2021-11-10 | Нийтэлсэн:admin | Үзсэн:4584
Ёс зүйн асуудал түүхэн тодорхой үзэгдэл бөгөөд олон төрөл мэргэжлийн харилцааны тодорхой хэв маягтай зохицсон, бие хүний ёс суртахуун бүрэлдэн бий болдог. Ёс зүйн харилцааны онцгой мэргэжил бол анагаах ухаан бөгөөд энд ёс суртахууны хүчин зүйл голлох байр суурь эзлэхийн зэрэгцээ нийгэм энэ чиглэлд тодорхой өндөр шаардлага тавьсаар ирсэн.
Харин Монголын уламжлалт анагаах ухааны сурвалж болон тайлбар зохиолуудад эмчийн ёс суртахууныг дараах байдлаар номложээ. Үүнд:
1. Эмчийн шалтгаан:
Эмчийн шалтгааныг дотор нь дараах байдлаар авч үзсэн байна. Үүнд:
Оюун төгөлдөр байх нь эмчийн мэдлэг буюу хамгийн эрхэм шалтгаан. Номын утгыг сайтар ялган таньж өөртөө шингээж чадсан оюун ихтэй байх. Ямар ч нөхцөлд эргэж буцахгүй, гуйвж хөдөлшгүй бат оюунтай байх. Номын утгуудын мөн чанарыг нэг бүрчлэн сайтар мэдэж шинжлэн бодож зөв шийдвэр гаргах хурц оюунтай байх гэсэн гурван зүйл байна.
2. Эмчийн мөн чанар нь:
Үлэмж дээд цагаан сэтгэлээр аливаа хүмүүнд хоёргүй сэтгэлээр хандан үйлчлэх асуудал юм. Аливаа амьтанд туслах сэтгэлийг гол болгож хуурмаггүйгээр сүсэглэж бодийн дээд нигүүлсэнгүй сэтгэлийг цаг ямагт барих, эмч хүн муу заяаны зовлонгоор эмгэнэгсэд, өвчинд нэрвэгдэгсдэд нигүүлсэнгүйгээр амьтан бүхэнд ганц хүүгийн эх мэт бодийн дээд энэрэх, асрахуйн сэтгэлээр ханддаг байх ёстой.
Ойр холын хүмүүст тачаал шунал, уурыг гаргалгүй алив нэгэн хүн зовлонгоос хагацахад сэтгэл баясаж баясгалангийн сэтгэлийг барих ёстой. Алтны тоосыг сайн муу гэж үзэхгүйтэй адил дайсандаа уурлахгүй, садан гээд илүү асрахгүй хөгшин залуу, нэр төртэй, баян хоосон гэж ялгалгүй бүхэнд туслах бодийн дээд эн тэгш сэтгэлийг барьж байх ёстой гээд эдгээрийг цаглашгүй дөрөв хэмээн томьёолсон байна.
Тангараг төгөлдөр байх нь: Ном эрдэм заасан багшийнхаа ачийг санан дурсаж, хүндэтгэн дээдэлж бодитой бурхан мэт үзэх.
- Багшийн заасан ном, сургааль, айлдвар, зарлигт үнэн сэтгэлээсээ итгэн эрхэмлэн үзэх
- Анагаах арга, заслын ёс, ном сургаалийг хуурмаггүй, бодитой зүйл хэмээн сүсэглэж судлаад өөрийн оюундаа тогтоох
- Хамтран зүтгэгч нөхөд, хамт олноо номын сайн нөхөр гэж үзээд хүндлэх, энэрэх асрах
- Өвчинд нэрвэгдэгсдийг өөрийн хүүхэд, үр ачтайгаа адилтган бодож асрах
- Өвчтөний өгөр, цус, өтгөн, шингэн, үнэрээс сэжиглэлгүй, нохой гахайд тохиолдсон явдал мэтээр оюун санаандаа бодож тангаргийг сахих зэрэг болно.
Эдгээрт баримтлан үйлдэх 2 зүйл байна. Үүнд:
Эмч бүхнийг дамжсан анагаах ухааныг баригч их мэргэдийг ялгуулсан зарлигийн хувилгаан мэтээр шүтэж тэдгээрийн зураг, урлал, ном судар, хануур, хатгуур, төөнүүр зэрэг дамжин ирсэн багаж, эд, эдлэл, тахил, зайг эрхэмлэн нандигнан хайрлаж хамгаалах хэрэгтэй.
Тэдгээрийг мутрын бэлэг мэт бодож цаг үргэлжлүүлэн хэрэглэн ашиглаж сураад хайрлаж гамнах хэрэгтэй. Мөн мэдэж үйлдэх зүйлд эм найруулахдаа мэргэд нарын уламжилж ирснээр ёсчлон найруулж өөрийн биеийг “Биндэръяа”-гийн гэрэлт хааны чанарт үүсгэн адистидийн хүчийг оруулаад эмийн савыг рашаан агуулсан бадар аягаар сэтгэн өвчин ад зэтгэрийг анагаан арилгаж үхлээс аврагч рашаан боллоо хэмээн бясалган сэтгэж үйлдэнэ. Ёсчлон найруулж адистидласан эмийн дээжийг багш, бурхан, сахиус, аршуудад тахил болгон өргөж буян хураах зэрэг болно.
