2012-03-05 | Нийтэлсэн:purevsukh | Үзсэн:9415
Зандан Зуугийн түүх, эргэлийн тоо хэмжээ, ач тусын тухай товч тэмдэглэл "Эрднийн эрхи" хэмээх оршвой
Наму Шаакя мүний еэ (Шагжаан чадагчид мөргөмүй)
Энэрэл хайр, билиг айлдал, арван хүчний ид хав
Бэлиг, найргийн хувилгаан торонд илтэд биелэсэн
Тэнгэр сэлт амьтны зулайд сүр жавханлагаар эв эл
Чадагчийн эрхэт Шагжаагийн эрхэм танд мөргөмүй
Алив цөвүүн цагийн амьтныг тухайлан нигүүсэж
Авралын гэрлийг үлэмж цацруулдаг итгэл таны
Адистидийн цогцонд илт тодорсон үзэмжит лагшнд
Мөргөл, эргэл, хүндлэл үйлдэх ёсыг товч өгүүлсүгэй
Түүнээс (Бурханы зарлигаас) энд авч өгүүлэхүйд, тэнгэр сэлт хамаг амьтныг өөд удирдагч ханьцашгүй дээд, Ариун идээт хааны хөвгүүн тэр бээр амгалан ажирсан бурхадын ариусган номхруулж үл чадсан энэ орны цөвүүн цагийн шавь нарт их нигүүсэн сэтгэлийн өмөг хүчийг үүсгэн Замбуу тивийн төв нутаг болох Магадха-д дээд хувилгаан биеийг үзүүлэн лагшин, зарлиг, тааллын санаа саванд үл багтах хувилгаан шидээр илт өндөр буюу сайн заяа, магад сайн буюу нирваанд хүрэх зам мөрийг тодруулан хайрласан бөлгөө. Лагшин биеэр бодитой уулзах шавь нараа гүйцээж үзэх, сонсох, хүрэлцэх тоолж баршгүй олон амьтанд нирваан хийгээд хамгийг айлдагч бурханы хөрөнгийг үрслүүхэхийн тулд тааллын шүтээн найман хувьт суварга, шарил, зарлигийн шүтээнд номын лагшингийн шарил болох билиг баримад тэргүүтэн ер бусын олон судрын аймаг, тогтоол тарнь, өөрийн биеэр адисласан дуураймал шүтээн, зарлигаар зөвшөөрч бүтээлгэсэн хөрөг үлдээсэн бөгөөд номын төвд ажрах ёсыг үзүүлсний хойно ч хувьтан олон лагшин, зарлиг, тааллын шүтээнийг урлан бүтээж тахил тэргүүтнийг үйлдвэл бурханы бодит лагшинд хүндлэл үйлдсэнтэй адил буяныг чуулганыг хураана хэмээж бошголон заасан юм. Иймд өдгөө цагт урлан бүтээсэн бурхын лагшин, зарлиг, тааллын шүтээнүүд нь үйл, хувьтай шавь нарын сэтгэлийг ялж төгс нөхчсөн бурхан багш адисласан тэр шалтгаанаар буй болсон тул үүнийг бурханы билиг билгүүн болох номын лагшны үйлс гэж магад ухаарах нь зүйтэй билээ.
