2014-08-15 | Нийтэлсэн:admin | Үзсэн:6750
Хандсүрэнгийн Баасансүрэн /“Эрдэнэ зуу” хийдийн хамба/
Фэйсбүүкээр тэнэж яваад Х.Баасансүрэн ламын гараа зүрхэндээ нааж, нүдээ үл ялиг аниад “Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай, Намрын будан бүрхчихнэ шүү, ай хөөрхий” хэмээн дуулж суугаа бичлэгийг санамсаргүй үзсэн нь өнгөрсөн хэдэн өдрийн сэтгэл хөдлөлийн минь туйл байлаа. Үгүй ээ, ингэж бичих нь бага зэрэг буруу байх. Дуртай дуучдын маань нэг Жефф Бакли “Тэр тэгэхэд хөгжим тоглоогүй, тэр өөрөө хөгжим болсон” хэмээн Нусрат Фатих Аль Ханы тухай хэлсэн шиг Баасансүрэн лам дуулсан гэхээсээ өөрөө дуу болж хувирсан мэт надад санагдсан юм. “Үйлэнд бүрэн уусахад тэнд эго хайлж, зөвхөн үйл л үлддэг” гэх үгс санаанд орно. Дотроос нь аз жаргал гийж, амгалан тайванд умбасан гэмээр төрхтэй түүнээс нөгөө дуугаа дуулаад өгөөч гэж гуйвал яг л жаахан хүүхэд шиг шуудхан л дуулж эхэлнэ. Би өөрийгөө ямар их хүлээсэнд баригдаж явдгаа энэ хүнээс ухаарах шиг...
Амарсанаагийн Амармэнд. Та ямар сахилтай вэ?
Хандсүрэнгийн Баасансүрэн. Гэцэл сахилтай. Гэлэн бол болоогүй. Гэнэн сахил гэж эгэл хар хүний сахилыг хэлдэг. Гэцэл, гэлэн гээд явахаараа гэр бүлгүй байх ёстой болно.
А.А. Лам нар тэр бүр хатуу сахил сахихаа больсон энэ үед та яагаад ийм сахил хүртсэн юм бэ?
Х.Б. Би лам болоод 23 жил болж байна. Анх хүүхэд байхдаа л учрыг нь ч мэдэхгүй шахам авсан л даа. Уг нь лам хүн заавал сахил хүртэх ёстой. Гэхдээ өнөөгийн нийгэмд сахил сахих нь амар биш. Сахил хүртэх, сахихдаа гол асуудал байгаа юм биш. Гол нь сэтгэлээ захирч л сурах гэж би боддог юм. Би өдөржингөө хоол идэхгүй гэж дарангуйлбал шөнөжингөө хоол зүүдэлнэ. Секс хийхгүй гээд байвал секс зүүдэлнэ. Аливаа үйлийг хүчээр хорьж уг үндсээр нь таслах боломжгүй. Хамгийн чухал нь зөв хандлагыг дотроосоо бий болгох. Гэнэн, гэцэл зэргээс гадна бодь сэтгэлийн, тарнийн санваар гэж бий. Муу бодол бодохгүй байх тухай юм. Ингэхийн тулд бясалгал хийх хэрэгтэй. Би хувьдаа ийм сахилыг чухалчилдаг.
А.А. Тэгвэл яаж ийм зөв хандлагыг төлөвшүүлэх вэ?
