Бурханы шашны портал

  • Хамаг амьтан орчлонгийн хуулийг танин мэдэж, зовлон бүхний ёзоор болсон мунхаг сэтгэлээсээ хагацах болтугай.

Их хүрээний Цорж, Линсрай гавж Агваанбалдан

Монголын сэтгэлгээний түүхэнд чухал хувь нэмэр оруулж, олны дунд "эрдэнэ тунгалаг цорж" хэмээн алдаршсан энэ хүний талаар тусгайлан өгүүлсэн намтарчилсан баримт бичиг олонтой байдаг ажээ. Тэдгээрийн тоонд Шижээ гавжийн зохиосон "Тэнцэшгүй их ачит язгуур лам, үнэн утгын их мэргэн Агваанбалдан хэмээх алдартын эрдмийг өгүүлэхийн үүднээс магтсан яруу үгс хаврын хөхөөний дуу хэмээх оршивой" зохиол ордог ажээ. Намтарт бичсэнээр Агваанбалдан 13 дугаар жарны улаагчин нохой жил Халхын Цэцэн хан аймгийн Хардал жанжин бэйсийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Галшир сумын нутагт, малчин ард Занын гэрт төржээ. Агваанбалдангийн өөрийн бичсэн, "Цорж Агваанбалдангийн намтар"-таа, "Миний төрсөн гэр бол хэтэрхий баян бус, бас хэтэрхий хоосон бус, дунд зэрэг чинээний айл байсан юм" гэж бичээд, тийм гэр бүлд төрснөө билэг дэмбэрэлтэйд тооццог байснаа дурьдсан байна.

Тэрбээр эцэг, эхийн дэргэд өсөн торниж, ойр орчмынхондоо эелдэг зөөлөн харьцаатай, уулзсан бүхэнд мишээл баясал төрүүлсэн, дээд төрөлхтний чухал шинж бүрдсэн хүн болж төлөвшжээ. Агваанбалдангийнх тэр үеийнхээ боловсрол бүхий гэр бүлийн нэг байсны хувьд, эцэг Зана нь сурмаар юм болгоныг сурахыг хичээдэг хүн байсан бол, эх Сэвжид нь зөөлөн сэтгэлтэй, үнэн сүжигтэн хүн байжээ. Агваанбалдангийн ах Гончиг төвдийн Баруун зуу хэмээх Лхаст очиж, эрдэм их сурч, алдаршсан лам хүн байсан бөгөөд дүүгийнхээ насан буянг бодож, ариун их тахил шүтээн бэлдэн, сахиус бурханд айлтгал даатган, харшлах шалтгааныг арилгаж, зохилдох шалтгааныг болгоон соёрхдог байжээ. Тиймээс ч Агваанбалдан ахыгаа дурсахдаа, "Тэр ахад маань ямар нэгэн онцгой зүйл байгаагүй ч, эрдэм номд дур сонирхолтой, авьяас билэг бүхий хүн байсан" гэж бичиглэн үлдээжээ.

Агваанбалдан тэр үеийн монголын уламжлалт сургалт ёсоор 6 настайгаасаа бичиг үсэг заалгаж, цааш буддын боловсролыг шат дараалан үзэж, зохих шалгалт шүүлгийг амжилттай огсөөр, Их Хүрээний шашны боловсрол олгодог сургууль, Ганданд буддын гүн ухаанд суралцан, буддын ухааны ум. цадма. парчин хийгээд дүйраагаас винай хүртэл үзэж цээжилсэн бүхнийг тогтоон, ном хаялцан мэтгэлцэх хотол чуулганд эрхшээжээ. Тэрбээр ийнхүү онц хичээнгүй чанараар бусдаас тодорч, төвд самгард хэлний өндөр боловсрол олж авчээ. Агваанбалдан өөрийн боловсролд түшиглэн энэтхэг, төвдийн мэргэдийн бүтээлүүдийг судлан үзэх зэргээр гүн ухааны сангаа баяжуулж, улмаар Төвд, Хятад, Хөхнуур, Өвөрмонголоор удаа дараа явж, юм үзэж нүд тайлж, ертөнцийн явдлыг бясалгах болжээ.

