Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Агваанхайдав

Монголын буддын гүн ухааны томоохон төлөөлөгчдийн нэг Агваанхайдав нь богд Зонхов нирваан дүр барьснаас 360 жилд, 13 дугаар жарны шаргачин гахай жилийн хаврын дундад хэмээх сард буюу 1779 онд Түшээт хан аймгийн нутаг, одоогийн Төв аймгийн нутаг богд хан уулын орчим, Туул голын хойд ховөөнд орших Мандал хэмээх нэртэй газар, эгэл малчин ард Лувсангийн гэр бүлд мэндэлжээ. Агваанхайдав багадаа лам болж, буддын боловсрол хөөцөлдсөөр богдын Хүрээ, баруун Зууд ном үзэж, судар тарнийн ухаанд нэвтэрхий болжээ. IV Жавзандамбын дуудлагаар Агваанхайдав сургуулиа дутуу орхиж төвдөөс монгол буцах болжээ. Энэ үед нь VIII Далай Лам Жамбажамц уулзаж «Төвдөд суугаад байвал лхаарамба болох нь битгий хэл, Богд ламын ширээнд суух чадал чамд байна. Гэвч нутагтаа очиж шашин амьтанд тус болох нь чухал» гэж захиж байжээ.
Л. Агваанхайдав монголдоо эргэж ирээд их Хүрээний цорж, дэд хамба, их хамбын өндөр тушаалуудыг удаа дараа гүйцэтгэж, Агваанбалдан, Агваандорж, Шижээ мэтийн олон тооны дэвшилт сэтгэгчдийг хүмүүжүүлэн гаргажээ. Тэр гүн ухаантан, яруу найрагч хүн байсан бөгөөд том жижиг 118 зохиолоос бүрдсэн 5 боть хөдөлмөрийг бидэнд үлдээжээ. Тэр буддын гүн ухааны судартан, өвөрмөц үгүүлэгчин, сэтгэл төдийтэн, төв үзэлтэн хэмээх дөрвөн чиглэлийн дотроос төв үзлийн ёсыг баримтласан эрдэмтэн лам байсан бөгөөд түүний гүн ухааны бүтээл одоогоор нарийвчлан судлагдаагүй байна.
Асанга, Аръядева, Камалашила, Чандрагомин зэрэг эртний Энэтхэгийн нэрт гүн ухаантнуудын олон тооны чухал зохиолд Агнаанхайдав дорвитой тайлбар хийж байжээ. Түүнчлэн буддын тантрын ёсны гүн ухааны янз бүрийн чиглэлийг тодорхойлсон «Жүд дэ ши дом циг> хэмээх зохиолдоо Зонхавын тантрын сургаалыг ойлгоход дөхөмчилж хураангуйлан үгүүлжээ. Мөн «Вум сэмжи гунзовду ёд цул лан замбав зод лам»9 хэмээх зохиолдоо төв үзэлтэн (мадхьямнка), сэтгэл төдийтөн (йогачара) хоёрын гүн ухаан дахь танин мэдэхүйн асуудал, ялангуяа инагухуй болон үнэмлэхүй үнэний асуудлыг авч үзжээ. Зохиогч мэдэрхүйн эрхтэнд орж ирж байгаа юмс үзэгдлийг зөвхөн сэтгэл санааны бүтээл болгож үздэг сэтгэл төдийтний үзлийг буруушаан шүүмжилж, юм үзэгдлийн биетэй бодитой оршин буйг зөвшөөрөн хулээж, харин тэдгээр нь шалтгаан нөхцөлийн эрхээр бүтсэн тул мөнх бус бөгөөд мөнх бус учраас үнэхээр бүтээгүй хоосон юм гэсэн төв үзэлтний үзлийг үндэслэжээ.
Агваанхайдав Төвдийн нэрт гүн ухаантан Жамъяншадав (1649—1723)-ын зохиосон оюун ухааны танин мэдэхүйн хир хэмжээг шинжлэсэн учир шалтгааны ухааны сурах бичигт «Ло ригжи сүрчан» хэмээх их тайлбар хийж эртний Энэтхэгийн гүн ухааны янз бүрийн чиглэлүүдэд учир шалтгааны ухаан, сэтгэл зүйн ухааньг асуудлуудыг хэрхэн яаж тавьж байсныг түүхчлэн гаргаж, энэ талаар буддын учир шалтгааны ухаан, сэтгэл зүйн ухаан нь бусад бүх чиглэлээсээ ихээхэн ялгаатай бөгөөд давуутай гэдгийг харуулжээ. Үүнд мэдэгдхүүн мэдэгч хоёрын ялгааг гаргаад, танин мэдэхүйн явцыг дараалан харуулж, танин мэдэгч ба танин эс мэдэгч бодол, бодол оюун хоёрын хоорондох 70 ялгаа, учир шалтгааны ухаанд сөрөг хийгдсэн жинхэнэ логик дүгнэлт, эргэлзээтэй ба эс эргэлзээтэй мэдлэг, шууд ба шууд бус мэдлэг, ухамсар ба сэтгэл зүй зэрэг 6 чухал ундэслэлийг тайлбарлаад, цааш нь үүнээсээ гоомой мэдсэн сэтгэл, үзээд мэдээгүй оюун, задлан шинжлэсэн мэдлэг, алдаатай мэдлэг, эргэлзээтэй мэдлэг, илт шалгадаг мэдэл ба даган үлэх шалгадаг мэдэл зэрэг 7 чухал үндэслэлийг тусгайлан гаргаж тайлбарлажээ. Энэ зохиолдоо Агваанхайдав нилээд олон асуудлаар хуучин үндэслэлүүдэд шүүмжлэлтэй хандсан байна.
