Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Буддын сургаальт мэргэн үгсүүд

Аливаа хилэнц бүгдийг эс үйлдэн
Алин буяныг хотол чуулган болгоод
Анхаарч өөрийн сэтгэлийг номхтговоос
Авралт тэр нь Бурханы шашин мөн / Будда/

Огторгуй сацуу тэрсүүд амьтан
Огоот тэдгээрийг дийлж яахан барах
Орь гагц уурын сэтгэлээ дарваас
Олиггүй дайсан бүхнээ дарсантай адил
Энэ дэлхийг ширээр бүрсүү хэмээвээс
Энэ тэнцэх шир хаанаас олдох
Эрхбиш гутлынхаа улыг л ширлэчихбэл
Энэгүй дэлхийг ширлэсэнтэй адил болох бус уу / Шантидэва /

Жигүүр хэрэг үгүй шувуу нэг ч үгүй
Эв хэрэг үгүй хүн нэг ч үгүй
Монголчууд ихэд ч эв хэрэгтэй
Багад ч эв хэрэгтэй гэдэг. / Д. Данзанравжаа /

Ахуй ертөнцийн доройтол бүхэн
Андуу мунхгийн уршиг тул
Аливаа юмсын уялдааг таниснаар л
Аюул бүхнийг няцаан гэжээ. / Богд Зонхова/

Зовлон бүхнийг чимэг болговол ухааны онч тэр
Дарамт бүхнийг чөлөө болговол оюуны цэц тэр
Тотгор бүхнийг түшиг болговол сэтгэлийн хат тэр / Занба Жарай /

Энэ ертөнцөд жаргал юу буй
Тэр бүхэн бусдыг жаргаах сэтгэлээс төрюү
Энэ ертөнцөд зовлон юу буй
Тэр бүгд өөрийгөө жаргаах сэтгэлээс л уршигдюу /Шантидэва

Ухааны сохор зуун жилийн амьдралаас
Утгыг танисан нэг өдрийн амьдрал чухал / Бурхан багш

Алин амьтныг баясуулваас бас тэгээд
Алин амьтныг жаргуулваас л Бурхан баясму за
Тэд л баясваас Бурхан бүхэн баясах хийгээд
Тэд л хорлогдвоос Бурхад хорлогдох болюу / Шантидэва /

Хэлэхгүй бол эцэг ч үл ухаарах тул илэрхий өгүүл
Засахгүй бол хүү ч үгэнд үл орох тул тааруулан тэмц
Суралцахгүй бол хэн ч үл ухаарах тул сайтар суралц
Эс өгвөөс садан ч эргэхгүй тул жаахан өг.
Үл ялих хүмүүний эрдэм нь аманд нь гарч байх
Үнэнхүү мэргэн хүний эрдэм нь насанд далд явах
Үлгэрлэвэл муу хог саг усны дээр хөвөх бөгөөд
Үнэт сайн чандман нь ёроолд нь живэх мэт / сажа бандида Гунгаажанцан/

Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий ч үл шинжилнэ
Охин минь, сонс.
Аяа, эртний ерөөлөөр үр болсон охин минь, эцгийн хэлэхийг сонс.
Хуран үүдсэн бүхэн мөнх бус гэдгийг
Хутагт дээдэс номлосныг мэднэ биз ээ.
Модны навч насад модтойгоо үл ханилна
Хүний үр насад эцэг эхтэйгээ үл сууна
Луугийн дуу хэдий их дуурьсавч алсарч одно
Ертөнцийн алдар хэдий их доргиловч улирч одно
Солонгийн өнгө үзэсгэлэнтэй дурьтавч замхарч арилна
Идэр залуу гоо бие байвч өтөлж хуучирна
Голди мянган зүүд зүүдлэвч сэрэх цагт хоосон
Гоомой энэ насны явдал бүхэн үхэх цагт худал
НАР ӨНГӨРВӨЛ ШӨНӨ ИРНЭ
НАС ӨНГӨРВӨЛ ҮХЭЛ ИРНЭ.
Энэ үхэл гэдэг чинь:
Далавчтай шувуу мэт дутааж болдоггүй
Далд газар нуугдаж болдоггүй
Цэцэн үгээр тэмцэж болдоггүй
Цэвэрхэн башраар хуурч болдоггүй
Аргын сайнаар цагийг хойшлуулж болдоггүй
Амрагийн зэргээр нөхрөө дагуулж болдоггүй
Олз эдийн ихээр зольж болдоггүй
Омог хүчний ихээр эсэргэлж болдоггүй
Үймэх салхинд зүг чиг бий юу?
Үхэх цаг ирэхэд болзоо хэмжээ бий юу?
Энэ мэт үхэл ирэхийн цагт НОМ БУЯНаас өөр тустай юм огт үгүй
Чин зүрхний амрагтаа боол эм мэт биширч яв
Зэргийн олон хатадтай шувууныдалавч мэт атаагүй яв
Хичээлийг цангасан заан усанд орох мэт буцалтгүй бай
Хянал сэрэмжийг хаширсан мий /эр муур/ мэт сэргийлж бай
Мишээж өнгө царайг лянхуа мэт үзэсгэлэнт болго
Эелдэг занг мяндас магнаг мэт уяхан болго
Тусч сэтгэлийг огторгуй мэт уужим тэл
Саруул билгийг далай мэт гүнзгий хөгжүүл
Адуу мэт орой унтаж, шувуу мэт эрт бос
Галуу зулзагаа усанд дагуулах мэт
Үр хүүхдээ буянд сурга
Элбэрэлт бодв гөрөөс мэт өнчин хүнд өмөг болж яв
Эвэршээл /зовлон/арилгах эм мэт зовлонт амьтны амьсгаа уужруулж яв
Хэзээ ямагт бодь эрдэнээс бүү сал
Хэтийн болон даруй хэргийг нэгэн насанд амжуул
Хөгшин эцэг надаас салахдаа санаа бүү зов
Хүний газар гэвч буяны орон мундашгүй /Хутагт Данзанравжаа/

