногч хүрэхгүй мөчид авч байгаа юм бэ...Ялаа хүн 2-ын ялгаа юунд байна. Хөөрхий ялаа зүгээр л ирж хог новш 2 өдөр ирж идчээд үхэх гэжүү... Утга учиргүй юмаа.... эСВЭЛ ялааг байгальд байгаа зүйлийг задалж, шингээхэд туслах зориулалтаар бүтээгдсэн гэвэл ямар харамсалтай юм бэ...Зүгээр л байгальд ач тусаа өгөөд л үхээ....
Амьтнаас бид Ухамсар ухаанаараа илүү гэж бодож байна уу....Бид ч бас тоймдоо ялаа шиг санагдаж байна..... Бид яах гэж амьдардын... заримдаа би энийг ойлгохоо болих үе гарах юмаа... Яг яах гээд байгаад байгаан....Надад тайлбарлаад өгөөч

Хариулт:

Таны өөрийгөө ялаа шиг санагдаж байгаа гэдэг нь зөвөө зөв. Бурханы шашинд хүн болоод амьтад Мунхагаасаа болж зовж байна гэж үздэг. Үнэхээр өөрсдийгөө судлаад үзэхээр тийм санагддаг. Тухайлбал олон үхэр дундаас нэгийг нь сонгоод нядалхад бусад үхэрүүд юу ч мэдэхгүй анзаардаггүй байж л байдаг. Гэтэл хүн бас нэг нь өөд болж байхад үхэл ирэх нь магадтай гэдэгээ анзаарахгүй мөнх үхэхгүй амьдрах юм шиг л санасаар явж байдаг бөгөөд энэ нь мунхаг сэтгэл юм л да нэг талаар. Нөгөө талаар та нар мөнх амьдрахгүй шүү хэзээ нэгэн цагт үхэж л таараа амьдрал бол зовлон түүнээс гэтлээрэй, гэтлэх боломж хэн бүхэнд бий шүү гэдэгийг нүдэн дээр нь үзүүлээд ухааруулаад байгаа мэт сэтгэгдэл төрдөг бөгөөд та ялаа шиг санагдаж байна аа гэдэг чинь бас Бурханы дохиог хүлээж авч байгаагаан маш сайн шинж гэлтэй. Өөрийгөө мөнх амьдрах юм шиг санадаг мунхаг сэтгэлээс олон төрлийн зовлон гардаг. Хэрэв хүн мөнх амьдрахгүй гэдэгээ мэддэг аваас адаглаад шунал буцах юм. Өөрийгөө мөнхөд барьснаас болж төрөл бүрийн зүйлд мөнх байх юм шиг л шунаж тэмүүлж шуналаас үүдэн мөн дахин олон зовлон үүдэн гарна.

Бүх зүйл шүтэн барилдлагатай. Шүтэн барилдлага нэгээхэн бээр элсний ширхэг ч үгүй. Тухайлбал хивс гэхэд л хүн байгаад, утас, ноос, машины гэх мэтийн олон зүйлийн оролцоотогоор бүтсэн байдаг. Нэг химийн элемент хүртэл ямар нэгэн зүйлтэй уялдаж бүтсэн байдаг. Яг дан ганцаараа бие даасан харилцан хамааралгүй оршин тогтнох тийм зүйл байхгүй гэж үздэг. Тиймэс яг тэр ганц гээд хэлэх нэг зүйл байдаггүй болохоор хоосон чанартай гэж үздэг юм. Хоосон чанар гэдэг нь нөгөө талаар бүх зүйл шүтэн барилдлагатай гэсэн утга. Бүх зүйлээс ангид шүтэн барилдаагүй тийм зүйл байдаг бол тэр нь оршин тогтнохгүй юм. Үүгээрээ Бурханы шашин бүтээгч эзэн гэж байхгүй. Дан ганц нэг зүйлээс юм оршин тогтнохгүй гэдэгийг үгүйсгэдэг цор ганц шашин бөгөөд үүгээрээ бусад шашниас нэн онцлог билээ. Тогосны өдний хээ хүртэл зүй тогтолоор үүссэн байдаг бөгөөд тэр бүгдийг судалж мэдэх шаардлагагүй юм. Ерөнхийд нь ингээд мэдчихсэн байхад хангалттай бөгөөд тоог хүн тоолж сурахад хэдэн тоо мэдсэн байхад болдог шүү дэ. (1.01),(1.02),(1.03) ... гэх мэт үргэлжлүүлээд задлаад хэлээд байвал хэзээ ч барагдахгүй, хязгааргүй хэлнэ шүү дэ. Тиймээс шүтэн баридлагын хуулийг эгэл еотөнцийн барагдашгүй зүйлсийг судлахад бус хүний амар амгалан жаргал дээр яаж буух талаас нь хүлээн авч үзэж судлах хэрэгтэй. Тухайлбал үйлийн үр байна. Чиний аз жаргал бусдад дээр дөрөөлөгдөж бий болно үүнээс улбаалж бодь сэтгэл үүсч түүнийг өөртөө бий болгосноор жинхэнэ амар амгаланд хүрэх гэх мэт талаас нь буулгаж үзэх хэрэгтэй юм. Үүнээс үзэхэд Бурханы шашин пад гээд л гэнэт сансрын хүрднээс гэтэлгэхгүй өөрөө өөрөө л хүн Бурханы айлдсан замаар замнаж шат дараалалтайгаар гэгээрэлд хүрнэ. Энэ л шүтэн барилдага юм. Нэгэн Бурхан багш шавьдаа юу гэж айлдаж байсан түүхийг өгүүлье.

