Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Бурхан бидний амьдралд

Амьдрал юун их зовлонтой гэж хүмүүс гасална

Алив зовлонгийн шалтгааныг үл танина хүмүүс

Алхам бүрдээ зовлонгийн үрийг тарьж

Аяа тэгээд үр нь боловсрохын цагт харамсана хүмүүс

Хормын төдий амьдрах дэнгийн эрвээхий

Халуун дөлийг сайхан хэмээн андуурч

Хойчийн зовлонг танин эс чадаад

Халуун галд шатаж үхэхийн адил

Орчлонгийн элдэв цэнгэлээр сэтгэлээ хуураад

Одохуйг мартаж хойчийг үл санаад

Хуурмаг жаргал бүхнийг эрэн тэнээд

Хожмын зовлонгийн үрийг таримуй, хүмүүс бид

Ухаант хүний биеийг олон төрчихөөд

Угтаа эрвээхэй мэт амьдрах хайран бусуу

Бодож ухаарах оюун байвч сэхээрч үл чадвал

Бодон гахайнаас юуны ялгаатай ажаам

Өнөөдөр янзага идэх цөөвөр чоно

Өнөө эс ч маргааш арсланд идэгдэхээ үл санах шиг

Мөнх бусыг бодовч одох цагаа хэзээ хэмээн найдангуй

Мөнх бусыг үзүүлэхийн цагт хойтыг санан гасалмуй, хүмүүс бид

Энэ мэт нүгэл бүхэн сэтгэлээс ургана

Эндэгдэлгүй явья хэмээхүйд улам улам шунах нь хөөрхий

Чөлөө учралт хүний биеийг олон төрсний хэрэг юун билээ

Чухаг дөрвөн үнэнийг танин дагах чухалтай

Эдгээр бүгдийг ухааруулахын тухайд

Элдэв хүний наян дөрвөн мянган муу сэтгэлийг дарахын тулд

Эрдэнэт хүмүүнийг сансраас гэтэлгэхийн тухайд

Энэрэн нигүүлсэгч Бурхан мэндэлсэн бөлгөө.

Тэрсүүдийн ёс ба бусад номлолыг Бурханы сургаал

Тэнгэрийн ганц нар олон оддыг сүрээрээ дарах мэт гийгүүлээд

Найман түм дөрвөн мянган зохиолоо

Найман номтой эс учран зохиов оо.

Туулах зовлон үгүй ч мөн чанарыг таниваас зохилтой

Тэвчих зовлон үгүй ч шалтгааныг тэвчин үйлд

Огоорох гэм эс байвч огоорохын сэтгэл дүүрэн бай.

Огоот бясалгах юу ч эс байвч огоорохын сэтгэл дүүрэн бай.

Эрхэм дээд Бурханы энэ сургаалыг санан дагаснаар

Энэ ба хойт насандаа зовлонгоос гэтэлмүй.

Энэ мэт эс явснаар хүмүүн бид

Энэлэл зовлонгийн балчигт мөнхөд унамуй

Орчлон иймээс Сиддхарта мэндэлсэн буюу

Одоо тиймээс Шагжамүниг даган бусуу

Аливаа төрөлхтөнийг эх шигээ хайрлахын учир

Амьтан бүгдэд Бурхан багш аврал болсон бөлгөө.

Нийтэлсэн: С.Энхмаа

    Бусад мэдээлэл