Онц зовсоор байх амьтан ч ер үгүй
Огт амар байх амьтан ч бас ер үгүй
Орчлонд ер жаргал, зовлон хоёулаа
Огоот зун, өвөл мэт ээлжилсээр байх / Шантидэвэ

Оюун дааж үл чадах өмгөөс
Зохилдон чадах ухаант энгийн хүнтэй нөхөрлөсөн нь дээр
Эрдэмгүй цугларагсдын багш болсноос
Ухаан төгөлдөр сургуулийн сурагч болсон нь баясгалантай
Үг үл дуулах олны ноён болсноос
Явдал сайтай дээдсийн зарц болвоос жаргалтай / 5-р далай лам Лувсанжамц

Шунах аваас бурханд шунах нь ч хүлээс.
Тачаах аваас номд тачаах нь ч төөрөгдөл.
Мянган лан алтанд хомголзох баяны шунал,
Мяндасны өөдсөнд хоргодох гуйлгачны шунал хоёр
Гэгээрлийн замд саад болохдоо ялгаа үгүй /Агнистын гэгээ цуврал "Тогмар Ложон"/

Бурхан бүгд дээш татавч болдоггүй ертөнц
Бух толгойт эрлэг зүхэвч хаширдаггүй ертөнц
Зововч аврал эрдэггүй дүлий тэнэг ертөнц
Жаргавч сууж чаддаггүй ааш муут ертөнц... /Ноён Хутагтын Ертөнц авгайн жам шүлгээс, Агнистын гэгээ цувралын Үлэмжийн чанар дэвтэр/

Ус нь нийтийн тахил болой
Нар сар нь нийтийн зул болой
Бурхан дээд нь нийтийн оройн чимэг болой
Ном нь нийтийн рашаан болой
Далайн чимэг нь дарвуулт хөлөг онгоц болой
Үүлнээс хагацсан сар огторгуйн чимэг
Мэргэн төрлөхтөн шашны чимэг
Удирдагч баатар цэргийн чимэг
Буяны явдлыг хичээн хүсвээс
нүглээр бүтээсэн далайгаа гэтэл
цэцэг ургуулахыг хүсвээс
цэвэр усаар усалтугай \ Усны шастираас \

Ямар мэт их далай дотор дуссан ус
Яавч далай дуустал тэр үл барагдана
Түүнчлэн бодийн угт огоот зориулсан буян
Тэрхүү бодийг олтол бас үл барагдана. / Оюундалай бээр айлдсан судраас /

Өвдөх гэдэг сэтгэл атал
Өвчинд тооцвол наддаа зовлон
Үхэл гэдэг бодь мөр байхад
Үл баясвал наддаа зовлон
Эх, үр хэмээх түрхэн холбоонд
Энэлэх аваас наддаа зовлон
Эдлэл хэмээх илбийн мэхэнд
Харам байвал надад зовлон
Нутаг хэмээх хорт гянданд
Омогших алдар байвал надад зовлон. / лам Гунгаа /

Хүний далдаас үүсгэх хорт санааг хүнээс нуувч
Хөх агаар дахь бэлэг билэгтэний нүдэнд цахилгаан мэт мэдэгдмүй
Хүний нууж шивэгнэсэн үгийг хүн сонсоход бэрх боловч
Хөх огторгуй дахь бурхан тэнгэрийн чихнээ аянга мэт сонсдмуй./Жийдаан богдын намтраас/