Малункяпутта хэмээгч нэгэн шавь нь Буддад гүн ухааны онолын алдарт арван сонгодог асуултыг тавьж, хариулт авахыг хүссэн байдаг.
Нэгэн өдөр Малункяпутта үдийн бясалгалаа дуусгаад, Бурхан багштай уулзан амар мэндийг айлтгаж, хажууд нь суугаад ийн асуужээ.

Үүнд:

“Багштан аа, миний бие гагцаар бясалгал хийж суутал ийм нэгэн бодол над орж ирлээ. Энэ нь: Ялж Төгс Нөгцсөний хэрэгцээгүй хэмээн тайлбарлаагүй орхисон асуудлууд бий. Тухайлбал:
- (1) ертөнц мөнх үү, эсвэл (2) мөнх бус уу,
- (3) ертөнц хязгаартай юу, эсвэл (4) хязгааргүй юу,
- (5) сүнс биетэй адил уу, эсвэл (6) сүнс гэж нэг зүйл, бие гэж өөр зүйл үү, - (7) Түүнчлэн ирсэн таалал төгссөний дараа оршин байх уу, эсвэл
- (8) таалал төгсөөд оршихгүй болох уу, эсвэл
- (9) таалал төгссөний дараа орших, оршихгүй хоёулаа (нэгэн зэрэг) байх уу, эсвэл
- (10) оршихгүй, орших үгүй бээр үгүй хоёул (нэгэн зэрэг) байх уу?

Эдгээр асуудлыг Ялж Төгс Нөгцсөн над тайлбарлаж өгөөгүй билээ. Үүнд миний сэтгэл дундуур, талархалтай биш байгаа юм. Би Ялж Төгс Нөгцсөнд очиж, эдгээр асуудлыг асуух амой. Хэрэв Ялж Төгс Нөгцсөн над тайлбарлаж өгөх болбаас би түүнийг дагаж цаашид ч ариун ёсыг барина. Хэрэв тэр бээр тайлбарлаж өгөхгүй бол миний бие гэрээс гарсан хуврагийн ёсыг орхих болно, хэрэв Ялж Төгс Нөгцсөн ертөнц мөнх хэмээн болгоож буй болбаас над түүнийгээ тайлбарлаж өгөх биз ээ. Хэрэв Ялж Төгс Нөгцсөн ертөнц мөнх бус хэмээн болгоож буй болбаас түүнийгээ басхүү айлдах биз ээ. Хэрэв Ялж Төгс Нөгцсөн бээр ертөнц мөнх, эсхүл мөнх бус мэтийг үл мэдэх ахул үл мэдэгчийн хувьд “Би мэдэхгүй. Би үзээгүй” хэмээн шууд хэлэх биз ээ гэсэн бодолтой юм” гэжээ.

