2013-03-14 | Нийтэлсэн:admin | Үзсэн:5250
**Дээдийн багш дор мөргөмү. **
Егүзэрсийн манлай хэмээн алдаршсан Миларайва Богд Чонлүн нэрт хаднаа суун бүхий цагт, нэгэн өдөр «Би дээдийн багшийн зарлигийг бүтээхийн тулд Лачи нэрт цас уулнаа бясалгахаар одсугай!» хэмээн бодол төрөхүйд даруй замдаа гарчээ. Тэрбээр Лачи уулын хормой дахь нэгэн тосгонд хүрвээс тэндхийн хүмүүс том хүрээнээ цуглаад хуримлан суух зуур өвөр зуураа ийн хэлэлцрүүн: “Аяа Миларайва нэрт нэгэн егүзэр хүмүүний хөл хүрээгүй элчилгүй уулсын дунд гагц өөрийн хүчинд дулдуйдан хатуужил явдлаар замнах нь орчлон хорвоод олдохуйяа нэн бэрх бус уу?” гэлцэнэ.
Энэ зуур Мила Богд хүрээний үүдэнд хүрэлцэн ирэхэд дотроос биедээ элдэв эрдэнийн чимэг зүүлт зүүсэн нэгэн залуу гоо хатагтай гарч ирээд “Егүзэр таны алдар нэр хэн, аль газраас ирэв?” хэмээн асууваас Миларайва лам хариуд нь зарлиг болруун “Миний суух орон магад үгүй. Аглаг уулнаа суугч их дияанч Миларайва билээ би. Өглөгийн эзэн хатагтай та над лугаа буяны ерөөл барилдаж, хэсэг идээ ундааныг өгнө үү!” гэвэй.
Залуу хатагтай өгүүлрүүн: “Би танд дуртайяа идээ ундааныг өргөсүгэй. Харин та Миларайва Богд үнэхээр мөн гэж үү?” хэмээн лавлажээ.
“Би юу боллоо гэж худал хэлэх билээ?” хэмээн Мила Богд хариу зарлиг болов. Тэр хатагтай үүнийг сонсоод тэсгэлгүй баясал төрж, хүрээний дотор яаран ороод хурсан олны зүг хандан “Сая та бүгд өвөр зуураа дээдийн эрдмийг нь бахдан өгүүлж байсан элчилгүй уулнаа суугч Миларайва лам манай үүдэнд залран иржээ” хэмээн өгүүлэхэд бүгдээр ум хумгүй гүйлдэн гарч зарим нь сөгдөн мөргөж, зарим нь амар мэндийг эрээд, ирсэн учир шалтгааныг лавлан асуусан хойно Миларайва лам магад мөн гэдгийг мэдэж гэртээ залаад хотол төгссөн сайнаар өргөн хүндлэвэй.
Тэр гэрийн эзэн болох Шиндормо нэрт маш баян залуу хатагтай Богд ламыг зүйл бүрээр хүндлэн дайлах зуур “Лам та эндээс аль зүг өөд болох вэ?” хэмээн асуухад Мила Богд зарлиг болруун “Би Лачи нэрт цаст уулнаа бясалгахаар явж байна” гэжээ. “Ламтан та тэр уулнаа одохыг түр азнаад, энүүхэн ойролцоох Дрэлүн Жогмо нэрт хаднаа сууж тухайн газрыг адистадлан соёрх. Бид танд чадлын хирээр идээ ундааныг хүргэх тул санаа амар байж болно” хэмээн Шиндормо хатагтай өгүүлэхэд хуран чуулагсдын дунд сууж агсан Шакьяагуна нэрт нэгэн тойн Мила Богдод хандан: “Лам өглөгийн эзэн хоёр найралдаж Богд та тэр оронд өөд болвоос бид чадахын хэрээр буян өргөөд ном айлтгасугай” гэжээ.
Тэнд хуримлан суусан өөр нэгэн өглөгийн эзэн өгүүлрүүн: “Тэгж соёрхох аваас тун сайн хэрэг болмуй. Тэнд уг нь миний мэдлийн маш үржил шимт бэлчээр байдаг юм. Гагц тэр газар чөтгөр шулам илт шүглээд өдрийн цагаар ч улс амьтныг амар тайван байлгахгүй үймүүлэх тул олон иргэн маш айж тийш зүглэж чадахаа байсан билээ. Багш та тийшээ үтэр өөд болсугай!” гэв.