Эмчийн урныг биеийн, хэлний, сэтгэлийн үйлээр нь шинждэг.
Биеийн уран нь: Аливаа заслыг хийж гүйцэтгэхэд гар уран байх хэрэгтэй.
Хэлний уран нь: Онош эмчилгээ нь тодорхой болсон өвчтөний тухай олны дунд лавай үлээх мэтээр бүхэнд мэдэгдэх хэлээр товч тодорхой өгүүлэх, өвчтөний эмчилгээний асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй могойн хэл хоёр тийш салаалах адил тайлбарлаж ойлгуулах, өвчтөний тавилан муу бол нотлох үгийг сайн бэлдэж өвчтөний ар гэрийнхний байдалтай уялдуулан жишиж зөөлнөөр тодорхой өгүүлнэ. Түүнчлэн ар гэрийнхний сэтгэлийг сэргээхийн ялдамд хичээнгүйгээр асарч тэтгэхийн чухлыг ертөнцийн хүний номын ёстой уялдуулан тайлбарлаж өгөхийн чухлыг онцлон зааж өгсөн ба үгийн утга яруу тод, хариулахад мэргэн, өвчтөнтэй харьцахдаа дурыг нээн баясгалангийн сэтгэлийг үүсгэж байх хэрэгтэй.
Сэтгэлийн уран нь: Ухаан хурц байж сэтгэл мунхрахгүйгээр өвчнийг оноож түүний эм, засал, идээ, явдал мөрийг мэдэж сэтгэлдээ урласан байх бөгөөд эдгээрийг урлаж чадсанаар бүхний тэргүүлэгч болно.
Хэлний үйл нь:
- Онош эмчилгээ нь тодорхой болсон өвчтөний тухай олны дунд лавай үлээх мэтээр бүхэнд мэдэгдэх хэлээр товч тодорхой өгүүлэх
- Өвчтөний эмчилгээний асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй бол могойн хэл хоёр тийш салаалах адил тайлбарлаж ойлгуулах
- Өвчтөний тавилан муу бол нотлох үгийг сайн бэлдэж өвчтөний ар гэрийнхний байдалтай уялдуулан жишиж зөөлнөөр тодорхой өгүүлнэ.
- Түүнчлэн ар гэрийнхний сэтгэлийг сэргээхийн ялдамд хичээнгүйгээр асарч тэтгэхийн чухлыг ертөнцийн хүний номын ёстой уялдуулан тайлбарлаж өгөх нь чухал.
Эмч хэмээх нь өргөн агуулгаараа амьтны бие, хэл, сэтгэлийн зовлонг арилган анагаагч болой.
Эмчийг Тэнцэшгүй, Ялгавартай, Эгэл жирийн эмч гэж гурав ангилдаг.
- Тэнцэшгүй гэдэг нь уур мунхаг тачаангуй зэрэг гурван хорын шалтгаан болон муу сэтгэлээс олсон өвчин бүхнийг уг үндэснээс нь арилган эмчлэх чадвартай түүнээс дээр эмчгүй гэсэн түгээмэл ойлголт бий болгосон.
- Ялгавартай гэдэг нь бусдын ухаанд шүтэхгүйгээр, өөрийн мэдлэг, чадвар, зөн билэгт итгэн өвчнийг шинжлэн таньж эмчлэх чадварт эзэмшсэн.
- Эгэл гэдэг нь удам сайн үе залгамжилж ирсэн эмч нар болон мэргэдийг даган эмчлэх үйл ухаанд суралцаж гол ёсыг сайтар сурч дадлагажсан эмч нар болой.
Мөн эгэл эмчийг дээд эмч, адгийн эмч гэж ангилдаг юм байна.
Дээд эмч: язгуур гарал сайтай, зургаан тангарагтаа үнэнч, анагаах ухааны гол ёсны судрын утгад мэргэжсэн, увдисын оньсыг уншиж, сонсч мэдсэн дадлага, туршлага сайтай, дээд номыг эрхэмлэн хэрэглэдэг, шунал хүслийг тэвчсэн, эелдэг даруу, үйлд уран, амьтныг асрахуйн сэтгэл үлэмж их, агшин төдий ч сэтгэл алгасалгүй бусдын хэргийг өөрийн хэрэг адил үзэж, анагаах ёс бүхэнд будилан, самуурах үгүй эмч бол оройн чимэг мэт эрхэм дээд эмч болно.
Адгийн эмч нь 3 янз байна:
- Хойчийн төлөө мартагч, Мэргэд адил болохыг горилогч, өөрийн хүнээ (өвчтнөө) бусдад өгөгч нь согтуу, солиотой
- Худал хуурмаг, ид шидтэн мэт зальхай, авсан ажил хэргээ үл хариуцагч, архины эрхэнд автагдсан зальхай
- Сурч, мэдээгүй байж бардамнах, өөрийн чадал үгүй байж, адил сацуу нөхрөө басамжлагч онгиргон шинжүүдтэй байна.