Үүнээс лагшны шүтээний анхлан урласан нь гэвэл, Үтраяана хааны бэлэг болгон илгээсэн үнэлэшгүй их биндэръя эрднээр бүтээсэн хөө хуягийн хариуд Бимбсаар хаан бурхан багшаас зөвшөөрөл айлтган дээрээ "Хичээн үйлдэх бөгөөд орхин үйлдсүгэй..." хэмээх шүлэг, доороо ёс дагуу, ёсыг ухраасан хоёр шүтэн барилдахуйг бурханы зарлигчилан бичсэн тийм нэгэн хөрөгийг илгээсэн хэмээн сударт тэмдэглэсэн нь зурмал хөрөг бүтээсний анхдагч болно. Ялж төгс нөхчсөн бурхан тэнгэрүүдийн тахилд Гучин гурван тэнгэрийн оронд мориолох үед Үтраяана хаан бурханыг орлуулж гоуширша зандангаар бүтээсэн нь өдгөө Зандан зуу хэмээн алдаршжээ. Үүнийг бурханы анхны гурвын хэмжээст жийц мөн гэж олон эрдэмтэн дээдэс үзсээр иржээ. Энд тухайлан өгүүлэх гэж буй Занданзуугийн түүхэд холбоотой бурханы мэндэлсэн он цаг тэргүүтэн бусад зүйл дээр энэтхэг, хятад, түвдийн олон мэргэдийн зөрүүтэй үзэл санаа бий болсноос шалтгаалан бурханы багшийн тэнгэрийн оронд морилсон он цаг дээр ч санаа зөрдөг юм. Түвд ганжуур дотор байдаг "Винайн эш", "Ачийг хариулсан судар" тэргүүтэнд Занзан зуу шүтээнийг бүтээсэн тухай товч түүх тэмдэглэгдсэн боловч Хятадад түгсэн түүхэнд өгүүлсэн нь тэдгээрээс дэлгэрэнгүй, уг сурвалж нь ч итгэл үнэмшилтэй тул энд тэр ёсоор өгүүлсүгэй.
Замбуутивээс хальж Гучин гурван тэнгэрийн оронд төрсөн эх Махаамааяа хатны тусын тулд, мөн Гучин гурван тэнгэрийн орны хувьтан тэнгэрүүдийг үнэний мөрд дагаар оруулахын тулд Бурхан багш гучин найман нас сүүдэртэйдээ тэр оронд мориолон очиж гурван сарын турш хайлан хурал зохиожээ. Өөрийн эх хийгээд тэнгэрийн хувьт олон шавь нарт үнэнийг ухааруулж тусыг нь үйлджээ. Тэр үед Варанасын хаан Үтраяана бурхан багшийн гэгээн дүрд бараалхалгүй өнө удсан энэлэнгүй сэтгэлэдээ бурханы лагшинг дуурайлган бүтээхээр сэдэж Модгалянад хэл хүргүүлсэн байдаг. Тэр бээр гучин хоёр чадварлаг урлаачдыг тэнгэрийн оронд ид шидээр дагуулан хүрч очоод бурханы бодит лагшинг үзүүлсэнд ялж төгс нөхчсөн бурханы гэрэл, сүр жавхланд урлаачид сүрдэж лагшингийнх нь бэлигсийг тогтоож авч эс чадсанд бурхан багш голын дэргэд морилон очивол босоогоор зогссон дүр төрх нь усны мандал дээр тодрон харагдав. Гурван удаа давтан харж сая нэг бурханы сайн бэлигсийн ялгааг тогтоон авч гоуширша зандангаар лагшинг нь дуурайлган бүтээхдээ тэд баринтаг хувцас нь усны долгионд намилзах мэт харагдсан тул түүгээр үлгэрлэж Зандан зууг усны долгио хээтэй бүтээсэн гэдэг. Чингэхдээ бурханы адис жанлаваар нэг өдрийн дотор гүйцээж Үтраяана хааны тахил шүтээнд залсан гэжээ.
