Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Агваанбалдан

XIX зууны монголын буддын нэрт сэтгэгч, мэргэжлийн философичийн нэг бол З.Агваанбалдан мөн. Тэрээр 1797 оны намар Халх Цэцэн хан аймгийн Хардал жанжин бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Галшар сумын нутагт малчин ард Заны хүү болон төржээ. Агваанбалдан тэр үеийн монгол орны буддын уламжлалт сургалт ёсоор 6 настайгаасаа бичиг заалган, буддын боловсролыг шат дараалан туулж эзэмшээд, Энэтхэг, Төвдийн буддын гарамгай сэтгэгчдийн бүтээлүүдийг шамдан судлан гүн ухааны сайн боловсролыг олж, Төвд, Хятад, Хөхнуур, Өвөрмонголоор удаа дараа явж, мэдлэгээ байнга гүнзгийрүүлэн баяжуулж байжээ. Тэрбээр 1831 онд Төвдийн Лхас хотноо буддын философийн линсрай гавжийн зэргийг амжилттай хамгаалсан ажээ. 1836-1847 онд Их хүрээнээ тэрээр цоржийн өндөр албыг хашаж байв. Монголын буддын мэдлэг, соёлын төв голомт болж байсан Их хүрээний цорж бол шашин номын бүхий л үйл хэрэг хийгээд олон анги салбар бүхий буддын боловсролын системийг удирдан зохион байгуулж, зохицуулж байдгийн хувьд чухамдаа бүх Монголын бурхны шашны сургалт, түүний үзэл онол, мэдлэгийн төвшинг хариуцаж байдаг албан тушаал байв.
Агваанбалдан гавж том, жижиг хэмжээний 96 зохиолуудаас бүрдсэн 6 боть ном туурвижээ. Тэрээр эртний Энэтхэгийн болон хожим үеийн Төвдийн нэрт мэргэдийн бичсэн буддын философийн хамгийн нарийн төвөгтэй зохиолуудад үг, утгын том жижиг олон тайлбар бичиж, мөн буддын гүн ухааны сургуулиудад үздэг бараг бүх сурах бичигт тайлбар зохиохдоо бүтээлийнхээ ихээхэн хэсгийг зориулжээ. Гэвч тэрбээр зөвхөн тайлбарлагч байсангүй мөн философийн бие даасан олон бүтээл туурвисан томоохон сэтгэгч, мэргэжлийн философич байсан ажгуу. Түүний философийн олон бүтээлүүд дотроос нэн алдартай зарим зохиолыг жишээлэн дурдваас:
1832 онд бичиж Их хүрээнд хэвлүүлсэн “Нийт шашины тийн оршихуй номхотголын голыг тодруулан үйлдэгч” хэмээх зохиолдоо Агваанбалдан Энэтхэг, Төвдийн олон мэргэдээс буддын ёс суртахууны ухаанд холбогдуулан туурвисан зохиолуудыг өөрийн үеийн үзлийн үүднээс шүүмжлэн боловсруулж, буддын шашны сүм хийд, лам нарын мөрдөх дэг журам, зохион байгуулалт, сахилга жаягийн тухай сургаалыг тайлбарлан хөгжүүлж, бурхан багшийн өөрийн баримтлан биелүүлж байсан ёс суртахууны хэм хэмжээг нарийн чанд сахин, эрдэм ном сайтар сурч, шашин, амьтны тус үйлдэхийг нэн эрхэм болгожээ. Чингэхдээ бурхны шашны жаяг ёсыг зөрчих зэрэг тухайн үеийнхээ шашинд гарч байсан гажуудал, догодолд шүүмжлэлтэй хандаж байв.