Х.Б. Өдөр тутмын амьдралдаа ухамсартай хандаж, хийж буй үйлдээ уусч, зүрх сэтгэлээсээ хий. Ажлаа хийж байхдаа, дуулж байхдаа, алхаж явахдаа бид дандаа л огт өөр юм бодож байдаг. Чи таван минутын хугацаанд тархиндаа орж ирэх бодол бүрээ жагсаагаад бичих гээд оролдоорой л доо. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л юм байх вий. Бидний зовлонгийн нэг шалтгаан энэ. Хүүхэд аз жаргалтай байдгийн шалтгаан нь олон юм боддоггүйнх. Бясалгал бол бодлоос халих л үйл явц юм. Бодлоо, сэтгэл хөдлөлөө ажигла, тань. Бүү дэмж, бүү яар. Гэнэтхэн зогсоод юу бодож байгаагаа тань, ухаар. Таниут тэр бодол тань замхрах вий. Ийм дадлыг хүн ярихаас бусад бүх үедээ хийж болно. Энэ дадал өөрийгөө танихад чинь тусална. Ямар үед бухимдаад, юу руу шунаад, яахаараа атаархаад байна гэдгээ анзаарч эхэлнэ. Энэ бол хамгийн том буян. Цагийн хуваариар бясалгал хийлээ гээд хүн гэгээрэхгүй. Энэ үйлийг өдөр тутамдаа дадал болгож, үйл бүрээ бясалгал болгож байж л хүн гэгээрнэ. Нэг арга бий. Бугуйвч зүүчих. Бугуйвчаа харах бүртээ л бодлоо анзаараад эхэлнэ. Эхлээд өдөрт хоёр, гурван удаа бодлоо ажиглана. Дараа нь 10, 100 болно. Эхлээд бодож дууссаныхаа дараа ийм юм бодчихлоо гэж таньдаг байсан бол сүүлдээ бодож байх үедээ ингэж бодож байна даа гээд өөрийгөө анзаарч эхэлнэ. Эцэст нь бодол орж ирэх гэж байна гээд орж ирэхээс нь өмнө таньж, сарниаж сурна. Баяр хөөр, уйтгар гуниг гэх мэт сэтгэл хөдлөлүүд бол зочин. Та бол гэрийн эзэн. Бодолтойгоо өөрийгөө бүү адилтга. Бусдыг биш өөрийгөө анхаар. Чамайг хэн нэгэн алгадаад авбал алгадсан хүн дээр биш, алгадуулсны дараа дотор чинь болох сэтгэл хөдлөлдөө төвлөр. Бусдыг өөртөө тааруулах гэдгээ болиод бусдад тохирч амьдар.
А.А. Та юмны учир начрыг сайн олоогүй хүүхэд ахуйдаа л лам болжээ. Тэгвэл идэр насандаа ч юм уу, үеийнхээ залуусыг хараад эгэл хар хүний амьдралаар амьдрахсан гэж хүсч байсан уу?
Х.Б. Би ламын амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Гэхдээ би буддизм, хиндуйзм, социализм гээд ямар нэг -измд баригдахыг хүсдэггүй. Лам хувцас бол би биш. Хар болоод амьдарсан ч, шоронд орсон ч, ууланд гарсан ч энэ Баасансүрэн байж л байна. Би өөрөөсөө хаашаа ч зугтаж чадахгүй. Миний лам төрх, халзан толгой, орхимж би биш. Та үсээ хусуулж, энэ орхимжийг нөмөрлөө гээд лам болчихгүй. Би хар хүний амьдралаар амьдарсан ч, шоронд орсон ч, лам байсан ч жаргалтай л амьдарна. Би хоригдлуудтай уулзалт хийх үедээ “Та нар ёстой азтай юм. Би шоронд байсан ч болоосой. Дулаан байр, өдрийн дөрвөн хоолтой. Хажуугаар нь бясалгал хийгээд сайхан даа. Лам нар нийгмээс чөлөөлөгдөх гэж л уул руу явдаг шүү дээ” гэж хэлдэг юм. Чи там, диваажинд очихгүй. Там, диваажин өөрөө чам дээр ирнэ. Чи хаана ч там, диваажинг бий болгож чадна.
Сүм хийд уг нь үйлчилгээний байгууллага биш. Би сүм хийдийг аз жаргал мэдэрдэг, тайвшрал олдог тийм л газар байгаасай гэж хүсдэг. Одоо ч бараг зовж зүдэрч, үхэл хагацал тохиохоороо очдог газар шиг болж. Найз руугаа утасдаад эмнэлэгт байна гэхээр нь яав, юу болов гэдэг шиг Ганданд байна гэвэл ямар нэг муу юм болоо юу гэж бодохоор болж...
А.А. Заримдаа ламын амьдралаар амьдармаар санагддаг юм. Лам болохын тулд хүн хаанаас эхлэх хэрэгтэй вэ?