Агваанбалдан 14 дүгээр жарны цагаагчин туулай хэмээх буян хотол бүрэлдсэн жил төвдийн Лхас хотноо буддын гүн ухааны линсрай гавжийн зэргийг амжилттай хамгаалж, номын далайн титэм хүртжээ. Багшийгаа хэрхэн зэрэг хамгаалсан тухай түүний шавь Жигмэддорж бичихдээ, "Гавжийн зэрэг хамгаалж буй үед нь олон мэргэд сүсэглэх, бишрэх, дуурайх, турших зэргээр оролдсон боловч тэр нэртэй мэргэдүүдтэй олон хоногийн турш ном хаялцахдаа, хэлсэн үндэслэлүүдтэйгээ харшилж эргэж буцсан зүйл огт үгүй тул, хол ойрын дацангаас ирсэн олон мэргэд цөм шагшин магтаж, хариу өгөхдөө түргэн шаламгай, хурц тодорхой биеийн байдал, дууны өнгө аль нэг талаар гайхамшигтай, сэргэлэн цогтой байв. Мэргэн, тэнэг бүгдийн сэтгэлийг ийнхүү хөдөлгөж, тэд нарын сайшаан хашхиралдах нь хөгжмийн эгшиг мэт" хэмээн өгүүлсэн байна.

Линсрай гавж Агваанбалдан 1836-1847 онуудад Их Хүрээний цоржийн өндөр албан тушаал гүйцэтгэж байсан бөгөөд энэ үедээ шашин номын бүхий л үйл хэргийг удирдан зохион байгуулж, олны дунд Балдан цорж, Тунгалаг цорж, Намдилангийн гэх зэрэг янз бүрийн нэрээр алдаршиж бичигдэж байжээ. Монголын буддын мэдлэг соёлын төв голомт болж байсан Их Хүрээний цорж бол шашин номын бүхий л үйл хэрэг хийгээд олон анги, салбар бүхий будцын боловсролын системийг удирдан зохион байгуулж зохицуулж байдаг хүний хувьд чухамдаа бүх монголын бурханы шашны сургалт, түүний үзэл онол мэдлэгийн төвшинг хариуцаж байдаг албан тушаал байв. Тэрбээр том жижиг хэмжээний 96 зохиолоос бүрдсэн 6 боть ном бичжээ. Түүнээс одоо УТНСанд 30 гаруй зохиолоос бүрдсэн 4 боть ном хадгалагдаж үлджээ. Түүний бүтээлүүд нь эртний энэтхэгийн болон сүүлийн үеийн төвдийн мэргэдүүдийн хамгийн нарийн төвөгтэй зохиолуудад үг утгын том, жижиг хэмжээний олон тайлбар хийхийн хамт, монгол төвдийн буддын сүм хийдүүдийн дэргэдэх сургуулиудад үздэг гүн ухааны сурах бичгүүдэд тайлбар хийхэд чиглэгдэж байжээ.

Тэрбээр зөвхөн тайлбарлагч байсангүй, философийн бие даасан олон уран бүтээл туурвисан томоохон сэтгэгч, мэргэжлийн философич байсан байна. Түүний философийн олон бүтээлүүд дотроос нэн алдартай зарим зохиолыг жишээлэн дурьдваас, 1832 онд бичиж, Их Хүрээнд хэвлүүлсэн "Нийт шашны тийн оршихуй номхотголын голыг тодруулан үйлдэгч" хэмээх зохиолдоо Агваанбалдан энэтхэг, төвдийн олон мэргэдээс буддын ёс суртахууны ухаанд холбогдуулан туурвисан зохиолуудыг өөрийн үзлийн үүднээс шүүмжлэн боловсруулж, буддын шашны сүм хийд, лам нарын мөрдөх дэг журам, зохион байгуулалт, сахилга жаягийн тухай сургаалыг тайлбарлан хөгжүүлж, бурхан багшийн өөрийн баримтлан биелүүлж байсан ёс суртахууны хэм хэмжээг нарийн чанд сахиж, эрдэм ном сайтар сурч, шашин амьтны тус үйлдэхийг эрхэм болгожээ. Чингэхдээ бурханы шашны жаяг ёсыг зөрчих зэрэг тухайн үеийнхээ шашинд гарч байсан гажуудал доголдолд шүүмжлэлтэй хандаж байв.

