Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Далай лам: Хэрвээ хүсвэл миний эрүүл мэндийн төлөө уугаарай л даа

Дээрхийн гэгээнтэн 1935 оны зургадугаар сарын 6-нд төрсөн юм. Далай лам төрсөн өдөр тэмдэглэхийг дэмий цаг үрэх шалтгаан гэдэг. Тэрбээр Оросын бурхны шашинтнуудад зориулан төрсөн өдрөөрөөр ярилцлага өгөхөөс татгалзаагүй байна.

-Та түвдүүдийн хувьд “Амьд бурхан”?

-”Амьд бурхан” гэдэг нь хятадын буруу орчуулга. Тэд түвдийн лам гэдэг үгийг “гэгээнтэн” гэж буулгасан хэрэг. Заримдаа надад өрнөдийнхөнд Далай лам бол бурхан гэсэн ойлголтыг тайлбарлах шаардлага гардаг. Энэ нь их алдаатай ойлголт байгаа юм. Гэгээрсэн ламтны хувьд гэвэл сүнс нь эргэн төрөх боломжтой. Гэхдээ би миний өмнөх Далай лам нарыг бүгд эргэн төрсөн гэдэгт эргэлздэг. Миний хувьд гэвэл өөрийгөө V Далай ламын хойд дүр гэдэгтээ итгэлтэй байдаг. Яагаад гэвэл хүүхэд насанд минь түүнтэй холбоотой олон дурсамж байдаг байв. Түүнээс гадна би чинь их залхуу байсан юм. Багш нараасаа дутахгүй философийн мэдлэгтэй нь өнгөрсөн амьдралтай минь л холбоотой.

-Таныг хоёрхон настай байхад XIII Далай ламын хойд дүр гэж тодруулсан. Энэ нь таны хувь тавиланг шийдвэрлэсэн. Таны амьдрал өөр байх байсан гэж хэзээ нэгэн цагт бодож үзсэн үү?

-Би их залуухан байхдаа жил бүр Поталад гурван долоо хоног ганцаарчилсан сургалтад суудаг байсан. Бүтэн өдөр багш нартайгаа хичээллэж орой нар шингэх үед бэлчээрээс малаа тууж ирж байгаа хүнийг хараад эдний нэг нь болохсон гэж мөрөөддөг байлаа. Дараа нь надад ногдсон үүрэг хариуцлагыг хүлээн авч ойлгосон. Хэдийгээр заримдаа миний боломжоос хэтэрсэн мэт санагддаг ч.
Миний унших дуртай мөргөлийн нэгэнд “Хорвоо дэлхий оршин байгаа цагт зон олон зовлон зүдгүүртэй үед би тэдэнд үйлчлэхийн тулд хамт үлдэнэ” гэсэн мөр байдаг. Миний амьдралын утга учир энэ дээ.

-Өдрийг хэрхэн өнгөрөөдөг тухайгаа ярьж болох уу?

-Би 03.30 цагт босдог. Бясалгал хийж угаалга үйлддэг. Дараа нь салхинд гарч шашны ном уншин бясалгалаа үргэлжлүүлдэг. 05.15-д өглөөний хоол идэж “Америкийн дуу хоолой” радиог сонсдог, түвд хэл дээр. Өглөөний цайны дараа бясалгал хийж буддын шашны философи судалдаг. Заримдаа цай уухаасаа ч өмнө “Newsweek”, “Time” сэтгүүл, сониныг гарчигладаг. “ВВС”-гийн 07.30 цагийн мэдээг заавал сонсдог. Надад заримдаа “ВВС”-гээс “хараат” болсон ч юм шиг санагддаг шүү. Хилийн чанадад байхдаа заримдаа ямар нэг шалтгаанаар “ВВС”-г сонсоогүй бол дэлхий ертөнцийн мэдээллээс тасарчихсан шиг санагддаг.
Дараа нь 17.30 минут хүртэл ажиллаж 18.00 цагт цай уудаг. Бурхны шашинтны ламын хувьд үдээс хойш хоол иддэггүй. Яах вэ хааяа ганц хоёр жигнэмэг иддэг л дээ. Энэ үедээ мөн л “ВВС”-г үздэг. Дараа нь дахин бясалгал хийж 20.30 цагт унтахаар орондоо ордог. Нойр бол бясалгалын хамгийн чухал хэсэг. Шувууны хувьд ч гэсэн. Диваажинд очихын тулд бус амьдрахын тулд.

-Төрсөн өдөр энэ цагийн хуваарьт тань өөрчлөлт ордог уу?

-Би төрсөн өдрөө тэмдэглэдэггүй. Миний бодлоор энэ бол цагийг дэмий үрж байгаа хэрэг. Бусад өдрөөс юугаар ч ялгардаггүй. Ер нь бол өдөр бүхэн л төрсөн өдөр шүү дээ. Өглөө бүхэн шинэ сэргэг байдаг. Гол нь шинэ өдөр танд ямар нэгэн чухал зүйл авчрах ёстой. Мэдээжийн хэрэг надад баяр хүргэхээр албаны хүмүүс ирдэг л дээ. Гэвч ямар ч хүлээн авалт болохгүй. Миний төрсөн өдрийг санаж мэдэж байгаад би талархаж байна. Хэрвээ хүсвэл миний эрүүл мэндийн төлөө уугаарай л даа.

-Өрнөдийнхөн сүүлийн хэдэн жил бурхан шашингүй хүн сөрөг сэтгэлийн хөдөлгөөн, стрессээс ангид байж чадахгүй гэж номлох болсон. Энэ тухай таны бодол?