Х.Б. Лам гэж эго, сэтгэл хөдлөлөө ялан дийлэхээр замнасан хүнийг хэлнэ. Чамайг гудамжинд явж байхад танихгүй хүн ирээд алгадчихвал чи үзэж тарна. Харин нэг хүн ирээд чамайг учиргүй ихээр магтвал чи баярлан хөөрнө. Тэгвэл хүссэн нь уурлуулж, баярлуулж чаддаг Амармэнд гэж хэн юм бэ? Бид үүний л учрыг олох гээд байгаа юм. Өөрийгөө мэддэг болохыг, хүссэн үедээ баярлаж, хүсээгүй үедээ уураа хянаж сурахыг хүсч байна. Тэгэхээр заавал энэ улаан, шар хувцсыг өмсөлгүйгээр ч лам болж болно. Хэрвээ үнэхээр их хүсч байгаа бол энэ ажлаа хая, ламын амьдралаар амьдар. Чадахгүй бол одоо хийж байгаа ажлаасаа аз жаргал мэдрээд бурханыг, сүмийг дэргэдээ авчир. Одоогийн байгаа байдалдаа гоншгонох хэрэггүй.
**А.А. Будда орон гэрээ орхиж аглагт суухаар явсан түүхээс ч улбаалдаг уу, гэгээрлийг зорьсон хүн орчлонг огоорох, ахуйгаас холдох ёстой гэсэн үзэл байдаг. **
Х.Б. Будда хааны агь байсан. Түүнд бүх юм байсан. Түүнийгээ орхиж явсан. Харин Есүс харцын хүү байсан. Тэр энэ амьдралаас холдоогүй. Тэгэхээр, магадгүй гэгээрсэн багш нар амьдралын хэв маягаасаа хамааран гэгээрэлд хүрэх замаа сонгодог байж болох. Будда гэгээрснийхээ дараа гэртээ эргэж ирэхэд эхнэр Яшодара нь “Гэгээрэл гэдэг чинь аглаг буйдад л байдаг, энэ хааны ордонд байдаггүй зүйл юм уу?” гэж асуудаг. Будда “Тийм ээ, миний буруу байж” гэж хариулсан гэдэг. Хэрвээ Будда яг одоо бидэнтэй хамт амьдарч байсан бол арай өөрөөр үйлдэж магадгүй л юм. 2500 жилийн өмнө тэгсэн учраас өнөөдөр ч тэгэх ёстой гэсэн зүйл байх ёсгүй. Аливаад автах, түүнийг эсэргүүцэх хоёр яг адилхан. Мөнгөнд шунах, мөнгийг огт хэрэглэхгүй гэж зүтгэх нь нэг юм. Юуг ч хэрэглэж болно. Гол нь түүнээс хамааралтай л болж болохгүй. Хамаараад эхэлбэл зовлон эхэлнэ.
Будда “Орчлон ертөнц бүхэлдээ зовлон” гэж номлосон гэж хүмүүс ойлгоод байдаг. Харин надад бол яг ч тэгж хэлээгүй юм шиг санагддаг. Би гэгээрсэн хүний хандлагыг тийм нарийн мэдэхгүй л дээ. Гэхлээ зовлон гэдэг ойлголт жаргалыг үгүйсгэхгүй. Бид ахуйдаа хүлэгдээд, үүнээс л зовлон үүсээд байна, энэ чигээрээ байвал зовлон чинь нэмэгдэнэ үү гэхээс нимгэрэхгүй, тэгэхээр битгий ингэж хүлэгдээрэй гэх гэсэн болов уу л гэж би дотроо Буддагийн сургаалыг сэхээрдэг.
А.А. Орчуулагч, лам П.Бадралын орчуулсан “Агнистын гэгээ” цуврал дээр “Хааны ордноо орхиж одсон 1000 ханхүүгээс 1000 гэгээрэл тодрох бол овоохойгоосоо одсон 1000 харцын хөвгүүнээс ганц л гэгээрэл тодордог. Учир нь, хааны агь хатдаас нь илүү хацар гоо эм, ордноос нь илүү үзэмжтэй ордон байхгүй гэдгийг ухаарчихаад явдаг бол харцын хүүг амтлаагүй жаргал цэнгэл хэдэн мянгаараа хүлээж байдаг” гэсэн байсан. Хомс гуцуу байдал нь оюуны хөгжилд саад болох уу?
