2015-06-10 | Нийтэлсэн:билэгсайхан | Үзсэн:24742
Уламжлалт аргаар цөс угаахад хоол боловсруулах эрхтнүүд бүгд цэвэрлэгддэг.
Орчин үед хүмүүсийн амьдралын хэвшил, хоол хүнс, хувцас гээд бүх зүйл аажим аажмаар өөрчлөгдөж байгаатай холбогдон өвчлөл ч ард түмний дунд ихэсч байна. Үүний нэг нь цөсний өвчин бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар 5 эмэгтэй тутмын нэг, 10 эрэгтэй тутмын нэг нь цөсний чулуу хэмээх өвчнөөр өвдөж байна.
Эхо-д харуулаад цөс өтгөрсөн, цөсний хана зузаарсан, цөс нугаларалттай хэмээн оношлуулсан мөн цөсөө авaхуулсан хүмүүс цөсөө угаалгах шаардлагатай байдаг. Цөс өтгөрөх, нугаларах, хана зузаарах нь олон зүйлийн шалтгаантай байдаг. Үүнд хоол хүнс, явдал мөр, улирал гэх мэтчилэн олон зүйлээс шалтгаалдаг, монголчууд ялангуяа өөх тос, мах, архийг ихээр хэрэглэдэг нь цөс өтгөрөх, өвдөх цаашлаад цөсөө авaхуулах дээрээ тулдаг. Өөх тос, мах, архийг огт хэрэглэхгүй байна гэсэн үг биш бөгөөд та бүхэн хэрэглэхдээ өөрсдийн амьдралын хэмнэл, өөрийн биеийн мөн чанар гэх мэт биеийн онцлог, улиралдаа тохируулж зөв хэрэглэх нь чухал юм.
Орчин үед цөс угаах бэлдмэл, гэдэс цэвэрлэх цай, шулуун гэдэс цэвэрлэх бүтээгдэхүүн гээд маш олон төрлийн бүтээгдэхүүн гадуур худалдаалж байна. Үүнийг хүмүүс бүрэн сайн судлалгүйгээр шууд хэрэглэдэг, тэгээд одоо зүгээр болсон гэж бодоод яваад байдаг энэ нь гайгүй дээр нь зөв аргаар эмчлэхгүй хугацаа алдаж, өвчнийг улам даамжруулсан байдаг. Уламжлалт аргаар цөс угаахад хоол боловсруулах эрхтнүүд бүгд цэвэрлэгддэг.
Уламжлалт аргаар угаахын ач холбогдол нь:
Уламжлалт анагаах ухаанд цөсийг угаахдаа өөрийн гэсэн тусгай аргаар угаадаг бөгөөд энэ аргаар угаахад олон угаалгах шаардлагагүй ба жилд 1-2 удаа хавар, зун, намрын улиралд голчлон угаадаг. Ингэж угаахдаа тухайн хүнийхээ биеийн мөн чанарт харгалзан хэзээ ямар улиралд цөс нь хэр өтгөрөлтэй байна гэдгээс шалтгаалж хэдэн удаа угаах вэ гэдгээ эмч давхар судсаар оношлож мэднэ. Мөн тухайн хүний хэвлий нь чийрэг, зөөлөн гэдгээс хагалзан эмч эмийн тун болон эмээ сонгоно. Хэвлий чийрэг гэдэг нь онолын үүднээс бол тийм амархан гүйлгэдэггүй бөгөөд өөх тостой зүйл, туулгах үйлдэлтэй эм бэлдмэлд гүйлгэдгүй хүнийг хэлдэг. Хэвлий зөөлөн гэдэг нь маш амархан гүйлгэдэг хүнийг хэлдэг байна. Цөс угаахаас гадна хоол боловсруулах систем давхар угаагддаг тул та доод тал нь 7 цаг зарцуулна. Уламжлалт аргаар цөсийг угааснаар цөсний өтгөрөл, нугаларалт, хана зузаан мөн цөс их ялгарснаас болж цээж гашуун оргих, хоолны шингэц муудсан, хоолны хордлого, хеликобактераас болж хоолны шингэц муудсан, цөсөө авахуулсан, халуун өвчний үе шатууд, цөс шарын халуун ихтэй хүмүүс цөсөө угаалгахад тохиромжтой. Мөн эрүүл хүн ч энэ аргаар жилдээ 1 удаа угаалгахад илүүдэл жин, өөх тосны солилцоо, хоолны шингэц, хоолны дуршлыг сайжруулах, ходоод хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжих, цөсний өвчнөөс урдчилан сэргийлэх зорилгоор угаалгаж болно.
Энэ угаах арга нь бэлтгэл үе, дунд үе, сүүлийг таслах гэсэн 3 үе шаттай байдаг.
Бэлтгэл үед: Та эхлээд эхо-д харуулсан байх шаардлагатай. (энэ нь та цөсний чулуугүй бол цөсөө угаалгаж болно гэсэн үг юм)
Тухайн өдрийн ажлаа зохицуулсан байх, цөс угаалгах өмнөх өдрөө өөх тостой хоол (хуушуур, шарсан мах г.м) идэж цөсөө хөдөлгөнө.
Цөс угаалгах өдрийнхөө өглөө эрт жижиг амны халбаганы талаар шар тос уугаад өөр юм идэхгүй өлөн ирнэ.
Биед чөлөөтэй хувцас (биеийн тамир г.м) өмсөнө.
00-н цаас авчирна.
Дунд үед: Та цөсөө угаалгах бөгөөд энэ үед цөс шууд угаагдаж гарахгүй юм. Таны хоол боловсруулах систем болох ходоод, нарийн бүдүүн гэдэс, олгой, шулуун гэдэс дотор агуулагдаж байгаа зүйлүүд эхлээд угаагдаж гарах бөгөөд хамгийн сүүлд цөс угаагдаж гардаг.
Сүүлийг таслах: Энэ үед цөсөө угаасны дараа та бага зэрэг ядарч сульдаж хийрхдэг тул бүлээн эмчилгээ хийнэ. Мөн таны ходоод гээд хоол боловсруулах систем давхар угаагддаг тул будааны зутан идэж ходоодонд өнгөр тогтооно. Нилээд хийрхэж, өлсөж, ядарсан байвал орой нь хонь, үхрийн махны давс багатай, тосгүй шөл ууна. Шөлөндөө бага зэргийн гурил хийж болно. (будаа, гоймон, амтлагч, ногоог хийхгүй)
Цөсөө угаалгахад хориглох заалт нь: Жирэмсэн, дөнгөж төрсөн эмэгтэйчүүд, хөгшид, хий ихтэй хүмүүс, ходоодны галын илч муу, ядаргаанд орсон, шамбрүм өвчтэй, уруу арилгагч хий буруудсан, амархан бөөлждөг хүмүүст хориглоно.
Эдгээр хүмүүс цөсөө угаалгахгүйгээр эмийн эмчилгээ болох зөөлөн эм тан ууж болно.