Багахан төдий муу үйл ч хойд насанд балаг учруулна
Балга төдий хор долооход хамаг биеийг үхүүлэх адил
Ялихгүй ч гэсэн гавъяат үйл хойд насны жаргал дуудна
Ялимгүй жижиг үр суулгахад арвин ургац хураахтай адил...
Огторгуйд дүүлэгч шувууд хүртэл газар унах сүүдэртэй байдаг
Олигтой олиггүй үйл болгонд араас нь боловсрох үр байдаг.../ бодь мөрийн зэргээс/

Хамуугаа маажихыг жаргал гэвээс
Хамуугүй байх үнэн жаргал
Хүслээ биелүүлэхийг жаргал гэвээс
Хүсэлгүй байх үнэн жаргал /Нэгэн богдын сургаалиас/

Үхэл гэж байдаггүй орон
Үзэгдэх энэ орчлонд үгүй
Хөлгүй далай , ууланд ч үгүй
Хөх тэнгэр огторгуйд ч үгүй \ мөнх бусын цомирлогт\

Сүсэглэх сэтгэл нь гэгээрлийн эх тул
Сүүгээр тэжээх мэт ухаарлаар амлуулж
Үрээ харамлах мэт зовлонгоос гэтлүүлж
Үүүрдийн цэнгэлд гараас хөтлөнө \ Гурван эрдэнийн зулын зар судраас\

Гэр бүлийн төлөө хар амиа золь
Хүй элгэнийхээ төлөө гэр бүлээ золь
Хотол олны төлөө хүй элгэнээ золь
Хосгүй гэгээрлийн төлөө бүхнийг золь / Дармапада/

Чөтгөр ягчис, ад албин бүгд
Үнэнийг таниагүй цагт шулам мөн
Дотоод сэтгэлийн адыг номхотговол
Шулам ч бурханд урвах бөгөөд
Ариун үйлс чамаас эхэлнэ. / Мял богд/

Үйлийн үрийг эс итгэвэл амьд боловч үхдэл мэт.
Мэргэн боловч эрдэм нь омог болоод шатаж үхнэ
Хаан боловч жаргал нь хор болоод согтож үхнэ
Гуйрамч боловч сэтгэл нь үүрэг болоод дарагдаж үхнэ
Нялх боловч нас нь илбэ болоод хууртаж үхнэ
Хөгшин боловч дадсан нь их болоод хоргодож үхнэ
Амьд яваад эцсийн хэрэг нь эс бүтсэн тул
Шувууны чандруу мэт болзоогүй тэнэж үхнэ. / Равжаа хутагтын сургаалиас/

Билиг буй бөгөөс Эрдэм болох юм нэг ч үгүй
Сүсэг буй бөгөөс адис үл гарах юм нэг ч үгүй
Хичээнгүй буй бөгөөс үл бүтэх юм нэг ч үгүй
Бодь сэтгэл буй бөгөөс нөхөр үл болох амьтан нэг ч үгүй...
/Ноён багшийн Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны сургаалиас.../

Цалхай найман ном дээр сууж буй атлаа
Бусдыг гэтэлгэнэ хэмээн горьдох,
Амсаж мэдээгүй атлаа
Гүн ухаарлыг бусдад таниулах гэх
Ном нь амны ном, үзэл нь хоосон үзэл
Дадлага нь мөрөөдөл, явдал нь хүчилсэн хэлбэрдэл
Горилох үр нь буян заяа бөгөөд
Зөвхөн энэ насны бодлоос хэтрэхгүй санаатанууд
Бүгд л номтон хүний хуурамч дүрс мөн. /Жагар Паадамба/

Хорвоогийн шаварт дурласан гахай гэж
Хочилж надыг дуудсан ч яах бэ
Юунд ч авташгүй мөн чанарыг
Юугаар хүлж баглах юм бэ? / Сараха /

Эвдэрч үл дуусах сав ертөнц
Энэлж үл дуусах шимийн амьтан
Эргэж үл дуусах гаслант орчлон
Эндүүрч үл дуусах мунхаг сэтгэл ээ.
Үхэвч үл салах үйлийн үр
Үгүйрэвч үл орхих өр төлөөс
Өтлөвч үл арилах муу авьяас
Өлбөрөвч үл орхих олон санаа
Хайрлавч үл мөнхрөх амь бие
Ханилавч үл дагах янаг амраг
Харамлавч үл эзлэх эд мал
Гайхуулавч хамт үл одох нэр цол оо. /Тавдугаар Богд Цүлтимжигмэд/

  • ЗочинJanuary 24, 2012

    saihan surgaaluud baina.ushuu ihiig taviarai.ajliin amjilt husye.

  • ЗочинDecember 19, 2012

    saihan utgatai saihan uguud bugded ni murguy

Бусад мэдээлэл
2014-12-19