Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

МЯЛ БОГДЫН ГҮР ДУУЛАЛ: СЭВАНРАЙВА ЛУГАА УЧИРСАН БӨЛӨГ

Дээдийн багш дор мөргөмү!

Хутагт Миларайва хэмээн алдаршсан тэр Богд Даго цаст ууланд бясалгаад Шри нэрт уулнаа өөд болох зам зуур «Зангар» гэдэг суурингийн нэгэн буурчийн газар үдлэн амрахаар буужээ. Тэр цагт Ягрутанба нэрт нэгэн гэвш лам олон шавь нараар хүрээлүүлсээр тэр буурчийн газарт хүрэлцэн ирж гэнэ. Түүнчлэн Зандраа Чандмань нэрт нэгэн худалдаачин олон зарц дагуулын хамт уг буурчийн газар буусан байлаа. Мила Богд худалдаачны өмнө хүрч очоод идээнийг гуйваас тэр ихэд уурсан өгүүлрүүн “Егүзэрис та нар гагц гар сунган бусдаас идээнийг гуйхаа мэдэхээс бус яагаад өөрийн хүчинд дулдуйдан мөнгө олон амьдарч болдоггүй хэрэг вэ? Хэрвээ тэгж чадах аваас сэтгэл тань амар жаргаланг эдлэж болох биш үү?” гэж зандрахад Богд лам хариуд нь зарлиг болруун “Ай! Та бүхэн одоохондоо энэ үйлээр замнаад жаргаж байгаа мэт санагдавч хойтын ертөнцөд хэрхин зовохоо үл мэдэх чинь хөөрхийлөлтэй. Тэр тухай одоохондоо бодох ч үгүй буй за! Дор эгшиглэн айлдах гүр дууллыг минь чих талбин сонсогтун!” хэмээгээд «Найман дурдахуй» нэрт шүлгийг эгшиглэн номложээ:

«Хот хүрээний байшин харшид
Хоргодон суух жаргалтай санагдавч
Үхэл ирэхээр хоосроод өгдөгийг
Үргэлж дандаа санаж явууштай
Барлаг зарц хүрээлэн явахуй нь
Бахдам жаргал хэмээн бодогдовч
Эрлэгийн элчид хөтлөгдөн одохдоо
Эргээд ганцаар болдогийг санууштай
Амраг садан найралдан суухуй нь
Аз жаргалын туйл мэт үзэгдэвч
Аюумшигт үхэл егүүдэхүйн цаг дор
Аяарлан холдохоос аргагүйг дурдууштай
Үнэнч нөхөд эд таваар тэргүүтэн
Өгүүлшгүй цэнгэлийн манлай санагдавч
Хомголзогч үхэл ирэх өдөр
Хоосон буцахаас аргагүйг яалтай.
Хамаг бие эрүүл саруул
Ханашгүй цэнгэлийн ундарга мэт байвч
Халдаад ирэх үхлийн түймэрт
Харласан үнс шиг шатдагийг саналтай.
Гувай сайхан зүсээ гайхуулах
Гунхсан залуу нас жаргалтай ч
Хүрээд ирэх үхлийн өмнө
Хүчин мөхөсдөн унадагийг санууштай.
Тагнайн чимэг идээ удааны
Тансаг амт сэтгэлд бахтай ч
Цагаан хөөс сахруулан үхдэгийг
Цаг ямагт санаж явууштай
Санаандаа мөнх бусыг бясалган
Сайвар одогсоны номонд шамдсанаар
Орчлонгийн хүлээс аяндаа алдууран
Одоо сэтгэл минь амгалант боловой.
Эдүгээ “Зангар Хачи” буудалд
Эгшиглэн дуулсан энэ гүр дууллыг
Баатар Миларайва дуулсан бөлгөө
Ба бүрэн сайтар санаж явагтун!» тийн хэмээн зарлиг болсон хойно Зандраа Чандмань нэрт тэр худалдаачин маш чин бишрэлт болж “Дээд удирдагч Богд лам минь ээ! Таны зарлиг бид бүхэнд маш туст бүхийн тул эгшиглэж номлосон гүр дууллыг тань сонссон төдийхөнд Богдсын номонд чин сүжиг төрлөө. Одоо та дорд биднийгээ нигүүлсэн өршөөж оюунд маань хялбараа орших туст арга ном нэгийг айлдан соёрхох ажаам уу!” гэвэй.