Б.Х. Тийм хандлага бий. Гэгээрсэн багш нар голдуу л хааны агь, бярман, язгууртнууд байдаг. Хүүхэд маань хоол нэхээд байхад би хэрхэн ухаарал гэгээрэл бодож сөхөөрөх билээ. Тэгэхээр, тодорхой түвшин хүртэл ядуурлаас гарах шаардлагатай. Тэгэхгүй л бол сайхан хүүхэн, сайхан байшингийн өмнө саатчих гээд байдаг. Үзээд амталчихсан хүн бол тэгэхгүй. Гэхдээ энэ нь заавал ийм байх ёстой гэсэн үг ч бас биш.
А.А. Цаг нь ирэхэд хүн бүр л гэр бүлийн амьдрал, үр хүүхэд мөрөөсдөг юм шиг ээ. Таны хувьд?
Х.Б. Одоогоор ийм бодол алга. Яагаад гэвэл, хайр бол өмч биш. Хайрыг гурван түвшинд хувааж болно. Эхнийх нь адгууслаг буюу бие махбодын хайр, секс. Адгуус ч ингэж хайрлаж чадна. Дараагийнх нь зүрх сэтгэлийн хайр буюу бидний хүмүүнлэг хайр. Сүүлийнх нь бурханлаг буюу бүгдийг багтаасан хайр, эргэн тойрны хүмүүсээ хайрлаж, талархсан бясалгал юм. Аялгуу тавиад, түүндээ найгаад л аз жаргалаар өлгийдөж, намайг төрүүлж өсгөсөн аав ээждээ, хайр энэрлээрээ нигүүлссэн ах эгч, найз нөхдөдөө “Та нар минь ямар их хайраар намайг хайрлаа вэ” гээд талархал явуулна гэсэн үг. Цаашлаад өнгөт орчлонг өмнө минь дэлгэсэн нүдэндээ, хүссэн газар хүргэж өгдөг хөлөндөө, өдий хүртэл зогсчихоогүй зүрхэндээ гээд бие махбоддоо талархана. Би өвдвөл энэ талархал, энэ хайр байхгүй болчихно шүү дээ.Тэгээд эд зүйлстээ... Хүссэн хүнтэй холбож өгдөг утсандаа, намайг дулаахан байлгадаг хувцсандаа, хүссэн газар хүргэж өгдөг машиндаа... Би нэг удаа утсаа гаргаж ирээд таньдаг бүх хүмүүс рүүгээ баярлалаа гэж мессеж бичсэн юм. Дотроос л баярлалаа гэж үг гарч ирээд энэ хорвоогийн бүх хүний дугаарыг мэддэг болоосой гэж бодогдоод байсан. Баярлалаа, баярлалаа, баярлалаа... Тэгсэн “Яасан бэ?” гэсэн хариунууд ирсэн. Хайр оршиж байгаа учраас л хорвоо байна. Хорвоо дээр яагаад зовлон байна вэ гэхээр хайр хүссэн нь, олон хайр өгдөг нь цөөхөн байна. Өнөөдөр би чамд хайртай нь биш, чи надад хайртай юу гэдэг нь чухал болчихоод байна. Хайрыг бүгдэд түгээ. Би илгээсэн хүчилтөрөгчөөр нь амьсгалсныхаа төлөө моддод талархаж, эргүүлээд “Май аваарай” гээд нүүрстөрөгч явуулдаг. Ууж байгаа айргандаа таларх. Унаганд “Уучлаарай, сүүг чинь булааж аваад уулаа шүү” гээд, надад айраг бэлдэж өгсөн гүүнд, өвсөнд, өвс ургуулсан бороонд, наранд, бороо оруулсан үүлэнд таларх. Миний аз жаргалын шалтгаан ямагт өөр нэг зүйл байдаг. Тэр бүгдээс би хайрыг мэдэрдэг. Би маш олон зүйлээс аз жаргал мэдэрдэг. Нэг хүнийг хайрласнаар өөр хэн нэгнийг хайрлах эрхээ хасуулах нь буруу гэж боддог. Эр эмийн хайр чи минийх, би чинийх гэж өмчирхдөг. Тэрийг нь улс баталгаажуулдаг. Одоог болтол гэр бүлийн тухай бодоогүй минь үүнтэй холбоотой байх.
