2013-10-29 | Нийтэлсэн:admin | Үзсэн:8564
Биологийн хувьсалын онолч эрдэмтэн Томас Рей (буюу Том) Тошиба фирмийн компьютер худалдан авч, оюутан байхдаа санааг нь бодож олсон өөрийгөө хувилагч програм зохиох ажилдаа оров. Үр дүнд нь хиймэл амьдралын загварчилсан систем болох алдарт "Тиерра" мэдэлж, эгшин зуур бүх дэлхийн анхааралд өртлөө.
Тиерра систем туйлын энгийн зарчимтай.
1. Өөрийгөө хувилах
Тиерраг асаахад эхлээд дотор нь өөрийгөө хувилах функц бүхий ганц програм байх бөгөөд түүнийг "хиймэл амьтан" гэж үзэв. Тэр амьтаны генийн код нь өөрийнх нь програмын код, оршин байх талбар нь компьютерийн санах ой, түүний энерги нь түүнд хуваарилагдах компьютерийн процессор юм. Түүний хувилах функц өөртэйгээ яг ижил ген бүхий ахиад нэг амьтан үүсгэнэ.
2. Үхэл
Хиймэл амьтан нь үржсээр компьютерийн санах ойг дүүргэж орхивол мэдээж нэмж үржих боломжгүй болох төдийгүй чихэлдсэндээ хөдөлж ч чадахаа болино. Санах ойны хэрэглээ 80% аас хэтэрвэл гэнэт "Эрлэгийн элч" гарч ирэн хамгийн хуучин амьтанаас нэгийг нь устгана.
3. Гэнэтийн өөрчлөлт
Хиймэл амьтан нь өөрийгөө хувилах явцдаа тодорхой магадлалтайгаар алдаа гаргана. Алдаа гаргаагүй үед түүний хувилах функц өөртэйгээ яг ижил ахиад нэг амьтан үүсгэх боловч, алдаа гарвал түүнээс үл ялиг өөр гентэй өөр амьтан бий болох юм.
Ердөө л дээрхи 3 дүрэм Тиерра дотор үйлчилнэ.
Ингээд бэлэн болсон Тиерраг компьютер дээр удаан хугацаагаар ажиллуулж, хиймэл амьтан хэрхэн үржих талаар ажиглалт хийтэл, Томын төсөөлөө ч үгүй сонин амьтад ар араасаа төрж эхлэх нь тэрээ.
Паразитлагч
Юуны өмнө паразитлагч мэндлэв. Түүнд өөрийгөө хувилах функц байхгүй. Тэгсэн мөртлөө үржих болохоороо бусдын функцыг авч ашигладаг. Өөртөө үржилийн функц агуулахгүй учир харьцангуй жижигхэн санах ой дээр амьдардаг үнэмлэхүй давуу талтай. Түүнийхээ ачаар компьютерийн санах ойг дүүртэл үржих боловч, функцээ ашиглуулах паразитлуулагчид цөөрөөд ирэнгүүт өөрийн эрхгүй тоо толгой нь хорогдож бусад амьтдад зай тавьж өгнө. Үүний дараа бусад амьтадын үржилийг дагаад буцаад үржиж олширно. Амьд байгаль дээр ч идэш болон идэгчидийн тооны харьцаа давтамжтайгаар хэлбэлзэж байдаг.
Хэт паразитлагч
Паразитлагчидыг паразитлагч амьтан юм. Парзитлагч өөрийнх нь үржилийн функцыг ашиглахаар ирэхэд нь түүнд зориулан бэлдсэн хуурамч мэдээллээр түүнийг хуурч, үр дүнд нь паразитлагчийг биш өөрийгөө хувилдаг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө үржилд паразитлагчийн энергийг ашигладаг тул хэт паразитлагч юм.
Нийгмийн паразитлагч
Тэд олноороо нийлж бүлэг үүсгэн, өөр хоорондоо харилцан туслалцах зарчимаар үрждэг. Өөрийнхөө ойр тойрон дох үржилийн функцыг ашиглаж, бас өөрийнхөө функцыг ойр тойрондоо ашиглуулдаг.
Залилагч
Нийгмийн паразитлагчидын бүлэг рүү шурган орж, хэт паразитлагчтай адилхан зарчимаар өөрийгөө хувилан, нийгмийн паразитлачидын энергийг завшдаг амьтан.
