header image
Нүүр хуудас arrow Мэдээлэл arrow Асуулт хариулт

1. Бурханы шашинд Бурхан гэж юу болох түүнийг чухам юу гэж тодорхойлдог вэ?

Гэм бүгдээс хагацсан, Эрдэм бүгдийг төгсгөсөн хүнийг Бурхан гэж тодорхойлдог бөгөөд өөрөөр хэлбэл хүний хөгжиж болох дээд хэмжээ юу байна тэр хэмжээнд хүрсэн хүнийг бурхан гэдэг. Бурхан гэдэг үг нь Будда гэдэг санскрит үгнээс гаралтай бөгөөд ариуссан, гэгээрсэн гэсэн утгатай. Үүнээс үзэхэд ариусч гэгээрсэн гэдэг нь эхэн мөчдөө эгэл жирийн хүн байгаад дараагаар нь ариуссан гэгээрсэн гэдэг утгыг илэрхийлэхийн хажуугаар эгэл жирийн хүн өөрийгөө хөгжүүлэн сэтгэл, оюуны дээд хөгжилд хүрэн ариусч гэгээрэх боломжтой гэсэн утгыг илэрхийлж байна. Бурхан гэдэг үг зөвхөн Бурханы шашинд л яригддаг зүйл бөгөөд Бурханы шашинд л Бурхан гэж юу болохыг сайтар тодорхойлсон байдаг. Бурханы шашин ямар ч амьтанд бурхан болох чадвар буюу хөрөнгө нь өөрт нь байдаг бөгөөд хэн нэг нь гаднаас гэнэт зовлонгоос татаад авчихгүй аливаа хүн зөвхөн өөрөө хичээж байж сая нэг бурхан болно гэж үздэгээрээ бусад бүх шашнаас ялгаатай. Тэр ч утгаараа Бурханы шашин буюу ариусал гэгээрлийн шашин гэдэг  нэртэй ба Христ, Лал, Ведийн гэх мэт шашнууд нь Бурхан гэж ярих нь зохисгүй бөгөөд доорхд бусад зохисгүй болох хэд хэдэн шалтгаануудыг гаргаж үзье.

Нэгдүгээрт: Бурханы шашнаас бусад бүх шашин Бурхан(ариуссан, гэгээрсэн) болох боломжгүй гэж үздэг. Тухайлбал Хиндү(Веда) болон Христийн шашинтангууд өөрсдийн шашны үндэслэгчдээн Бурхан(ариуссан гэгээрсэн) гэж нэрлэдэг. Хэрэв тэгж нэрлэвэл тэдгээр үндэслэгчид анхнаасаа эгэл жирийн хүн байж байгаад гэгээрсэн болж таарч байна. Гэтэл тэдгээр үндэслэгчид нь хүн гэгээрч бурхан болох боломжгүй гээд хэлээд байдаг. Хэрэв үнэхээр Бурхан(ариуссан, гэгээрсэн) болох боломжгүй юм бол тухайлбал Христийг Бурхан(ариуссан, гэгээрсэн) гэж ярих нь утгагүй бөгөөд Христ өөрөө бурхан биш болж таарч байна. Гэх мэт ухаад байвал зөрчилдөөнтэй асуудлууд тоочоод байвал олон бий.

Хоёрдугаарт: GOD гэдэг үгийг Бурхан гэж орчуулдаг нь маш буруу юм. GOD гэдэг үг нь тэнгэр, сахиус гэсэн утгатай бөгөөд (Тэнгэр, Бурхан) гэдэг зүйлүүд нь хоорондоо асар их ялгаатай зүйл юм. Бурханы шашинд буян ихтэй хүн тэнгэрт төрөх буюу тэнгэрийн төрөл авдаг. Гэвч тэнгэр нь сансраас гэтлээгүй өөрөөр хэлбэл ариусч гэгээрээгүй гэж үздэг. Өөрөө ариусч гэгээрээгүй хүн бусдыг хэзээч гэгээрүүлж чадахгүй, адилхан шаварт унасан хоёр хүн нэг нэгнийгээ шавраас аварч чадахгүй шүү дээ. Мөн Бурханы шашинд Бурханыг машид нарийн тодорхойлон гаргасан байдаг. GOD гэсэн үгний тодорхойлолтыг Бурханы шашны Бурханыг тодорхойлсон тодорхойлолттой харьцуулахад асар зөрүүтэй бөгөөд адил тал нэгээхэн ч үгүй учир GOD-г Бурхан гэж орчуулах нь мөн л зохимжгүй болж байна.