«Арсгар хадат элчилгүй уулсын хүнгүй агуйд
Ариун үзэл явдлаар замнан суугч лам эрдэнэд
Алдал үгүйеэ чин сүжиг бишрэлийг өвөрлөн очоод
Алга хавсран сөгдөж мөргөөд уулзан золгогтун!
Авралт номыг сэтгэлдээ бясалган утгасыг бүтээгч та
Алжааст нисваанисын мугуйд тоос хааяа дэгдэх үед
Хоосон чанарын үзлээр түүнийг тамгалах аваас
Хорт баримтлахуйн бэлгэс тэр даруй замхрах
Хосгүй тэр тугдам сэтгэл нэн гайхамшиг!
Тийм үйлээр санаа сэтгэл эс амаржих ахул
Тэгш амтат бинвадын үйлийг зорин одогтун!
Буяны тарианы үрийг цацаж бусдыг гэтэлгэх нь
Булингарт орчлонд учрахуйяа бэрх хосгүй үйлс!
Бусармаг сэжиг төрөөд сэтгэлд таагүй санагдваас
Буяны садан нөхрийг олж харилцан зөвлө
Атгаг сэжигт сэтгэлийн хирийг үлдэн хөөхөд
Ааль сайт нөхрийн сургаал тус нэмэртэй.
Түдгэлзэн эргэлзэх, сүжиг бишрэл сулрахуйн цагт
Түүнчлэн ирэгсэний айлдаж номлосон судрыг унш
Сайвар одогсоны хиргүй ариун бошго зарлиг
Санаа сэтгэлийг ариусган сайн оюун төрмүй
Хааяа заримдаа сэтгэл мунхран тавгүйтэх үед
Ханцуй дотроо сүслэн дээдийн багшид залбир
Энэлсэн зүрхийг амаржуулах цор ганц ерөндөг нь
Эцэг ламын адистэдаас өөр юу байх билээ.
Удаад нь сүжиг бишрэлгүй хүмүүнийг үзвээс
Унтаж нойрсохдоо орчлонгийн өргөст оронд хэвтэж
Таван хор нэвчсэн дэрийг толгой дороо талбиад
Тамтаггүй нисваанисын цэрийг арван зүгт тархаанам.
Хэтэрхий энэлэлт тийм өвчинд тус болох оточид
Хэл, бие, сэтгэлийн гурван үүдээр мөргөгтүн!
Оточ ламд цогцлосон зургаан тус эрдмүүд нь
Одох мөрийг гурван бие лүгээ тохиолдуулснаар
Таван хорын энэлэлт өвчин үтэр тонилох тул
Тахил тэргүүтнийг өргөж үлэмж ачийг нь хариултугай!» хэмээн зарлиг болсонд тэр худалдаачны сэтгэлд чин сүжиг бишрэл төрж ламын зарлигийг бүтээн бясалгаснаар гэртээ суугч тангарагт егүзэри болсон гэдэг.