“Би тэр газар үтэр түргэн одох нь таны тэр бэлчээрийн газрыг номхотгохын төлөө бус дээдийн багшийн зарлигийг бүтээхүйн тулд болой” хэмээн Мила Богд зарлиг болоод мордохоор завдав. Хуримлан суусан олон бүгдээр тал бүрээс шаагилдан “Лам та тэр уулнаа одох бөгөөс бид бүхэн маш баяртай байна. Танд замын хүнс сайн идээнийг бэлтгэн, үйлчлэх хүнийг тохоон гаргатал түр саатан соёрхох ажаам уу!” гэлцэв.
“Би аглаг ууланд гагц өөрийн хүчинд шүтэн амьдарсаар нэгэнт дассан тул сайн идээ унд болон замын түшиг хань хэрэггүй. Би эхлээд гагцаар тийш одсугай. Харин та бүхний өглөг хүндлэлийн сэтгэл маш ховор чухаг тул нэн их талархаж байна” хэмээн зарлиг болоод Мила Богд даруй Лачи уулыг зорин хөдлөжээ.
Тэндээс гагцаар Лачи нэрт цаст уулын хормойд хүрэх үест, тэндхийн хүмүүн бус чөтгөр шулам нугууд элдэв зүйлийн увдис хэрэглэн Мила Богд руу дайрч гэнэ. Богд лам уулын оройд хүрэх үест огторгуйд бараан үүлс хуралдуулаад, галт аянга нижигнүүлэн их хур мөндөр орсонд баруун зүүн этгээдийн хад асга нурж гол мөрний урсгалыг боосноор догшин их долгис хөвсөлзөх их нуур үүсгэжээ. Мила Богд “Нууц тарнийн шулмасыг номхотгох арга” хэрэглэн хоёр нүдийг цэх ширтээд, дулдуйгаар хөсөр дэлдвээс нуурын ёроол дороос цоорон ус нь ширгэхэд түүнийг хожим хүмүүс “Нуурт хөндий” хэмээн нэрийдэв. Тэгээд Мила Богд уулын хярыг хэжин цааш явж байтал хүмүүн бус чөтгөр шулам нугууд дайралтын эрчийг нэмэн баруун зүүн уулын хад асгыг нураан тоо томшгүй том жижиг чулуунуудыг нүүлгэсэнд, ширгэсэн нуурын ус дахин дээшлээд аюумшигт хүчит долгисыг цацлажээ. Энэ үед дагинас баруун зүүн уулсын хооронд могойн мөр мэт нарийн жим гаргасныг хүмүүс хожим «Дагинасын зам» хэмээн нэрийдэж билээ. Мила Богд тэр жимийг даган урагшлахад хүчит долгион даруй номхрон намжив. Энэ үед хүч багатай чөтгөр шуламнууд ч номхрон хөдлөж чадахаа байжээ. Харин их хүчит хүмүүн бусчууд мөчөөгөө өгөлгүй дагинасын гаргасан жимээр нэвтэрч, нэгэн дор цуглараад дахин дайрахаар зэхэхэд Мила Богд “Шулмасыг цогоор номхотгох” адистэд хийсэнд, тэдгээр нүгэлт ёр бэлгэс даруй амирлаж үгүй болов. Богд лам тэр газрын нэгэн тэгш хадан дээр гишгэсэн нүцгэн хөлийн мөр өнөө хэр хадгалагдан үлдсэн байдаг гэнэм.
Тэндээс цааш хэсэг зуур явбаас бороо бүрмөсөн арилж огторгуй тэнгэр цэлмэхэд, Богд ламын сэтгэл ч маш баясгалант болж, нэгэн гурвин дээр суугаад, хамаг амьтныг нигүүлсэхүй асрахуй самадид тэгш агуулан бясалгасанд тугдам нь маш их тодорхой болжээ. Тэр гурвийг хожим “Асрахуй сэтгэлийн гурви” хэмээн алдаршуулжээ.