Гуравдугаарт: Бурхан гэдэг үгийг Англи хэл рүү орчуулахдаа GOD гэж орчуулдаггүй. Европт урд өмнө нь Бурханы шашин дэлгэрч байгаагүй учир Бурханы шашны нэр томьёоны орчуулга англи хэлэнд ерөөс байхгүй. Иймээс Европын орнуудад дэлгэрсэн шашнуудад хэрэглэгддэг нэр томьёог Бурханы шашинд оноож хольж хутгалдуулах нь зохисгүй зүйл юм. Сүүлийн үед Барууны орнуудад Бурханы шашинд ихээр хөгжиж буй учир Бурханы шашны зарим нэр томьёонуудыг Англи хэлэнд шинэ нэр томьёо оруулж хөрвүүлэн тодорхойлолт хийж зарим хэцүү нэр томьёог шууд санскрит үгээр нь оруулан хэрэглэж байна.

Харин бидний өвөг дээдсүүд маань Бурханы шашны нэр томьёо Монгол хэлэндээ орчуулж "мэргэд гарахын орон" буюу Бурханы шашны нэр томьёоны толь бичгийг гарган үүнийгээ ашиглан Ганжуур, Данжуурыг орчуулж байсныг үзвэл аливаа зүйлд учир шалтгаанаар ханддаг ухаант дээдсүүд байжээ.

2. Гүн ухаантан болон сэтгэгч эрдэмтэд нар яагаад шашныг муугаар хэлж шүүмжилдэг байсан бэ?
Хуучны ихэнх суутнууд болон философичид шашныг ихэд шүүмжилдэг муу хэлдэг байсан. Шашныг тэгж муугаар хэлсэн мэргэдүүд бүгд Европоос гаралтай хүмүүс байсан учир өөрсдийн  төрөлх нутагтаа л дэлгэрсэн шашнаа л муу хэлдэг байсан. Европт Бурханы шашин дэлгэрч байгаагүй учир Европын суутнууд болон философичдын шашныг муушаан хэлсэнд Бурханы шашныг хамруулж үзэх нь зохимжгүй болж байна.

Европын сэтгэгч нарын хэлсэн үг тухайлбал "шашнаас болж цусаар будагдаагүй газар байхгүй" гэх мэтчилэн хэлсэн байдаг нь Бурханы шашныг бус Христ, Лал гэх мэт шашнуудыг шүүмжилж хэлсэн байдаг. Учир нь Бурханы шашинтанг ууд хэзээ ч дайн хийдэггүй, бусад шашнуудтай хэзээ ч тэмцэлдэж байгаагүй тэр ч байтугай бусад шашныг хүлээн зөвшөөрдөг,  шашин хоорондын дайн хийж үзээгүй цорын ганц шашин юм. Дайн байлдааныг машид зохисгүй үйл гэж үздэг бөгөөд үүнийг хатуу хориглодог. Хүн байтугай амьтан алахыг хүртэл хатуу хориглож хамаг амьтныг өөрөөсөө илүүтэйгээр энэрч хайрла гэж үздэг. Та бүхэн 10 хар нүглийн нэг нь амьтан алах гэж байдаг болохыг мэдэх байх. Гэтэл христийн шашинд амьтан алахыг зөвшөөрдөг тэр тусмаа загалмайтны ариун дайн гэж номонд нь гардаг. Лалын шашин амьтан хүн алахыг буруу гэж үздэггүй. Тэгэхээр хуучны Европын мэргэдүүд Бурханы шашныг бус тэрхүү дайн байлдаан хийдэг буруу үзэлтэй шашнуудыг муушаадаг байсан нь харагдаж байна. Алберт эйнштейн "Хэрэв шинжлэх ухаанаас үүссэн шашин гэж байдаг бол тэр бол Бурханы шашин" гэж хэлсэн байдаг. Энэ ч утгаараа сүүлийн үед Бурханы шашны үзэл онолууд нь физик, анагаах ухааны салбарт батлагдаж, шинжлэх ухааны таньж мэдээгүй олон асуултын хариултаа Бурханы шашнаас авч байна. Урд өмнө нь шинжлэх ухаан хөгжсөн барууны оронд Бурханы шашин төдийлөн дэлгэрээгүй байсанаас шинжлэх ухаантай холбогдсон судалгаа төдийлөн хийгдээгүй ажээ. Үүнээс үзэхэд 2600 жилийн өмнө заларсан Бурханы багш маань саяхнаас бий болж хөгжин ирсэн орчин цагийн шинжлэх ухаанаас хол давсан онолыг ямар ч техник технологи ашиглалгүйгээр нээсэн байна.