“Илт номын сангийн шинжилгээ багачуудын оюуны цэнгэл” хэмээх зохиолыг 1846 онд бичиж Их хүрээнд хэвлүүлжээ. Агваанбалдан энэ зохиолдоо абхидхармын философийн утгыг дэлгэрүүлэн тайлбарлаж, бүх дхармыг /номыг/ ангилж, таван махбодийн шинж, хумхын тоосны тогтцыг тодорхойлоод бас 5 цогц Төвдөөр, 12 түрэн түгэхүй, 18 язгуур эдгээр тус тусын онцлог ба хоорондын харилцаа холбоог гаргаж сэтгэл гэгч юу ба сэтгэлээс үндэслэн гарах 51 зүйл үзэгдлийн учир холбогдлыг заажээ. Түүнчлэн энэ зохиолдоо 6 шалтгаан, 4 нөхцөл, 5 үр, юмсын ерөнхий ба онцгой, орчлонд орших олон амьтадын ялгавар, шүтэн барилдахын 12 гишүүн хутагтын 8 мөр, нирваан болох гэгч чухам юу болох зэрэг шашин-гүн ухааны олон тооны асуудлыг нягтлан шинжилж, дэс дараалан өгүүлжээ. Агваанбалдангийн энэ зохиол бол буддын философийн хөгжлийг түүхчлэн судлахад болон монголын гүн ухааны сэтгэлгээний түүхийг судлахад үнэи хэрэглэгдэхүүн болж чадах сонирхолтой чухал бүтээл мөн.
Агваанбалдан “Илт онолын чимэг шастрын үгийн утгын үүднээс номлосон Майдарын гэгээний зарлиг” хэмээгдэх зохиолыг 1853 онд бичиж, Их хүрээнд хэвлүүлжээ. “Илт онолын чимэг” бол буддын шашны сургуулиудад үздэг гүн ухааны 5 ботийн дотроос хутагт билгийн чанд хязгаарт хүрэх арга замыг заасан гол /зава/ сурах бичиг болой. Уг зохиолдоо будда, бодисатва нарын тухай буддын шашины ойлголтыг эрэмбэ дараатай зураглан гаргаж, тэдгээрийн баримталдаг ёс суртахууны зарчим, амьтанд тусалдаг арга зам, дадлага туршлагын зүйлүүдийг бүхэлд нь багтаан харуулжээ. Эл зохиолд Энэтхэг, Төвдийн эрдэмтдээс билиг баримадын талаар хийсэн номуудыг тус тус нарийвчлан шинжлээд нэг мөр болгон хураангуйлж ойлгоход хялбар дөхөм болгожээ. Бас Төвдийн мэргэдийн энэ талаар бичсэн зохиолуудыг эртний Энэтхэгийн мэргэдийн тайлбаруудтай тулган үзэж, Төвдийн хамгийг айлдагч хэмээн алдаршсан Жамъяншадав өөрийн бичсэн парчингийн сурах бичигтээ зарим үзэл ойлгоц дээр ташаарсан зүйл байсныг шүүмжилсэн байна.
1857 онд бичиж Их хүрээнд хэвлүүлсэн “Билиг баримадын ер утгын хадмал вумын утгыг тодруулагч зул” хэмээх Агваанбалдангийн зохиол бол буддын шашны гүн ухааны сургуулиудад үзэхээр зориулж Төвдийн эрдэмтэн Ванчэн Содномдагвын /1478-1554/ бичсэн билиг баримадын онолын сурах бичигт /Ванчэн йэгад/ хийсэн тусгай тайлбар юм. Энэ номдоо тэрбээр хутагтын дөрвөн үнэн, сэтгэлийн төдийтний хотлын шүтээн хэмээх сэтгэл санааг анхдагч болгон үздэг үзэл, төв үзлийн ранжудвын ёсны хоёр үнэн, хутагтын 8 гишүүнт мөр, 12 шүтэн барилдахуй хэмээх шалтгаант чанар зэрэг их, бага хөлгөний гүн ухааны үзэл сургаалуудыг дэлгэрүүлэн тайлбарлажээ. Бүхнийг хамтарсан шинжтэй бөгөөд утга санааг гүнзгий гаргасан ийм тайлбар зохиол урьд өмнө Төвд, Монголд төдий л гарч байгаагүй учир энэ зохиолыг мэргэд ихэд үнэлэн үзэж, буддын гүн ухааны нэгэн чухал эх сурвалж болгон хэрэглэсээр иржээ.