Тэр үед Ягрутанба гэвш уг буурчийн газар ном номлон бүхий цагт хутагт Миларайва ч мөн тэнд атгаггүй бясалгалын бэлгэсийг үзүүлэн сууж агсан бөлгөө. Гэвш лам олон шавь нарын хамт шөнө дүл болтол судар ном нугуудыг олонтоо уншихын зэрэгцээ шар бүрийн цагаар самадисийг бясалгахуйн ёсоор цомцойн суулдах ажгуу. Түүнчлэн үүр гийхтэй уралдан босоод уншлага номондоо шамдан орцгоох үзэгдэнэ. Нэгэн өдрийн үд дунд Мила Богд тэднээс идээнийг гуйхаар очвол шавь нар нь тал бүрээс “Өнгөн дээрээ егүзэрийн дүрийг үзүүлчихээд судар ном унших, самадисийг бясалгах нь байтугай ганц тарни урьчих чадалгүй өтлөжээ. Тэгсэн атал хуврагуудын идээнээс гуйхаар ирсэн чинь ихэд хөөрхийлөлтэй!” хэмээн элэглэцгээжээ. Миларайва лам хариуд нь ийн зарлиг болруун “Би бээр Ядамыг бясалгах, тарнийг урих, сайн явдалд суралцан, судар номыг унших, самадийг бясалгах тэргүүтнийг нэгэн зэрэг бүтээн чадах тул сэтгэл минь нэн амгалан орших бөлгөө. Та бүхэн чимээгээ аядаж миний айлдах гүр дууллыг чих талбин сонсогтун!” хэмээгээд ийн айлдаруун:

«Тэнсэл үгүйеэ дээд гурван эрдэнэ нүгүүд
Тэгш засдаг үгүй ухааны агаарт төгссөн тул
Түүнд эс залбирваас гэм яахин халдах билээ
Дэмий урин, өгүүлэхээс хагацсан сэтгэл амгалан.
Хоёр зүйл шидэсийг өгөгч Ядам Бурханыг
Хотол мандал бүтээлгүй гэгээн гэрэлдээ төгсгөснөөр
Хослон орох, үүсгэх зэргийг бясалгах хэрэг үгүй
Хоосныг онож өөрийн биеийг Бурхан болгосон нь амгалан.
Өөдгүй тотгорыг арилгагч дагинасын чуулган нугуудыг
Өөрийн бэлгэ чанарын агаар дунд төгсгөснөөр
Зуурсан балинг тахил тавигт өргөх хэрэггүй
Зургаан чуулган амирласан егүзэри би амгалан.
Аливаа шулмын хорлол нь атгаг бодлоос үүдэлтэй
Ариун номын агаарт чөтгөрийн үзэгдэхийг төгсгөснөөр
Аюумшигт чөтгөрийг хэнгэрэг дэлдэн хөөх хэрэггүй
Атгагийг номонд урвуулж чадсан сэтгэл нэн амгалан.
Янагуухь үг нүгүүдийн хамгийн удирдуулсан ухааныг
Илт бясалгах гэгээн гэрлийн агаарт төгсгөснөөр
Ямагт тэднийг сурах хэрэг үгүй боллоо
Ялгуусан бүхнийг тод мэдэгч егүзэри би амгалан» тийн хэмээн номловоос “Егүзэри чиний өгүүлсэн тэр мэт тугдам сэтгэл нэн гайхамшигтай хэдий боловч Бурханы номонд эхлэн суралцагчийн хувьд урьдаар зохист нэгэн сургуулийг хичээгээд, шар тэрлэгийг асааж, ааль явдлаа зохистойёо авч явбал буяны зам мөрд шулуудан ороход тустай байх бус уу?” хэмээн Ягрутанба гэвш хэлэхэд Мила Богд хариу зарлиг болруун “Таны хичээгч номын ёсон тийм бөгөөс өөрөө тэрчлэн үйлдсүгэй! Харин Миларайва миний хичээгч номын ёсон болвоос өөрийн сэтгэлийн мөн чанарыг ухаж түүний аясад нийцүүлэн замнах явдал бөлгөө. Миний нүдэнд та бүхний номын ёсон ийн үзэгдэх буюу.” хэмээгээд доорхи гүр дууллыг эгшиглэн номложээ:

«Чухагийн дээд гурван эрдэнэд сүслэн мөргөмү
Цогт Богд лам их нигүүлсэхүйгээр адислан соёрх!
Цувиралт найман номыг үйлдэгч номын багш нар
Цухалдан үймцэх өөрийн сэтгэлээ номхотгоогүй атал
Чуулсан хамаг амьтанг яахин гэтэлгэж чадах вэ?