«Дүрс, мэдэл, төгс бус хуран үйлдэгч гурвын яриа» (11), өөрөөр хэлбэл, бие, сэтгэл, бодгаль гурвын яриа хэмээх Агваанхайдавын бяцхан зохиолд түүний гүн ухааны үзэл нилээд тодорхой гарчээ. Үүнд бие, сэтгэл, бодгалийн БИ гурав хоорондоо ярьж байна. Бодгаль:
—Бие сэтгэл та хоёр маань үүрт хамт хагацахгүй сайн сайхан байвал би төдийчинээ жаргалтай сайхан байна даа. Хэрэв та хоёр маань хагацвал би яана даа. Сэтгэл чамайг биеэ хаяж яваад жаргах цагт би юу болох вэ? Харин та хоёр л үүрд нөхөрлөх арга бод! Хэрэв та хоёр салаад явахад хүрвэл хэн нь намайг авч, хэн нь намайг хаяж явах юм бэ? гэхэд бие:
—Бодгаль чи юу ярьж байна. Би сэтгэлд л бие болж явж байна. Сэтгэлээсээ хагацахын цагт би (бие) гэдэг чинъ ялзарсан өмхий болж нохой шувуудын хоол болно шүү дээ. Тэр цагт би чамайг яаж авч явах юм бэ? гэхэд сэтгэл:
—Би биегүй болж түүнээсээ салсан цагт хаашаа ч хамаагүй явах тул чамайг яаж авч явах юм бэ? гэхэд бодгаль:
—Бие чиний хэлдэг зөв. Харин сэтгэл чи өөрийн эрхгүй, тасрашгүй тэнэж явдаг болохоор би чамтай л нөхөрлөнө. Та хоёрыг би эзэлж, эрхэлж байдаг. Гэвч бие чи бол эцэстээ алга болно. Харин сэтгэл чи хэзээд байдаг тул би чамайг дагана. Бие сэтгэл хоёроос өөр ертөнц дээр юу байгаа юм бэ? БИ гэж юу юм бэ? Тэр нь дүрс (бие), мэдэл (сэтгэл) хоёроос өөр юм биш шүү дээ. Бие, бодгаль бид хоёрыг орхиод би энэ байна гээд чи ганцаараа гараад ир л дээ. Чухам юу байхыг нь би өөрийн нөхөр ОЮУН-ыг дуудаж ирүүлээд асуугаад өгье гэхэд сэтгэл:
—Оюун гэж хэнийг хэлж байгаа юм бэ? Би мэдэхгүй байна. Би чинь бие, хэл хоёулангий нь эзэн шүү дээ гэхэд бие:
—Би бол гоо үзэсгэлэн төгөлдөр бие шүү дээ. Та хоёр намайг хайрлаж хамгаалж яваарай. Тэр Оюун чинь бусдыг шүүмжлэхдээ их сэцэн юм гэнэ билээ гэхэд сэтгэл:
—Гэвч Оюун ер нь худал хэлэхгүй дээ. Түүнээс бие, сэтгэл биднийг үүрд мөнх хамт оршин байхын аргыг хэлүүлж авъя. Оюуныг дуудъяа гэхэд бүгд зөвшөөрч сэтгэл, Оюуныг дуудаж, боловсорсон Оюун ухаан ч хүрэлцэн иржээ. Ирэхэд нь бие, сэтгэл, бодгаль гурав таг дуугүй сууж байжээ. Оюун:

—Орчлон дээгүүр дэмий тэнэж явдаг сэтгэл чи лай ланчиг, үйлийн үрийн муу биеийг өвөр дээрээ тэврээд, бас байгаа байхгүй хоёрыг нь мэдэхэд бэрх БИ хэмээх бодгальтай нөхөрлөөд юу хийж суугаа юм бэ? гэхэд сэтгэл:
—Би бол энэ ертөнцийн хамгийн ахмад нь. Юм бүхэнтэй хязгааргүй нөхөрлөж ирэв. Харин чи бол өнөө үеийн шинэ хүн, үг чинь батгүй тул сонсох дургүй байна гэхэд оюун:
—Сэтгэл чи энэ орчлонгийн буг болж, түүнээс тонилохоо больсон байна. Дураараа загнаж болохгүй. Үнэнийг танин мэдсэн миний үгэнд орвол чамд туйлын сайнсан гэхэд сэтгэл:
