2012-06-06 | Нийтэлсэн:Oyunjargal | Үзсэн:8268
Бурхан дор итгэмүй
Ном дор итгэмүй
Хуврага дор итгэмүй
Нөхөд сэлт хот мандалын ядам бурхадад итгэмүй
Цогт дээд итгэл болсон билгийн мэлмийт номын сахиуснуудад итгэмүй.
Шашин гэдэг нь шясна гэдэг Санскрит үгнээс гаралтай, үзүүлэгч гэсэн утгатай үг юм. Энэ нь эмч хүн өвчтөнийг үзээд өвчнийг тогтоож, өвчний шалтгааныг нь тодорхойлсоноор, эрүүл саруул болоход туслах эм танг зааж өгч, өвчтөн ууснаар өвчнөөс бүрэн салж илааршидагтай адилхан юм. Бурханы шашин нь бид бүгдэд байгаа
1. Зовлонг таниулж (зовож үзээгүй зовлонгүй амьтан нэгээхэн бээр ч үгүй билээ)
2. Зовлонгийн уг шалтгааныг таниулж (уур, хүсэл шунал, мунхаг)
3. Гарах арга замыг зааснаар
4. Хэрхэн амар амгаланд хүрэхийг үзүүлсэн учираас үзүүлэгч буюу шашин хэмээн нэрлэжээ.
Буддын шашин нь бусад бүх шашинаас Үндэслэгч, Сургааль, Үзэл онолоороо ялгаатай байдаг. Бүх шашины гол санаа нь бүгдээрээ төгс төгөлдөр амар амгалан, аз жаргалруу тэмүүлсэн, түүнд хүрэхийг зорьсон байдаг. Гэвч бидэнд аз жаргалтай байх үе байдаг хэдий ч зовлон гарч ирээд байдаг. Тэгвэл зовлонгийн уг шалтгаан юу болох, түүнээс гарах арга замыг хайдагаараа бүх шашин ижилхэн боловч зовлонгийн уг шалтгааныг номлохдоо хоорондоо тэс өөр үзэл бодлуудтай. Бусад шашин зовлонгийн уг шалтгааныг гаднаас буюу гуравдагч шалтгаанаас хайж, жаргах зовох нь гадаад хүчин буюу гуравдагч хүчнээс шалтгаалдаг гэж үздэг. Жишээ нь ертөнцийн эзэнд итгэвэл жаргана, итгэхгүй бол зовоно гэх мэтчилэн. Эдгээр нь зовлон, жаргалын шалтгааныг гадна талд тавьж, гаднаас хайгчид юм. Харин Бурханы шашинд бол зовлон, жаргалын шалтгааныг үүсгэгч нь гадаадын бүрэн эрхтэй хэн нэгэн бус бодгалийн дотоод сэтгэлд байна хэмээдэг. Жишээ нь хүсэл шунал, уур хилэн, атаа хорсол, харамын сэтгэл гэх мэт нисванис буюу муу сэтгэл, муу бодлууд цаашлаад мунхаг буюу ертөнц, түүнээс хэтийдсэн зүй тогтолыг буруугаар харсан, таньсан учираас түүнд тулгуурлан нисванис гардаг байна. Түүний дүнд үйл хурааж зовлон, жаргал ирдэг. Жинхэнэ амар амгалан, аз жаргалд хүрэе гэвэл өөрийн дотоод сэтгэлийг сэтгэлийн хирээс цэвэрлэвэл бидэнд ямар ч зовлонгүй амар амгалан, аз жаргал ирнээ гэж үздэг. Дотоод сэтгэлд зовлон, жаргалын гол уг шалтгаан байна гэж үздэг учираас бусад шашнаас үзэл баримтлалын хувьд ялгардаг юм. Үзэл баримтлалын хувьд өөр байгаа юм чинь номлогчийн хувьд ялгаа нь юу хэмээвэл бурханы сургаалийг номлогч нар өөрийн дотоод сэтгэлийн хирийг бүрэн ариусгаад, өөрийн дотоод сэтгэлд байгаа муу сэтгэлүүдийг дараад, тэдгээрийн уг шалтгаан болсон ертөнцийн зүй тогтолд мунхарсан байдлыг дараад, ертөнцийн