Чи нэгэнт хайртай учирсан бол хайр ирсэн нь ямар сайхан юм бэ, хайргүй уйтгарлаж ганцаардаж явсан цаг хугацаа дууссан нь ямар их аз вэ гэж таларх. Гэтэл бид өөрсдийгөө л хайрлуулах гээд байдаг. Эндээс л зовлон эхэлдэг. Хайр бол ойлгох. Хооронд нь байгаа нууц ихсэх тусам хоёр хүн холдож, багасах тусам ойртдог. Тэгэхээр магадгүй нэгэн цагт би хэн нэгэнтэй хамт байвал хамтран амьдрагч хэлбэртэй л байна байх. Одоо бол эргэн тойрны бүхнээ хайрлаад л явмаар байна.
А.А. Та тэгвэл үнэхээр аз жаргалтай хүн үү?
Х.Б. Миний аз жаргалын шалгуур маш бага. Тийм болохоор байнга л аз жаргалтай байдаг. Амьсгалж байгаа нь, өглөө бүр нар мандаж байгаа нь, шувууд жиргэж байгаа нь, мод цэцэглэж, хөхөө донгодож буй нь, бороо шиврэх нь, нойтон хувцас биед мэдрэгдэх нь жаргалтай санагддаг. Аз жаргалын шалгуур өндөр байхын хэрээр аз жаргал багасна. Аз жаргал бол мэдрэмж. Мэдрэмжийг одоод л мэдэрдэг. Өнгөрсөн дэх аз жаргал чинь өнгөрсний одоод, ирээдүй дэх аз жаргал чинь ирээдүйн одоод л буй. Гэтэл бид том болох юмсан, оюутан болох юмсан, гэр бүлтэй болох юмсан гээд дандаа л ямар нэгэн учрал тохиолыг мөрөөсөн хүлээж байдаг. –сан, -сан, -сан гээд л... Би аз жаргалыг хүлээдэггүй. Миний оршиж буй нь л надад аз жаргал болдог. Аз жаргал бол биднээс тусдаа зүйл биш. Аз жаргалтай хором мөчүүдээ л олшруулах хэрэгтэй. Би Хархориноос хот орохдоо дуулсаар байгаад л хачин жаргалтай хүн ирдэг юм. Гэтэл эгч хажууд суучихаад л намар нүүхээрээ хоёр нохойгоо яана аа гээд зовоод байгаа юм. Би бол зун дуусаад намар болоод, нүүх цаг ирэхэд л нохойныхоо тухай бодмоор байна. Хүн бүр л үхнэ. Ная хүрэхээрээ би үхнэ гэж ямар одоо шаналаад байлтай биш дээ.
А.А. Та гэгээрлийг эрхэм зорилгоо болгосон лам хүн. Гэгээрэхийн үндэс нь эгогоо хайлуулах гэдэг. Нийгмийн бүхий л шат давхаргадаа эгог дэмжсэн энэ цаг үед амьдрах нь танд хэцүү байдаггүй юу?