Линсрай гавж Агваанбалдан "Илт номын сангийн шинжилгээ багачуудын оюуны цэнгэл" хэмээх зохиолыг 1846 онд бичиж Их Хүрээнд хэвлүүлжээ. Агваанбалдангийн энэ зохиол бол буддын философийн хөгжлийг түүхчлэн судлахад болон монголын гүн ухааны сэтгээлгээний түүхийг судлахад чухал хэрэглэгдэхүүн болсон байна. "Илт онолын чимэг шастирын үгийн утгын үүднээс номлосон Майдарын гэгээний зарлиг" хэмээх зохиолоо 1853 онд бичиж хэвлүүлжээ. Энэ зохиол нь буддын шашны сургуулиудад үздэг гүн ухааны 5 боть дотроос хутагт билгийн чанад хязгаарт хүрэх арга замыг заасан гол сурах бичиг болой. Уг зохиолдоо будда, бодисатва нарын тухай шашны ойлголтыг эрэмбэ дараатай зураглан гаргаж, тэдгээрийн баримталдаг ёс суртахууны зарчим, амьтанд тусалдаг арга зам, дадлага туршлагын зүйлүүдийг бүхэлд нь багтаан харуулжээ. Бас төвдийн мэргэдийн энэ талаар бичсэн зохиолуудыг эртний энэтхэгийн мэргэдийн тайлбаруудтай тулган үзэж, төвдийн хамгийг айлдагч хэмээн алдаршсан Жамьяншадав өөрийн бичсэн парчингийн сурах бичигтээ зарим үзэл ойлгоц дээр ташаарсныг залруулсан байна.

Буддын философийн гол зангил аа асуудалд зориулсан Агваанбалдангийн нэгэн алдарт бүтээл бол 1835 онд бичиж хэвлүүлсэн "Дөрвөн тогтсон тааллын ёсон дахь хоёр үнэний ялгаа" хэмээх зохиол юм. Уг бүтээлдээ буддын философийн нэг гол зангилаа судлагдахуун болох үнэмлэхүй үнэний асуудалд будцын философийн дөрвөн чиглэлд тус бүрээр хэрхэн тайлбарладгийг нарийвчлан шинжилсэн байна. Тухайлбал, "Хумхийн тоос буюу хамгийн жижиг элементийн бөөгнөрлөөр биелсэн бүхэн өлөг мөн. Хумхийн тоос нь бүдүүн, нарийн, маш нарийн гэж байх бөгөөд биетэй бүхнийг бүрэлдүүлэн бий болгоно. Маш нарийн тоос хуралдан нийлж, бүдүүн тоос болж, өлөг буюу биет зүйлийн эх үүсвэр болно" гэсэн нь Агваандандарын сургаалын адил өрнө дахины философийн ойлголттой дүйцэж байгаа юм. Хумхийн тоос нарийн бүдүүн ямар ч бүтэцтэй байлаа гэсэн өөртоө 4 махбод буюу шороо, гал, ус, хийн язгуур чанарыг хадгалсан байдаг. Хумхийн тоос бүхэнд байх тэрхүү язгуур чанарыг махбод гэж нэрлэнэ. Дөрвөн махбодын чанар бүхий 7 тооны маш нарийн тоосноос нэг нарийн тоос буй болох суурь тавигдаж, тэрхүү нарийн тоос нь 49 болж бөөгнөрөхөд бүдүүн юмсын анхны бие буй болох үндэс тавигддаг гэж Агваанбалдан үзэж байжээ. Агваанбалдан урьд өгүүлсэн 4 махбодийн дээр бас тав дахь махбодь нь огторгуй хэмээх байна гэж үзжээ. Үүнийгээ нэг ертөнц эвдэрч хоосроод байх үеийн, эсвэл шинэ ертөнц бий болох үеийн огторгуйн эд хэмээн ойлгож байв.

Аливаа юм хоосон чанартай бол тэр юм байж байгаа, хоосон чанар үгүй бол уг юм байж чадахгүй гэсэн санааг Агваанбалдан зохиолууддаа томьёолж, "хоосон чанар бүхий юманд орчлон нирваан, үйлдвэр үйлдэгч бүхэн байна. Үнэхээр бүтсэн юмс өөрөөр хэлбэл хоосон чанар үгүй юманд энэ бүхэн байж болохгүй болой" хэмээн үзэж байв. Хоосон чанарын тухай сургаалынхаа нэгэн үндэслэл болгож Агваанбалдан шүтэн барилдахуйн онолыг авч үзэхдээ ертөнцийг нэгэн бүхэл болгон нэгтгэж байдаг юмсын уг шалтгаан холбооны үзэл санааг дэвшүүлж байсан нь өнөөгийн философийн ойлголттой бараг дүйцэж байгаа билээ.

    Бусад мэдээлэл