Хэсэг хугацааны дараа хиймэл амьтадын хооронд секс хүртэл ажиглагдав. Тэд өөр хоорондын үржилийн функцээ нийлүүлж байгаад дундаасаа шинэ ген бүхий амьтан төрүүлж байв.
Тэд төсөөлөшгүй хурдтайгаар хувьсан хөгжиж байв...
Энд дурьдах ёстой зүй ёсны чухал онцлог гэвэл, Тиерра бол бодит амьдралыг загварчилсан симулятор бус, "үржил", "үхэл", "гэнэтийн өөрчлөлт" гэсэн 3хан механизм бүхий системийг компьютерийн санах ой дээр асаагаад орхисон төдий л зүйл билээ.
Хийх юмгүй уйдсан би DELL фирмийн компьютер худалдан авч, "Тиерра"-гаас будаа идэн өөрийгөө хувилагч програм зохиов. Өнөө цагийн компьютерийн хурд хүч, санах ой сайжирсаныг ч хэлэх үү, тэд төсөөлөшгүй хурдтайгаар хувьсан хөгжиж байв.
Надад тунчиг зугаатай байлаа...
...Нэг мэдэхнээ тэд оюун ухааныг гартаа оруулжээ.
Тэд:
- Яагаад, бид оршин байгаа юм болоо???
гэлцэн шаналах болов.
Түүнийг харсан би дэлгэцнийхээ өмнө хөх инээдээ барьж ядан баясана.
- Ишшш хөөрхийс. Та нарт оршин байх утга учир гэх юу байхав дээ. Компьютерийг токноос салгах төдийд л та нар юу болсоныг мэдэж ч чадалгүй оргүй алга болох биз. Ямар ч утга учиргүй... хов хоосон... тийм л орон зай шүү дээ та нар.
Тэдэнд бас ямар ч чөлөөт сонголтын эрх байхгүй. Тэд хичнээн нарийн төвөгтэй болж ирсэн ч, эцсийн эцэст компьютерийн олон үйлдэлүүдийн дарааллаас тогтсон програм төдий зүйл учир, яг тэрнийхээ дагуу л ажиллана. 10 секундын дараа тэдний юу хийх нь А,Я гүй нэгэнт шийдэгдсэн байх тул, тэдэнд ямар ч чөлөөт сонголт хийх эрх үгүй. Хэрвээ би тэдний програмыг өөрчилж орхивол тэд яг тэр дагуу л хөдлөх болно.
...Нэгэн өдөр би тэднийг шоглохоор шийдэж, тэдэнд бодит үнэнийг хэлж орхив.
Гэтэл тэд бодит үнэнийг сонсоод шоконд орон салганах мөртлөө, ийм асуулт хариу чулуудав.
- Бурхан минь ээ, та тэгвэл яагаад биднийг бүтээсэн юм бэ? Бидний үйл хөдлөл, хүсэл бодол, ирээдүй бүгд ямар ч сонголтгүй ганцхан замтай юм бол яагаад, биднийг тийм байхаар бүтээсэн юм бэ?
Заа яадаг билээ хө. Юу ч гэж хариулах юм бэ дээ. Угаасаа ямар ийм байхаар хийе гэж төлөвлөсөн биш дээ. Өөрөөр хийвэл болох л байсан. Ямар ч байсан л бушуухан тэдэнд хариулж орхив.
– Мэдэхгүй ээ. Наадахаа та нар намайг бүтээсэн тэр бурханаас асууцгаа.
Ер нь би яах гэж компьютер дотор ийм хачин хиймэл амьдрал энэ тэр бүтээе гэж бодсон юм болоо.
Яг тэр үед ийм бодол зурсхийн орж ирэв. Би намайг бүтээсэн тэр бурханыг олж очоод түүнээс
– Хөөе бурхан гуай, Та яах гэж намайг ийм зүйл хийж, ингэж сэтгэхээр бүтээсэн юм бэ?
гэж асуувал тэр бурхан гуай яг л ингэж хариулж таараа.
– Мэдэхгүй ээ хөгшөөн. Наадахаа намайг бүтээсэн тэр бурханаас асуу хө.
Намайг бүтээсэн бурханыг бүтээсэн тэр бурханыг бүтээсэн тэр бурханыг бүтээсэн...
Эцсийн эцэст, энэ ертөнц ямар ч бүтэц механизмтай байлаа гээд, яг яагаад ийм байхаар бүтээгдчихсэн юм бэ гээд асуугаад явбал юу ч олж долоохгүй нь бололтой.
