Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Маанийн Сургаал

  1. Ачит багшаа биширч
    Авралт бурхандаа мөргөе
    Ариун номоо дээдэлж
    Асралт хуврагтаа сүслэе (Ум ма ни бадми хум (4))
  2. Цагаан сүүгээр тэжээсэн
    Ээжийн ачийг яндашгүй
    Гэгээн номоор гийгүүлсэн
    Багшийн ачийг хэмжишгүй (Ум ма ни бадми хум (4))
  3. Салхинд хөөгдсөн үүл шиг
    Сарниж оддог нас шүү
    Усанд тогтсон хөөс шиг
    Урваж оддог бие шүү (Ум ма ни бадми хум (4))
  4. Ашиг алдрын зэрэглээг
    Хөөж яахан гүйцэх вэ
    Аминч хүслийн цангааг
    Тайлж яахан барах вэ (Ум ма ни бадми хум (4))
  5. Мөнгөөр аргалж болдоггүй
    Мөнх бусыг санааарай
    Өнгөөр хуурч болдоггүй
    Үйлийн үрийг бодоорой (Ум ма ни бадми хум (4))
  6. Энэ ертөнцийг мэхэлэвч
    Эрлэгийг мэхэлж чадах уу
    Эцэс жаргалыг горьдовч
    Тамыг алгасч дөнгөх үү (Ум ма ни бадми хум (4))
  7. Үхэх төрөхийн орчилд
    Үнэн чанарыг таниасай
    Жаргах зовохын ээлжинд
    Буян нүглийг ялгаасай (Ум ма ни бадми хум (4))
  8. Арван хар нүглээ
    Гэмшин байж наминчил юу
    Арван цагаан буянаа
    Баясан байж хөгжөө юү (Ум ма ни бадми хум (4))
  9. Өвчин доройг асарвал
    Үрийн буянаа нэмнэ шүү
    Өтгөс буурайг өргөвөл
    Насны буянаа нэмнэ шүү (Ум ма ни бадми хум (4))
  10. Үгээгүй ядууг тэтэгвэл
    Эдийн буянаа нэмнэ шүү
    Үлэмж мэргэдийг хүндэлбэл
    Эрдмийн буянаа нэмнэ шүү (Ум ма ни бадми хум (4))
  11. Өглөгийн үрээр баяжина л
    Хомхой сэтгэлээ даралтай
    Үнэн журмаар дэвжинэ л
    Хуурмаг явдлаа орхилтой (Ум ма ни бадми хум (4))
  12. Өглөг өглөгийн дээд нь
    Номын өглөг юм шүү
    Өмөг өмгийн дээд нь
    Багшийн өмөг юм шүү (Ум ма ни бадми хум (4))
  13. Өөрийн төлөө явсаар
    Өөдлөх нь үгүй зүдэрдэг ээ
    Өрөөлийн төлөө явсаар
    Уруудах нь үгүй дэвшдэг ээ (Ум ма ни бадми хум (4))
  14. Энэрэл хайрын хураар
    Хилэнгийн түймрийг дараарай
    Эрхэм билгийн гэрлээр
    Мунхагийн харанхуйг үдээрэй (Ум ма ни бадми хум (4))
  15. Адгуу догшин сэтгэлийн
    Жолоог залахад бэрх шүү
    Арга билгийн ухаанаар
    Аяыг нь тааруулж номхотгоорой (Ум ма ни бадми хум (4))
  16. Үнэн гэж үзэгдэвч
    Үнэмлэхүй утгыг эрээрэй
    Би хэмээн хөөрөмшивч
    Билиг барамидыг судлаарай (Ум ма ни бадми хум (4))
  17. Ухааран шинжвэл хоосон
    Усанд туссан сар аа
    Нотлон шинжвэл хоосон
    Нойронд ургасан зүүд ээ (Ум ма ни бадми хум (4))
  18. Ариун бодийн мөртөө
    Алгасрал үгүй шамдалтай
    Арилсан Хутагтын номдоо
    Алдралт үгүй хичээлтэй (Ум ма ни бадми хум (4))
  19. Эцэг Богд ламыгаа
    Эгшиг шүлгээр тахиюу
    Эх болсон амьтдыгаа
    Энэ сургаалаар ачилюу (Ум ма ни бадми хум (4))
  20. Агшин зуур ч хагацалгүй
    Аръяабал минь тэтгээрэй
    Аюул бүхнээс гэтэлгэн
    Адистид юугаа хайрлаарай (Ум ма ни бадми хум (4))
  21. Шинэхэн тараг шиг буян нь
    Бодийн хөрөнгө болтугай
    Шижир алт шиг сургаал нь
    Амьтаны эм болтугай. (Ум ма ни бадми хум (4))
  • ЗочинFebruary 3, 2012

    ene ih chuhal gj bodoj bgaa, tnx :-)

  • ЗочинApril 3, 2012

    ih saihan bna. tseejleed dagamaar yum bna shuu

Бусад мэдээлэл