Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Сүсэг

Номт үйлийн эх нь аврал даатгахуй, аврал даатгахуйн үүд нь сүсэг мөн. Итгэмжит сүсэг, дурлах сүсэг, дээдлэхүйн сүсэг гурваас гурван эрдэнийн хүч энэрэл, эрдэм адисын үнэнийг мэдэн чин сэтгэлээсээ итгэмжлэн, эцсийн ганц аврал бол гурван эрдэнээс өөр юу ч биш гэдгийг сэтгэлдээ бат нут хадсан сүсгийг итгэмжит сүсэг гэнэ. Нүгэл буяны мөн чанарыг сайтар танин буяныг бүтээх, нүглийг тэвчих хүсэл төрж, сайн эрдэм олохыг мөрөөдөн тэмүүлж, сэтгэл уяран бишрэхийг дурлах сүсэг гэдэг бол буяны багш, садан дээдсийн намтар цадигийг уншиж сэтгэл амарлин бишрэхийг дээдлэхүйн сүсэг гэнэ. Сүсгийн их багаар адис өлзийн их багыг олж болно. Сүсэг бага бол Бурханы гэгээнтэй биеэрээ учран золгоод ч тусыг эс олно. Жишээ нь: Бурхан багшийн дэргэд арван хоёр жил байсан Лэгвий Гарма гэдэг хүн Бурханы гэгээнийг жирийн хүн төдийд харахаас илүүг үзэж мэдэж чадсангүй. Мөн сүсгийн их хүчээр нохойн соёо Бурхан болон хувилсан тухай нэг үлгэр хэлсү. Эрт цагт хоёр хүүтэй нэг хөгшин байжээ. Нэг хүүгээ Энэтхэгт худалдаа наймааны ажлаар явахад эх нь Бурханы орноос шүтэх шүтээн авчирч өг хэмээн захисан хэдүй ч хүү нь хэд хэдэн удаа явахдаа мартсаар, авчирч өгсөнгүй. Нэг удаа шүтээн эс авчирваас би чиний нүдэн дээр боож үхнэ гэж ээж нь хүүгээ Энэтхэг рүү мордоход нь хэлжээ. Хүү нь Энэтхэгт худалдаа наймааныхаа ажлыг дуусгаад харьж явахдаа, замын дунд ороод, ээжийнхээ хэлсэн дээрх үгийг гэнэт санан, хэрхэх учраа эс олон байтал хажууханд нь нохойн толгойн яс хэвтэж байгааг санамсаргүй олоод харчихаж гэнэ. Арга тасрахдаа уул толгойн яснаас нэг шүд сугалж аваад хив хадгаар боон нандигнан явсаар ээждээ аваачиж өгөхдөө "Бурхан багшийн цахиур (шүд ) шүү. Та сайн залбирч сүсэглэгтүн" гэжээ. Ээж нь үхсэн нохойн шүдийг Бурханы цахиур гэж үнэмшээд ихэд сүсэглэн цаг үргэлж мөргөн, тахил тавиг өргөсөөр явтал түүнээс нь Бурханы нандин үрэл, рашаан гардаг болж,сүүлдээ насан өөд болсон хойно нь солонгын гэрэлт хүрээтэй болсон юм гэдэг. Нохойн шүдэнд адис,рашаан аль нь ч байхгүй гэдэг бол мэдээж хэрэг. Гэлээ ч тэр эхийн их сүсгийн хүчээр Бурханы адис өлзий уул шүдэнд оршин, Бурханаас ялгаагүй болсон нь тэр буюу. Сүсгийн тухай энэ мэт үлгэр олныг өгүүлж болно.

Бакула ринбүүчи

    Бусад мэдээлэл