Буддагаас Малункяпуттад өгсөн хариулт нь эдүгээ дэлхий дахинд сэтгэхүйн иймэрхүү асуудлаар хөөцөлдөн үнэт цагаа алдаж, сэтгэлийн амгалангаа хэрэгцээгүй зүйлээр үймүүлэн залхааж байгаа сая сая хүмүүст их тус болох ёстой.

Бурхан багш хариулахдаа:
“Малункяпутта аа, чи намайг дагаж, ариун ёсоор аж төрөх хэрэгтэй. Би тэдгээр асуудлыг чамд тайлбарлаж өгье гэж би чамд хэлж байна уу?”
“Багштан аа, тэгэж хэлж байгаагүй.”
“Чингэвэл, Малункяпутта аа, “Багштан аа, би Ялж Төгс Нөгцсөнийг дагаж, ариун ёсоор аж төрье. Ялж Төгс Нөгцсөн эдгээр асуудлыг над тайлбарлаж өгнө үү” гэж чи над хэлж байсан уу?”
“Үгүй, багштан аа, би тэгэж хэлж байгаагүй”.
“Малункяпутта аа, одоо ч гэсэн би чамд: “Нааш ир, намайг дагаж ариун ёсоор аж төрсүгэй, би чамд тэдгээр асуудлыг тайлбарлаж өгсүү” гэж хэлээгүй байна шүү дээ. Мөн чи ч гэсэн: “Багштан аа, би Ялж Төгс Нөгцсөнийг дагаж ариун ёсоор аж төрсүгэй, Ялж Төгс Нөгцсөн над тэдгээр асуудлыг тайлбарлаж өг” гэж над хэлээгүй байна шүү дээ. Ийм болохоор хэн нь хэнээсээ татгалзсан тухайд ярих нь утгагүй биз дээ?

“Малункяпутта аа, хэрэв хэн нэгэн ирээд: “Эдгээр асуудлыг тайлбарлаж өгөхгүй бол Ялж Төгс Нөгцсөнийг дагаж түүний ариун ёсоор аж төрөхгүй” гэж хэлэх аваас тэр бээр Түүнчлэн ирснэс уг асуудлуудынхаа хариултыг авалгүй байсаар өөд болчихож болох юм. Малункяпутта аа, ухаан нь, хэн нэгэн хүн хорт сумаар харвуулж шархдаад, түүнийг нөхөд нь юм уу, төрөл садангийнхан нь мэс засалчид хүргэж ирэхэд тэр бээр: “Энэ сумаар хэн намайг харвав, тэр этгээд кшатрия (дайчин язгуурын) хүн үү, эсвэл бярман (хувраг язгуурын) хүн үү, аль эсвэл вайшья (худалдаа, хөдөө аж ахуйнхны язгуурын) хүн үү, үгүй бөгөөс шудра (доорд язгуурын) хүний алин болох хийгээд түүний овог, нэр хэн болох, өндөр, нам буюу дунд ямар нуруутай болох, арьсны өнгө нь хар, бор, шар алин болох, аль тосгон буюу хотынх болохыг мэдэхээс нааш би сумыг авахуулахгүй. Чухам ямар нумаас намайг харвасан, нумын хөвч нь юу байсан, мөн ямар сумаар харвасан, ямар өдтэй байсан, сумын зэвийг нь юугаар хийсэн байсныг мэдэхээс нааш би энэ сумыг авахуулахгүй” хэмээн зүтгэжээ гэж бодъё. Малункяпутта аа, чингэхлээр тэр хүн тэдгээр олон зүйлсийн алиныг ч мэдэж чадалгүй үхэх биз дээ. Тэглээ ч гэсэн, Малункяпутта аа, хэн нэгэн хэлэхдээ: “ертөнц мөнх үү, үгүй юу гэх мэтийн сайхь асуудлыг Ялж Төгс Нөгцсөн хариулаагүй цагт миний бие түүнийг дагаж ариун ёсоор нь аж төрөхгүй” гэх юм бол тэр бээр тэдгээр асуудалдаа Түүнчлэн ирснээс хариулт авч чадалгүйгээр таалал төгсөх биз ээ” гэжээ.

Дараа нь Будда ариун ёсоор аж төрөх гэдэг бол эдгээр үзлээс үл хамаарна хэмээн Малункяпуттад тайлбарлажээ. Тэдгээр асуудлын талаар хүн ямар ч үзлийг баримталж байлаа гэсэн төрөх, өтлөх, өвдөх, түрдэх, уй гашуу, ядуу, зүдүү байдал байж л байна. “Харин түүнийг гэтлэхийг (өөрөөр хэлбэл Нирван болохыг) энэ яваа насандаа гэж миний бие номлож буй болой.”