Мила Богд цааш замнан явсаар Сайн уст голын хөвөөнөө хүрч «Мөрний урсгалын бясалгалын агаарт» суухуй цагт, гал барс жилийн намрын тэргүүн сарын шинийн аравдын шөнө Балбын Баро нэрт их ад хэдэн түмэн хүмүүн бус чөтгөрийн цэргүүдээ тэргүүлэн Сайн уст голын огторгуй газрыг нэлэнхүйд нь бүрхэн ирээд Мила Богд руу дайрахад агшин зуурын төдийд аянга цахилгаан нижигнэн, уул нурж, хад асга хагарчээ. Олон шулам нэгэн зэрэг “Миларайвыг баригтун! Хүлэгтүн! Алагтун!”хэмээх чихэнд чийртэй аюумшигт дууг хадааж үзэшгүй муухай дүрийг үзүүлсэнд “Аяа, эдгээр хүмүүн бусчууд чөлөө хаалга эрэхээр ирсэн ажгуу” хэмээн Миларайва сэтгээд «Шалтгаан үр үнэмлэхүй» нэрт номыг эгшиглэн номловой.
«Үндсэн лам нарт мөргөмүй
Үлэмж ачит багшдаа итгэмүй
Үзэх нүдийг хуурмаглан илбэдсэнээр
Үй олон чөтгөрийн муу бэлгэс үзэдэвэй
Ай олон бирд чөтгөр та нар
Айлгах санаатай юу, Миларайва намайг
Урьд хийсэн нүгэлт үйлийн үр тань
Уламжлан дамжсаар энэ муу биеийг олгожээ
Огторгуйгаар явагч хий биетэн та нар
Олиггүй муу нисваанист хөтлөгдөж
Омогт муу ааль дүр дүрсээр
«Огтол, аль, цохь!» хэмээн айлгавч
Сэжиг үгүй егүзэр миний
Сэтгэлийн атгаг нэгэнт арилавай
Чигч санаагаар амирлалыг олоод
Чин зоригт үзэл минь тогтовой.
Арслан зоригоор зургаан эрхтнийг захирснаар
Ариун Бурханы биеийн хоргод би орлоо
Гэмээс арилсан хэл минь тарнисын хоргод нэвтэрлээ
Гэгээн гэрлийн хоргод сэтгэл минь нэгдлээ.
Зургаан чуулган мөн чанараараа хоосон
Зуурмагхан энэ ёсыг егүзэр би таньсан байтал
Зуйварган чөтгөр та нар яахин хорлож чадах вэ?
Сайн муу нүгэл буяны үр үнэмлэхүй
Сааралгүй сүүдэр мэт даган боловсормуй
Энэ төрөлд хийсэн муу нүглийн үр чинь
Эргээд чивэлт муу заяанд унаганам бус уу.
Ай халаг чөтгөр бирд та бүхэн
Ахуй ёсны утгыг эс ухсан чинь хөөрхий
Өлөн зэлмүүн явдалт егүзэр Миларайва би
Өдгөө та бүхэнд авралт номыг номломуй.
Идээнийг шүтэгч хамаг амьтан нугууд
Эцэг эх чинь болоогүй нь нэгээхэн бээр ч үгүй
Энэхүү ачлалыг эс санагалзан хариулахыг бодолгүй
Эргээд хорлох санаа өвөрлөх нь юутай халаглалтай
Өдгөө та нар хорт нисваанисыг таягдан
Өнө мөнхийн шалтгаан үрийн хуулийг шинжиж
Арван цагаан буянт номоор замнан
Алт эрдэнэс мэт үнэт номлолыг минь тогтоож
Ашид баримтлан явбаас сайн бөлгөө!» хэмээн номловоос чөтгөрийн цэргүүд нэгэн дуугаар хашгиралдаж: “Чиний уран сэцэн үгэнд хууртаж тэргүүн бөхийлгөнө гэж бүү горьд! Бид өөрсдийн ридийг хэрэглэхээ больж чамайг хялбархнаа тавьж явуулна гэж бодоо юу?” хэмээлцээд нэн олон шулмын цэргүүдээр хүчээ бэхжүүлж улам ч аймшигтай увдис шидийг хэрэглэн Богд лам руу довтолжээ. Мила Богд хэсэг зуур амгалангаар сэтгэлдээ эрэгцүүлэн бодсон хойно олон чөтгөрийн цэргүүдийн зүг хандаж “Чөтгөр шулмын цэргүүд та нар дуулж байгтун! Би дээдийн багшийн ач энэрлээр ахуй ёсыг ухсан егүзэр бүхүйн тул хамаг чөтгөрийн хорлол шулмын хөнөөл нь миний сэтгэлийн чимэг, цог заль болон хувирсан бөлгөө. Тийм болохоор шулмын хөнөөл хэр зэрэг их байх тусам миний бодь хутгийг улам ихээр бадраанам!” хэмээн өгүүлээд «Долоон их чимэгт» нэрт шүлгийг эгшиглэн номлов.