Агваанбалдан 1861 онд “Төв үзэлд орохуйн үгийн тайлбар Сайн номлолыг дагагч” хэмээх том тайлбар бичиж Их хүрээнээ хэвлүүлжээ. Энэтхэгийн мадхъямака чиглэлийн алдарт сэтгэгч Чандракиртийн бичсэн төв үзлийн зава зохиолд хийсэн энэхүү тайлбар уг онолын гүн нарийн утгыг ухаарах, бодьсатвын агуу их явдалд суралцахад нэн чухал ач холбогдолтой юм. Агваанбалдан энэ тайлбартаа Нагаржуна, Чандракирти нарын номд тайлбар хийж, бүрхэг газрыг нь тодотгож, хүндийг нь ойлгоход дөхөмтэй болгоод зогсохгүй, мөн ч зөв буруу олон янз тайлбарыг нь нэг тийш болгон жигдэлсэн ажээ. Энэтхэг Төвдийн эрдэмтэдийн төв үзлийн ёсны талаар бичсэн номуудыг уншиж судлаад тэнд байсан зарим ташаарал зөрүүнүүдийг гаргаж, ялангуяа Зонхавагийн шавь Хайдав ринбучий янагуухи үнэнийг тайлбарлахдаа ум танжурвыг ташаагүй барихаас хазайсан тал байсан хийгээд гүнчэн Жамъяншадавын зохиосон төв үзлийн ёсны сурах бичигт гарсан ташаарлуудыг тус тус шүүмжлэн илрүүлж, онолын асуудалд бүтээлчээр хандаж байжээ.
Буддын философийн гол зангилаа асуудалд тусгайлан зориулсан Агваанбалдан гавжийн нэгэн алдарт бүтээлү нь 1835 онд бичиж Их хүрээнд хэвлүүлсэн “Дөрвөн тогтсон тааллын ёсон дахь хоёр үнэний ялгаа” хэмээх зохиол юм. Уг зохиол буддын философийн нэг гол зангилаа судлагдахуун болох янагуухуй болон үнэмлэхүй үнэний асуудалд буддын философийн дөрвөн чиглэлд тус бүрээр хэрхэн тайлбарладгийг нарийвчлан авч шинжилжээ. Эл гурвалсан ботиуддаа буддын шашны онол чойрын /философийн/ талыг нь онцлон үзэж, түүнээ бүх салбар чиглэлийг чадамгай эзэмшиж, өөрийн үеийн мэдлэг ухааны төвшинд хүрч, түүнийг цааш дэвшүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан том сэтгэгч, гүн ухаантан байсан нь мэдэгдэж байна. Тэрээр вишай /орон/ буюу хүний мэдэхүйн эрхтэнд тусан буух мэдэгдэхүүн нь мөнх юмс, бодит юмс гэж хоёр хуваагдах бөгөөд түүний бодит юм гэдэгт өлөг, мэдэл, төгөлдөр бус хуран үйлдэхүй гурав багтана. Өлөг, мэдэл хоёрын аль нь ч болдоггүй, харин тэр хоёрын нийлбэр нэгдмэл болж бүтсэн буюу эсхүл цаг, зүг гэх мэт биегүй хийсвэр зүйлүүдийг төгөлдөр бус хуран үйлдэхүй гэж нэрлэдэг ажээ. Хумхийн тоосны /хамгийн жижиг элементийн/ бөөгнөрөлөөр биелсэн бүхэн өлөг мөн. Хумхийн тоос нь бүдүүн, нарийн, маш нарийн гэж байх бөгөөд биетэй бүхнийг бүрэлдүүлэн буй болгоно. Маш