Х.Б. Орчин үеийн нийгэм эгон дээр тулгуурлаж байна. Намайг тухтай байлгах гэж сандал, бусадтай холбох гэж утас бүтээлээ. Гэтэл нөгөө аз жаргал нь хаана байна? Ертөнц өвджээ. Нийгэм хорт хавдар тусчихжээ. Ерөндөг нь ердөө л хайр. Хэн нэгнийг хайрлах үед чи өөртөө чухал биш болж эхэлдэг. Энэ бол эгогийн хувьд үхэл. Гэр бүлтэй болно. Гэр бүлийнхээ төлөө залбирна. Эго улам үхнэ. Ураг саднаа бодоод, би яах вэ эд нар минь л гэнэ. Энэ л хайр. Ингэсээр гурван сая хүнийг яг гэр бүл шигээ хайрлаад эхэлбэл юу болох бол? Дараа нь нэг ч гэсэн хүн битгий зовоосой гээд долоон тэрбум хүний төлөө залбираад, гэр бүл шигээ хайрла. Дараа нь шувуудын, загасны, нохойны гээд амьтдын төлөө залбир. Ямар агуу их хайр вэ. Товчхондоо, чи энэ бүхнийг өөрөөсөө илүүд үзэж байна. Чи улам жижиг болж, нохой улам томорч байна. Энэ бол арчаагүй байдал биш агуу оршихуй юм. Эго багасах тусам чи намсаж, бусад нь агуу болдог. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэсэн үгийг их хуучинсаг гэж бид ойлгодог. Үнэндээ энэ ямар агуу үг вэ. Дараа нь хайрандаа оршихуйг ч оруулж ир. Уулыг, усыг, моддыг хайрла. Энэ үед эго алга болно. Бүх зүйлс чамаас агуу болмогц өөрийгөө илэрхийлэх шаардлага ч үгүй болно. Яах вэ, мань мэт шиг эгондоо дарлуулсан улс энд ингээд элдэв юм яриад сууж байна. Мундаг улс нь чимээгүй л суугаа. Хорвоогийн хотол зон ийм болохын цагт дайн дажингүй энх ирнэ. Нам, бүлэг гэсэн талцал, хуваагдал үгүй болно. Буу шийдэм, цагдаа цэрэг ч байхгүй болно. Өнөөдөр зэвсэг бүтээж энх тайванд бэлдээд байна. Хэрвээ үнэхээр энхийг хүсч байгаа бол нэг нэгэндээ туслахад, нэг нэгийгээ хайрлахад суралц л даа.
А.А. Өнөөдөр бидний сонгосон капитализм аминч үзлийг дэмждэг нь энэ үеийн алдаа дутагдлын шалтгаан болж байх шиг...
Х.Б. Коммунизм бол бүх нийтийн төлөөх үзэл. Уг нь бид нэг л онгоцон дээр аялж яваа юм. Ийм байж зовж шаналж буй нэгнээ үл ойшоох нь харгис явдал. Өнөөгийн дэлхий ертөнц хэтэрхий материалист болсонд шинжлэх ухаан зохих хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой байх. Хүний шуналыг сэдрээх зүйлс ээлж ээлжээр сэдээд л, хялбарчилна, амарчилна гэсэн уриа лоозон зүүгээд л, мэдээллийн хэрэгслээр сурталчлаад байх юм. Энэ л чамайг аз жаргалтай болгоно шүү гээд л. Энэ бол нэг ёсны тархи угаалт. Хувь хүний амьдрал өөрөөс нь шалтгаалах нь үнэн ч гэлээ хүүхдүүдийг бага байхаас нь яаж нэгнийгээ хайрлах вэ, яаж бусдад туслах вэ гэдэгт сургамаар байна. Сургуулийг тархины биш зүрхнийх болгомоор байна. Тархи гэж юу юм бэ? Мэдлэг. Олон хэлтэй, профессор цолтой мөртлөө бусдыг үргэлж дээрээс хардаг муу хүмүүс байдаг. Жаргаад байна уу гэхээр бас үгүй. Гэтэл сургууль номын мөр хөөгөөгүй мөртлөө нэг их сайхан тусч сэтгэлтэй хөдөөний малчин бас байна. Энэ бол зүрхний эрдэм юм. Мэдлэг аливааг хувааж, тайлбарлаж, зөрчилд бэлдэж байдаг. Харин зүрх бол энэрч, ойлголцохыг хүсч, өгөхийг, туслахыг, нэгдэхийг, хайрлахыг хичээж байдаг. Гэтэл үүнд чиглэсэн сургалт алга. Би гайхдаг. Яагаад үр хүүхдээ сайхан сэтгэлтэй, тусч, буян үйлддэг болгоход анхаарахгүй байгаа юм бэ. Чи эрхэмсэг, жентельмэн, мундаг байх ёстой гэсэн, илүү байсанд нь онц дүн тавьдаг эгог дэмжсэн сургалтууд л газар сайгүй байна. Уг нь эсрэгээрээ баймаар байна. Хамгийн их тус үйлдсэнд, хамгийн их хайрласанд, хамгийн их өөрчлөгдсөнд онц тавьдаг хайрын сургуультай болбол гоё шүү дээ. Үгүй бол орчлон хорвоо дахь энэ их зөрчил дуусахгүй. Дэлхийн түүх гэж юу юм бэ? Дайны л түүх шүү дээ. Одоо ч тэр дайн нь дуусаагүй л байна. Улс орон дотроо ч нам бүлгээрээ, найз нөхөд ч ашиг сонирхлоороо хуваагдана. Дандаа л салалт, тусгаар байдал байна. Нэгдэл, ойлголцол алга.