«Авралт Марва багшийн өлмийд сөгдмүй
Ахуй ёсонг ухсан егүзэр би
Эдүгээ их чимэгт нэрт шүлгийг номлосугай
Энд чуулсан эр эм ад чөтгөр та нар
Энэ дууллыг чих талбин сонсогтун!
Их далайн дундахь Сүмбэр уулын
Эгц өмнө биндэръяа эрдэнэ солонгороод
Эрчлэн наадах гэгээн гэрэл цацруулах нь
Энгүй Замбутивийн оройн чимэг буюу.
Уулын хааны хажуу дахь алтан оргилд
Улбар наран гэгээн сарнаас сацрах
Алт мөнгөн гэрэл хамаг даяарыг гийгүүлэх нь
Ашид дөрвөн тивийн огторгуйн чимэг буюу
Асралт лусын ханы рид хувилгаан
Ариун хурын шимд хувилж намирах нь
Ачит этүгэн эхийн их чимэг буюу
Хөвөлзөх далайн долгис давалгаан
Хөөрөн дэгдээд үүлсийн чуулган болох нь
Хөхөмдөг тэнгэрийн манжилга чимэг буюу
Дулаан чийг харилцан нийлсэний бэлгэсээр
Дуртмал солонго зуны цагт татах нь
Дуун яруу уулсын их чимэг буюу
Асар тэнгэрээс буух хурын усанд
Алив бүхий өвс ургамал дэлгэрснээр
Амьтан бүхэн түүний шимийг хүртэх нь
Аяа, газар дэлхийн их чимэг буюу
Агуй хаднаа суугч егүзэр би
Ашид сэтгэлийн хоосон чанарыг бясалгаснаар
Эр эм чөтгөр та нарыг цуглуулан чадлаа
Энэхүү сэжигт рид бэлгэс егүзэр миний их чимэг буюу
Өдгөө та нар чих талбин сонсогтун!
Өөрийг минь хэн болохыг танив уу.
Харин үл няцах егүзэр миний
Хат суусан сэтгэлд цэцэг дэлгэрээд
Чихнээ яруу туст дууллыг урсгаж
Чигч үнэн сайн номыг номломуй
Үргэлж туст сэтгэлээр бусдыг удирдах тул
Өдгөө ч та бүгдийг мөн алагчлахгүй
Даруй түргэн бодь сэтгэл үүсгээд
Даяар амьтанд тусыг бүтээж чадахгүй ч
Өөдгүй арван хар нүглийг тэвчээд
Өөрөө тонилохуйн жаргаланг юунд үл бүтээнэ вэ?
