Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Буянаа зориулах ёсон

Аливаа буяны эхлэл, дунд, төгсгөл бүрийг сайн үйлдэж, буянаа гүйцэд хүчтэй болгох хэрэгтэй. Бид ихэвчлэн буяны эхлэлийг сайн үйлдээд төгсгөлийг сайн үйлдэж чадалгүй дутуу сул болгодог билээ.
Иймд үйлдсэн буяныг дээд доод, их бага болгодог нь төгсгөлийн зориулга байдаг.
Буяныг уналгын морь гэж үзвэл залдаг хазаар нь зориулга аж. Иймд зориулгыг сайтар үйлддэг учиртай.
Ерөөл зориулгын хүчээр олон бодьсадва, эгэл төрөлхтөн бурханы хутгийг олсон. Зориулгаар буянаа арвитган баттай болдог. Өөрийн үйлдсэн, хураасан буяныг бага хэмээн чамлалгүй хамаг амьтны тусын төлөө төгс гэгээрлийн уг дор зориулж бай. Ингэж чадваас таны зориулсан буян бурханы хутгийг олтол баттай байдаг. Нэг дусал усыг хадгалъя гэвэл далайд нийлүүл гэдэг. Үйлдсэн, хураасан буянаа гол төлөв гурван зүйлд зориулдаг. Үүнд:
1. Тус амгалан гарахын үүд бурханы шашин өнөд удаан оршин дэлгэрэхийн тухайд зориулна.
2. Эрдэм бүгд гарахын үүд багш, шашныг бариачдын өлмий бат оршихын тухайд зориулна.
3. Хамаг амьтны төгс гэгээрлийн уг дор зориулна.
“Ерөөлийн хаан судар”-аас зориулгын товч уншлагын шүлэг номыг айлдсан байдаг тул үүнийг 3, 7, 21 уншин залбираад зориулна.Үүнд:
Мөргөн тахин наманчлан үйлдээд
Даган баясалцаж, дурьдатган залбираад
Өчүүхэн буян юу хураасан бүхнээ
Бодийн дээд хутгийг олоход зориулъя

    Бусад мэдээлэл