Сэтгэл би хэрэггүй зүйл биш ээ. Би орчлонд сэлгүүцэж, хязгаарлашгүй үйлс бүтээж байна. Би бол хаад ноёд ч болж үзлээ, Лам хувраг ч болж үзлээ. Хаад ноёдын үзэсгэлэн гоо хатад ч болж үзлээ. Нутаг усаа өмөөрч дайсантай цавчилдан байлдаж, алж хядаж ч явлаа. Үнэнийг мэдсэн Оюунтай болон бусадтай хавиргалдан тэмцэж, уур омог бадарч явлаа. Эд хөрөнгөө харамнаж, олз олборт шунаж явлаа. Бусдыг алж хядаж чадахаар үй олон цэрэг зэвсэг бэлтгэж явлаа. Энэчлэн би юм бүхнийг хийж явлаа. Чи муу Оюуныг бүү хэл, бусад хэнийг ч би ялж чадна. Би ингэхгүй бол хамаг амьдралыг хэн хийх юм бэ? Тэр бүхнийг хийж явахдаа би өөрийгөө (сэтгэлээ) нэг ч бодож яваагүй, харин тухайн үеийн амьдралыг л бодож явлаа. Янз бүрийн зовлонг ч амсаж явлаа. Би энэ бүхнийг хийхдээ ганц өөрийн төлөө бус харин бие бодгаль хоёрын төлөө хийж явлаа. Иймээс энэ хоёр намайг хэзээ ч хаяж чадахгүй үүрд хамт зууралдан байх болно. Оюун чи олон үггүй миний нөхөр болсугай гэхэд оюун:
—Чамтай нөхөрлөхгүй ээ. Чи огт хэрэггүй олон юмыг санадаг юм байна гэхэд сэтгэл:
—Надад муу юм юу байгаа юм бэ? Би өөрийнхөө биеийг асран хамгаалах хэрэгтэй. Өөрийнхөө эзэн болох бодгальд олз ашиг, нэр алдар олж өгөх хэрэгтэй. Хэн бүхэн тийм шүү дээ гэхэд оюун:
—Чи өөрийнхөө болон үйл ажиллагааныхаа мөн чанарыг сайн сонс! Чиний тэрхүү энхрийлэн хайрлаад байдаг бие чинь туслах, хорлохын алиныг ч мэдэхгүй бие шүү дээ. Бие гэдэг чинь бузар зүйл. Нэгэнт эвдрээд үгүй болчихдог тул чиний үүрдийн нөхөр бус. Чамайг биеэсээ салахын цагт чиний тэрхүү эзэн болох бодгаль ч байхгүй болно. Бодгаль гэдэг чинь бие сэтгэл та хоёрын хийсвэр нэр төдий болохоос бус тусгайдаа байх ямар ч чанаргүй зүйл. Чамайг үргэлж сайн муу юм тийш догдлуулж, энэ ертөнцийн амьдралын төлөө тэмүүлэхэд хүргэдэг хамаг юм чинь цөм нөхцөл шалтгааны эрхээр бүтэж буй болсон байдаг тул тэр бүхэн чинь цөм мөнх бус түр зуурын зүйл. Аливаа зүүд зэрэглээ лугаа адил чамайг хуурч байгаа юм. Энэ ертөнцийн тийм хуурамч амьдралд улайран тэмүүлж, үүрдийн хань нөхөд болдоггүй тэр муу бие ба бодгалийн төлөө элдвийн юм үйлдэж, нүгэл хурааж суухын хэрэг юу байна? Хамаг юмс нь мөн чанараасаа үнэхээр бүтээгүй, цөм шилжин хувирах шинж чанартай тул тэдгээрийг огторгуй мэт хоосон гэж ойлгоод энэ ертөнцөөс тонилох замыг бодвол дээр бус уу? гэхэд сэтгэл:
-Оюун чамайг хутагт билгийн цаад хязгаарт хүрсэн ухаан гэж бурхны нэрлэсэн нь зөв байжээ. Би чиний ярьснаас эцэст нь, бодгалийн БИ байхгүй, юмсын БИ байхгүй, бүх юм мөн чанараараа цөм хоосон гэдгийг ойлгов гэжээ.

    Бусад мэдээлэл
    2012-05-31