Дараа нь бурхан багш хүмүүний оронд дахин заларахдаа эрдний гурван шат хувилгасны баруунаар нь алтан иштэй цагаан шүхэр барьсан Эсэруа тэнгэр дүрст ертөнцийн тэнгэрүүдтэй хамт, зүүнээр нь зэндмэнэ бариултай хялгасан ширвүүл барьсан хурмаст тэнгэр хүсэлт ертөнцийн тэнгэрүүдийн хамт, дээд талаараа элдэв зүйлийн тахилыг барьсан ариун язгуурт олон тэнэр охид, хөвгүүдээр тахиулсаар, доод тараараа анхилуун үнэрт ариун хүж барьсан дөрвөн махранзын тэнгэрүүдээр угтуулсаар гол шатаараа лагшин, найргийн гэгээг бадруулан заримдаа риди хувтлгаанаар, заримдаа өлмийгөөрөө нарны хот мандал мэт эв эл, тов тодхон дүрээр алгуур морилон бууж иржээ. Тэр цагт гэлэн хувраг, хаад, сайд, бярман, гэргийтнүүд аль байдаг тахилын эдээ бариад угтахад Зандан зуу шүтээн огторуй өөд хөөрөн зургаа алхан угтаад бодит бурхантай уулзахдаа тэргүүнээ гурвантаа бөхийлгөн амар асуусанд бурхан багш толгой дээр нь баруун мутраа сунган талбиад бодит бурхантай адилаар:
"Намайг гаслангаас хэтийдсэн хойно
Арван бүтэн зуун жил нөхчихөд
Зүүн зүгийн хятадын оронд
Шашин амьтаны тусад чи оршно"
гэж бошгыг үзүүлэн сайшааж Үтраяана хааныг хөхүүлэн: "Бурханы лагшинг дуурайлган анхлан бүтээсэн чинь миний шашинд үйлийг үйлдэж, хувьтан олон шавь нарын буян хураах дээд шүтээн болж бас бус хэмжээгүй олон амьтны буяны үндсийг үүсгэж, хилинц түйтгэрийг ариусгах хамгийн дээд арга болжээ. Энэ бол амгалан ажирсан бурханы лагшин биеийг дуурайлган бүтээх сайн заншлыг эхийг тавьсан буяны сайн үйл болох тул чамтай адилтгах хүмүүн үгүй гэж магтахад Хурмаст тэнгэр бас: "Аяа, их хаантан чи сайн, сайн баясахтун олзыг сайтар олоо чи!" гэж даган баясахын сацуу магтсан гэдэг.
Тэр цагаас эхлэн хоёр мянга таван зуун жилийн турш Энэтхэгийн оронд хамаг төрөлхтөний дээд тахилын орон болж байжээ. Дараа нь Киу цы хэмээх Ли улсад жаран найман жилийн турш тахин шүтэгджээ. Тэр үе бол хятадын нийслэл Тангүрийн нэг хэсгийг Чингүр эзлээд байх үе юм. Тэр цагийн Шизугийн хаан Пүжан цэргийн жанжин Лүй гуан гэгчийг энэтхэгт илгээжээ. Тэрээр Энэтхэгийн зарим бага улсуудыг эзэлж энэхүү Зуу шүтээн хийгээд бурхан багшийн шарил их шарирам, бандида Кумааршри нарыг залаад буцаж явах замд Бандидаа зөн билиг, бүтээлийн элдэв шидийг үзүүлж цэргийн жанжны сүсгийг төрүүлэв гэдэг. Тэгж явсаар Сичуанд ирэхэд урдын хаан насан өөд болж цагийн хямралтай үе таарсан тул мэргэн бандидаагийн хэлсэн ёсоор Лиан жэү цайзад шүтээнүүдийг залжээ. Энэ цэргийн жанжин хятадын олон улс үндэстнийг эзлэн нэгтгэж хойно Иоу чанны хүү Иоу шин хаан сууж Зуугийн шүтээн, шарил, бандида нарыг Чан ан цайзад залжээ. Шинээр сүм дугана бариулж бурханы зарлиг сургаалаас олныг орчуулгаж мянга мянгаар тоологдох хуврагийн номлол