А.А. Будда төрөөд хоёр мянга гаруй жил өнгөрсөн. Гэвч хүн төрөлхтний амьдралд төдий л өөрчлөлт гарсангүй. Тэгэхээр, хүний хувь тавилан нь өөрөө зовох юм уу гэж бодогдох юм.
Х.Б. Өргөст дэлхийг ширлэх гэж зүтгэхийн оронд, өөрийн гутлыг ширлэчих гэсэн Шэнтидава гэгээнтний үг бий. Бид амьдралынхаа туршид тэмцээд юуг ч өөрчилж чадалгүй үхэж ч болно. Тэгэхээр дөрвөн зарчмыг баримтлах хэрэгтэй санагддаг. Эхнийх нь, эерэг дээр төвлөр. Бид л болохгүй бүтэхгүйг нь хайгаад байгаагаас биш эерэг зүйлс хүний орчлонд олон байна. Удаад нь, хүлээн зөвшөөр. Амьдрал тогтворгүй агшин хормоор өөрчлөгдөж байдаг. Энэ дунд бид зовлонг хэт томруулж хүлээж авдаг. Арай ч дээ гээд гаслахын оронд за яах вэ дээ, буянаараа л болог гэж бодох нь өөрт хавьгүй амар биз дээ. Хүлээн зөвшөөрөх гэдэг бууж өгч буй юм биш. Ялан дийлж буй хэрэг. Дараа нь, дотроо байгаа бүхнээ гарга. Бидний архи ууж, лам дээр очдог, сэтгэл зүйчтэй болдгийн шалтгаан нь хуваалцах гэсэн хэрэгцээ. Тэгвэл уйлахдаа уйлаад, орилж хашгирахдаа хашгираад гарга. Хашаандаа хашгирвал хүмүүс галзуурчихна гэх гээд байвал холхон очоод хашгир. Доторхоо гаргалгүй удаан тээснээс бол ганцаардаж, ганихарч, бухимддаг. Нийгэм бидэнд дотоодоо уудлах боломжийг өгөхгүй байна. Юм цохиж нүд, ханатай ярилцсан ч болно. Ханатай ярилцдаг бясалгал байдаг. Хана бол найдвартай . Лам бол осолтой шүү дээ. Тэгээд эцэст нь хайрла. Гаргаж байж, суларч тайвширч байж хайрлах боломж ирнэ. Дургүй хүнийхээ зураг руу нулимчихаар дотор нэг сайхан онгойдог доо. Сэтгэл ийм л байдаг. Гомдсон хүнийхээ тоогоор төмс авч явах тухай сургаал байдаг. Дүрэм нь, тухайн хүнээ уучилтлаа унтсан ч, ажилдаа явсан ч төмснүүдээ байнга биедээ авч явна. Төмс муудна. Үмхий самхай ханхална. Үргэлжлүүлэн үмхий самхай ханхлуулсаар байх уу, уучлах уу, таны сэтгэлд ч бас ийм үмхий самхай зүйл байгаа юм биш биз гэсэн санаатай юм.
А.А. Та гэгээрлийг хайсэн эрэлчнээс гадна “Эрдэнэ зуу” хийдийн хамба, түүнчлэн буддын шашныг нийгэмд таниулах үйлсэд тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулдаг нийгмийн зүтгэлтэн. Өөрийнхөө гол зорилгоос гадна энэ мэт ажил үйлсэд оролцдог шалтгаан тань юу вэ?