зүй тогтолыг үнэнээр нь таньж мэдсэн бүрэн гэгээрсэн хүмүүс байдаг. Жишээ нь Бурхан багш бүрэн төгс гэгээрсэн. Тэгвэл бусад шашны номлогч нар бол тийм биш байдаг юм. Уур хүсэл шунал хэрэгтэй юу гэж асуувал мэдээж хэрэггүй гэж хариулна. Тэгвэл уур, шунал хоёр нь би гэсэн бодлоос үүсэлтэй юм. Би гэдэг нь үнэхээрийн бүтсэн би гэсэн бодол буюу хэнээс ч, юунаас ч хамаарахгүй, шалтгаалахгүй бүтнэ гэсэн буруу бодол юм. Хүн буюу хүн тэргүүтэн юунаас бүтэж байна гэвэл бие, сэтгэл хоёроос бүтдэг. Бие байгаа түүний дотор оюун ухаан ухамсар байгаа. Энэ хоёрын цогц юм. Оюун ухаан байхгүй бол хүний бие зүгээр нэг хүүр цогцос, бие байхгүй бол оюун ухааныг бид харах боломжгүй. Тэгвэл би нь бие юм уу? Оюун ухаан юм уу? Хоёулаа нийлээд би юм уу? гэсэн асуулт гарч ирнэ. Номт дээдэс лам нар айлдахдаа өөрийн дотоод сэтгэл, дотоод бодол санаагаа ажиглая гэж. Би гэж бодоход, би-гээ юу гэж бодож байна, үнэхээрийн бүтсэн би гэж бодоод байгаагаа мэдэхийн тулд зарим үед хүнээр гүтгүүлэх, загнуулах, хүнд хэт магтуулах тохиолдлуудад бидний би гэсэн бодол илүү тод томруун гарч ирэх үед нь ажиглах хэрэгтэй гэж. Бид нар төсөөлөхдөө би-г бие, сэтгэл хоёроос тусдаа, миний бие, миний сэтгэл тэр хоёрын эзэн гэдэг. Жишээлбэл өндөр нам, өргөн бүдүүн гэвэл миний биеийг тэгж хэлээ хэмээн өмөөрнө. Ухаан муутай гэвэл намайг ухаан муутай гэлээ, муухай сэтгэлтэй гэвэл миний сэтгэлийг муухай гэлээ хэмээн гэх мэтийн байдлаар бие, сэтгэл тэргүүтнээ миниймхийлэн барьж байдаг. Үнэхээрийн тэр би гэж байх юм бол эдгээр нь зөв болох юм. Үнэхээрийн тийм би байна уу үгүй юу гэдгийг ажиглах хэрэгтэй. Би гэдэг нь бие, сэтгэл хоёр нэгдсэн үед нэрийн төдийн байдаг. Бусад шашин бол бодгалийг бие, сэтгэл хоёроосоо тусдаа мөнхийн, хувирашгүй үнэхээрийн бүтсэн би-г номлодог. Тэр үзэл нь хүсэл шунал, уур хилэнгийн уг шалтгаан болдог. Ёзоорыг нь дараагүй цагт уур хилэн, хүсэл шунал үндэсээрээ дарагдахгүй. Яагаад гэвэл үндэс нь би гэсэн бодол байгаа учираас. Бурханы шашны номлогч нар бусад шашны номлогч нараас ялгагдах онцлог нь төгс гэрээрсэн байдаг. Дотоод сэтгэлийн харанхуйг арилган уур, хүсэл шунал, түүний цаана үл мэдэх мунхагийн харанхуйг арилгах нь гэгээрэл юм. Тэр мунхагийн харанхуйг арилгахад сая сэтгэлд гэрэл гэгээ гарч ирч сэтгэл жинхэнэ гэгээрэх юм. Тэр харанхуйгаас яаж гарах вэ гэсэн арга замыг үнэхээр тодорхой заасан байвал тэр шашин хамгийн зөв шашин, тэр номыг номлогч хамгийн сайн номлогч байж таарна. Бүх шашин бусдыг хайрла хайрла гээд байдаг энэ нь зөв хэдий ч яагаад бусдыг хайрлах, энэрэх ёстой учир шалтгаан нь тод томруун байх ёстой.