Амнаас гарах үг бүрийг тогтоовол тус маш их
Авралт номоор замнаваас чухам жаргал тэр буюу!» хэмээн номлосонд хүмүүн бус чөтгөр бирдүүд хутагтын дуулалд ихэд уясан хайлаад олонхи нь бишрэл сүжиг төрсөн тул элдэв муу ёр бэлгэс нь даруй үгүй болжээ. Тэд Мила Богдод хандан: “Та үнэхээр хосгүй дээд егүзэр ажээ. Таны сургаал номлолыг сонсож, рид хувилгааныг үзэхээс өмнө бид бүгд үнэхээр тэнэг мунхагийн дээд байцгаасан ажгуу. Үүнээс хойш бид бүхэн танд ямар ч хорлол түйтгэр хийж зориглохгүй болов. Та сая бидэнд шалтгаан үрийн тухай туст номыг айлдсанд бид бүхэн үнэхээр их талархаж байна. Гэвч бидний хураасан муу үйлийн үр дэндүү зузаан, билиг оюун мөхсийн улмаас гүн нарийн номлолыг тогтоохуйяа нэн бэрх болой. Тиймийн тул Богд та биднийг нигүүлсэн хайрлаж товч тодорхой агаад ухахуйяа хялбар нэгэн номыг айлдан соёрхоно уу!” гэхэд Мила Богд тэр даруй «Долоон мөн бүхүйн эгшгийг» айлдан номложээ.
Үнэн сүжгээр Марва Богд ламд сөгдмүй
Үлэмж бодь сэтгэлийг бясалгах адистэд хайрлан соёрх
Гүн нарийн аньсгүй бодит үгс нь
Гүехэн агаад уяхан дуунаас юуны өөрц байх вэ?
Зүйрлэл номлол харилцан эс зохицвоос
Зүйргүй яруу үгс ч ямар нэмэр байх вэ?
Айлдсан номлолыг сэтгэлдээ эс бясалгаад
Аньсыг ойлгоно гэвэл өөрийгөө хуурсан хэрэг
Ариун дандарсын утгасын увдисыг бясалгалгүй
Аглаг ууланд гагцаар суувал өөрийгөө зовоохоос хэтрэхгүй
Амгалант Богдсын номын учрыг ухалгүй
Аливаа үйлсийг үйлдвээс зовлонд шаналмуй.
Шалтгаан үрийн ёсыг ухаж хичээхгүй хүнийг
Шамдуулж хичнээн сургаад ямар тус байх вэ?
Үнэн утгат ном нугуудыг сэтгэлдээ эс тогтоогоод
Өгүүлж хичнээн номловч хуурамч амьтан төдийхөн.
Өөдгүй нүгэлт явдлыг огоот тэвчвээс
Үйлийн түйтгэр өөрөөсөө арилмуй
Арван цагаан буянд хичээнгүйлэн шамдваас л
Аливаа хүсэл ерөөл аяндаа бүтмүй
Онцгой тарнийн гүн утгыг бясалгаж
Олон аргад авталгүй нэгийг шүт
Эндүүрэм олон үгсээр өөрийгөө бүү зовоо
Энэ мэтчилэн суралцваас зөв зам тэр» хэмээн номлохуйд тэдгээр чөтгөр шуламсууд Мила Богдод улам ч гүн итгэл сүжиг төрж, түүнийг хэдэнтээ гороолон тойрсон хойно өөр өөрийн орондоо одоцгоожээ. Гэвч тэдний толгойлогч Баро нэрт ад өөрийн нөхөд сэлтийн хамтаар муу ридийг үзүүлэн Мила Богдын зүг дахин дайрчээ.
Мила Богд тэдний зүг хандан доорхи «Гайхамшигт ач үрийн номыг» аялгуулан дуурсгавай.
Авралт Марва ламын өлмийд сөгдмүй
Аялгуулах эгшгийг хичээн сонсогтун
Огторгуй тэнгэрээр саадгүй зорчигч та нар
Олиггүй алжааст сэтгэл чинь хүлэгдэж
Өөр бусдыг хорлохоор санаархавч
Өөрийн толгойд хилэнц нь ирмүй.
Эвдэршгүй шалтгаан үрийн энэ ёсноос
Эвийг нь олоод мултарч чадах нь хэн билээ?
Таагүй сэтгэлээр бусдыг хорлосны үрийг
Та бүхэн өөрийн биеэр эдлэнэм.