“Чингэхлээр, Малункяпутта аа, миний тайлбарласныг тайлбарласнаар нь, тайлбарлаагүйг тайлбарлаагүйгээр нь санаж байгаарай. Миний тайлбарлаж өгөөгүй зүйлс гэдэг юун бэ? Ертөнц мөнх үү, мөнх бус уу гэх зэргийг (тэдгээр арван үзлийг) би тайлбарлаагүй л дээ. Малункяпутта аа, яагаад түүнийг тайлбарлаагүй вэ гэвэл энэ бол хэрэгцээтэй зүйл биш, энэ бол ариун сэтгэлээр явахуйтай огт нь холбоогүй зүйл, үл хүсэхүй, ангижрахуй, тонилохуй, амарлингуй, чанд хүрэхүй, гэгээрэхүй хийгээд Нирванд тус үл болох зүйл буюу. Учир иймд би тэдгээр асуудлын тухай өгүүлээгүй билээ.”

“Чингээд, Малункяпутта аа, миний бие юуг тайлбарласан бэ хэмээвээс зовлон, зовлон гарахуй, зовлонгоос тонилохуй хийгээд зовлонгоос ангижрах зам мөрийг тайлбарласан юм. Малункяпутта аа, чухам ямар учраас би үүнийг тайлбарлав аа гэвэл, энэ нь ариун сэтгэлээр аж төрөхүйд хэрэгтэй, түүний гол зангилаа зүйл болох бөгөөд ангижрахуй, тонилохуй, амарлингуй, чанд хүрэхүй, гэгээрэхүй хийгээд Нирванд тус болох буюу. Эл учир үүнийг би тайлбарласан болно”.

Ч.Одгэрэл

  • ЗочинApril 17, 2013

    Сайхан хариулсан байна. Баярлалаа. Нэгийг бодож ухаарлаа.

  • ЗочинMay 29, 2013

    Үнэхээр сайхан санагдлаа.. Олон хүнд номын цагаан гэгээг татуулж сайхан сайт ажиллуулж байгаад тань талархаж байна. Бас даган баясъя!

  • ЗочинAugust 22, 2013

    burhanii nom surgaaliin neg joohon heseg ni ch mash saihan, uneniig uguulsen, uhaarliin shinjtei bdag, yostoi l deediin nom gej helehees argagui, bagsh, nom, hubragt murgie,
    ene asuult asuusan hun bas ih uhaalag yuma

  • ЗочинSeptember 1, 2013

    buyanii uild dagan bayasay.

  • ЗочинOctober 25, 2013

    Cain bainayy,yychlaarai zvvdnii talaar asyymaar bna.Zvvd yagaad zvvdlegddeg yagaad zarimdaa zvvdendee eldev conin yum xardag ter neg xeseg ni yagaad amidral deer mine toxiolddog talaar medex gesen yumaa bayrllaa

  • ЗочинOctober 26, 2013

    тэр тонилохуй ч арилгагдахуун.

  • ЗочинOctober 26, 2013

    ОЮУНДАЛАЙ.
    Бүхэнд түгсэн тоос, хумхийн тоос. Бүхэн зүйл электрон протон гм эгэл жижиг хэсгээс бүрдсэн гэдгийг бид мэдэж байгаа. Юмс болон сэтгэл сүнсэд бас нийтлэг, тэднийг бүрдүүлдэг маш бага тоос, жижиг биет байгаа. Агаар мандлын хаа нэгтээ. Тэндээс л зүүд гэдэг сэтгэлд долгион хэлбэлзэл ч гэдэг юмуу, ямар нэгэн байдлаар орж ирдэг болов уу? Хүн унтаж байхад хүний сэтгэл оюуны давтамж тэрхүү Дээд ОЮУНЫ давтамжтай жаахан дөхөж очихоор болох гэж буй явдлыг харлаа, ирээдүйн дүр зураг үзэгдлээ гээд байдаг гэсэн.
    Нарийнаас нарийн анхдагч бодис, "квинтэссенци", тав дахь элемент.

Бусад