Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Мааниас илүү ном үгүй, махнаас илүү хоол үгүй

Маанийн зургаан үсэг

“Ум ма ни бад мэ хум” гэдэг тарнийг уншихын ач тус цаглашгүй их бөгөөд уншиж олон удаа тоолон суухын сацуу утгыг нь заавал бодох тун чухал юм шүү. Маанийн энэ зургаан үсэгт гүн болоод өргөн дэлгэр утга агуулагдаж байдаг билээ.
Зургаан үсгийн эхний Ум үсэг нь А, Ү, Ма гэсэн гурван үсгийн нийлбэр юм. Эдгээр гурван үсэг нь мааний утганд суралцаж буй хүний ариусаагүй бие, хэл, сэтгэл хийгээд мөн тэрчлэн төгс гэгээрсэн бурханы ариуссан лагшин, зарлиг, тааллыг бэлэгдэж байдаг. Ариусаагүй бие, хэл, сэтгэл гурвыг ариуссан бие, хэл, сэтгэл гуравт хувилгах боломж бий эсэх дээр эргэлзсэн, энэ хоёрыг угаасаа харш, тусдаа ойлголт байх гэсэн бодол зарим хүнд төрж магадгүй юм. Бурхан бүгд урьд нэгэн цагт бидэнтэй ялгаагүй эгэл амьтан байжээ. Тэд зөвхөн гэгээрлийн мөрд орж алхам алхмаар өөд дэвшин бодь гэгээрлийн түвшинд хүрснээс бус угаасаа, анхнаасаа огт гэмгүй, төгс эрдэмтэй байсан гэж бид үздэггүй. Ариуссан бие, хэл, сэтгэл ариусаагүй гэмийн хирийг шат дарааллан цэвэрлэсээр арилсан чанар буюу арусалд хүрсэн л хэрэг юм. Ариусалд хэрхэн хүрэх зам мөрийг удаах дөрвөн үсгээр бэлэгдэн харуулсныг тайлбарлавал:

Ма-ни үсгийн утга нь чандмань гэж буй бөгөөд аргын тал болох бодийн сэтгэл, энэрэл, хайрыг үүгээр бэлэгдсэн байна. Чингэхдээ чандмань эрдэнэд байдаг үгүйрэл хоосролыг арилгах үнэт чанараар бодь сэтгэлд агуулагдах сансар, нирвааны гутамшиг доройтлыг үгүй болгох эрдэм чадыг төлөөлөн харуулжээ. Бас чандмань эрдэнэ аливаа хүмүүний эгээрэл хүслийг биелүүлдгийн нэгэн адил бодь сэтгэл ч мөн амьтны эгээрсэн хүслийг гүйцэлдүүлж чаддаг.

Бад-ма гэсэн хоёр үсэг нийлээд лянхуа цэцэг гэсэн үг болно. Энэ бол билиг оюуныг бэлэгдэж буй юм. Лянхуа цэцэг балчиг шавраас ургавч шаврын буртаг гэмийг өөртөө халдаалгүй цэвэр цэмцгэр ургадаг бол билиг оюунд ч бас хүнийг аливаа харш нөхцөл байдлаас ангид байлгах чадал байдаг. Хэрвээ билиг оюунаар хомс бол аливаа юмны зүйг ололгүй хооронд нь харшлуулсаар байх болно. Билиг оюуныг ялган өгүүлбэл:
1.Мөнх бусыг онох
2.Бодгалийг бие даасан чанараар, эсэвэл эдлиг чанараар хоосон гэж онох
3.Тусгал, тусагдахуун хоёр ангид чанараар хоосон гэдгийг онох буюу хоёр хоосныг онох билиг оюун гэх мэтээр адилгүй олон төрөл зүйлд ангилдаг. Эдгээрээс хамгийн гол чухал нь гэвэл, хоосон чанарыг онох билиг оюун юм.

Сүүлийн Хум үсэг нь салшгүй нэгдмэл чанарыг бэлэгдэн харуулна. Энэ нь сэтгэлийнхээ гэмийг ариусгахад арга билгийн салшгүй нэгдмэл чанарыг ашиглах ёстойг зааж буй юм. Судрын ёсонд салшгүй арга билиг гэдэг ойлголтыг аргад автуулсан билиг, билигт автуулсан арга гэж сургадаг бол тарнийн ёс буюу дандрын хөлгөнд сая өгүүлсэн маань арга билгийн салгаж болшгүй нэгдмэл, цогц бүрэн, нэг бүхэл чанар гэсэн ойлголттой байдаг.

Бурханы хөрөнгө үсэг болох талаасаа Хум нь язгуурын таван бурханы нэг, юунд ч сэтгэл хямрашгүй, үл хөдлөх “Агшобхя” бурханы хөрөнгө үсэг юм. Тиймээс “Ум ма ни бад мэ хум” хэмээх маанийн зургаан үсгийн товч утга нь "Салшгүй арга, билгийн мөрийг даган суралцаж, арилаагүй бие, хэл, сэтгэл гурваа ариуссан бурханы лагшин, зарлиг, тааллын чанарт хувилган чадах боломж"-ийг харуулжээ. Бурханы хутгийг бодгалиуд гаднаас хайх хэрэггүй харин бурхан болох уг, шалтгаан буюу үр хөрөнгө нь тэр бодгалийн сэтгэлд буй гэж номложээ. Ариун богд Майдар их хөлгөний “Үттаратантра” шаштиртаа: "Бүхний л амьтны сэтгэлд байгалиас угаас заяасан бурханы язгуур байдаг" гэж айлдсан юм. Тийм учраас бүрэн төгс бурханы мөн чанарыг бүтээн бий болгох ариун хөрөнгө “Түүнчлэн ажирсны шим” бидний сэтгэлд байгаа билээ.

Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц

Нию-жерси хот дахь Халимаг монголын бурханы шашны төвд

  • ЗочинJune 24, 2012

    Bayarlalaa.Odor tutam unshdag maan' aa ulam ix unshix min' boltugai.Uchrig n' delgerengvi tailbarlaj ogsond ix bayartai baina.Urd n' olon udaa sonsoj baisan xirnee bas l sain oilgoogvi l yavj dee.

  • ЗочинAugust 22, 2012

    Ум ма ни бад мэ хум

  • ЗочинSeptember 2, 2012

    Ум ма ни бад мэ хум

  • ЗочинSeptember 2, 2012

    Ум ма ни бад мэ хум

  • ЗочинDecember 11, 2012

    ум ма ни бад ми хум

  • ЗочинDecember 11, 2012

    ум ма ни бад ми хум

  • ЗочинDecember 11, 2012

    ум ма ни бад ми хум

Бусад мэдээлэл