3. Бурханы шашин бусад шашнаас юугаараа онцлог вэ?

a) Бурханы шашин аливаа юмсын оршин буй чанарыг үнэн мөн чанараар гаргадаг хоосон чанарын үзлээр ялгаатай.

b) Бусад шашин хайр гэж зүгээр л ярьдаг. Яаж хайрыг бий болгох учир шалтгаан ерөөс байдаггүй. Гэтэл Бурханы шашинд хайрыг маш олон хувааж үздэг бөгөөд залуус хоорондын хайр дурлалыг жинхэнэ хайр биш харин нь бие биедээ тачаасан шунал гэж үздэг. Жинхэнэ энэрэн нигүүлсэх сэтгэлийг яаж үүсгэх учир шалтгааныг нарийн шат дараалалтайгаар гаргаж үздэг бөгөөд зөвхөн энэ сэдэвтэй холбоотой ном маш олон байдаг учир энэрэх, нигүүлсэх сэтгэлээр бусад шашнаас нэн онцгой.

c) Мөн бусад шашинд Библи, Коран гэх мэт ганцхан ном л байдаг. Гэтэл Бурханы шашинд сэтгэлийн 84.000 гэмийг арилгахад зориулагдсан 84.000 ном бий. Зөвхөн Бурхан багшийн айлдсан номын хэмжээг тооцож үзэхэд том заанаар ачсан ачаагаар дүүрэн бэхээр цаасанд буулгахад хүрэхүйеэ үгүйтэй гэж үздэг. Тэгэхээр арвин ном судраараа бусад шашнаас нэн онцлог юм. Бурханы айлдсан сургаал, ном үнэхээр үнэн болохын нэг баталгаа нь номын зам мөрөөр явж өндөр түвшинд хүрч эрдэм чадлыг олсон лам нар маш олон гарсан. Үүгээрээ бусад шашниас бас л онцлог бөгөөд тэдгээр өндөр түвшинд хүрсэн лам нарын айлдсан номлол нь бас л арвин их ном судар бий. Энд нэг зүйл цохоод хэлэхэд зарим хүмүүс Бурхан багшийн шавь нарын айлдсан номыг Бурхан багшийн айлдаж байсан номоос огт өөр шинэ ном айлдсан мэт үздэг. Энэ нь их төөрөгдөл бөгөөд нэгдүгээрт хэл үргэлж шинэчлэгдэж өөрчлөгдөж байдаг. Хоёрдугаарт цөвүүн цагт хүний чадвар доройтож ойлгох чадвар нь муудаж байгаатай холбогдуулан өндөр түвшинд хүрсэн лам нар Бурхан багшийн айлдсан номонд тайлбар хийж шавь нартаа ойлгуулдаг. Тухайлбал Бурхан багшийн үеийн 4 мөр сургаал гэхэд орчин цагийн хүмүүст ойлгуулахын тухайтад тайлбар нь бүхэл бүтэн боть ном болох жишээтэй. Тиймээс дээдэс багш лам нарын айлдсан номлол сургаал нь огт шинэ бус Бурхан багшийн айлдсан нотлолыг өөр олон талаас нь тайлбарласан ба эцэстээ Бурхан багийн айлдсан номонд тулдаг болохыг ойлгох нь зүй ёсны хэрэг болов уу.

d) Ёс суртахуун буюу сахил санваарыг машид нарийн гаргаснаараа онцлог.

e) Бурханы шашинд гадаад, дотоод 10 ухаан байдгаараа онцлогтой.