Мөн эмч хүнд хориглох 10- хар нүгэл байдаг. Үүнд:
1. Өвчтөний амийг таслах
2. Өвчтөний эд юмыг хулгайлах
3. Өвчтөний эхнэр, нөхөрт тачаах нь биеэр үйлдэх гурван нүгэл,
4. Өвчний талаар худлаа хэлэх
5. Өвчтөнийг ширүүн үгээр загнах
6. Үхнэ хэмээн чалчих
7. Эмч өвчтөнүүдийн хооронд хов зөөж бусниулах нь хэлээр үйлдэх дөрвөн нүгэл,
8. Өвчтөнийг хорлох санаа төрөх
9. Өвчтөний эд хөрөнгөнд шуналын сэтгэл өвөрлөх
10. Өвчтөнийг үхэхэд баярлах нь сэтгэлээр үйлдэх гурав бөгөөд эдгээрийг тэвчих хэрэгтэй.
Эмчийн ур чадварын 12 гэм гардаг. Үүнд:
1. Язгуур угсаа муутай тул үнэг арслангийн оронд суусан мэт бүхэнд хүндлэгдэхгүй байх
2. Номын утгыг дотроо багтааж ухаарах оюун билиггүй үл мэдэх тул сохор хүнд эд тэргүүтнийг үзүүлэхэд ялгах үгүйтэй адил өвчний зүйл, хийх эм заслаа ялгадаггүй.
3. Багшийн заасан ёсыг нүдээр эс үзсэн, өөрийн судалж мэдсэн үгүй тул зам мэдэхгүй хүн хээрийн замд орсон адил өвчний тавиланг тодорхойлох чадваргүй.
4. Үзэх, хүрэлцэх, асуух тэргүүтэн оношлох аргыг мэдэхгүйгээс өөрийн садан төрөл, таньж мэдэх хүнгүйгээр танихгүй хязгаар оронд очих адил юуг ч үл мэдэх.
5. Судсаар хүрэлцэж, шээсээр үзэж шинжлэх аргыг мэдэхгүй эмч бол харуулчин хэрэг гарахад мэдээлэх аргаа мэдэхгүйн адил халуун, хүйтэн өвчин гэж үл ялгана.
6. Анагаахад хялбар, хүндийг мэдэхгүй эмч бол хүмүүсийн сайн муу өгүүлэхийг үл ялгаж олны өмнө ичгэвэртэй байдалд орж муу нэр дуулах.
7. Өвчнөө таньсан боловч эмчлэх аргаа мэдэхгүй эмч бол харанхуйд сум харвахын адил ерөндөг нь өвчнийхөө дээр үл буух.
8. Идээ ундаа, явдал мөрийг мэдэхгүй эмч бол өөрийн нөхрийг дайсан болгож хувиргахын адил өвчний хүчийг үлэмж нэмэгдүүлэх.
9. Амирлуулах найрлагыг мэдэхгүй эмч бол дөрвөн улиралд ялгаж тарих ургамлыг мэдэхгүйгээр солбиж тарьсантай адил ерөндөгийг илүүдүүлэх, дутаах, буруудуулах мэтээр өвчний хүчийг нэмэгдүүлэх.
10. Арилгах таван үйлийг мэдэхгүй эмч бол элсэнд ус хийгээд хоёулаа алга болохын адил өвчин хийгээд биеийн тамирыг эмийн хүчээр дарах.
11. Хэрэглэх багаж зэвсэггүй эмч бол хуяг зэвсэггүй баатар дайнд орохын адил өвчний хүчийг дарж үл чадах.
12. Хэдийгээр багаж зэвсэгтэй боловч ханах орон, төөнөх билчрээ мэдэхгүй эмч бол хулгайч хүн хаана юу байгааг мэдэхгүй таамгаар нүх цоолохын адил засал нь өвчнөө онохгүй зөрөх эдгээр болой.
Эмч хүний сэтгэл, ур чадвар, хэлний үйлээс гарах эцсийн үр дүн нь хоёр байна.
- Ахуйн үр дүн нь эмч өвчтөнд урт нас жаргал, эрх, эд агуурс, баясгалан, сэтгэлийн амгаланг бүтээн өгөх болно. Бусдад тус болохын тухайд өөрийн эрдэм бүхнээ зааж дэлгэрүүлэх, хорлож байсан хүнийг ч ах дүү мэт энэрэнгүй сэтгэлийг барин эмчлэх үйлсийн эцэст алдар нэрийг олох болно.
- Эцэс хязгаарын үр нь нигүүлсэн, сэтгэлийг дэвтээн хуурмаг хүслүүдийг тэвчиж, зовлонтон бүхэнд харамгүй тусалснаар буян хишиг нь дэлгэрээд, тэнцэшгүй (ламэд) бурхны хутгийг ч олох болой гэжээ.