нарийн тоос хуралдан нийлж бүдүүн тоос болж өлөг буюу биет зүйлийн эх үүсвэр болно. Энэ нь Өрнө дахины философи дахь атомлиг үзэлтэй нэгэн эрэмбийн сургаал юм. Хумхийн тоос нарийн, бүдүүн ямар ч бүтэцтэй байлаа ч гэсэн өөртөө дөрвөн махбод буюу шороо, гал, ус, хийн язгуур чанарыг хадгалсан байдаг. Хумхын тоос бүхэнд байх тэрхүү язгуур чанарыг махбод гэж нэрлэнэ. Дөрвөн махбодын чанар бүхий 7 тооны маш нарийн тоосноос нэг нарийн тоос буй болох суурь тавигдаж, тэрхүү нарийн тоос нь 49 болж бөөгнөрөхөд бүдүүн юмсын анхны бие буй болох үндэс тавигддаг гэж Агваанбалдан үзэж байжээ. Нэгэнт юмсыг буй болгогч хумхийн тоос ийнхүү дөрвөн махбодын язгууртай байдаг учраас дуу, дүрс, амт, үнэр, хүрэлцэхүй зэрэг юмсын мэдрэгдэн тусах чанар нь тэрхүү махбодод өөрт нь байдаг бодит чанар гэж үзэж болохгүй ажээ. Тэгээд ч Агваанбалдан өнгө, үнэр, амт зэргийг бодитой бус гэж үздэг гүн ухааны бусад чиглэлийн үзлийг няцаан шүүмжлээд, шорооны тоос нь үнэр, амт, хүрэлцэх, дүрс, дууны, усны тоос нь амт, хүрэлцэх, дүрс, дууны, галын тоос нь хүрэлцэх, дүрс, дууны, хийн тоос нь дуу, хүрэлцэхүйн /хөдөлгөөний/, огторгуйн тоос нь дууны салшгүй чанарыг тус тус өөртөө агуулж байдаг гэж үзэж байв.
Агваанбалдан урьд өгүүлсэн дөрвөн махбодийн дээр бас тав дахь махбодь огторгуй махбодь хэмээх байна гэж үзэж байв. Тэгэхдээ энэхүү огторгуйг ертөнц анх тогтох үеийн махбодь бөгөөд түрүүчийн дурьдсан дөрвөн махбодид түгээмэл байна гэж үзсэн байна. Үүнийг нэг ертөнц эвдэрч хоосроод байх үеийн эсвэл шинэ ертөнц бүтэж буй болох үеийн огторгуй, огторгуйн эд гэж ойлгож байжээ.
Агваанбалдангийн бодлоор бол мах бодууд өөр хоорондоо нөхөрлөх, дайсагнах чанарыг дотооддоо агуулж байдаг ажээ. Хүч тэнцэн шүтэлцэж байх үедээ оршин тогтнож, хүч эс тэнцсэн үедээ сөргөлдөж өөрчлөгдөхөд хүрдэг байна. Махбодуудын энэхүү тэмцэл ба нэгдэл нь тэдгээрийн үйл ажиллагааны үндэс болдог ажгуу. Ингээд шороо махбод нь бөх бат чанартай тул бодис юмсын бие цогцыг бий болгодог. Усан махбод нь чийглэг чанартай тул бодис юмсын бие цогцыг холбон нэгтгэж өгнө. Гал махбод нь халуун дулаан чанартай тул тэдгээрийг бэхжүүлэн гагнаж өгдөг. Хийн махбод нь хөнгөн хөдлөмтгий чанартай тул тэдгээрийг хөдөлгөөнд оруулна. Ертөнц бол эдгээр махбодын тодорхой нэгдэл мөн гэж үзэж авай.