    Үүнд:

            Гадаад 5 ухаан буюу бага 5 ухаан

1. Зохист аялгуу

2. Ёгт нэр

3. Эвсүүлэн найруулхуй

4. Дуурайн бүжиг

5. Зурхайн ухаан

            Дотоод 5 ухаан буюу их 5 ухаан

1. Дуун ухаан

2. Учир шалтгааны ухаан

3. Урлахуй ухаан

4. Тэжээхүй ухаан (Анагаар ухаан)

5. Дотоод ухаан буюу нийтийн бус ухаан

Дээрхэд орчин үеийн өнцөгөөс харахад хэл сурах хамгийн хурдан бөгөөд чанартай сурах арга, илтгэх урлаг, анагаах ухаан, эдийн засгийн ухаан гэх мэт маш олон зүйлүүдийг сурч мэдэх боломжтой юм.

4. Бурханы шашинд лам хүнийг юу гэж тодорхойлдог вэ?

Бурханы шашинд лам, хувраг хүнийг тодорхойлохдоо гадна талаас бус дотор талаас тодорхойлдог. Өөрөөр хэлбэл бурхан шашны сургаал номлолын дагуу явж амьдралдаа хэрэгжүүлдэг хүнийг л хувраг гэнэ. Тиймээс гаднаа хичнээн хуврагын хувцас өмссөн ч дотоод сэтгэл нь буруудсан, номын үйлтэй зохицдоггүй, ёс дэггүй бол тэр хүн лам биш юм. Сүүлийн үед лам гэсэн ариун нэрийг зүүсэн сахилаа сахидаггүй лам болон шашны нэрийг барин бизнес хийдэг ламанцарууд олон бий. Эдгээр хүмүүс бол лам бус ламанцрууд юм. Эдгээр хүмүүсийг хараад Бурханы шашныг дүгнэж болохгүй юм. Сургуулийн зарим сурагчид сурлага тааруу байдаг. Энэ нь тэрхүү сурагчдийн өөрсдийн буруу болохоос сурах бичигэнд буруу үгүй. Үүн лугаа адил Бурханы айлдсан сургаал номонд бус шавь нарт л гэм байдаг. Одоогоор Монголд Бурханыхаа айлдсан номоо сайн мэдэхгүй лам нар олон бий. Энэ нь ч аргагүй биз. Монголчууд бид ёс заншилдаа шингээсэн олон жил уламжлагдан ирсэн шашнаа сүйтгээд 70, 80 жилийн нүүр үзэж байна. Тиймээс Бурханы шашны дацангуудад сургалт байдаггүй бөгөөд харин ч бүр Бурханы шашниа устгачилгүй зан үйл төдийхнөөр үрэглжлүүлэн авч явсаар ирсэнд бид баярлах хэрэгтэй юм. Тиймээс зан үйл төдийхнөөр Бурханы шашин маань явж ирсэнээс ард иргэд маань Бурханы шашинг хонх дамар эргүүлж ном уншдаг лам нараар төсөөлдөг. Ард иргэдэд ингэж тусах нь ч аргагүй юм. Гэвч Бурханы шашинг ингэж ойлгох нь үнэхээр учир дутагдалтай юм.

5. Христийн шашин өглөг их өгч бусдад туслан сурталчилгаа сайн хийдэг, гэтэл Бурханы шашин яагаад бусдаас мөнгө хураадаг, бусдад яагаад номоо тайлбарлаж сурталчилдаггүй юм бэ?

Мөнгө, бараа тусламжийн хувьд бол Христийн шашин хэр их өгч байна, цаагуураа тэр хэмжээгээрээ авч байна гэсэн үг. Авахгүйгээр гэнэт мөнгө ургаад гараад ирнэ гэж ерөөсөө байхгүй шүү дээ. Энэ утгаараа христийн шашин бусдаас авдаггүй биш харин ч маш их хэмжээгээр авдаг. Европт гэр бүл болоход заавал гэрлэлтээ Христийн сүмд баталгаажуулдаг. Христийн сүмд гэрлэсэн учраас гэрлэснээсээ хойш насан туршдаа цалингийнхаа 10-15%-н татвар төлдөг. Тэгээд нэг биш хэдэн сая хүн татвар ийм маягаар төлдгийг бодоод үзэхэд ямар их санхүүжилттэй болох нь харагдаж байна. Бурханы шашин өглөг барьцыг хүчээр хэзээ ч авдаггүй. Зарим хүмүүс лам нар ном уншина гэж их мөнгө авчихаад яагаад энэ их мөнгөөрөө бусдад тусалдаггүй, сайн үйлс ер хийдэггүй гэх мэтчилэн боддог байх.

