Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Майдар эргэх ёсон

Монгол орноо бурханы шашин гурвантаа дэлгэрсэн цаг үеэс дээдийн номын ариун дуу дуурсан, соён гэгээрэх, ариусан дэлгэрэхийн сайн мөрт, хүмүүнлэг энэрэнгүйг дэвтээж ирээдүйн сайн сайханд зоригдсон бурханы шашны зан үйлүүд олноор уламжлагдан ирсний нэг нь Майдар эргэх ёсон юм. “ Тансан ламын баруун этгээдэд зорчсон нь” хэмээхэд Монгол газар Майдар эргэх зан үйл болж байсан тухай тэмдэглэсэн байдаг нь бид нэн эртний уламжлалтайн баримт билээ. Энэхүү Замбуу тивд сайн цагийн мянган урхан залрах ёрөөлтэй. Энэ тухай “Сав шимийн тогтсон ёсыг өгүүлсэн” сударт:
Алтан дэлхий дээр найман түмэн бээрийн гүн их далай тогтсон дотроос шар цэцэг нэг мянган тоот гарсныг ариун орны тэнгэрүүд үзээд энэ галавт мянган бурхан залрахын сайн ёр хэмээгээд “ Галсан” буюу “Сайн галав” хэмээцгээсэн тухай өгүүлсэн байөдаг.
Одоогоор дөрөвдүгээр бурхан Шагжамүни бурханы зохиол үйлс дэлгэрэн буй цаг мөн билээ. Түшидийн орны Бодьсадва нарт ном айлдан буй богд Майдарын гэгээн ирээдүйд Замбуу тивд заларч хувь төгөлдөр шавь тэргүүтэй хамаг амьтан нийтийг гэгээрэллд хөтлөхийн ерөөл дэмбэрэлтэй болой. Үе үеийн мэргэд энэхүү зан үйлийг өргөн дэлгэр хийсээр ирсэн нь өндөр гэгээн Занабазарын үед улам дэлгэрч сүсэгтэн олныг хамарч, хилэну бузрыг тэвчин, ариун ёс журмыг сахин дээдлэхэд хөтөлсөн томоохон зан үйл болсон байна. Майдар эргэх товыг урьдчилан ард түмэндээ зарласнаар нийтээрээ орролцон тахил өргөж, төрөл тутамдаа бурханы шашин лугаа золгохын ерөөл тавин даган баясдаг юм. Тухайлан бэлтгэсэн жууз тэргэнд Майдарын ногоон морийг байрлуулан сэнтий засаад үлэмжит торгон чимэг зүүлтээр чимэглэн бэлтгэсэн байдаг. Дуганаас Майдар бурханыг залах үед Банчин богд Лувсанчойжанцангийн айлдсан “Майдарын магтаал”-ыг олон лам ая эгшиг нийлүүлэн сүр жавхлантай уншихад хийдийн тэргүүн хамба тахилын ширээнээс хүндэтгэлтэйгээр өргөн залж, сонин сайхан сонсголонт хөгжмийн дуу, анхилам үнэртний дундуур явсаар жуузан дахь сэнтийд залдаг байна. Энэ нь Майдар бурхан замбуу тивд залран ирж байгааг бэлэгдэж байгаа бөгөөд идээ ундаа, ая эгшиг анхилам үнэртэн ариун тахил бүгдийг өргөж бурханы тааллыг баясгаж байна гэж сүсэглэн үйлдэх учиртай. Ногоон морины эрдэнийн чимэг шигтгээ бүхий хазаарыг хадгаар бүрж жолоог нь Майдарын мутарт өргөж, цулбуурыг нь хамба лам гар дээрээ тохож хөтлөн явдаг. Энэ маягаар ертөнцийн дөрвөн зүгт үдлэн хурал ном хурж байгаа нь Майдар бурхан ногоон морио хөлөглөн Замбуу тивийг тойрч амьтны тусалд номын хүрд эргүүлж буйн бэлгэдэл билээ. Майдар бурханы даган саад зэтгэрийг хялбар даван туулж эцэстээ гэгээрлийн хутгийг олох, эдүгээ хамаг амьтан аймшигт өвчин зовлон, цаг бусын үхэл хагацлаар нэрвэгдэхгүй навч цэцэг, хур бороо цаг цагтаа дэлгэрэн бууж, хүний сэтгэл үйл ариусан дэлгэрэхийн нягууртай ажгуу. Иймээс бид бүгдээр үнэн сүсгийг сайтар төрүүлэн хичээнгүйлвээс ялгуусан бурхадын тангараг зохиолд эрэглзэх зүйл үгүй билээ. Бурхан багшийн шашин доройтож, хүний дундаж наслалт 10 болтлоо баасах бөгөөд бие нь анх Бурханы шашин дэлгэрч байсан үеээсээ 2 дахин жижиг болно. Тэр цагт шашны тэмдэг шар, улаан өнгө төдийхнөөр харагдана. Хүн төрөлхтөн ёс суртахуун, биесээ хайрлах, энэрэх сэтгэлгүй, цусан далай урсгана. Энэ үед Майдар бурхан заларч, бурханы шашныг дахин сэргээхээр ам авсан гэдэг. Энэ тухай “Додүдва”, “Парчин”, “Сэр-Од” зэрэг Төвд хэл дээрхи олон номонд бичиглэсэн байдаг. Түшидийн оронд залран буй Майдар бурхан Цагийг Эзэлсэн Бурханы дүрээр энэхүү сайн галавын тав дахь бурхан болон залрах түүхтэй. Тэрбээр бярман язгуурт номын гэр бүлд мэндлэх бөгөөд гэрээ орхин хувраг болж зургаан жилийн урт хугацаанд бус нэгэн өдрийн дотор гэгээрэлд хүрэх болно. Ийнхүү Монгочууд Майдар бурханыг ирээдүйн бурхан хэмээн шүтэж, тахиж, ирээдүй хойч үеээ түүнд даатган залбирч түүний номын хураас хүртэх ерөөл тавьдаг уламжлалтай.

    Бусад мэдээлэл