бүтээлийн аймгийг байгуулж бурханы шашинд агуу их хүндэлийг үйлджээ. Ийнхүү Занданзуу шүтээн их Тангүр тэрүүтний үед Сичуан, Хуайнан, Гяанан тэргүүтэн олон газарт хаадуудад залагдан тоогүй олон амьтны буяны оронд тахигдан шүтэгдэж иржээ. Дараа нь Жүрчидийн Дай чин-гийн үед одоогийн Бээжин гэж алдаршсан их хотын ордонд залагдан Мин Жун Сы хэмээх сүмд байруулж хүндэлэн тахихын сацуу Дайчин гүрний сүүлийн хаадууд ч ордны дотор байдаг бусад сүмүүдээр дамжуулан тахидаг байжээ. Дараа нь Дай Юань хэмээх их Монголын үед Шээн Ань Сэ хэмээх сүмд тахидаг болсон бөгөөд ялангуяа Хубилай сэцэн хааны үед одоогийн их цагаан суврага байгаа тэр газар их сүмийг шинээр байгуулж хуврагийн аймгийг бий болгож энэ шүтээнийг ихэд тахин хүндлэх болжээ. Монголын сүүлийн хаад их Мин улсын үед ч тухайн ордны сүмүүдэд тахигдаж байгаад манай их Чин гүрний үед Энх амгалан хааны дөрөвдүгээр онд Манзушир дээдэс, их нигүүлсэгч Шэн Зу номун хаан алтан цайзын дотоод ордны баруун хойд талд Их нигүүлсэгчийн сүм хэмээхийг шинээр босгож гол шүтээнээр нь залжээ. Манай Шарын шашны ёсыг барьсан хуврагийн аймгийг цуглуулж Жамлин Хамба Лхажэсанжайжалцанг ламд тушаажээ. Шүтээнүүдэд эрдний элдэв олон чимэг, санаа саванд багташгүй тахилын зүйл өргөн хүндлэж хуврагийн аймагт байнгын хүндлэл бий болгох тэргүүтэн Чадагчийн шашиныг дээд зэргээр хүндэлжээ. Тэгээд одоогийн Жамбалянчойжийжалбуу-г хүртлэх өвөг дээдсийн сайн ёс заншлыг улам бүр хөгжүүлсэн юм. Үүнээс үзвэл, бурхан багшийн мэндэлсэн он цагийн хувьд дээр хэлсэн ёсоор түвдүүдийн дунд олон үзэл санаа байдаг ч энэ шүтээний түүхийн талаар хятад эх сурвалжид тэмдэглэснээр бол бурхан багш Жэүгүрийн үе модон эр бар жил мэндэлсэнээс хөөж үзэхэд одоогийн их Чин гүрний Тэнгэрийг тэтгэгчийн гучин тавдугаар төмөр эр бар жил бол хоёр мянга долоон зуун далан долоо дахь жилтэй нь давхцаж буй мэт юм. Зандан зууг бурхан багшийн гучин найман нас сүүдэр дээр буюу төмөр эм туулай жил бүтээсэн гэдэг.
Зандан зуу шүтээнийг гоуширша зандангаар бүтээхдээ зулай нь үзэхэд ил бус гэх мэт бурханы лагшин, найргийн эрдмийг нь тодорхой, амьтдыг хорвоогоос өөд татахын бэлэгдэл мэлмий нь үл ялиг өөд болгоон харсан, баруун мутраа авралыг өгөхүй хэмээх мутарлагаар авч хамаг төрөлхөтөнийг сансар, нирвааны аюулаас аврах, зүүнээ дээдийг өгөгч мутаглагаар авч амьтныг илт өндөр, магад сайны амгаланд байгуулах бэлэгдэлтэй нь урласан байдаг. Хоёр өлмийгөө тэгш байдлаар авч босоо оршсон нь бол амьтны тусад хэзээ ч уйсал алжаал үгүй байхыг бэлэгджээ. Зүрхэн тус нь морины сүүлний хялгас төдий бүлээн элч үргэлж байхаас гадна, өлмийн толио суурь хоёрын нь хооронд утас багтах хэрийн хөндий зай байдаг. Бусад ямар ч урчууд дуурайлган бүтээвч