Бурхан шашны байгууллагууд тухайлбал гандан хийд нь жилд улсад их хэмжээний татвар төлдөг. Мөн лам нарын хоол хүнс гэх мэтчилэн зардал их байдаг. Эдгээр нийт зардлыг нөхөхөд ард иргэдийн ном уншуулах гэж өгсөн мөнгө болон бусад өглөг барьцууд хүрэхүйеэ үгүйтэй байдаг. Тиймээс гандан хийд мөнгө авчхаад түүнийгээ зөвхөн өөрсдөө идэж уугаад алга болгоод байгаа мэтээр ойлгож болохгүй.

Бурханы шашныг номоо тайлбарлаж сурталчилгаа хийдэггүй гэж байна.

Дээр дурдсанчлан лам нарын дийлэнх нь өөрсдөө номоо сайн мэдэхгүй зан үйл төдий зүйлээр л хязгаарлагддаг болохоор яахан бусдад ном тайлбарлаж хөтлөх билээ. Ном тайлбарлаж хөтлөн явуулдаг лам болон номын сүсэгтнүүд цөөн буйгаас хамааран төдийлөн олон хүмүүст хүчтэй хүрч чадахгүй байна.
Манай лам нар ийм байх нь үнэхээр аргагүй ч юм да. 1930 оны хэлмэгдүүлэлтээр лам нарыг 3 хуваасан. Жоохон банди нарыг нь хар болгоод Гэвшээс дээш лам нарыг нь 10 жилийн ял өгөн Гавжаас дээш зэргэмжтэй лам нарыг бүгдийг нь алсан байна. Ингээд бодохоор шашны боловсон хүчин тасрах нь үнэхээр аргагүй юм. Модыг тайрч сүйтгэвэл дараад нь тэрхүү мод маань эргэн нөхөн төлжиж бий болоход 80-300 жил шаардана. Үүн лугаа нэгэн адил Бурханы шашинаа сүйтгэчихсэн улс шашнаа сэргээж бий болгоход олон жил шаардагддаг. Лал, христийн шашнууд нь коран, библи гэсэн ганцхан л ном байдаг. Үүнийг үзэж судлахад их хугацаа шаардагдахгүй. Христийн шашинд нэг, хоёр жил библи гэсэн ганц ном судлаад л пастер болдог. Гэтэл Бурханы шашинд бол энэ өөр байдаг. Бурхан багшийн айлдсан  нийт сургаал номлолыг бичиг үсэгт буулгахад том заанаар ачсан ачаагаар дүүрэн бэхээр бичээд хүрэхүйеэ үгүйтэй гэж үздэг. Энэ бүгдийг үзэж судлахад өөрөөр хэлбэл Бурханы шашны хамгийн доод түвшний боловсон хүчин бэлтгэхэд доод тал нь 15 жил шаардагддаг бөгөөд энэ мэт олон шалтгаанууд нь дээрх асуултын гол хариулт нь болж чадна. 1990-д оноос ардчилал гарч шашин нээлттэй болсон. Үүнээс хойш 15 жилийг тооцоод үзэхэд 2005 он гэхэд сая нэг Бурханы шашны жинхэнэ боловсон хүчин бий болж байна. Одоогоор энэтхэг улсад ном үзээд сайтар бэлтгэгдээд саяхан эх орондоо ирсэн лам нарын тоо гарын 10 хуруунд багтахаар цөөн байна. Эдгээр лам нар одоогоор Монголын сургалт тасарсан дацангуудад ном зааж Бурханы шашны номын утга учрыг ард иргэдэд тайлбарлан хөтлөх ажлыг хийж байна. Тиймээс манай оронд эрдэм номтой лам нар олноор төрөн ард иргэд маань Бурханы шашныг зөвөөр ойлгож, зөв амьдралтай болох цаг ирнэ байх аа гэдэгт итгэж байна.