Энэ ёсыг эс ухан мунхарсан бирд та нарыг
Энэлэн хөөрхийлөхөд зүрхний хий хөдлөмүй
Мунхагийн авьяасыг засахуйяа нэн бэрх
Муу нүглийн балчигт дэндүү гүн шигджээ
Улай цус, тархи чөмгөнд дурлан
Улайран амь таслахыг бах болгоод
Орчлонгийн зургаан төрлийн бирд биетэн та нар
Олон төрөлдөө чивэлт муу заяанд унамуй
Өр өвдөм бирд чөтгөр та нар
Өдгөө нүглийг гээж буяны үйлд шамдагтун
Эмээхгүй, эрэхгүй зүгт сэтгэл чиглэснээр
Энх жаргалангийн орноо үтэр түргэн хүрмүй» хэмээн номловоос олон хүмүүн бус чөтгөрүүд нэгэн зэрэг өгүүлрүүн “Чиний айлдсан номын ёсыг бид бүхэн ухан ойлголоо. Харин одоо чи бидэнд өөрийн сэтгэлд бүтээсэн явдлын орон ба тугдамыг ёсчлон айлдаж соёрх!” хэмээсэнд Миларайва лам «Гүн нарийн сайн зоригт» шүлгийг эгшиглэн номложээ.
«Төгс чанарт Марва лозавагийн өлмийд сөгдмүй
Төгөлдөр ахуй ёсонг ухсан егүзэр би
Төрөлгүй номын агаарт гуйвшгүй зоригийг үүсгэж
Тэмцэх мөрийн тотгор аяндаа уставай
Завшаанд арга номыг хэрэглэвээс төгс бүтмүй
Завгүй их үйлсийн дунд нигүүлслийн хүчээр жигүүрлэнэ
Ёсны хувьд номын чанар өөрөөсөө бүтмүй
Ёрын нүгэлт бирд чөтгөр та бүхэн
Ахуй ёсны тухай айлдсан энэ номлолыг
Аль хэр ухаж ойлгож байна вэ?
Эдүгээ та нарыг мунхагийн хүлээснээс гэтэлгэж
Эрхгүй хялбар ухах номыг айлдсугай
Илт бүхнийг мэдэгч Бурханы хиргүй сударт
Эгнэгт шалтгаан үрийн номыг айлдсан байдаг
Хамаг амьтан угаас нэгэн бүл хэмээх
Харьшгүй энэ үнэний сургаалыг
Хатуу чанд мөрдөж явагтун!»
Гэтэлгэгч Миларайва хэмээн алдаршсан егүзэр би
Гэмээ шинжсээр сэтгэлийн гэгээрэл төрөвэй
Гадна үзэгдэх түйтгэр тотгорууд цөм
Гагц төрөлгүй сэтгэлийн рид бэлгэс мөнийг ухлаа.
Урвуулж харин өөрийн дотор руу өнгийвөөс
Угаас сэтгэлийн язгуур нь хоосон ажгуу» хэмээн номлохуйд Баро их ад ба түүний нөхөд сэлт бүгд ихэд уясан хайлж өөр өөрсдийн гавлын яс нугуудыг мөлтлөж Мила Богдод өргөл болгон бариад олонтоо гороолон тойрсоны эцэст нэгэн сарын хүнс зоогийг бэлдэж өгөөд солонго болон хувираад үзэгдэхгүй болжээ.
Удаах өдөр тунгалаг өглөөний гэгээн наран мандах үест Баро болон түүний нөхөд сэлт элдэв дээдийн чимэг зүүлтээр гоёсон Тэнгэрийн дагиныг Богд ламд мөргүүлэн хас эрдэнийн жүнзэнд үзмийн дарс дүүргүүлж, гуулин цартай онц сайн чанарын тутрага хийгээд амтат зоогийг өргөл болгон барих зуур нэгэн дуугаар өгүүлрүүн “Үүнээс хойш бид бүхэн Богд лам таны зарлигийг ёсчлон дагаж гүйцэтгэсүгэй!” хэмээлдээд олонтоо гороолон тойрсоны хойно тус тусын оронд одоцгоожээ. Тэдний дотор Тандэм хаан нэрт нэгэн чуулганы эзэн их тэнгэр байв.