лагшингийн төрхийг яг ижил урлаж үл чадах гэх мэт олон зүйл ер бус онцлогтой бөгөөд лам багш дээдсүүд, хаад, сайд, өглөгийн эзэд, сүсэгдтнүүд бараалхан мөргөх үед шүтээний биенээс гэрэл цацрах тэргүүтэн олон зүйлийн үзэгдэл болж байсан, өвчин туссан хүнд зовлонд нэрвэгдсэн хүмүүс нэг сэтгэлийг барьж залбирваас бодит бясалгал, зүүдэнд нь биелэн ирж гэгээ хайрлан тайтгаруулдаг тэргүтэн санаанд багтахгүй эрдэмтэй гэдэг нь өдгөө хүртэл олонд ил ноттой билээ. Тийнхүү ялгуусан бурханы өөрийн нь адислаж эш бошгыг үзүүлсэн энэ дээд шүтээн нь үзсэн, сургийг нь сонссон төдий хувьтай хүмүүс ч туйлийн гайхамшигт их буяныг хурааж асан бол нэгэн үзүүрт чин сэтгэлээр сүсэглэн биширч мөргөл, тахил, хүндлэл үйлдвэл түүний буяныг хэлэх хэрэггүй буй заа. Тиймээс ялгуусан бурхантай ялгаагүй энэ дээд шүтээнд бараалхах нь олдоход тун ч бэрх хувь завшаан гэдгийг ойлгож амгалан сайныг өөртөө хүсэгчид нэгэн үзүүрч чин сүсэг бишрэлээр чадах хэрээрээ тахилыг өргөж, биеэр эргэл, мөргөл үйлдэн хэлээр магтан залбирах тэргүүтэнд хамаг чадлаа шавхан хичээвэл зүйтэй. Чингэхдээ магад гарах сэтгэл, бодийн сэтгэлд автуулж ариун ерөөлөөр тэр буянаа удирдахад шамдалтай.
Бас эргэлийн хэмжээний хувьд гэвэл, бодит шүтээний буюу дотоод эргэлийн тоо хэмжээ нь хоёр мянга найман зуун далаар, завсрын эргэлийн тоо суврагыг оруулбал хоёр мянга дөрвөн зуун наяаар, гадаад эргэлийг арын сүмийг оруулбал нэг мянга таван зуун гучаар тоо гүйцэхээр байна. Ийнхүү мөрөл, тахил, эргэл үйлдэхийн ач тусыг "Богдсын ном цагаан лянхуа"-д заахдаа:
"Түүнчлэн ажирсан нугуудын шарил хийгээд
Шавар лагшин, суврага нугуудад ч гэсэн
Хананд зурсан, тоос цогцолсон суврага дор
Цэцэг хийгээд хүжсийг соёрхон өргөж
Түүнд аливаа хүн маш уянгалаг жандэү
Дун, их хэнгэрэг хөгжмийн дууг хуурсгуулж
Бодь дээдийг машид их тахин үйлдэхийн тулд
Алин нэгэн хэнгэрэгийг машид дэлдээд
Биван хийгээд бүжиг, их ордны хэнгэрэг
Шавар хэнгэрэг нэгэн чавхдаст таатай лимбэ
Дун бүрээг сайхан дугаргасан
Тэд бүхэн бодийг олох болно" хэмээн зарлиглажээ. Ялангуяа эргэл үйлдэхийн ач тусыг өгүүлбэл, "Хутагт Мэлмийгээр болгоогчийн судар"-т:
"Амьтан бүхэнд туслахын тулд
Бодийн төлөө сэтгэл үүсгээд
Ертөнцийн итгэлийн суварганд
Хэн эргэлийг үлдвээс л
Төрөл тутамдаа тэр хүмүүн
Бодийн явдлаар явахдаа
Санамсар ба оюун нь төгсч
Буяныг бас төгсч аюултгүй болно
Сувраганд эргэл үйлдэх аваас
Төлөр тутамдаа тэр хүмүүн
Тэнгэр, лус, ягчас хийгээд
Мангас нугуудад тахигдюу
Миний аливаа үзүүлсэн
Чөлөөгүй наймыг тэвчээд
Машид үзэмжтэй бурхан заларч
Түүнийг баясгах нэгэн чөлөө
Өнгө төгсч дүрс хотол чуулж
Бэлигсээр сайтар чимэгдэн
Хүч ба чадал төгсөх хийгээд
Залхуу хойрог үл болмуй тэр
Тэр бээр баян, их эдтэй болж