6. Бурханы шашинтай улс ядуу христийн шашинтай улс хөгжингүй байдаг нь ямар учиртай вэ?

1. Бурханы шашинтай хөгжингүй улс их байдаг.

2. Бурханы шашинд гадаад, дотоод гэж хоёр хөгжил байдаг. Энэ хоёр хөгжлийг хослуулах хэрэгтэй юм. Хүн дотоод хөгжил буюу сэтгэлээ л хөгжүүлэхгүй бол гаднаа хичнээн баян тансаг, ганган чамин, бүх зүйл нь бэлэн байсан ч зовлонгоосоо хэзээ ч салж чадахгүй. Өнөөгийн нөхцөл байдлаас харахад дотоод хөгжлийг ерөөс ярьдаггүй, Хөгжил гэхээр л баян болж, сайхан машин тэрэг байшин барилга, зам гэх мэтээр хөгжлийг төсөөлдөг. Гэтэл энэ нь цаагуураа хэтрэхээрээ хөгжил бус харин ч эсрэгээрээ сүйрэл болж хувирдаг. Сүүлийн үед байгалийн гамшигт үзэгдэлүүд олноор гарч байна. Экологийн тэнцвэрт байдал алдагдсанаар хүний биеийн тэнцвэртэй байдал бас л алдагдан эрүүл мэнд болоод нас маань доройтно. Мөн цаг агаарын дулааралт гадаад хөгжлөөс л хамааралай. Тиймээс гадаад хэтэрхий хөгжил чинь үнэндээ өөрөө өөрсдийгөө хөнөөх нөхцөлийг л бүрдүүлж байна шүү дээ. Бурханы шашинд гадаад цагийн хүрдэн (байгаль буюу сав ертөнц), дотоод цагийн хүрдэн(сэтгэл) гэж хоёр хүрдэн байдаг бөгөөд гадаад цагийн хүрд нь дотоод цагийн хүрднээс хамаарна гэж үздэг. Өөрөөр хэлбэл байгаль дэлхий маань бидний сэтгэлээс шууд хамаарна гэж ойлгож болно. Тиймээс өнөөгийн байгалийн төрхийг харан хүний сэтгэл яаж бохирдсон болохыг шууд тольдон харж болж байна. Хэт гадаад хөгжлийг чухалчилсны улмаас хүн мөнгөний төлөө юу ч хийхээс бараг буцахгүй болж, дотоод сэтгэл бохирдож байгаль эх дэлхий маань хүртэл хямарчээ. Ингээд бодохоор бидний өвөг дээдэс байгальтайгаа зөв харьцдаг түүнийхээ хэрээр тухайн үеийн байгаль орчин нь ч сайхан үр удамдаа хор хөнөөлгүй зэрэг давуу зүйл тоочоод байвал их бий. Хөгжлийн дээд цэг гэж байдаг бол бидний нүүдэлчин соёлтой амьдрал юм байна аа гэж би хувьдаа боддог. Бурханы шашинд баян, ядуу хүнийг тодорхойлохдоо "Байгаа юмандаа сэтгэл нь хангалуун байдаг хүн бол хамгийн баян, Их хэмжээний хөрөнгөтэй атлаа түүндээ сэтгэл нь ханахгүй улам л ихийг олох тухайтад шунан сэтгэлээ эд хөрөнгөнд уяан өөрийгөө зовоодог хүнийг хамгийн ядуу хүн гэсэн байдаг."

Дээрх зүйлүүд нь гадаад эд материалын хөгжлийг огт үгүйсгээгүй бөгөөд гагцхүү дотоод сэтгэлийн хөгжилтэй л хослуулах хэрэгтэй юм.

7. Бурханы шашин юуг судалдаг вэ?