Махбодуудын чанарыг агуулсан хумхийн тоос бол маш нарийн өчүүхэн жижиг зүйл, нүдэнд үл үзэгдэнэ. Хумхийн тоос бөөрөнхий хэлбэртэй байх бөгөөд баруун, зүүн, урд, хойд, дээр, доор гэсэн зургаан хувь хэсэгтэй байна. Хумхийн тоос 6 буюу 8-аас доошгүй тоотойгоор хуралдан цугларч байж юмсын буй болох үндэс болдог ба төв дунд нэг тоос байхад бусад нь түүний гадуур голын хумхидаа хүрэлгүйгээр эргэлдэн тойрч байдаг гэж тэр үзэж байв. “Бөөрөнхий төмөр мэт тал талаасаа олон тоос дундаа хурж бүх зүгээсээ эргэлдэн тойрсон маягтай орших болой” гэж Агваанбалдан үзэж байв. Хумхийн тоос оронд хэрхэн тухай, тоос хийгээд олны шүтэлцээний тухай асуудлыг философич нарийвчлан шинжилжээ. Орон зайг юмсаас салгаж, түүнийг асар том сав гэж үздэг Вайшешика хэмээх буруу номтны өвөрмөцтөн огторгуйг биеэ даасан эдэд бүтсэнээр өгүүлдэг болой. Харин манай дотоод өгүүлэгч нь огторгуйг бодитой бүтсэнд өгүүлдэг болой. Дотоод номтнууд огторгуйг юмсын хөдлөхөд түйтгэр болдоггүй сул чөлөөтэй хөдлөх орон хэмээн үздэг амой. Огторгуй нь ийнхүү юмсын сул чөлөөтэй хөдлөх орон нь байж хэрэг бүтээж чадаж буйн хувьд дотоод номтнууд түүнийг бодитой гэж өгүүлсэн болой. Ямарваа нэг юманд зай тавьж өгнө хэмээх нь жишээлэхэд бумба мэтийн дүрст юмс нэг орноос нөгөөд шилжин байрласнаас орон гарсан болохоос бус огторгуй өөрөө зай тавьж өгч байгаа юм бус болой. Зайг эзлэнэ хэмээх нь дүрст юм байгаа газар өөр дүрст юмс үл багтах тул тэр бодис юмс нь л оронгоо эзэлж буй хэрэг амуй. Нэгэнт оронгоо эзэлж буй бодит юмс өөр бодис юмс ирэхэд өмнөх нь өөр тийш одох хэрэгтэйн тул юмс орон эзлэхийн тулд нэг нь нөгөөдөө зай чөлөө тавьж өгдөг бөгөөс огторгуйн оронд ирж одох, харилцан шилжихийг зөвшөөрөх хэрэгтэй болой гэж бичиж байжээ. Орчин тойрны агаар, хийн зайн дотор ямар нэгэн биет инагш чинагш шилжин байр байрлахад уг юм тулаад байрлах байр олдохгүй байхгүй боловч уг юмын цаад тал харагдахгүй болж халхалагдах буюу завсрын гэгээн гэрэл харанхуй болох буюу эсхүл харанхуй дотор гэгээн гэрэл тодрох зэрэг нь орон зайн шинж бол орон эзэлж буй уг бодис юмнаасаа шууд хамаардгийн учир мөн юм гэж Агваанбалдан дээрх санаагаа цааш тодруулан тайлбарласан байна. Ийнхүү Агваанбалдан ертөнцийн юмсын эзлэх орон зайн шинж чанар харилцан адилгүй бөгөөд орон зайн шинж байдал нь уг юмсаасаа шалтгаалдгийг зааж байсан нь философи сэтгэхүйн чухал үзэл баримтлал гэвэл зохино.
Аливаа хувиршгүй мөнх оршигч эд, биеийн болон оюуны санааны юм үзэгдэл гэж огт нь байхгүй учир түүнийг үнэхээр бүтсэн гэж үзэж болохгүй, харин ч үнэхээр бүтээгүй, хоосон чанартай юманд шалтгаан үрийн холбооны эрхээр уялдан буй, шүтэлцсэн зүйл бүхэн нь түр зуурын, шилжин хувирах шинжтэй байдаг гэсэн дүгнэлт тэрбээр хийж байв.
Хоосон чанарыг ташаа ухаарахын хорыг илэрхийлж Агваанбалдан бичихдээ: “хоосон чанарын үүднээс юмыг авч үзэхдээ зарим хүн буруу арга хэрэглэж явцуурснаас түүнийг зөвхөн үзэгдлийн уг чанар гэж үзэж, харин түүний бодит байдлаг тусгасан тусгалыг орхигдуулж, юмсын оршин буй бодит байдлыг үгүйсгэхэд хүрдэг байна” гэжээ.