Буян төгсөж, бусдад үл дарлагдах
Ертөнцийн зулыг баясгаад
Ахин дахин хүндлэн үйлднэ
Эзэнгүй хоосны номыг сонсвоос
Тэр хүн номд үл мунхарна
Түргэнээ сүсгийг олох бөгөөд
Номын ёсчлон мэргэн болюу
Буянт худалдаачны гэр хийгээд
Баялаг нугуудын дунд төрнө
Баатарлаг өглөгийн эзэн болж
Өглөгийг өгөхдөө харамгүй болъюу
Энэ замбуулинд хаа нэгтээ
Ер бусын үзэмжит язгуур буй бөгөөс
Тэнд тэр бээр төрөх бөгөөд
Доор нугуудыг тийн тэвчнэ
Суваргыг эргэн үйлдэх аваас
Төлөл тутам бүхэндээ
Эрх ихт цуутай гэрийн эзэн
Цог хийгээд жавхаа төгсөх болно
Их Саала бярман мэт
Шагшаабад төгс, сонсол арвин болно
Их Саала хааны язуур мэт
Баялаг бөгөөд их эд төгсөх болно
Уулаар хүрээлсэн далайгаас инагши
Газар бүхэнд хүссэнээрээ
Дөрвөн тивд дээд эзэн сууж
Ном төгс хаан болно
Долоон эрдэнэ төгссөн
Их хувилгаант Загарвард болно
Хаан төрд оршоод бурхан дор
Ахин дахин хүндлэн үйлднэ
Үүнээс үхэж егүүтэн сайн заяанд
Бурханы шашинд сүсэглгч болж төрнө
Сүмбэрийн хөндийн эзэн
Тэнгэрийн эрхэт хурмаст болно
Тэмцлээс хагацсан их тэнгэр
Тэрчлэн мөн Дүшита хийгээд
Эрхэт тэнгэр хувилгаанд баясахыг
Эрхэндээ оруулж аюултгүй болно
Сувраганд эргэл үйлдсэнээр
Тэр хүн эсэруан ертөнцөд
Эсэруан эрхэт мэргэн болож
Гольт тэнгэрт тахигдах болно
Ертөнцийн итгэлийн сувраганд
Эргэл үйлдсэн аливаа хүмүүний
Сайшаал эрдмийг өгүүлээд байвал
Гольт галавт ч барах нь үгүй
Хэн бээр бодь сэтгэл үүсгээд
Бурханы суварганд мөрөгөвөл
Тэр бээр гольт галавт ч
Хэзээ ч сохор, доголон үл болно
Ертөнцийн итгэлийн суварганд
Илтэд эргэлийг үйлдвээс
Үзэмжит хөх зөгийн өнгөт
Үнэхээр ариун нүдийг олмуй
Суварганд эргэл үйлдвээс
Тэр бээр магад үргэлжид
Зохист хэргийг олох болоод
Зохисгүй нугуудыг тэвчих болно
Суварганд эргэл үйлдвээс
Хүч хийгээд чадал төгсөх болно
Тэр бээр залхуугүй болох бөгөөд
Үргэлж сэрэмж төгсөх болно
Суварганд эргэл үйлдвээс
Хичээнгүй сэтгэл хүч батдана
Буурьтай болоод ялагчин болж
Тэр бээр түргэн мэргэн болмуй
Гал хийгээд хор, мэсэнд тэр
Хэзээ ч үхэх нь үгүй болмуй
Мэргэн тэр насаа бартлаа
Гүйцэд амьдраад үхэх болно
Суврага эргэж үйлдвээс л
Ордон, нөхөд, улс хийгээд
Хот балгад нугуудад эд таваар
Үзэмж онцгой үлэмж болмуй
Бодийн явдлаар явахдаа тэр
Хүслийг үл шүтэх бөгөөд
Бие, хувцас ариусах бөгөөд
Ариун номд орших болно"
хэмээн зарлиглан номлосон тул хуурмаггүй үнэн бурханы зарлигг сэтгэл итгэмжлэх бөх бат сүсгээр эргэл үйлдвээс дээр дурьдсан үр биелэх нь дамжиггүй. Эргэл үйлдэхэд уншдаг тарнь нь:
"Наму багабади радна гэдү раазааяа. Датаагадааяа архадэ самяг сам буддааяа. Дадяата, Ум раднэ раднэ махаа раднэ радна визаяей суухаа" эсвэл "Намаха брадагша сүбрадагша сарваа баабам бишодхани суухаа" хэмээх хоёр тарнийн аль нэгийг уншин эргэл үйлдвэл ихэд арвидана гэжээ.
