2021-11-24 | Нийтэлсэн:admin | Үзсэн:3082
Нисваанисын ногоог таслах
Нэн хурц илдийн үйлийг ойр шадарлагч
Бодь сэтгэл хэмээгдэгч энэ нь
Бүгдээр сахин энхрийлэхийн утга
Дорвижих цагтаа омогшил үгүй
Доройтох үедээ ч шантрах нь үгүй
Бусад бээр яавч мэхэлж үл чадах
Бат чанарт бодь сэтгэл алт
Бодь сэтгэлийн амтыг хүртсэн тэр
Бурамын мод сүү хийгээд
Сахакара зөгийн балын амт
Сайхь эл бүгдэд хаанаас баясах билээ
Сансарын эцэст уналгүйгээр
Сансарын эцэст үл орших Нирваны балгадад
Зорчих их харгуй нь бодь сэтгэл
Зоригоор тонилохуйг хүсвээс, шүтээн ямагт
Бодь сэтгэлээр нэн их хорлохуйг тэвчинэ
Бодь сэтгэлээр нэн их зовлонг дарна
Бодь сэтгэлээр нэн их аюулаас хагацмуй
Бодь сэтгэлээр нэн их гэмт явдлыг хоримуй
Бодь сэтгэл адилын бат бөх нь аль билээ
Бодь сэтгэл адилын чин зүрх аль буй
Бодь сэтгэл адилын цог самбаа хаа буй
Бодь сэтгэл адилын амирлал алин буй билээ
Лянхуагаас алдаршсан цэцгийн шим
Лавтай зөгийн чуулганы баяслын цог
Бодь сэтгэлээр номлосон ном
Бүхий л төрөлхтөний баяслын цог
Бодь сэтгэлээр өөрийн үндсийг номхотгоно
Бодь сэтгэлээр бусдын үндсийг номхотгоно
Бодь сэтгэлээр хамгийг биширмүй
Бодь сэтгэлээр бүгдийг тэгшид үзмүй
Ярганы хар хүн амьны оньсонд мэргэн
Түлээчин хүн модны оньсонд мэргэн
Агуу бясалгалч ялгуусныхөвүүд
Ахуй бодь сэтгэлийнхээ оньсонд мэргэн
Уйдах цагтаа бодь сэтгэлийг санан сана
Айх цагтаа бодь сэтгэлийг дурьдан дурьд
Зовлон ирэхүйд бодь сэтгэлийг санан дурьд
Гаслан гаравч бодь сэтгэлийг дурьдан сана
Чин зориг халширваас бодь сэтгэлийг дурьд
Бусдын тус суларваас бодь сэтгэлийг сана
Залхуу хүрвээс бодь сэтгэлийг дурьдан дурьд
Гаслан ирэвч бодь сэтгэлийг санан сана
Огторгуй даяар амьтны тусын тулд
Онц бурханы хутгийг олохыг хүсээчин
Онцолж бодь сэтгэлийг алинаа эрхшээнэ
Онц тэр нь бусадтай хаанаас адилсах
Бодь сэтгэлээр өглөг ба шагшаабад
Бат хатуу тэвчээр, хичээнгүй, дияан хийгээд
Тэр ямагтыг онох билгэ билгүүн бүгд
Туйлаас гарах нь магадгүй үнэн буй
Бодь сэтгэлээр сэтгэлийн үндэс эзлэгдсээс
Боомтолж хилэнцийг тэвчихүйд баясна
Буяны үйл бүтээхүйд баясна
Булт аюулыг арилгахуйд баясах болмуй
Эрдэнэт дээд бодь сэтгэлээр
Эгнэгт биеийн үйл номтой зохилдоно
Хэлний үйл номтой ижилсэнэ
Хэзээд сэтгэлийн үйл номтой сүлэлдэнэ
Хөлгөний дээд нь бодь сэтгэл
Хорвоод үл орших нирвааныг олохуйд
Эхэн дунд адаг алинд ч
Эгнэгт байхгүй байж болшгүй гишүүн нь мөн