Хоосон чанарыг тухай ухаарах үзэгдэл буруудваас тасархайн хязгаар руу орох хоосон чанарыг тэвчих гэсэн хоёр гэм гарна. Үүнд нэгдэх нь хэрэв ман чанарын тухай үзэхдээ хоосон чанар дор юу ч байхгүйн утганд бариваас гүтгэгч буруу үзэл болно, хоёр дахь нь бодис юм оногдож тусгагдсаар байтал яаж мөн чанараасаа хоосон хэмээн өгүүлж болох вэ, тиймийн тул мөн чанаргүйг нь хоосон чанарын утга бус юм хэмээн хоосон чанарыг тэвчих болно гэх зэргээр Агваанбалдан дээрх үндэслэлээ цааш дэлгэрүүлэн тайлбарлажээ.
Үүнээс үзэхэд Агваанбалдангийн хоосон чанарын тухай сургаал бол бидний мэдрэхүйд тусгалаа олж байдаг гадаад бодис юмсыг үгүйсгээгүй бөгөөд харин юмс, үзэгдлийн төрж буй болох, мөхөж болохыг нэгэн зэрэг тусгасан үзлийг тэрээр зөв үзэл гэж байв.
Буддын философийн дөрвөн чиглэлийн дотроос Агваанбалдан нь төв үзлийн ёсыг баримтлагч үзэлтэн мөн. “Төв үзэлтэн бол оршин буй юм, үзэгдлийг мөнхдүүлж хэт дөвийлгөх, эсхүл үгүйсгэж үгүй болгох хоёр хязгаараас гэтэлж, ертөнцийн жам ёсыг жинхэнэ ёсоор нь таалсан буддист мэргэдүүд мөн” гэж тэрээр бичсэн байдаг.
Бодгаль өөрийн мөн чанараас бүтсэн, юм өөрийн мөн чанараас үл бүтсэн энэ хоёрыг дараалан няцааж, тэд бүгдийг бодгалийн би-үгүй, номын би-үгүйд таална. Төв үзлийн ёсонд шүтэн гарагч бус юм үгүй бөгөөд шүтэн гарагч нь учирч бүтсэн, харгацаж бүтсэн, шүтэж бүтсэн төдий болох тул гадаад, дотоодын юм бүгд өөрийн талаас бүтсэн зэрэг бус хэмээсний нотлогдохууны утгыг сэтгэхэд орших агаад учир шинжийн утгыг мөнх, тасархайн хоёр хязгаарыг хаасан нь зүй зохистой гэж Агваанбалдан тайлбарласан байжээ.
Аливаа юм хоосон чанартай бол тэр юм байж байгаа юм, хоосон чанар үгүй бол уг юм байж чадахгүй гэсэн санааг Агваанбалдан зохиолууддаа тод томъёолж, хоосон чанар бүхий юманд орчлон, нирван, үйлдвэр, үйлдэгч бүгд байна, үнэхээр бүтсэн юмс, өөрөөр хэлбэл хоосон чанар үгүй юманд энэ бүхэн байж болохгүй болой хэмээн бичиж байжээ. Үүнээс үзвэл хоосон чанарыг аливаа юм, үзэгдлийн салшгүй чанар, туйлын бодит байдал, харин түүний илэрч буй үзэгдлийг харьцангуй бодит байдал болгон авч үзсэн нь тодорхой байна.
Хоосон чанарыг тухай сургаалын чухал нэгэн үндэслэгээ болгож Агваанбалдан шүтэн барилдахын онолыг авч үзэж, үүндээ тэрбээр ертөнцийг нэгэн бүхэл болгон нэгтгэж байдэг юмсын уг шалтгаант холбооны үзэл санааг дэвшүүлж байв.
Агваанбалдангийн бодлоор бол өөр бусдаас нөхцөлдөн шалтгаалаагүй үүссэн юм үгүй учир хоосон чанар гэж байхгүй, тэд өөр хоорондоо нөхцөлдөн шалтгалцсан, шүтэн барилдсан байдаг. Хэрэв юмс шалтгаангүй үүсч болдог юм бол ямар нэг нөхцөлтэй холбоогүй, орон, цагаас гадуур юмс байнга үүсэхэд хүрнэ гэжээ.