Урин муу шуналт сэтгэлийг эс дараагүй атал
Уналд орсон бусад хүнийг яахин гэтэлгэж чадах вэ?

Отгоор чимсэн цагаан шүхэрт орд харш ч
Огторгуйн гилбэлгэн цахилгаан мэт түргэн цуцармой
Одоо даруй тэр утгасыг сэтгэгтүн! Гэвш минь!

Балгасны хойно орших сүм хийдийн лам нар
Бахардаж зовсон олны өргөл хүндлэлийг хураамуй
Бачит тийм арга хэр зохистойг сэтгэгтүн!

Улс амьтан үймцсэн хот хүрээний амьдралд
Уринт нисваанис өшөөт дайсан мэт учирдаг
Учир ёсон хэр үнэнийг дотроо сэтгэгтүн!

Өмнө цугларсан хонь мал, эд хөрөнгө
Өвсний толгой дахь шүүдэр мэт замхардаг
Өнийн ёсон хэр үнэн болохыг сэтгэгтүн!

Эмс охидын хүрээлэл дунд ном үйлдэх нь
Эргээд нэр хүндэд хэр халтай байхын ёсонг
Эрэгцүүлж сайтар бодож үз! Гэвш минь!

Тачаал шуналын цалманд хүзүү нэг углагдваас
Татвар нэхэгч түшмэл шиг салахгүй тул
Таалал оюундаа тэр ёсонг сайтар сэтгэгтүн!

Үзмэрч, төлөгч, бөө удган хэмээгч нар
Үнэн хэрэгтээ луйварчин адил мэхлэх тул
Үзэл мэдэлдээ тэр ёсонг сайтар сэтгэгтүн!

Өглөгийн эздийн сэтгэлийг баясгагч ая эгшиг
Өлөн чөтгөрийн гийнаж гаслахаас өөрцгүй тул
Өрц цээжний гүнд тэр ёсонг сайтар сэтгэгтүн!

Байшин сав эд хөрөнгөнд сэтгэл уягдах нь
Балчир хөвгүүн өнгийн солонгонд бахдаж дурлах мэт
Балагтай тийм учир ёсонг сэтгэлдээ санагтун!

Учир ёсгүй цуглуулсан шавь нугууд хэмээгч
Ууртай ноёныг хүрээлсэн зарцаас өөрцгүй болохыг
Ухаж сайтар сэтгэгтүн! Гэвш лам минь!

Аньсыг эс ухчихаад ном талбихыг санаархагчид
Амьтан хүнийг мэхлэхээс өөрцгүй учир ёсонг
Айхтар сайн бодож үзэгтүн! Гэвш лам аа!

Өөрийн тусыг бүтээж хараахан чадаагүй байж
Өрөөл бусдыг гэтэлгэнэ гэж юу байхсан билээ!»

Богд лам тийн хэмээн зарлиг болохыг сонсож гүйцээд Ягрутанба гэвш хутагт Миларайвад цаглашгүй их гүн сүжиг бишрэл төрж, даруй жавдангаасаа буугаад, сөгдөж мөргөхийн сацуу нулимс асгаруулж өгүүлрүүн “Богд лам таны айлдсан зарлиг аргагүй үнэн ажгуу! Би эдүгээ танаас увдисыг гуйж, номын барилдлага тогтоохыг хүснэм” хэмээжээ. Мила Богд тэр даруй түүний хүслийг ёсоор болгожээ. Ягрутанба ламыг дагалдан явсан Сэван Дончүн нэрт нэгэн хувраг хутагт Миларайвад шавь орсонд авшиг хийгээд увдисыг соёрхвоос удаж төдөлгүй бясалгалын хязгаарт хүрээд Сэванрайва хэмээн алдаршсан тааллын хөвгүүн болон тодорчээ. Энэ болвоос хутагт Миларайва «Зангар Хачи» нэрт буурчийн газар тааллын хөвгүүн Сэванрайва лугаа учирсан арван тавдугаар бөлөг болой

Орчуулсан: Д.Болдбаатар

    Бусад мэдээлэл