-Сайн асуулт байна. Би тийм итгэлтэй биш байгаа ч сэтгэл санааны хүнд байдлаас шашин шүтлэггүй ч гэсэн гарч болно гэж боддог. Танд зөвхөн бодож сэтгэх л үлдэнэ. Миний бодлоор энэ бол сүсэг бишрэлээс илүү үр дүнтэй. Уур бачимдлаас ямар сөрөг үр дагавар гарч болохыг бодох хэрэгтэй. Уур хилэн бол түр зуур л сэтгэл санааг хөнгөлнө. Тухайн хүн рүү дайрч давшилж тайвшрах мэт боловч цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэл өвдөж өнгөрсөнд харамсч ичгүүртэй болно. Түүнээс гадна унтаж чадахгүй сэтгэл үймэрч, хоол унднаас гарч эрүүл мэнд муудна.
Миний энэ уур хилэн дайсанд маань нөлөөлнө гэж үү. Үгүй шүү дээ. Миний сэтгэлийн тэнцвэртэй тайван байдлыг алдагдуулж бие организмыг минь муутгана. Би өрнөдийн олон эрдэмтэн, биологич, сэтгэл судлаачтай харилцдаг. Тэд сэтгэлийн хөдөлгөөн хүний биед нөлөөлдгийг нэгэн дуугаар нотолдог. Эерэг нь тархины үйл ажиллагаанд таатай нөлөөлж сөрөг нь хүндрүүлдэг.

-Орос болон дэлхий даяар сүүлийн жилүүдэд алан хядлагын аймшигт автаад байна. Алан хядлагад ойр дотны хүнээ алдсан хэн нэгэнд бясалгал тэгтлээ тус болно гэж бодохгүй байна. Бурхны шашны зүгээс терроризмтэй хэрхэн тэмцэх вэ. Хэрвээ үзэн ядалт, хүчирхийлэл тус болохгүй бол?

-Буддын шашны болон эрүүл саруул ухааны үүднээс авч үзвэл бидний асуудлын шалтгаан нь мэдлэггүй алсын хараагүйнх. Эдийн засаг, улс төр ер нь ямар ч салбар байсан мэдлэг дутуугаас алдаатай шийдвэр гаргадаг. Дэлхий ертөнцийн бүх үзэгдэл хоорондоо нягт холбоотой. Ямар нэгэн уялдаа холбоогүй болдог зүйл гэж байхгүй.

-Өнөөдөр буддизм өрнөдөд их моод болжээ. Холливудын одууд хүртэл бурхны шашинд орох болсон. Бурхны шашин өрнөдийнхөнд ямар нөлөө үзүүлэх бол?

-Буддизм хүн төрөлхтний гол асуудал болсон хөгшрөлт, өвчин, зовлонгийн шалтгааныг судалдаг. Эдгээр асуудал Европ, Африкийн баян ядуу ямар ч хүнийг тойрдоггүй. Мянган жилийн өмнө ч энэ асуудал байж л байсан. Шүтлэгийн тухайд бид соёлын болон шашны гэж хоёр ангилалд хувааж ойлгох хэрэгтэй. Соёлын хэмжүүрийн хувьд тухайн орноос шалтгаалан өөрчлөгддөг. Түвд, япон, хятад ч гэх юм уу. Гэхдээ үндсэн параметр нь хэвээр байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт өрнөдийн буддизм гэсэн ойлголт гарч ирнэ. Өөрийн гэсэн онцлогтой.

-Та өөрийгөө үргэлж л жирийн л нэг лам гэдэг. Гэвч энэ тодорхойлолт заримдаа “бааштай” юм шиг санагдах юм. Тэр тусмаа таныг түвдүүд зовлонгоос ангижруулагч гэж шүтэж байхад?

-Би чинь дүрвэгч. Тиймээс би Ромын хамба ламаас ялгаатай нь албан бус статустай. Би чинь өөртөө олон зүйл зөвшөөрч чадна. /инээв/ Манай гэр бүлийнхэн наргиж тоглох дуртай байсан. Би хатуу тогтоосон протокол хүмүүсийн дунд саад тотгор үүсгэдэг гэж боддог юм. Аль болох албан бус харилцаатай байхыг илүүд үздэг.

Далай лам үнэхээр хөгжилтэй нэгэн гэдгийг ярилцлага авсан сурвалжлагч бүр тодотгодог. Тэрбээр ямар ч хүнд асуудлыг наргиан болгон хөнгөрүүлэх шидтэй. Та “youtube” сайтаас Дээрхийн гэгээнтэн Америкийн Конгрессийн алтан медаль авахдаа тэнд байгаа хүмүүсийг хэрхэн инээлгэн баясгаж байгааг харж болно. Хошин шогийн өндөр мэдрэмж хүний амьдралыг баяр баясгалантай учир утгатай болгодог ч байж мэдэх юм хэмээн Далай ламтай ярилцсан сэтгүүлч бичжээ. Ганцхан жишээ дурьдахад Оросын нэрт дуучин Филипп Киркоров Далай ламыг зорин Энэтхэгийн Дармасалд ирж уулзахдаа “Олон өрсөлдөгчтэй шоу бизнесийн ертөнцөд хэрхэн “амьд” үлдэх вэ” гэж асуухад “Мэдэхгүй. Надад өрсөлдөгч байхгүй” хэмээн хариулжээ. Энэ хариултын дараа инээмсэглэхгүй байж болно гэж үү.

Нийгмийн толь сонин
2008 он
Д.Баясгалан

    Бусад мэдээлэл
    2012-05-31