Агваанбалдангийхаар бол мэдрэхүйн эрхтэн /жишээ нь нүд/ бүхэн өөрт буй мэдлийн /нүдний харах чадвар/ тусламжтайгаар гадаад утга буюу баригдахуунаа тусган авдаг байна. Хүнд нүд, чих, хамар, хэл, бие сэтгэлийн эрхтэн хэмээх зургаан эрхтэн байх бөгөөд Агваанбалдангийн ойлголтоор сэтгэлийн эрхтэн хэмээгч нь өмнөх сэтгэлүүдээ мэддэг одоогий нь сэтгэл ажээ. Энэхүү зургаан эрхтэн нь харах, сонсох, үнэртэх, амтлах, хүрэлцэх, өмнөх сэтгэл хэмээх зургаан баригдахуун оронтой ажээ. Энэ бүгдээс үзэхүл Агваанбалдан хүний танин мэдэхүйн явц нь юуны өмнө хүн мэдрэхүйн эрхтнүүдийн тусламжтайгаар гадаад ертөнцийн юмс, үзэгдлийг мэдэрч мэдэхээс эхлэх бөгөөд сэрэхүй нь танин мэдэхүйн эхлэл мөн гэсэн санааг үндэслэн гаргасан нь тодорхой байна. Агваанбалдан мэдлэгийн бүх бодит үндсийг ил байгаа, далд байгаа гэж хоёр хувааж үзээд, ил байгаа баригдахууныг илт шалгадаг мэдэл хэмээх мэдрэхүйн эрхтнүүдээр танин мэднэ. Харин далд байгаа баригдахууныг даган үлэх шалгадаг мэдэл хэмээх хийсвэр сэтгэхүй буюу логик мэдлэгээр илрүүлнэ гэж үзэж байв.
Агваанбалдан оршин буй бүх юмыг үзэгдлийн /сансар/ ертөнц, уг чанарын ертөнц /хоосон/ гэж хоёр талаар үзсэнийхээ үндсэн дээр танин мэдэхүйн онолдоо хоёр үнэний тухай асуудлыг мөн тавьжээ. Тэгээд Агваанбалдан хүрээлэн буй юмс, үзэгдлийг танин мэдэхэд юмын төрөлх мөн чанар, шүтэн барилдахуйн ёсны халхавч бүрхүүл болж байдаг янагуухи үнэн /санс: paramrthasatya, төвд: don dam bden b a/ буюу янад /наад/ талын өнгөцхөн үнэн, юмын уг мөн чанар, дотоод бүтэц, харилцаа холбон илэрхийлж байдаг үнэмлэхүй үнэн /санс: savtisatya, төвд: gun rdzob bden pa/ буюу чанад далдын, гүн үнэн гэж хоёр үнэн байдаг бөгөөд энэ хоёрын хоорондын зааг ялгааг сайн мэдэхгүй бол буддын гүн ухааны нарийн учрыг ойлгох боломжгүй юм гэж үзэж байв. Гэхдээ илт болон даган үлэхүй шалгадгаар олж авсан мэдлэгийн үнэн эсэхийг мэдэх шалгуурын тухай асуудлыг Агваанбалдан мөн тавьжээ. Мэдлэгийг нэгд, шүтэн барилдахуйн хуультай нийцэж буй эсэхээр, хоёрт, туршин үзэж, жишээлбэл, алт ба төмрийн улайсгах, давтах, огтлох, билүүдэх зэргээр турших лугаа адилаар, гуравт, илт болон шалгадгийн мэдээ баримт, мэдлэг нь уг юмын жам ёстой тохирч буй эсэхээр, дөрөвт, орон тухайлбал, галын халуун, усны нойтон зэрэг нь уг юмсыг таньсан жам ёстой тохирч буй эсэхээр тус тус нягтлан шалгана. Энэ дөрвөн зүйлээр нягтлан шалгаж үзээд зөв байвал үнэнийг олов гэж үзэж болно хэмээн бичжээ.
