2021-11-17 | Нийтэлсэн:admin | Үзсэн:3316
Гэргийтэн хувраг аль ч хүмүүн ялгал үгүй энэ насны хийгээд эцэс хойдын аз жаргалыг бүтээхийн тухайд өглөө эртлэн босож өдрийн турш энэхүү л зорилгын төлөө өөд уруугүй гүйн өнгөрөөх билээ. Далай багш “Хүний амьдралын зорилго бол аз жаргалтай байх юм” хэмээн айлдсан байдаг. Гэрээс гарсан хувраг хүнд эхнэр хүүхдээ асрах, эд хөрөнгө хураах, хураасан хөрөнгөө арвижуулах, хулгай тэргүүтэн гадны хүчинд алдахгүй зэрэг олон ажил үгүй бөгөөд гагц бусдыг хайрлах энэрэхүй сэтгэл, бодис зүйлийн мөн чанарыг ухаарах билэг ухааныг өөрийн сэтгэлд төрүүлэн өөр хийгээд бусдад тустай өнөд ашдын гэгээрлийг олох нь чухал. Харин гэргийтэн хүний хувьд энэ насанд эд хөрөнгөөр элдэг дэлбэг эцэс хойд насанд сайн төрлийг олох улмаар гэгээрлийг олох нь нэн чухал билээ. Чухамхүү энэ зорилгыг хэрхэн бүтээх талаар эдүгээс 2500 жилийн өмнө Энэтхэгийн Колияа омгийн Вяаггхапажжа хэмээх хүн Бурхан багшаас асуухад Бурхан багш юу гэж сургасан болохыг Вяаггхапажжа сутта –аас мэдэж болох билээ. Энэхүү Вяаггхапажжа сутта нь Пали хэл дээрхи “Гурван аймаг савны ном”-ын Сутта Питака буюу Судрын аймгийн Ангуттара никаяа хэмээх хэсэгт багтах бөлгөө.
Вяаггхапажжа сутта
Гэргийтэн хүн энэ насанд амар амгалан, аз жаргалтай байхын тулд дөрвөн зүйлийг анхааран бүтээх хэрэгтэй. Дөрөв юу хэмээвээс:
1. Хичээл шамдлыг бүтээх
2. Сонор сэрэмжийг бүтээх
3. Сайн хүмүүстэй шадар нөхөрлөх
4. Зохистой амьдралаар амьдрах
Хурааж хуримтлуулсан эд хөрөнгө дөрвөн зүйлийн шалтгаанаар арвижин дэлгэрдэг.
1. Эмс охидтой наргин цэнгэхэд дурлахгүй байх
2. Мансууруулах идээ ундаа хэрэглэхгүй байх
3. Мөрийтэй тоглоом тоглохгүй байх
4. Муу үйл хийгч хүмүүнтэй шадар нөхөрлөн амраг найз болохгүй байх
Гэргийтэн хүн хойд насанд амар амгалан, аз жаргалтай байхын тулд дөрвөн зүйлийг анхааран бүтээх хэрэгтэй. Дөрөв юу хэмээвээс:
1. Сүсэг бишрэл төгөлдөр байх
2. Ёс суртахуун төгөлдөр байх
3. Өглөгийн сэтгэл төгөлдөр байх
4. Билэг ухаан төгөлдөр байх