Бурханы шашинд үндэслэгчийн ялгааг гаргахын тулд үзэл онолоо ярих хэрэгтэй байдаг. Үзэл онолоо ухаарсан, түүний дагуу бясалгал бүтээлээ хийгээд өөрөө гэгээрсэн учираас өөрөө номлосон багшийн сургаал юм. Тэгвэл сургаал нь бусдад туслах, туслаж чадахгүй бол хорлохгүй бай гэж үздэг. Хүн тэргүүтэй бүх амьтад аз жаргалыг хүсдэг ч зовлонг өчүүхэн төдий ч хүсдэггүй. Тэгвэл хүссэн амар амгалан, аз жаргал бүхэн дүүрэн гараад байдаггүй. Харин хүсээгүй зовлон гарч ирээд байдаг. Үүний шалтгаан нь юу хэмээвэл Бурхан багш үйлийн үрийг номлосон байдаг. Зовлонгийн шалтгаан нь гадна, дотно хоёр нөхцөл байна. Гол шалтгаан нь дотоодын өөрийн хийсэн муу үйлүүд. Муу үйл боловсорч байж тэр муу зовлонг амсдаг. Сайн үйл хийсэн бол сайн үйл боловсорч байж сайн үйлийг амсана. Үйлийн үр гарцаагүй юм. Гадны шалтгаанаас зовлон үүддэг гэвэл нэг зовлон хүн бүрт ижил тусах юм. Гэвч тийм биш байдаг. Зовлон гаднаас үүдэлтэй гэвэл бүх үр дүн, үр дагавар адилхан байх ёстой. Үр дагавар уг шалтгаантай учираас уг шалтгааны үүднээс авч үзвэл сайн үйл хийгээд бусдад туслаад байгаа хүн зовж байгаа мэт харагдавч эцэстдээ жаргадаг жамтай. Жаргаж байгаа мэт боловч бусдыг хорлоод муу үйл үйлдээд байвал үр дүн нь зовлон гардаг. Хойд, урьд нас байдаг гэж үзвэл зарим нь яагаад өрөөл татанхай, зарим нь яагаад эрүүл чийрэг, баян байгаад байна гэх мэтийг харах юм бол хүн өөрөө сонгоод тийм төрлийг авдаг уу гэвэл үгүй юм. Бид сонгож чадахгүй, тийм эрх байхгүй. Энэ нь өөрийн хийсэн үйлийн эрхэнд байгаа юм. Сайн үйл хийвэл сайн төрөлд төрнө, муу үйл хийвэл муу төрөл авна. Сайн төрлийг авсан ч урьд хийсэн муу үйлийн үрээр зовлон амсана. Муу төрлийг авсан ч урьд хийсэн буяны үрээр жаргал гарч ирнэ. Бурхан багш номлохдоо зовлонгийн шалтгаан нь нүгэл хилэнц юм. Түүнийг арилгах хэрэгтэй. Жаргалын шалтгаан нь буян юм. Түүнийг хийх хэрэгтэй гэж номолсон байдаг. Тэгвэл буян гэж юу вэ? Буяныг яаж хийх вэ? Нүгэл гэж юу вэ? Нүгэлийг яаж тэвчих вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл 10 цагаан буян гэж байна. Энэ нь:
Биеэр үйлдэх гурван буян:
1. Амь таслахыг тэвчээд амь аврах буян
2. Өгөөгүй авахыг тэвчээд өглөг өгөхийн буян
3. Буруу хурцлыг тэвчээд сахил цааз мөрдсөний буян
Хэлээр хийх дөрвөн буян нь:
4. Худал хэлэхийг тэвчээд үнэн өгүүлсэний буян
5. Хов үгийг тэвчээд эвтэй болгосоны буян
6. Чалчаа үгийг тэвчээд уншлага уншсаны буян
7. Ширүүн үгийг тэвчээд зөөлөн өгүүлсэний буян
Сэтгэлээр хийх гурван буян нь:
8. Хомхой сэтгэлийг тэвчээд болин мэдэхийн буян
9. Хорлох сэтгэлийг тэвчин туслах сэтгэл гаргасны буян
10. Буруу үзлийг тэвчээд шалтгаан үрд итгэсний буян гэж 10 цагаан буян байна. Эдгээрийг л өдөр тутмын амьдралдаа өөрийн чадлын хирээр хэрэгжүүлэх юм бол жаргах үүд хаалганы түлхүүр нь юм.