Энэ бүхний дараа Мила Богдын бие тавирч, сэтгэл уужраад, тугдам нь ихэд дээшилсэн тул амгалан жаргалыг эдлэж, нэгэн сарын турш өлсөж ундаасах явдал үгүй болжээ. Түүний дараа Лачи цаст уулыг зорин явах зам зуурт сухай мод битүү ургасан нэгэн хөндийн төв дунд хүмүүний биеийг халхлам том бул чулуу тааралдав. Мила Богд мөнөөх чулууны дээр суугаад бясалгаж суух цагт олон дагинас тэнгэрээс бууж ирээд гороолон мөргөж, элдэв сайн идээ, тахил тэргүүтнийг өргөжээ. Олон дагинас хад чулууны дээр хоёр хөлийн мөрийг тодорхойёо үлдээгээд огторгуйн солонго замхран арилах адил ор мөргүй одоцгоов.
Богд лам цааш замнан явж байтал хүмүүн бус чөтгөр шулам нугууд бас дахин түүн рүү халдан дайрч замын дөрвөн этгээдэд үлэмж их ридэсийн бэлгэсийг үзүүлсэнд хутагт Миларайва догшны дүрээр «Хотол нууц орныг бэхлэн» цааш явжээ. Есөн бэлгэс нөгчсөний завсарт хутаг тогтсон орны шим хураасан нэгэн чулууны дэргэд хүрээд очирт нүдүүрээр түүний завсар руу хатгаваас чөтгөр нүгүүдийн хамаг ридэс үгүй болж амирласанд түүнээс хойш тэр газар «Есөн гол есөн даваат» хэмээн алдаршив.
Улмаар Найтил нэрт хотгор газарт өөд болохын цагт Баро нэрт чөтгөр Богд ламыг угтан авч тахил тэргүүтнийг өргөж, зассан сэнтийд залж суулгаад, «Бал мэт номыг айлдан соёрх!» хэмээн гуйжээ. Мила Богд түүнд ач үрийн ном нугуудыг айлдан соёрхсон хойно Баро нэрт чөтгөр сэнтийний өмнөх нэгэн том хад чулуунд шургаж үзэгдэх дүрс үгүй болов. Мила Богдод тэрхүү хотгор газрын байгалийн үзэмж нэн их таалагдсан тул тэнд нэг сар саатан суусан хойно Нянанзарма нэрт мөнөөх оронд буцаж тэндхийн сайн сүсэгтэн, өглөгийн эздэд ийн зарлиг болруун: “Та бүхний өгүүлсэн тэрхүү Дрэлүн Жогмо нэрт газар нь үнэхээр айхтар хилэнцэт чөтгөр нүгүүдийн орон байсан бөлгөө. Өдгөө би олон чөтгөр нүгүүдийг нэгэнтээ номхотгосон тул тэр газар ариун дагшин бясалгалын орон болон хувирлаа. Тиймийн тул би ч даруй тийш буцаж бясалгах болно!”гэжээ.
Тосгоны оршин суугч өглөгийн эзэд тэр зарлигийг сонсоод бүгд Богд ламд үнэн чин сүжиг бишрэлийг төрүүлээд өргөж хүндлэн маш сайтар тахижээ. Энэ болвоос Мила Богд Лачи нэрт цаст уулын Сайн уст голд чөтгөр шулам нугуудыг номхотгосон түүх болой.
Зарим үгсийн тайлбар:
бэлгэс- Дүрс, дуу зэрэг мэдрэгдэх шинжүүд
зургаан эрхтэн- Нүд, чих, хамар, хэл, бие, санааг зургаан үндсэн
Зургаан чуулган- Дээр өгүүлсэн зургаан эрхтэнгээр дамжин мэдрэгдэх дүрс, дуу, үнэр, амт, хүртэхүй, ном хэмээх зургаан орноос үүдсэн зургаан тийн мэдэхүйг зургаан чуулган хэмээдэг.
Ахуй ёс- Ахуй ёсон гэдэг нь жинхэнэ бодитой мөн чанар гэсэн утгатай.
Эмээхгүй, эрэхгүй- Юунаас ч аюухгүй агаад гаднаас юм эрэхгүй, дотроо юм олохгүй сэтгэлийн оронг хэлжээ.
их ридэсийн бэлгэс- Хятад орчуулга дээр элдэв зүйлийн эм бэлгэ эрхтэнгийн дүрсийг үзүүлэв гэжээ.
Хятад хэлнээс буулгасан Д.БОЛДБААТАР