Агваанбалдан Энэтхэг, буддын философийн том түүхч байжээ. Түүнийхээр бол аливаа гүн ухааны үзлийн систем нь суурь, мөр, үр хэмээх гурван гол асуудалд хэрхэн яаж ханддагаараа тус тус ялгарах бөгөөд тэр үндсэн дээр гүн ухааны чухам ямар чиглэлд хамаарах нь тодорхойлогддог ажээ. Энэ бол буддын тогтсон тааллыг авч үзэх уламжлалт арга мөн.
Агваанбалдан тогтсон тааллын ёс нь: нэгд шашин нь амьтанд хор хөнөөлтэй эсэх, хоёрт шашиныг үндэслэгч нь гэм бүхнээ барж эрдэм бүхнийг шингээсэн эсэх, гуравт шашины үзэл нь номын болон бодгалийн би-үгүйг баримталж буй эсэхээрээ тус тус ялгагдана гэж бичиж байжээ.
Агваанбалдан ийнхүү эртний Энэтхэгийн философийн түүхийн хэдэн мянган жилийн өв уламжлалыг улируулан судалж, өөрийн үеийн үзэл, мэдлэгийн төвшингийн үүднээс нэгтгэн дүгнэж байсан гүн ухааны томоохон түүхч эрдэмтэн байсан бөгөөд философийн янз бүрийн чиглэлүүдийн үзлийг тодорхойлохдоо тэдгээрт объектив бодитой хандаж, тэдгээр томоохон чиглэл бүхэн нь үнэнийг танин мэдэх түүхэн үе шат болдгийг зааж, философийг түүний тэмцэл хөгжил дунд нь авч үзэж байжээ. Тэгэхдээ хоёр хязгаараас хагацсан төв үзлийг гүн ухааны сэтгэлгээний дээд оргил болгон үзэж байсан ажгуу.
Агваанбалдан буруу номтны ёс хэмээн орхигдон хаягдаж байсан эртний Энэтхэгийн философийн онолын шинжлэх ухаанч, шимтэй зарим үзэл санаа, урсгалыг дундад зууны феодал-шашны үзэл суртал ноёрхсон Монголын тэр үеийн нөхцөлд зоригтой сэргээн босгож цааш сурталчилан дэлгэрүүлж, хөгжүүлэн баяжуулж байсан өөрийн үеийн гүн ухааны том түүхч хүн байжээ. Тэрбээр буддын ба буддын бус чиглэлүүдтэй явуулдаг гүн ухааны тэмцэл нь үндсэндээ логикийн маргаан тэмцээн байсныг Агваанбалдан баялаг материал дээр тодорхой харуулаад, харин өөрөө буддын гүн ухаантны хувьд Монгол орноо оройн дээдэлж байсан буддын төв үзлийн хэтрүүлэгч чиглэлийн философийн үүднээс бусад бүх урсгал чиглэлд хандаж, үнэлэлт дүгнэлт өгч байжээ.
Агваанбалдан Монголын нэртэй буддист үнэнхүү сүслэгтэй эрдэмтэн ламын хувьд өөрийн эх орон, ард түмнээ хайрлан үзэж, өмгөөлөн хамгаалдаг эх оронч үзэл бүхий нэгэн байв. Тэрбээр үндэсний баялгийг хөгжүүлэх, ард олноо соён гэгээрүүлэхийн төлөө ихээхэн санаа тавьдаг байв. Тэрээр эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө санаашрахдаа хур бороо орж, өвс ногоо ургах зэрэг сайхан учрал ямагт бүрдэж байх болтугай, харин өвчин тахал, цэрэг дайны аюул, байгалийн гамшиг, өлсгөлөн гуйланчлал гэх мэт доройтлын бүх шалтгаанууд ямагт үл бүрдэж байх болтугай хэмээн ерөөл залбиралаа тавьж байжээ.

    Бусад мэдээлэл