2013-12-09 | Нийтэлсэн:admin | Үзсэн:37326
Шавь бэлэн болоход багш гарч ирдэг гэж
Шастир номонд гэгээнтнүүд сургасан нь бий
Шавь бясалгаж шидийг олж билгүүнд хүрч болох ч
Шат дэс болон гэгээрлийг багшийн адислалын хүчээр олно гэнэ
Сурагч шавийн уйгагүй хөдөлмөр нэг хувь байдаг бол
Сургагч багшийн адис хүч ерэн есөн хувь гэдэг үг ч бий
Сууж бясалгаад гэгээрнэ гэдэг хэдэн төрөлдөө хүрэхгүй мөрөөдөл
Сахил авшиг ба багшийн адистаар энэ насандаа гэгээрч болно гэнэ
Багш гэдэг үнэндээ бурханаас дээд чухаг эрдэнэ
Багшгүйгээр уншиж сурсан нэгэн үгүй байдаг шиг
Билгүүн ухаан номын цогцыг ч багшаас л хүртэх боломжтой
Багш л мөн шавийг гэгээрлийн оронд хөтлөж даагч ачтан гэнэ
Багшийн ачаар л шавь хуврагын чуулганд нэгдэнэ
Багш л байж шавь билгүүн номын оргилд хүрнэ
Багш л шавийг замчилж бурханд хүргэдэг шиг
Багш шавьгүйгээр оршнох боломж бас үгүй гэнэ
Сурах нэгэн бэлэн байж сургагч хэрэгтэй байдаг шиг
Сургагч багш тарж байж л сурагч түүн дээр ирнэ
Сурагч гэдэг одоохондоо төгс биш тул шавь
Сургагч харин төгс боловсорсон сурагч тул багш
Сурагч шавь гэдэг үнэндээ ирээдүйн багш
Сургагч багш гэдэг харин өнгөрсөний шавь
Багш шавь гэдэг угтаа өнгөрсөн ба ирээдүйн илчүүд
Бурхан гэдэг тэднийг холбогч одоо цагийн гүүр баталгаа
Багш шавийн барилдлага шалтгаан ийм байтал
Багшийг шүтэж шавийг дорд үзэх нь мунхаг явдал
Бурханыг шүтэх адил багшийг дээдэлдэг шиг
Багшийг угтах лугаа шавийг хүндэл бас дээдэл
Бүр цаашилбал шавь гэдэг хүмүүн
Бас цагтаа мунхаг явсан эгэл нэгэн тул
Басамжилж бүү харьц бусад эгэлтнүүдтэй
Багш ба бурхан адил сэтгэл үүсгэн тэдэнд ханд
Ө.Батболд