2014-12-07 | Нийтэлсэн:admin | Үзсэн:12610
Таганава гэдэг нь "Үргэлж худал яригч" гэсэн утгатай ажээ. Энэтхэгийн зүүн зүгт харц язгуурт төрсөн бөгөөд залилан мэхлэх тэргүүтэй гэмт үйлдлийг хийж амьдардаг байжээ. Нэгэн удаа тэрбээр нэгэн модны дээр суугаад "Бусдыг юу гэж хуурч мэхлэх вэ" хэмээн бодож суутал эрдмийн чанадад хүрсэн нэгэн гэлэн лам түүний дэргэд хүрч ирээд "Чи энд юу хийж сууна вэ" гэжээ. Таганава "Хутагт минь, танд хэлж болшгүй зүйлийг бодож байна аа" гэхэд гэлэн "Чи худал бүү хэлэгтүн. Бусдад бүү худал яригтун. Хэрэв зээ худал ярьсаар байваас хойт насанд тамд төрөх бөлгөө. Хэлийг чинь анжсаар хагалж зовоох бөлгөө. Хүн болж төрвөөс амнаас муухай үнэр гарах ба үг чинь бусдад хүндгүй, тоомжиргүй, мөн түүнчлэн ядуу зүдүү, гачлан ихтэй газарт төрөх ажгуу" гэхэд Таганава үйл үрийн тухай өмнө нь эс сонссон тул гэнэтэд сонсоод цочирдон айж, үнэнээ хэлсэн нь "Хутагт аа, намайг Таганава гэдэг. цаг мөнхийн худал яригч нэгэн бөгөөд надад энэ хүртэл үнэн ярьсан зүйл нэг ч үгүй. Одоо ч хэнд худал ярья даа хэмээн бодож суунам" гэхэд гэлэн "Чи тэгвэл ном бясалгалыг хийж чадах уу" гэхэд Таганава "Хутагт минь, ном бүтээл хиймээр байвч худал ярьж дадсан учир түүнийгээ орхиж чадахгүй болов уу" гэхэд гэлэн "Чамд таарах увдис надад буй бөгөөд чи худал яривч гэм үл болох тийм увдис бөлгөө" гэхэд Таганава баярлаж, "Тэр увдисаа надад зааж өг" гэв. Гэлэн лам "Худлыг худлын даруулга болгох" увдисыг өгч сэтгэлийг боловсруулаад бодит гол увдис нь "Хамаг юмс угаас худал бөгөөд үзэж, сонсож, мэдэрсэн бүгд худал. Зургаан мэдрэхүйгээр мэдсэн гэх зургаан тусгагдахуун юмс ч худал. Зургаан мэдрэхүй ч худал. Тиймээс чи хамаг юмсыг гагцхүү худал хэмээн бясалгагтун. "Орчлонгийн хамаг юмс худал бөгөөд худлыг нь мэдэлгүй худал ярьдаг болой. Мэдрэгдэж буй юмс бүхэн худал бөгөөд мэдрэгч зургаан мэдрэхүй ч худал буй. Худлаас өөр үнэн ном орчлонд үгүй бөгөөд худлыг үнэн гэж бодсоор зовлонт орчлонд тэнэдэг. Хувьгүй мунхагууд худлыг үнэн гэж бодсоор худгийн ховоо мэтээр хорвоод тэнүүчлэн явмуй. Аливаа юмсын үнэн жам тийм тул алинхүү бүхнийг худал гэж бясалга. Хадны цуурай үнэн бус худал дуу байдаг мэт хамаг дүрс дуу тэр мэт бөлгөө. Үнэн гэж бодсон бүхнээ худал хэмээн бясалга" гэж хэлсэнд тийнхүү "Хамаг мэдэгдэхүүнийг худал" гэж бясалгасаар долоон жил болсонд аливаа юмс үзэгдэл бүхэн худал хуурмаг хэмээсэн үзэл төрж, орчлонд шунах сэтгэл үгүй болов. Тэндээс мөнөөхөн гэлэн лам хүрч ирээд "Хамаг юмс худал гэдэг нь ч худал бөгөөд тиймийн учир хамаг юмс үүсэх хийгээд устах гэдэг угаас үгүй бөлгөө. Хамаг юмс төрөлх чанараар хоосон гэж бясалга" гэсэнд тэр дагуу бясалгасаар атгаг бодлыг эрдэм болгож, шидийг олж, зүг бүхнээ Гүрү Таганава хэмээн алдаршаад мөнхүү тэр биеэр Дагинасын орноо заларч оджээ.