Х.Б. Ийм ажлаас би тодорхой хэмжээнд аз жаргал мэдэрдэг. Би уншсан юмаа биш мэдэрсэн зүйлээ бусадтай хуваалцахыг хүсдэг. Бясалгалын янз бүрийн төлөвт орж, аз жаргал мэдрэхээр үүнийг ч бас бусад хүмүүс мэдрээсэй гэх хүсэл төрж, яагаад ийм энгийн зүйл дээр хүмүүс төөрөлдөж, өөрсдийгөө зовоодог юм бэ гэж боддог. Энэ л шалтгаанаар би хоригдлууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж ярилцдаг. Би тэдэнд дуу дуулж өгч, хамтдаа дуулж, бүжиглэдэг. Нэг өдөр ч гэсэн асуудлаа мартаг. Нэг хүн ч гэсэн миний хэлсэн зүйлийг ухаараасай гэж хүсдэг. Харамсалтай нь, 100 хүнтэй яриа хийхэд энэ бүхнийг ойлгоод амьдралдаа хэрэгжүүлдэг нь ердөө л хоёр гурав. Ихэнх хүн миний ярьсан зүйлийг бусдад гайхуулах мэдлэг болгохоос хэтэрдэггүй.
А.А. Сүсгийн хүч гэж байдаг болов уу?
Х.Б. Байлгүй яах вэ. Жишээ нь, христийн шашинд бясалгал байдаггүй, бүхэлдээ сүжиг, итгэл дээр тогтдог. Маш агуу сүжгийн хүчээр гэгээрлийн оч амсдаг. Тэр хүч хувь хүнээс л гардаг. Манай шавь нэгэн настай эмгэн байдаг юм. Надад маш их сүжигтэй. Намайг харахаараа л нулимс нь гарна. Өвдөхөөрөө эмнэлэг явахгүй. Багш дээрээ очиж үрэл амсана гээд л яаж ийгээд ирнэ. Адис өгөхөөр нулимс нь асгараад л, зүрх нь түг түг цохилоод, нэг үрэл өгөхөд л сэвхийгээд босоод ирнэ. Энэ миний хүч биш. Тэр хүний сүжгийн хүч юм. Үнэхээр сүжгийн хүч ихтэй хүнд гэгээрэл ойрхон. Би тэр эмээгээ харахаар өөрийгөө маш их голдог юм.
А.А. Багш гэвэл та хэнийг нэрлэх вэ?
Х.Б. Миний багш гэж “Эрдэнэ зуу” хийдийн өмнөх хамба бий. Намайг 1994 онд өргөж авч байсан юм. Намайг 20-иод жил бэлдэж, хайрыг бэлэглэсэн. Хүүхэд л юм болохоор хол явах гоё гэж бодоод нэг удаа багшдаа “Энэтхэг явъя” гэж хэлж байсан юм. Гэтэл багш “Чи миний мэддэг бүхнийг мэдсэн хойноо явах тухай бод. Өөрөөр би чамайг явуулахгүй” гэж байсан. Бид дэргэдээ байгаа бурханаа хардаггүй юм билээ. Энэ жил багш маань бурхан болсон. Хайртай хүнээ алдахдаа бид тэр хүнгүйгээр би яана даа гэж өөрийгөө л боддог юм билээ. Заримдаа би ном уншиж байхдаа орж ирэх мөргөлчдөөс, цэцэглэж байгаа цэцэгнээс багшийгаа олж хардаг. Багштайгаа нэг болоод хамт байгаа юм шиг санагддаг юм. Өөр олон багш нар надад бий л дээ. Бусад багш нараа би тэр багшдаа шингээгээд л бодчихдог юм.
А.А. Таныхаар хүн байхын утга учир юу вэ?
Х.Б. Хайрлах, жаргах. Чамайг анх олохдоо аав ээж чинь юу хийж байсан бэ? Уйтгар гуниг, өвчин зовлон, үзэн ядалт гэсэн нэртэй хүн байдаг бил үү?
Эх сурвалж: http://amarmend.essay.time.mn