Буян нь сайхан сэдлээр өдөөгдөж бусдад туслаж, бусдад хор хүргэхгүй байхыг л хэлнэ. Нүгэл гэдэг нь бусдыг хорлох сэтгэлээр бусдад туслахыг тэвчин муу сэтгэлээр хорлохыг хэлнэ. Буян нүгэл үр дагавартай байдаг. Уг шалтгаанаас үйл гарна, үйл нь үр дагавартай. Түүний үр дагавар нь бидний сайн муу сэтгэл, урьд төрлөөс энэ төрөлд ирсэн, энэ төрлөөс дараа төрөлрүү явах сүнс гэдэг дээр хадгалагдаж үлддэг. Хэзээ боловсрох вэ гэвэл энэ төрөл, ирэх төрөл олон зуун жилийн дараа ч боловсорч болно. Тиймээс нүгэл хилэнцийг наминчлаж арилгаагүй л бол тэр үрэн таран болохгүй байгаад л байна. Харин өчүүхэн үйлдсэн бидний буян нь уурлахад буяныг үргүй болгодог учираас буяныг зориулах хэрэгтэй. Бид аз жаргалыг хүсдэг юм чинь буяныг хийх хэрэгтэй. Буян хийнэ гэдэг нь бусдад тусал, тусалж чадахгүй юмаа гэхэд хорлол бүү үйлд. Энэ л бурхан шашны гол үзэл онол юм. Шашиныг дотор нь их хөлгөний шашин, бага хөлгөний шашин гэж хоёр хуваадаг. Бурханы шашны гол охь шим нь:
Хорт хилэнцийг хэрхэвч үл үйлдэн
Хотол буяныг хэмжээгүй ихээр хурааж
Өөрийн сэтгэлийг гүйцэд номхотговоос
Өчиггүй энэ л бурханы шашин мөн болой.
Амьтан бүхэн амгалан ба амгалангийн шалтгаан төгс болтугай
Амьтан бүхэн зовлон ба зовлонгийн шалтгаанаас ангижрах болтугай
Амьтан бүхэн зовлон үгүйн амгалангаас үл хагацах болтугай
Амьтан бүхэн ойр, холын шухан, ундуйцахаас салж ялгаваргүй тэгшид орших болтугай
Бурхан багш заларсан энэ галавт судар, тарни хосолсон бурханы шашин түгэн дэлгэрсэн, нэг насандаа гэгээрэх боломжтой цорын ганц шашин юм.
Уг нийтлэлийг бичихэд сэтгэл үүсгэлийг сургагч, сургагч олон багш нарын номлосон номыг гол болгов.
Миний үйлдсэн өчүүхэн буян эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд зориулагдах болтугай.
Нийтэлсэн: Н.Оюунжаргал
ЗочинJuly 13, 2012
Баяр хүргэе, даган баясъя
ЗочинSeptember 7, 2012
bayar hurgey dagan baysay