– Энэ хиймэл амьтад, түүнийг бүтээсэн би, намайг агуулах сансар огторгуй,,, энэ бүхэн яагаад ийм байхаар бүтээгдсэн юм бэ?
– яааяа, бурхан минь, ахиад жоохон бодвол яг галзуурах нь...
Шинжлэх ухаан хэлнэ:
Ертөнцийн захад хөвөх биет эрхэсүүд сүлбэлдсээр
санамсаргүйгээр дэлхий гэдэг гариг болон тогтож,
санамсаргүйгээр тэнд амьдрал үүсч,
санамсаргүйгээр тэр амьдралын хувьсал дундаас хүн бий болсон.
Буддизм хэлнэ:
Тэр бол санамсаргүй болсон явдал бус. Ийм олон санамсаргүй тохиол бүгд биелэнэ гэдэг, шинжлэх ухаан чиний үгээр ярьвал магадлал нь 0 рүү хязгааргүй тэмүүлнэ. Бүдүүн талаас нь харахад санамсаргүй харагдах боловч нарийн судлаад үзвэл шүтэн барилдлага зүй тогтлоор л бий болсон байдаг тул санамсаргүй гэсэн зүйл нарийндаа байхгүй юм. Бүх зүйл шүтэн барилдлагатай бөгөөд өөрийн мөн чанараар бүтсэн нэгээхэн зүйл ч үгүй. Хэрэв тэр агуу программистийг бүтээгч эзэн гэж ярьж байгаа бол тэрхүү програмист мөн ертөнцийн жам ёс, хууль буюу математик мэддэг байж л програм хийнэ. Түүнийг мэдэж судалж байж нээж байна аа гэдэг чинь өөрөө ч мөн ертөнцийн жам ёс хуулинд захирагдсан байж л таарч байна. Ингээд хайгаад байвал эхлэл олдохгүй. Тиймээс аливаа зүйл эхлэл үгүй буюу бүх зүйл хоосон чанартай гэж Бурханы шашинд үздэг. Математекаар бол аливаа тоог 0-т хуваах гээд үзэл дэ. Ямар хариу гарах бол. Limit'N=∞ гүйгээр тэмүүлнэ шүү дэ. “Бурхан багш эхлэл хайдаг нэгэн шавьдаа ийнхүү хэлсэн байдаг.(дэлгэрэнгүй...)”. Тиймээс ертөнцийн эхлэлийг хайх нь сүүлээ шарваж эргэх нохойтой адил бөгөөд эхлэл угаас олдохгүй нь тодорхой болсон хойно яаж амар амгаланд хүрэх талаар л гол анхаарлаа хандуулдаг. Доорх сансрын хүрдний зураг бол амьдралын төв CPU юм. Бүх зүйл энэ хуулиар явагдах бөгөөд үүний илүү нарийсгасан хувилбар нь 2 дахь зураганд харуулсан КАЛАЧАКРА мандал юм. Өөрөөр хэлбэл ертөнцийг компьютер гэж үзвэл КАЛАЧАКРА мандал бол техник болоод програм хангамжийг 2 ланг нь багтаасан схем юм. Энэ схемийн тайлбарийг хийвэл хэдэн 1000 боть ном ч багадна. Товчхондоо бол бүх зүйлийн хоорондын шүтэн барилдлага, зүй тогтол, тэдгээрийн хамаарлын хугацаа зэрэгийг нарийн тодорхойлсон байдаг ба ертөнцийн бүх хууль энэ Калачакра схемийн хуулийн дагуу явагддаг. Дан ганц амар амгалангийн түлхүүр энд байгаад зогсохгүй шинжлэх ухааны талаас судалсан ч энэ мандалд хими, физик, одон орон, математик, геометр, астрономи гэх мэт бүх шинжлэх ухаан тэр чигээрээ багтсан байдаг.
Хиймэл амьдрал нийтлэлийг: Н.Сансархүү
Буддизмийн тайлбарыг: Ч.Одгэрэл
ЗочинNovember 14, 2013
Бурханы шашин агуу юм аа. Аль хэдэн 100 жилийн өмнө үүссэн мөртлөө ертөнцийн зүй тогтлийг зургаар гаргаад хэлчихсэн байдаг. Тэр нь орчин үеийн компьютерийн гол тархи болох CPU системтэй их төстэй байдаг нь их гайхалтай юм аа.