Хүн бүхэн ямар нэгэн зовлонтой байнга учирч байдаг. Чухам яагаад зовлонтой байгаа. Зовлон гэж чухам юу болох. Энэ бүх зовлонд шалтгаан бий юу? Хэрэв шалтгаан байгаа бол түүнийг хорьсноор зовлонгоос ангижирч болох уу? гэдгийг учир шалтгаанаар судалдаг сэтгэлийн шинжлэх ухаан юм. Хүн болгон аз жаргалыг хүсдэг. Аз жаргалыг хүсдэггүй жижиг өт хорхой ч байдаггүй бөгөөд ихэнх хүмүүс жинхэнэ амар амгалан гэж юу болохыг ухаараагүй байдаг. Хүмүүс эрх мэдэл, ажлын амжилт, мөнгө, нэр хүнд, алдар гавьяа аль эсвэл олны хайрыг татах нь аз жаргал мэтээр ойлгодог. Тэд энэ бүхэн үүрд байх юм шигээр санадаг. Гэвч хэзээ нэгэн цагт энэ бүгдээс гарцаагүй сална шүү дээ. Үүнээс гадна цаг минут тутам хөгширч байдгаас түүний бүхий л амьдралынх нь турш хурааж цуглуулсан тэр их эд хөрөнгө, нэр төр, алдар гавьяа нь насны эцэст үхлээс зугтахад хэрэг болох уу. Ингэхээр юу биднийг аз жаргалтай болгож чадах вэ?

Энэ бүх асуултыг Буддизм хариулахыг зорьдог бөгөөд өдөр тутмын амьдралын туршид тохиолдож болох мөн тохиолддог янз бүрийн асуудал буюу зовлонг шийдвэрлэх арга замыг хүн төрөлхтөнд нээж өгсөн юм. Нэг үгээр хэлэх юм бол ертөнцийг үзэх үзэл, аж төрөх ухаан бөгөөд үүгээр буддизмын гүн ухаан, буддын шашинтны зан төрх салшгүй холбоотой. Бурханы шашин бол Бурханыг (ухаарлыг, амар амгаланг) гаднаас бус харин өөрөөсөө эрдэг. Ертөнцийн бүх зүйл харилцан уялдаа холбоотой гэж үздэг.

8. Архи тамхины хор уршгийн талаар Бурханы сургаалд юу гэж сургадаг вэ?

Одоогийн гэр бүлийн томоохон асуудлын нэг нь архидалт болоод байна. "Архийг өвсний шүүдрийн дусал төдий ууваас миний шавь биш" хэмээн Бурханы багш айлдсан байдаг. Нүгэл гэм бүхний уг суурь нь архи хэмээн судар номонд бичсэн нь олон бий. Архины хор уршиг нь нэн их бөгөөд архи уусан хүний ухаан дорой болдог учир согтуу үедээ эцэг эх, хань ижил, найз нөхөд, үр хүүхдээ доромжлож гомдоогоод ч зогсохгүй, мунхаг арвижиж, идээ эдлэл хомсдож, эрч хүч буурах, айх эмээхийн сэтгэл үгүй болж, уур хэлэн нь гал мэт бадарч өөрийгөө болон өрөөл бусдыг бие, сэтгэлийг шархлуулж гэмтээдэг. Мөн хүсэл шунал ус мэт оргилж элдэв бусармаг явдлыг ихээр үйлддэг. Мөн тамхи татдаг хүний бие эрхтний эрч доройтож, элдэв янзын өвчин тусах зэрэг олон талийн хор уршигтайг нь бид бүхэн мэднэ. Түүгээр ч үл барам тамхи татдаг хүнийг "таван тэнгэр" нь орхиж, цагаан зүгийн тэнгэр лус тамхичны ажил үйлсийг ч тэтгэхээ больсноор ажил үйлс, ахуй амьдрал нь доройтох зэрэг гэм их байдаг учир архи тамхийг бүү хэрэглээрэй. 


Бурхан бусад амьтан болоод хүмүүсийн зовлонг усаар угаагаад арилгахгүй. Буй зовлонг юүлэн үл арилгана.
Өөрийн эрдмийг бусдад юүлж эс өгнө. Зөвхөн зовлонгоос гэтлэх арга замыг л зааж өгнө. Түүнийг хүн ард хэрэгжүүлсэнээр зовлонгоос гэтэлмой.
Санал асуулга
Бурханы шашныг юу гэж ойлгодог вэ?
  
 Нийт зочдын тоо: 46820