Бодь сэтгэлээр нисваанисыг үргээнэ
Бодь сэтгэлээр зовлонг аюутгана
Бодь сэтгэлээр өвчин үхлийг үднэ
Булт бүхнийг бодийн мөрд урвуулна
Агуу Бодьсадва дайсан ба садан
Аль ер амьтан бүхнээ бодь сэтгэлээр
Алагчлалгүй тэгш үздэг нь
Алимад бусдууд тэгш үзэхээс үлэмж гайхамшигтай
Бодь сэтгэлээр огторгуй даяар амьтны
Тус амгалангийн Гүмүда-н мэлмий нээнэ
Туйлын хөнөөлт хорлол тэргүүтнээс аварна
Тагссөн бурханы газарт таныг аваачна
Огторгуй дүүргэн миний эх болсон амьтасын
Онц тус амгалан үргэлжид үүдэхийн суурь
Нижгээд нижгээдийн бүхий л зовлонг арилгах
Нандин эрдэнэ дээд сэтгэл ямагтныг эрхшээ
Их хөлгөний бодь сэтгэлд шүтээд
Илтэд биеэр буяныг бүтээн үйлд
Сайтар басхүү хэлээр буяныг бүтээн үйлд
Сэтгэлээрээ ч буяныг бүтээн үйлд
Явж байвч бодь сэтгэлийг дурьдан сана
Сууж байвч бодь сэтгэлийг дурьдан сана
Хэвтэж байвч бодь сэтгэлийг дурьдан сана
Босож байвч бодь сэтгэлийг дурьдан сана
Тэргүүлшгүй цагаас өдгөөг хүртэл
Тус үгүйеэ зовлонд ихэд нэрвэгдэв
Хүчлэн зорин бодь сэтгэлийг эс үүтгэвээс
Хэзээд жич төгсөшгүй зовлонг амсмуй
Бодь сэтгэлийн зоригдол нь
Булт огторгуй сацуу миний ээжүүд
Бодь сэтгэлийн зоригдол нь
Бүхнээс төгөлдөр бодийн хутаг мөн
Шунахай харамч нэгэн алт мөнгөнд баясах
Шунал тачаал төгст бээр залуу эмээр баясах
Шимтэн чуулагч зөгийнүүд шим балаар баясах
Шид увидаст дээдэс бодь сэтгэлээр баясах
Бодь сэтгэлтэй адил
Бултаар сонсох ном өөр үгүй
Бодь сэтгэлтэй адил
Баттайяа санаанд дадуулан бясалгах ном өөр үгүй
Дайсан, садан, ер амьтаст
Даамай тэгшээр туслахыг хүсвээс
Бодь сэтгэлийн Галбарваас модыг батад бариад
Бодон санан аминд тулавч бүү орхи
Өөрийг энхрийлэх үзлийн түнэр их харанхуйг
Өдрийн наран мэт арилгагч нь бодь сэтгэл
Өдөр мэт гэгээн гэрэлд одогчид
Өнөд үүнд шүтэх нь гагцхүү буян
Эх нь хүүгээ элбэрэн үзэх мэт
Эл дээд доод ба ер амьтасыг
Бодь сэтгэлээр машид чимэглэсэн
Болгоолт мэлмийгээр энхрийлэхэд хэн эс баясах
Бодь сэтгэлээр дэвтсэн
Хэлний найрал чихнээ таатай
Хаврын элч (хөхөө) –ийн хөлчүү аялгуу дуун
Хэзээд сонортон бүхэнд баяслыг хайрлана
Бодь сэтгэлтэй барилдсан буян
Бурхан болохыг хүртэл арвидах ямагт
Цагаан зүгийн сарны тунгалаг хувь
Цаг цагт дээш дээш арвидах мэт
Бодь сэтгэлээс хагацваас мэргэн боловч юу болох
Бодь сэтгэлээс хагацваас тойн боловч хэн болох
Бодь сэтгэлээс хагацваас сайн боловч юу болох
Тиймийн тул бодь сэтгэл төгсөхийг энхрийл