Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

“ БОДЬ МӨРИЙН ГУРВАН ЭРХЭМ ЗҮЙЛ” - УТГЫН ТОВЧООН

Энэ бол Бурхан багшийн далай их сургаалийн охь шим болсон, бодисадва нарын бишрэн шүтсэн их хөлгөний гэгээрлийн зам билээ. Оюун билгийн агуу туршлагаар нотлогдсон дөт хялбар энэ аргыг хүний амьдралын жинхэнэ утга учир болсон гэгээрэлд тэмүүлэгч танаа зориулан номлов.

**Хүлээснээс ангижрах эрмэлзэл **

Хэрвээ өөрийн оршин буй дорд, зовлонт ахуйгаас ангижрахыг хүсэхгүй, түүндээ шунан дурласан хэвээр байгаа нөхцөлд эрхэмсэг дээд, эрх чөлөөт оршихуйд дэвших боломжгүй. Учир нь тэр оюуны их эрч хүч, тэмүүлэл нь эгэл дорой хүсэл шуналын хүлээсэнд баглагддаг жамтай. Түр зуурыг мөнх юм шиг, муу муухайг сайхан юм шиг, зовлонг баяр цэнгэл юм шиг андуурдаг оюуны харанхуйгаас үүдэлтэй шунал хүслийн ерөндөг нь орчлонг бодит үнэн төрхөөр нь таних явдал юм.
Юуны өмнө эрхэм чухаг эрдэнэт хүний биеийг олсон атлаа адгууснаас үл ялгарам идэш олз, наадам зугаа хөөн явсаар насыг барах нь гунигт амьдралаас татгалзан энэ насны явцуу хүрээнээс илүү уужим орон зайд оюунаа чиглүүлэх хэрэгтэй. Улмаар эл ухаарлаа гүнзгийрүүлэн, орчлонгийн түгээмэл жам ёс болсон өөрийн эрхээр бус, үйл нисваанасын эрхээх явагдах үхэх, төрөх сүнсний орчил нь зовлонгийн утга болохыг танин мэд. Энэ эрх чөлөөгүй байдлаас гарахыг чин сэтгэлээс эрмэлзэх нь бодь мөрийн эхний эрхэм зүйл.

Бодь сэтгэл

Зовлонгийн хүрээнээс өөрийгөө чөлөөлж, нирваанд хүрэх эрмэлзэл нь оюуны өндөрлөгт тооцогдовч төгс гэгээрлийн үндэс болж хараахан чадахгүй. Төгс гэгээрэл буюу бодь хутгийн үндэс нь ганц өөрийгөө бус хамаг амьтан бүхнийг зовлонгоос ангижруулах гэсэн их нигүүлсэл юм. Гэвч тэр нь зовлонг танисан ухаан буюу ангижрах эрмэлзлээс урган гарна. Чухамдаа өөрийн дорой мөхөс байдлаар жишээд хамаг амьтны зовлонг таниж мэдэрнэ гэсэн үг.
Янз бүрийн түвшний зовлон бүгд үйлийн үрээс үүдэлтэй. Тэр нь оуюны будангуйрал, “би” гэгчийг шүтэх үзлээс эх сурвалжтай билээ. Үүнийг ухаарч, хамаг амьтныг аврахын тулд өөрөө төгс гэгээрэлд хүрье гэсэн харьшгүй сэтгэл нь гэгээрлийн замын хоёр дахь эрхэм зүйл.

Үнэн үзэл

Дээр дурьдсан эрх чөлөөний эрмэлзэл, бодь сэтгэл зэрэг нь гэгээрлийн арга, билгийн хоёр талын аргын тал буюу сэтгэл санааны ариусал билээ. Үүн дээр билгийн тал буюу оюун ухааны төгөлдөржилт нэмэгдэхгүй аваас гэгээрэл бүрэн дүүрэн утгаараа хэрэгжихгүй. Ялангуяа зовлонгийн гол үндэс нь юмсын оршихуйг зөвөөр танин мэдэж чадаагүй мунхаглал тул түүнийг таслах арга болсон аливаа юмсын харилцан шүтэлцээ, хоосон чанарыг ухаарах шаардлагатай.
Гэхдээ харилцан шүтэлцээ буюу үзэгдлийн ухаарал, үнэмлэхүй чанар буюу хоосны ухаарал хоёрыг эсрэгцүүлж биш эвцэлдүүлж , салангид бус нэг мөн чанартайгаар оюундаа ургуулах нь бат тогтвортой, үнэн үзэл болно. Энэ бол гэгээрлийн замын гурав дахь эрхэм зүйл.

Ийнхүү гурван эрхэм зүйлээр оньсолсон бодь мөрийн зэргийг шалтгаан ба үр, гол ба гишүүний цогц агуулгаар нь зөв ухаарсугай. Улмаар энэ ухаарлаа бодит гэгээрэл болгох эрхэм дээд үйл хэрэгт цаг алдалгүй хичээн шамдаарай. Энэ бол Цастны мэргэдийн оройн чимэг Богд Зонхавын чин зүрхний угаас шавь бидэндээ хандсан захиас билээ.

  • ЗочинMay 30, 2013

    Энэ аугаа сургаалийг түгээн дамжуулж байгаа эрхэм таньд талархсанаа илэрхийлье! Гайхалтай сайхан монгол хэлээр илэрхийлжээ. Таньд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе!

Бусад мэдээлэл
2013-04-17