Үгүй бол Минтүг бурханы тогтоол тарнь маань тэргүүтэн өөрийн эрхэмлэн ядамд шүтдэг шшваа бурханы тарнь юмуу залбаиралыг өгүүлэхийн сацуу эргэлийг үйлдвээс сударт заасан тэдгээр ач тус хийгээд ахуй үест ч гэсэн өвчин, адын холол тэргуүтэн аливаа аюулаас гэтлэн зайлах, язгуур угсаа, нас буян эд баялаг эш онолын эрдэм тэргүүтэн дэлгэрэх, муу үйлийн хилинц түйтгэр ариуссаны баттай тэмдэг илрэх тэргүүтэн хязгаагүй олой эрдэмтэй нь хамаг олны өмнө илхэн ноттой тул төвөг багатайгаар чөлөөт хүний биеийн хэрэг шимийг авах энэхүү ер бүсын арганд шамдалтай билээ.
Үзсэн, сонссон, санасан, хүрэлцсэн бүхий л амьтанд энэ хойтын сайн амгалан бүхниййг сэтгэлчилэн хайрлах адистидийн их цогц. Ялгуусан бодит бурхантай ялгалгүй, Зандан зуу хэмээн алдаршсан шүтээнип түүх, эргэлипн тоо гүйцэх ёс, тус эрдэм зэргийг товч өгүүлсэн "Эрднийн эрхи" хэмээх энэ тэмдэглэлгшг судар, тарнийн мөрийн бүрэн цогц шашныг торуулагч Шарзэ хамба номун хаан Агваанцүлмэм дурьдатган хүссэний хэргийг бүтээхийн тулд улс хэрэн хэсүүчшсэн сав аймгийн номыг биригч Жанжаа Ролбийдорж байгуулав. Бичээчийг ухаан мэдлэгийн далайн эрхисийг даригч ишнжлэл төгс Гүүш Агваандантл Сайн буян болох болтугай, зандан зуугийн түүх, эргэлийн тоо, тус эрдмийн товч эрдэний эрхи хэмээх энэ тэмдэглэлийг Харчин Энү Дагдан агь звдрэшгүй бат сүсгэгийн сэтгэлээр зардал өргөж барлан хэвлэсэн бянаар тус амгалангийн уг уурхай болсон ялгуусан бурхын шашин өнө удаан орших мандан бадрах болтугай. Өлзий хутаг оргштугай. Мангалам
ЗочинNovember 7, 2012
Сайн байна уу? Богдсын ном цагаан лянхуа-номыг татахаар тавьж боломжтой юу?
ЗочинNovember 29, 2012
Өлзий хутаг орштугай, их сайхан юмаа.
ЗочинDecember 20, 2012
Жанжаа хутагт бичсэн гэж байна шүү
ЗочинJanuary 14, 2013
Жанжаа хутагтын талаар мэдээлэл тавьж тус болооч